Нобелийн энх тайвны шагналыг надтай нэгэн адил хүртсэн Лю Сяобо шоронгоос суллагдсаныг сонсоод би бээр маш их баярласан боловч түүний биеийн байдал тааруу байгааг мэдээд ихэд гунигтай байна.
Лю Сяобо бол ардчилсан, чөлөөт үзэл бодлынхоо улмаас хоригдож буй Хятадын хамгийн нөлөө бүхий хоригдлуудын нэг юм. Түүний гаргасан санаачилгууд болон үүнийхээ төлөө хатуу шийтгүүлсэн тэрхүү үйл хэрэг нь Хятад улсыг илүү эв найрамдалтай, тогтвортой, цэцэглэн хөгжсөн улс болоход хөтөлж, улмаар даян дэлхийн энх тайванд хувь нэмэр оруулах байсан гэдэгт би итгэдэг. Лю Сяобогоос урам зориг авсан Хятадын олон зуун сэхээтнүүд болон санаа зовнисон иргэд Хятадад ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг уриалсан "Харти 08" хөтөлбөрт гарын үсэг зурахад миний сэтгэл хөдөлж, урам зориг орж байсан билээ.
Надтай уулзахаар ирсэн олон хүмүүс түүний сайн сайхны төлөө залбирахыг надаас дахин дахин хүсэж байв.
Лю Сяобог одоо хамгийн сайн боломжтой эмнэлгийн тусламж үйлчилгээ авна гэж найдахын сацуу энэ нь үр дүнтэй байгаасай хэмээн залбирч байна.
2017 оны 6 сарын 29

Орчуулсан Б.Болормаа










