Швейцарь улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 12. Төвөд, Монгол, Швейцар, Франц улсын хэдэн зуун сүсэгтэн шинээр барьж байгуулсан төвөдийн буддын төв “Шэдрүб Чойжорлинг”-д Дээрхийн гэгээнийг угтан, хүндэтгэл үзүүлэв.
Дээрхийн гэгээн хүрэлцэн ирэхдээ уртаар дараалан зогссон хүмүүсийн дундуур алхаж, гар барин мэндчилж байлаа. Энэхүү ёслолын ач холбогдлыг хүндэтгэн, ОХУ-ын буддын шашинтнууд хүртэл тусгайлан зорин ирсэн байв.
![]() |
Дээрхийн гэгээнийг Шэдрүб Чойжорлинг төвд хүрэлцэн ирэхэд хүндэтгэл үзүүлж буй сүсэгтэн олон... Швейцар улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Гэрэл зургийг Игорь Янчоглов. |
Дээрхийн гэгээн “Шэдрүб Чойжорлинг” төвийн залбирлын танхимд орохын өмнө Дрэпүнг Гоманг дацны хамба, унзад лам нар ариуслын залбирал эхлүүлэв.
Дээрхийн гэгээн Далай лам “Шэдрүб Чойжорлинг” хэмээх нэрийг хайрласан бөгөөд энэхүү төвийг ОХУ-ын парламентын гишүүн, бизнес эрхлэгч Раэфэл Гималов байгуулжээ. Энэ төв Швейцарийн Женев хотын хилээс хэдхэн километрийн зайтай юм.
Ноён Гималов тус төвийн барилга байгууламжийг босгоход Дээрхийн гэгээн биечлэн анхаарч, дэмжиж ирсэнд машид талархаад, “Төвийн гол зорилгын нэг нь төвөдийн буддизмыг гүн гүнзгий, зөв ойлголттойгоор хүргэх явдал билээ” хэмээжээ.
|
| Дээрхийн гэгээн Шэдрүб Чойжорлинг төвд айлдвар айлдаж буй нь... Швейцар улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Гэрэл зургийг Мануэл Бауэр. |
Дээрхийн гэгээн буддын төвд хүрэлцэн ирсэндээ ихэд баяртай буйгаа илэрхийлж, ОХУ-ын зарим бүс нутаг хэдэн зууны турш төвөдийн уламжлалт буддын шашинтай маш ойр холбоотой байсныг дурджээ. Энэ харилцаа XIII Далай ламын үед улам бэхжин өргөжсөн аж. Тэрбээр “ХХI зуунд материаллаг хөгжил огцом өсөн нэмэгдсэн ч эд хөрөнгөөр элбэг, өндөр боловсролтой олон хүн аз жаргалгүй хэвээр байна. Үүний шалтгаан нь алсын хараагүй, өөрт хэт төвлөрөх үзэл, уур хилэн, үзэн ядалт, атаа хорсол зэрэг сүйтгэгч сэтгэл хөдлөлийн хор уршгийг ойлгохгүй байх явдал билээ. Харин хүн төрөлхтөн эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах бүрэн чадвартай юм шүү дээ” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн өөрийн хайрласан “Шэдрүб Чойжорлинг” нэрийн утгыг сүсэгтэн олонд тайлбарлаж өгөв. “Шэба” хэмээх нь тайлал, мэдлэг, “друб” хэмээх нь бясалгал, хэрэгжүүлэлт гэсэн утгатай аж. “Тиймээс шашин эс шүтдэг хүн ч ухамсар, сэтгэл хөдлөлийнхөө талаар мэдлэгээ дээшлүүлэхийн тулд тус төвд суралцаж, олж авсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой” хэмээн айлдав.
|
Дээрхийн гэгээн Шэдрүб Чойжорлинг төвд зочилж буй нь... Швейцар улс, Женев хот. 2011 оны 8 дугаар сарын 11. Гэрэл зургийг Мануэл Бауэр. |
Өдрийн зоогийн үеэр Дээрхийн гэгээн “Итгэл үнэмшил бол үнэмших шалтгаан, гүн шинжлэл эргэцүүлэлд суурилсан байх ёстой. Тэгж чадваас тогтвортой байх болно” хэмээн онцлон хэлсэн юм.
Энэтхэг улсаас Дрэпүнг хийдийн 5 лам тус төвийн нээлтийн арга хэмжээ, ариуслын ёслолыг зорин ирсэн байна. Өнгөрсөн жил Шэдрүб Чойжорлинг төв Дрэпүнг Гоман хийдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд энэ нь төвийг Энэтхэг улсын өмнөд хэсэгт орших төвөдийн сонгодог буддын гүн ухааны сургалтын томоохон төвтэй холбож буй хэрэг юм.
Дрэпүнг Гоман хийд түүхэн уламжлалаараа монгол, оросын буддын шашинтнуудтай гүн холбоотой бөгөөд өнөөдөр Энэтхэг улсын өмнөд хэсэгт байрлах тус хийдэд 200 гаруй монгол, орос лам хувраг суралцаж байна.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










