Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 10 дугаар сарын 8-ны өдөр. Дээрхийн гэгээн XIV Далай лам ноён Эллен Жонсон Сэрлиф, Леймах Гбови, Тавакуль Карман нарт 2011 оны Нобелийн Энх тайвны шагналыг хамтран хүртсэнд баяр хүргэж, захидал илгээжээ.
Дээрхийн гэгээн “Удирдагч хүнийг тодорхойлох хүчин зүйл нь биеийн хүч бус боловсрол, оюун ухааны чадамж болсон энэ үед эмэгтэйчүүд нийгмийн бүхий л салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэх цаг ирсэн билээ. Ингэснээр дэлхий нийт илүү эрх тэгш, энэрэнгүй болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Мөн “ХХI зуунд бид дайныг улс төр, нийгэм, хувь хүмүүсийн маргааны шийдэл болгон ашиглах ямар ч орон зай үгүй, харин үл хүчирхийллийг бүх хүний харилцааны тэргүүлэх үнэт зүйл болгох, шинэ нийгмийн үзэл санааг бий болгох үүрэгтэй. Үүнд эмэгтэйчүүдийн үүрэг онцгой чухал билээ” гэдгийг онцлон дурджээ.
Цөөн хэдэн хүн ч гэсэн энх тайвны төлөө хүчин чармайж, бусдад хариуцлагатай, нинжин сэтгэлээр хандан ажиллавал тэд энэ нийгэмдээ эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэдгээ мөн бичжээ. Нобелийн шагналтнуудын амжилт бол эмэгтэйчүүд чадварын хувьд ч, нийгэмд хүлээх хариуцлагын хувьд ч бусдын адил тэргүүлэн оролцох боломжтойг харуулсан урам зориг болохыг дурдсан байна.
Дээрхийн гэгээн төгсгөлд нь “Нобелийн шагнал гардуулах хорооны энэхүү шийдвэр нь эмэгтэйчүүдийн удирдах үүрэг өсөн нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрсөн хэрэг бөгөөд энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд төдийгүй энэ нийгмийн бүхий л хэссэгт ашиг тустай үйл боллоо” хэмээсэн байлаа.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










