Польш улс, Вроцлав хот. 2010 оны 9 дүгээр сарын 22. Дээрхийн гэгээн XIV Далай лам Польш улсын Вроцлав хотод айлчлан, хүн төрөлхтөн, шашин хоорондын эв нэгдэл, Төвөдөд тохиромжтой шийдлийг эрэлхийлэх тухай насан турш баримталдаг гурван амлалтаа эв нэгдлийн үзэл санаатай уялдуулан дэлгэрэнгүй айлдлаа.
|
Дээрхийн гэгээн Далай ламыг Вроцлав хотын нисэх буудалд хотын захирагч Рафал Дуткевич угтан авч буй нь... Польш, Вроцлав. 2010 оны 9 дүгээр сарын 22. Зургийг dalailama.com |
Дээрхийн гэгээнийг Вроцлав хотын нисэх буудалд хотын захирагч Рафал Дуткевич угтан авсан бөгөөд Дээрхийн гэгээн Далай ламд хотын хүндэт иргэний хоёр жилийн хугацаатай үнэмлэхийг өргөн барьжээ. Дээрхийн гэгээн үүний дараа 1980 онд Вроцлав хотод эхэлсэн түүхэн хөдөлгөөний 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхов. Тус хөдөлгөөн эхлээд Польш, дараа нь Төв, Зүүн Европыг, улмаар хүйтэн дайны дараах дэлхийн тогтолцоог өөрчилсөн түүхтэй билээ.
Үзэсгэлэнгийн үеэр Дээрхийн гэгээнийг хүлээж байсан сүсэгтэн олны дунд 1980 онд Вроцлав хотод өрнөсөн түүхэн ажил хаялтыг эхлүүлсэн хүмүүсийн нэг, тухайн үед автобусны жолоочоор ажиллаж байсан ахмад зүтгэлтэн ирсэн байв. Дээрхийн гэгээн ахмад зүтгэлтнээс тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан тухай асуухад тэрээр “Хүнд хэцүү үед илүү сайхан өөрчлөлт гаргахын тулд ямар нэг зүйл хийх ёстойг их хүчтэйг мэдэрч байлаа” хэмээн хуваалцсан нь Далай ламын сэтгэлийг ихэд хөдөлгөжээ.
Үзэсгэлэнгийн дараа Дээрхийн гэгээн олон нийтэд нээлттэй айлдвар айлдлаа. Уг арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд Вроцлавын иргэд Дээрхийн гэгээний айлдварыг сонсохоор олноор цугларчээ. Танхимд ноён Дуткевич Дээрхийн гэгээнийг “Эрх чөлөө, хайр, энэрэл нигүүлслийн хамгаалагч” хэмээн танилцуулсан бөгөөд түүнээс Ворцлав хотын мянга мянган иргэний халуун дэмжлэг, эв нэгдлийн илэрхийллийг хүлээн авахыг хүссэн юм.
Айлдварын үеэр Дээрхийн гэгээн өөрийн насан туршдаа баримталдаг гурван амлалтаа энх тайвны үзэл баримтлалтай уялдуулан танилцууллаа.
“Нэгдүгээрт, бүх хүн төрөлхтний эв нэгдлийг эрхэмлэх амлалт нь шашин шүтлэг, үндэс угсаа, соёлын ялгааг үл харгалзан хүн бүрд нийтлэг орших хүнлэг чанар, энэрэл нигүүлсэл, хайр, тэвчээр, харилцан хүндлэл тэргүүт суурь үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэдэг билээ.
Хоёрдугаарт, шашин, гүн ухааны олон янз уламжлалын дагагдагчидтай эв нэгдэлтэй байх амлалт нь шашин хоорондын харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлж, зөрчил мөргөлдөөнийг багасгах замаар энх тайвныг бодитоор бүтээхэд чиглэдэг болохыг билээ.
|
Дээрхийн гэгээн олон нийтэд зориулсан айлдварын танхимд үг хэлж буй нь... Польш, Вроцлав. 2010 оны 9 дүгээр сарын 22. Зургийг dalailama.com |
Гуравдугаарт, Азийн ард түмэнтэй, ялангуяа хятад, төвөдийн ард түмэнтэй эвтэй байх амлалт нь төвөдөд холбогдох асуудлыг ганц хүний, ганц институцийн асуудал болгон гуйвуулалгүйгээр 6 сая төвөд хүний эрх ашиг, хэл соёл, шашны өвийг хамгаалсан, харилцан хүлээн зөвшөөрөхүйц, энх тайвны шийдэлд хүрэхэд чиглэх болно” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн төвөдийн өндөрлөг газрын байгаль орчны онцгой ач холбогдол, мөсөн гол, томоохон мөрөн голуудын эх ундарга болох стратегийн байр суурийг дурдан, энэ бүс нутгийн байгаль орчны хамгаалалт нь зөвхөн Төвөдийн төдийгүй Ази тивийн хэдэн тэрбум хүний амьдралтай салшгүй холбоотой болохыг сануулсан юм.
Тэрбээр мөн ардчилал, хуулийг дээдлэх ёсон, ил тод байдал, хариуцлагатай засаглал тэргүүт орчин үеийн нийтлэг үнэт зүйлс нь аливаа улсын тогтвортой хөгжил, олон улсын итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг айлджээ.
“Орчин үеийн Хятад улс материаллаг ашиг хонжоонд хэт төвлөрч, авлига зэрэг нийгмийн олон гажуудлыг үл хайхарч буй өнөөгийн нөхцөлд дутмаг байгаа ардчилсан үнэт зүйлсийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь тус улсын жинхэнэ тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ төвөдийн нутаг дахь асар их цэргийн төвлөрлөөс үүдэн дэлхийн хүн амын тоогоор тэргүүлдэг хоёр их гүрний хооронд бий болсон хурцадмал байдлыг намжааснаар бүс нутгийн хэмжээнд тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх боломжтой юм” хэмээжээ. Энэхүү айлдварыг сонсохоор 8000 орчим сүсэгтэн олон цугларч, Дээрхийн гэгээнийг халуун алга ташилтаар угтан, хүндэтгэл үзүүлэн үдлээ.
Айлдварын дараа Дээрхийн гэгээн Польшийн Төвөдийг дэмжих парламентын бүлгийн гишүүдтэй уулзах үеэрээ Хятад улстай харилцах харилцаанд зөвхөн эдийн засгийн ашиг сонирхлоос гадна хүнлэг чанар, хүний эрх, ардчилсан үнэт зүйлсийн асуудлыг хамтатган авч үзэх нь урт хугацаанд харилцан ашигтай болохыг сануулжээ.










