АНУ, Нью-Йорк - Дээрхийн гэгээн Далай лам 6 дугаар сарын 28-нд өвдөгний үе солиулах мэс засал хийлгэж, Нью-Йорк мужийн Сиракуз хотод Наппигийн гэрт 6 долоо хоногийн турш биеэ сувилуулаад, өнөөдөр Нью-Йорк хот руу мордлоо. Энэ хугацаанд Дээрхийн гэгээнийг эмч, сувилагч нар онцгой анхаарч, халамжилж, физик эмчилгээ хийсний үр дүнд хөл нь жигд сайн эдгэсэн байна.

Нью-Йоркийн тусгай эмнэлгийн үе мөч солих мэс заслын тасгийн ахлах эмч, доктор Дэвид Мэйман “Дээрхийн гэгээний хөл ирэх 6-12 сарын хугацаанд улам сайжирна” хэмээн мэдэгджээ.
Дээрхийн гэгээнд зориулж эсэн энх, өлмий бат орших ерөөл өргөх ёслолыг 8 дугаар сарын 22-нд Хойд Америкийн Төвөдийн нийгэмлэг Нью-Йорк хотын ЮүБиЭс Аренад, 8 дугаар сарын 25-нд Швейцарын Цюрих хотын төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус зохион байгуулахаар болжээ. Дээрхийн гэгээн 8 дугаар сарын 28-нд Энэтхэгийн Дарамсалад буцаж морилох төлөвлөгөөтэй байна.
Дээрхийн гэгээн өөрийг нь гэртээ аятай тухтай хүлээн авч, сувилан тэнхрүүлсэн Сэм Наппи, Кэрол Наппи нарт, мэс заслыг амжилттай зохион байгуулсан эмч нарт талархлаа илэрхийлэв. Мөн Нью-Йорк хотын Сиракуз хотын Анагаахын Их Сургуулийн харьяа эмнэлгийн физик эмчилгээний баг болон бусад эмч нарт баярласнаа илэрхийллээ. Нью-Йоркийн Мэс заслын тусгай эмнэлэг болон Сиракуз хотын Анагаахын Их Сургуулийн эмч, ажилчид Дээрхийн гэгээнийг тууштай, хичээнгүйлэн эмчлэн, сувилсан юм.
Орчуулсан Б.Ганчимэг










