АНУ, Индиана муж, Блүүмингтон хот, 2010 оны 5-р сарын 11 - Дээрхийн гэгээн Далай лам АНУ дахь энэ удаагийн айлчлалынхаа эхний хот болох Индиана мужийн Блүүмингтонд өнөөдөр үдээс хойш хүрэлцэн ирлээ. Дээрхийн гэгээнийг Европоос Чикагод анхлан газардахад нь Төвөдийн засгийн газрын Америк дахь төлөөлөгч Касүр Лувсан Няндаг Заюл, Чикаго дахь Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч нар угтан авсан байна. Блүүмингтон хотод түүнийг Төвөд Монголын Буддын Соёлын Төвийн захирал Ажиа ринбүүчи төвийн удирдах зөвлөлийн хэсэг гишүүдийн хамт онгоцны буудал дээр тосч авсан бөгөөд тус төв нь Дээрхийн гэгээний Блүүмингтон дахь айлчлалыг хариуцаж байгаа аж.
![]() |
Дээрхийн гэгээний тэрэг төвийн ёслолын хаалгаар орж ирэхэд Чикагод амьдардаг төвөд хүүхдүүд Даши Шолпа бүжгээ бүжиглэж үзүүллээ. Төвөдийн далбаа, буддын шашны дарцгуудаар чимэглэсэн замын дагуу Төвөд, Монгол, Япон, Хятад, Америк болон бусад орныхноос бүрдэх төвийн ажилтнууд, дэмжигчид эгнэн зогсож, Дээрхийн гэгээнийг угтан авсан байна. Дээрхийн гэгээн байрлах өргөө рүүгээ явахын өмнө шинээр баригдсан залбирлын хүрд бүхий асрыг адислав. Түүнийг өргөөнийх нь үүдэнд угтан авсан лам нарын дунд Гоман хийдийн хамба гэвш Ёнтэн Дамчой, Дашлхүмбэ хийдийн хамба Качэн Лувсацэдэн, Монгол Улсын Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Оросын Холбооны Улсын Халимагийн буддын шашинтнуудын тэргүүн Тэло ринбүүчи, Монгол Улсын Эрдэнэ Зуу хийд болон Дүйнхор дацангийн хамба лам нар, Индианагийн Төвөдийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч нар байлаа.
Дээрхийн гэгээний номын айлдварын хөтөлбөр 2010 оны 5 дугаар сарын 12-нд Индианагийн Их Сургуулийн танхимд эхэлнэ.
АНУ-д хийж байгаа энэ удаагийн айлчлалд нь Дээрхийн гэгээнийг нарийн бичгийн дарга нар болох Чимэ Р. Чоекяпа, Цэгям нар дагалдаж байгаа аж.
Орон нутгийн өдөр тутмын "Индианаполис Стар" сонинд дараах мэдээ нийтлэгджээ.
Блүүмингтоны төв Далай ламыг тэсэн ядан хүлээж байна.
Энэ долоо хоногийн айлчлал нь Төвөдийн удирдагчийн хувьд энд ирж байгаа зургаа дахь удаагийн айлчлал нь юм.
Роберт Кинг
Индианаполис Стар
Нийтэлсэн: 2010 оны 5 дугаар сарын 11
ИНДИАНА, БЛҮҮМИНГТОН -- Ойрын өдрүүдэд Төвөд Монголын Буддын Соёлын Төвийн урчууд дотроо залбирал бичсэн мянга мянган жижиг хуйлаас бүхий том зэс хүрднүүд дээр төвөд үсгүүдийг гараар нямбайлан бичиж байлаа.
Үүний зэрэгцээ айлчлан ирсэн Брайвун хийдийн лам нар бүтээлийг нь салхинаас хамгаалах зориулалттай бүгчим хулдаасан майхан дотор бүтэн долоо хоног ажиллаж, ширээний тавцан дээр өнгөт элсээр маш нарийн хийц бүхий зураглалыг урласан нь хот мандлын доторх лянхуан дэлбээг дүрсэлжээ.
Мөн соёл, шашин шүтлэгийн зориулалттай, 108 акр талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хэсгүүдэд тус соёлын төвд ирж байсан хамгийн чухал зочныг дахин угтан авахаар сайн дурынхан гоёмсог загаснуудад зориулан цөөрөм байгуулж, зарим нь зүлэг тэгшлэх зэрэг энгийн ажлуудыг дуусгахаар яаравчилна.
Нобелийн шагналтан, гүн ухаантан, буддын шашны оюун санааны удирдагч, хилийн чанад дахь Төвөдийн засгийн газрын тэргүүн Далай лам энэ долоо хоногт Индиана мужид зургаа дахь удаагаа айлчлах гэж байна.
Тэрбээр Лхагва гарагаас эхлэн хоёр өдөр номын айлдвар айлдана. Дараа нь Баасан гарагт Консеко Фиелдхаусд илүү өргөн хүрээний үзэгчдэд зориулан олон нийтийн илтгэл тавих төлөвлөгөөтэй бөгөөд хүнд хэцүү үеийг энэрэн нигүүлсэхүй, мэргэн ухаанаар даван туулах талаар голлон ярих аж.
Түүний айлчлал хэд хэдэн талаараа ач холбогдолтой юм.
Энэхүү айлчлал нь түүний ах, соёлын төвийг үүсгэн байгуулагч Түвдэн Ж.Норов 2008 оны 9 дүгээр сард таалал төгссөнөөс хойш Индиана мужид хийж буй анхны айлчлал болж байгаа. Сүсэг бишрэлтэй буддын шашинтнууд бие махбодийн үхлийг дахин төрөхийн өмнөх завсарлага гэж үздэг хэдий ч соёлын төвийн албан тушаалтнууд Далай ламын дахин ирж байгаа нь түүний ах байхгүй хэдий ч Блүүмингтоны төв чухал хэвээр гэдгийг илтгэж байна хэмээн үзэж байна.
Консеко дахь хэлэлцүүлэг нь түүний хувьд 1999 оноос хойш Индианаполист анх удаагаа олон нийтийн өмнө гарч ирж буй явдал болох бөгөөд 2007 онд Пурдюгийн Их Сургуульд зочилсныг эс тооцвол Индиана дахь айлчлалууд нь ихэвчлэн Блүүмингтон хотоор хязгаарлагдаж байсан билээ.
Эцэст нь, энэхүү айлчлалаар Далай лам 2007 онд санхүүгийн асуудалд ороод байсан соёлын төвийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой болох юм. Албаны хүмүүсийн хэлж буйгаар тус төв санхүүгийн хувьд эргэн хөл дээрээ босч, Блүүмингтоноос гадагш өргөжин тэлж байгаа аж. Тасалбар нь аль хэдийн зарагдаж дууссан Блүүмингтоны номын айлдвар нь буддын шашинтнуудад зориулагдах бөгөөд тус шашны үндсэн судруудын нэг болох Зүрхэн сударт үндэслэнэ. Уг судрын гол санаа болох "хэлбэр бол хоосон, хоосон бол хэлбэр" нь сүсэгтнүүдийн хувьд бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай байдаг талаар гүн гүнзгий утга санааг агуулдаг байна.
Далай лам Консеко Фиелдхаусд илтгэл тавихдаа энэ ойлголтын зарим нэг талыг олон нийтэд зориулан өөрчилж айлдах аж. "Тэрбээр энэ талаар энгийн хүмүүст ойлгогдох байдлаар ярих болно. Хамгийн чухал нь та үүнийг амьдралдаа хэрхэн ашиглах вэ, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг юм. Энэ бол Төвөдийн буддын шашны үндсэн зарчим, гүн ухаан" хэмээн Индианаполис дахь арга хэмжээг хамтран ивээн тэтгэж байгаа Индианагийн Буддын төвийн гишүүн Ларри Герштейн ярилаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл










