Нубра хөндий, Ладак, Энэтхэг, 2010 оны 7-р сарын 26 (tibetonline.tv) - Ням гарагт Ладакийн Дискет хийдэд (Төвөдөөр Дэки Гонпа) шинээр босгосон Майдар бурхны хөшөөг адислах ёслолыг Далай лам удирдан үйлджээ.
Уламжлалт хувцсаараа гоёсон нутгийн иргэд энэхүү арга хэмжээнд оролцсон бөгөөд ёслолд Төвөдийн Гэлүг ёсны 102 дахь Гандан ширээт тус мужийн Ерөнхий сайд Омар Абдулла болон Тикси Ринбүүчи зэрэг нэрт зочид хүрэлцэн ирсэн байна.
Майдар бурхны энэхүү 100 фут (ойролцоогоор 30 метр) өндөр сэрэг дүрийг Дискет Күнрог Цогпа болон Дискет Жамгон Саршэн Нямрог Түндэл Цогпагийн хамтын ажиллагааны хүрээнд, ойролцоогоор 20 сая рупийн өртгөөр бүтээн байгуулжээ.
2007 онд Дээрхийн гэгээн Далай лам уг сэрэг дүрийн суурийг тавих ёслолыг үйлдсэн агаад бүтээж дуусахаар нь аравнай өргөхөө амласан билээ. Тикси ринбүүчи Майдар бурхны дүрийг Бурхан багшйин сургаалыг дэлгэрүүлэх, Далай ламын насыг бататгах, төрөл бүрийн халдварт өвчин болон гамшгаас ариусган хамгаалах, БНХАУ болон Пакистантай хиллэдэг Нубра хөндийн энх тайвныг бэхжүүлэх зорилгоор бүтээж буйг дурдав.
![]() |
| Нубра хөндийн Дискит хийдэд сүндэрлэсэн шинэ Майдар бурхны сэрэг дүрийг нээх ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай лам Гадэн Трипа Ризонг Ринбүүчи, Тиксэй Ринбүүчи болон Жамму, Кашмир мужийн Ерөнхий сайд Омар Абдуллагийн хамт сууж буй нь… |
Илтгэлийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам Майдар бурхны хөшөөг амжилттай босгох үйлсэд хүчин чармайлт гаргасан хүмүүсийн ажлыг өндрөөр үнэлж, Майдар бурхны нэрийг сонсох бүрд зүрх сэтгэлдээ энэрэн нигүүлслийн сэдлийг төрүүлж байх ёстойг онцлон тэмдэглэв.
Цааш нь Ладак дахь холбогдох байгууллагын албаныхны хүчин зүтгэлийн үр дүнд эрүүл мэнд, боловсрол болон шашны сургалт, сахил санваар сахих уламжлал ахиц дэвшилтэй байгааг талархан тэмдэглэв.
Хүрээлэн буй орчны чухал асуудлуудын талаар ярьж байхдаа Дээрхийн гэгээн Далай лам “дэлхийн дулаарал” хэмээх үзэгдэл нь дэлхийн нийт хүн төрөлхтний аз жаргал, сайн сайхан байдлын үндэстэй нягт холбоотой тул нийгмийн бүхий л гишүүд уг асуудлын талаар ухамсар, мэдлэгтэй байх шаардлагатайг онцлов. Түүний найз Бахугүна хэмээх хүн Гималайн бүс нутгаар айлчлах болгонд нь байгаль хамгааллын талаар ном айлдах үүргийг нь түүнд сануулсаар иржээ.
Дээрхийн гэгээн мөн “Гималайн бүсийн ард иргэд мод тарих үйлсэд түлхүү анхаарах нь тохиромжтой. Энэ нь байгалийн үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлээд зогсохгүй, өдөр тутмын амьдралд амар амгалан, сэтгэлийн баяслыг авчирна” хэмээн тэмдэглэв.
Жамму Кашимир мужийн Ерөнхий сайд Омар Абдулла Майдар бурхныг аравнайлсан нь зөвхөн Нубра хөндийд төдийгүй, Энэтхэг улс болон Жамму ба Кашмир муж, цаашлаад дэлхийн нийтэд энх тайван, сайн сайхан үйлсийг дэлгэрүүлэх ач тустай гэв. Мөн түүний гэр бүлийн дөрвөн үеийнхэн Дээрхийн гэгээнд бараалхаж байсан нь их завшаантай хэрэг хэмээн баярлаж явдгаа мэдэгдсэн юм.










