АНУ, Индиана муж, Блүүмингтон хот, 2010 оны 5-р сарын 13 - Өнөө өглөө Дээрхийн гэгээн юун түрүүнд Хятадын хэсэг эрдэмтэд, оюутнуудыг хүлээн авч уулзлаа. Дараа нь тэрбээр номын айлдвар айлдах газартаа очиж, Зүрхэн судрын тайлбарыг дүүргэсэн байна. Хөтөлбөрийн эхэнд Зүрхэн судрыг япон, солонгос, монгол хэлээр уншсан бөгөөд Дээрхийн гэгээн Зүрхэн судрыг монгол хэлээр уншихыг анх удаа сонсож байгаа аж. Тэрбээр 1979 онд Монгол улсад анх айлчилсан талаараа дурсаж, үнэхээр сэтгэл хөдлөм аялал байсан хэмээн ярив.
Айлдварын төгсгөлд Дээрхийн гэгээн бодь сэтгэлийг үүсгэх зан үйлийн талаар тайлбарлаж, хүмүүст уг уншлагыг уншиж байхыг зөвлөв. Уншлага уншиж байхдаа буддын шашинтнууд зан үйлийн тайлбарт заасны дагуу төсөөлж болох бол христ буюу исламын шашинтнууд Христ, эсвэл Аллахыг тус тус төсөөлж болох юм гэлээ.
Үүний дараа Төвөд Монголын Буддын Соёлын Төвийн захирал Ажиа ринбүүчи мандал өргөж, ахмад лам нар, номын айлдварын өглөгийн эзэд Дээрхийн гэгээнд хадаг барилаа.
Ажиа ринбүүчи цаг зав гарган ном айлдсанд Дээрхийн гэгээнд талархал илэрхийлээд, номын айлдвараас олсон цэвэр орлогыг дараах дөрвөн төсөлд зарцуулах талаар мэдэгдэв. Үүнд:
Өмнөх өдөр Дээрхийн гэгээний зөвлөсний дагуу Төвөд Монголын Буддын Соёлын Төвд сургалт явуулах институт байгуулах.
Монгол дахь хорт хавдрын эмнэлэгт хандив өргөх.
Төвөдийн Өөртөө Засах Юүшү Мужид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгах ажилд хандив өргөх.
Индиана мужид төвтэй Өлсгөлөнг арилгах шашин дундын санаачилга (Interfaith Hunger Initiative)-д хандив өгөх. Энэхүү санаачилга нь хүүхэд болон гэр бүлийн өлсгөлөнг зогсоох тал дээр хамтран ажиллаж байгаа Индианаполис мужийн нутаг дахь шашны хорь гаран нийгэмлэгээс бүрддэг аж.
Дараа нь тус төвийн нярав Судакара Конеру номын айлдварын зохион байгуулалттай холбоотой санхүүгийн тайланг танилцуулснаас нийт орлого 468,924 ам.доллар, нийт зардал 335,035 ам.доллар, цэвэр орлого $133,889 болжээ.
Номын айлдварыг англи, хятад, монгол, вьетнам хэл рүү орчуулсан байна.
Үдээс хойш Дээрхийн гэгээн хэд хэдэн хувийн уулзалт хийж, номын айлдварын ивээн тэтгэгчдэд зориулсан үдийн зоогийн хүлээн авалтад богино хугацаанд оролцсоны дараа Төвөд Монголын Буддын Соёлын Төв рүү буцаж, хэвлэлийнхэнтэй уулзлаа. Оршил болгож хэлсэн үгэндээ Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийн нийгэм дэх үүргийн талаарх үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр хүн төрөлхтний үнэт зүйлсийг дэмжих, шашны эв нэгдлийг сурталчлах гэсэн хоёр амлалтынхаа талаар дурдаад, хэвлэл мэдээлэл нь олон нийтийг соён гэгээрүүлэх, тийм нийгмийг дэмжих үүрэгтэй хэмээн ярилаа. Энэ хоёр амлалт хоёулаа энэрэл нигүүлсэлтэй холбоотой бөгөөд цаашлаад хүчирхийллээс ангид байх хэмээх ойлголттой холбогдох аж. Эдгээр нь Энэтхэгийн үндсэн үнэт зүйлс мөн тул би Энэтхэгийн үнэт зүйлсийн элч гэсэн үг хэмээн Дээрхийн гэгээн ярив.
Дараа нь Дээрхийн гэгээн зарим асуултуудад хариуллаа. Энэ удаад Такцэр ринбүүчи байхгүй байгаа нь ямар санагдаж байгаа болон түүний хойд дүрийн талаар юу бодож байгааг нь асуухад Дээрхийн гэгээн Такцэр ринбүүчи бол маш чин сэтгэлтэй, хүндлэл хүлээсэн хүн байсан гээд, ринбүүчи өндөр наслаж, "хорвоогийн жамаар" таалал төгссөн бөгөөд тус төв түүний тодорхойлж өгсөн алсын харааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Такцэр ринбүүчийн хойд дүрийн тухайд гэвэл хувилгаан ламыг жанч халснаас хойш ерөнхийдөө гурваас дөрвөн жилийн дараа л хойд дүрийг тодруулах судалгаа эхэлдэг тул уг ажил дараа жилээс эхэлж болно хэмээн Дээрхийн гэгээн ярилаа. Харин одоогийн байдлаар түүний дахин төрөх газар тодорхойгүй байгаа юм байна. Дээрхийн гэгээн хойд дүрийг тодруулах ийм судалгаа нь ‘нууцлаг’ бөгөөд бясалгал үйлдэх хэрэгтэй байдаг хэмээн хошигнов.
Дээрхийн гэгээнээс тус төвийн хэтийн төлөвийн талаар юу бодож байгааг нь асуухад тэрбээр буддын шашны төвүүд зөвхөн залбирал мөргөл үйлдэх газар гэхээс илүүтэй сургалтын төв байдлаар ажиллах хэрэгтэй гэж боддог гэж хариуллаа. Тэрбээр буддын шашны үзэл санаанд анхаарал хандуулж буй эрдэмтдийн тоо нэмэгдэж байгаа талаар ярьж, буддын шашин болон орчин үеийн эрдэмтдийн хооронд өрнөж буй хамтын ажиллагааны талаар дурдав. Эрдэмтэд, буддистуудын хоорондын харилцан яриа хэлэлцээ анх Франческо Варела зэрэг цөөн хэдэн эрдэмтдээс эхэлж, одоо улам бүр өргөжин тэлж байна. Өнөөдрийн байдлаар Мэдисон дахь Висконсины Их Сургууль, Стэнфорд, Эморийн Их Сургуулиуд эдгээр асуудлыг судлах тусгай хөтөлбөрүүдтэй болсон байгаа хэмээн тэрбээр ярьсан байна.
Далай ламын институцийн ирээдүй, түүний хойд дүрийн асуудлын талаар асуултад Дээрхийн гэгээн Далай ламын институцийг үргэлжлүүлэх эсэхийг төвөдүүд өөрсдөө шийдэх ёстой гэдгийг аль 1969 онд тодорхой хэлсэн учраас өөрийнх нь санаа зовох асуудал биш болсон гэж хариулав. Хэрэв тэрбээр хилийн чанадад байж байгаад нас нөхцвөл институцийг цааш авч явах эсэхийг холбогдох хүмүүс буюу төвөдүүд, монголчууд, Хималайн буддистууд шийднэ гэлээ. Үүний дараа түүний залгамжлагчийн асуудал гарч ирэхэд хэд хэдэн сонголт бий. Уламжлалт хойд дүр тодруулах арга эсвэл шашны том багш нарын дундаас нэг хүнийг сонгох гэсэн өөр арга байж болно гээд, Төвөдийн буддын шашны бүх урсгалуудад эрүүл саруул, боловсролтой, залуу үеийн их багш нар байгаа хэмээн ярилаа.
Америк улс буддын шашнаас юу сурч болох вэ гэсэн асуултад Дээрхийн гэгээн хэрэв энэ асуулт баруунд буддын шашин хэрэгтэй эсэхийг асууж байгаа бол хариулт нь "үгүй" гэв. Гэхдээ тэрбээр Цюрихт болсон уулзалтын үеэр орчин үеийн эдийн засагт буддын шашин хэр хамааралтай болох талаар эрдэмтэдтэй ярилцсан тухайгаа дурслаа. Нэг эрдэмтэн буддын шашны өөрийгөө гаргууд гарган бусдыг энэрэх үзэл энд маш их хамаатай гэсэн байна. Дээрхийн гэгээн өөрөө буддын шашныг ерөнхийдөө буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан, буддын шашин гэсэн гурван ангилалд хуваадаг аж. Шашны хувьд барууны ертөнц Иудей-Христийн шашинтай нийгэм учраас тэр хэвээр нь үлдээсэн нь дээр хэмээгээд, харин буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан нь зөвхөн шашин шүтлэгээс гадна бүх нийтийн ач холбогдолтой тул буддын шашинтай, шашингүй аль ч хүн суралцаж, судлахад илүүдэхгүй хэмээн ярив.
Сэтгүүлч ээжийнхээ хамт ирсэн нэгэн хүү "Таны бодлоор Хятад улс Төвөдөөс гарахад хэр хугацаа шаардагдах вэ? Тэгэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?" гэж асуухад Дээрхийн гэгээн ердөө "Өө хөө, энэ ч хэцүү асуулт байна шүү" гэж хариуллаа. Гэсэн хэдий ч хэвлэлийн бага хурлын дараа Дээрхийн гэгээн хүүд хандаж Хятадад одоо явагдаж буй өөрчлөлтүүдийн үр дүнд хүүгийн амьдралын хугацаанд Төвөдийн ард түмний хувьд зарим нэг ахиц дэвшил гарч магадгүй хэмээн улс төрийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж өгсөн байна.
Үүний дараа Дээрхийн гэгээн ТМБСТөвийн япон дэмжигчидтэй уулзаж, араас нь төвөдийн нийгэмлэгийнхнийг (монголчуудын хамт) хүлээн авч уулзав. Төвөд иргэд Индиана, Аризона, Нью-Йорк, Иллинойс, Миннесота, Калифорни, тэр ч байтугай Канадаас ирсэн бөгөөд тэдний олонх нь хоёр өдрийн номын айлдварт оролцсон аж. Гэнэтийн борооны улмаас гадаах арга хэмжээг хийдийн дотогш шилжүүлэх шаардлагатай болов
Дээрхийн гэгээн эхлээд гадаа цугласан хүмүүст хандан ярьж эхэлсэн боловч бороо цутган орсоор байсан тул хүмүүсийг борооноос хоргодон Ассемблейн танхим (өмнө нь өөр нэг уулзалттай байсан тул эхлээд цэвэрлэх шаардлага гарсан) руу орохыг хүлээхээр шийджээ.
Дээрхийн гэгээн хэлсэн үгэндээ боловсролын ач холбогдол, тэр дундаа өөрийн шашин, соёлын талаар мэдлэг олж авахын чухлыг онцлон тэмдэглэж, буддын шашин гэдэг зүгээр нэг залбирал унших төдий зүйл биш юм хэмээлээ. Тэрбээр Сиккимд айлчлах үеэрээ сонссон явган шог яриануудаас гадна Төвөд дэх төвөдүүдээс сонссон нийгмийн зарим хэсэгт буддын шашны зан үйлийн талыг чухалчилж, суралцахын ач холбогдлыг үгүйсгэдэг байдал газар авсан байдаг талаарх түүхүүдийг ярьж өгөөд, тэр үе одоо дууссан хэмээв.
Өнөөдөр буддын шашинтнууд 21-р зууны буддын шашинтан болох хэрэгтэй. Хэрэв хүн буддын шашны талаар сайн мэдлэгтэй байвал орчин үеийн материаллаг болон шинжлэх ухааны хөгжил нь шашин шүтлэгийн үнэ цэн улам бүр нэмэгдэж байгааг олж харах боломжийг олгоно хэмээн Дээрхийн гэгээн ярилаа.
Дээрхийн гэгээн Энэтхэгийн хойг дахь буддын шашны талаар суралцах сонирхолтой төвөдүүд, Хималайн буддын шашинтнууд улам залуужиж байгааг харахад урамтай байгаагаа илэрхийлэв. Түүний байна суралцаж, судлахыг уриалж байдаг нь үр өгөөжөө өгч, зөвхөн Гэлүг төдийгүй Нинма, Сажа, Гаржүдвийн шашны институтууд буддын шашныг гүн гүнзгий судлахыг дэмжих арга хэмжээ авч байгаа талаар Төвөдөөс ч мэдээ ирсэн байна. Буддын шашинд итгэж сүсэглэдэггүй хүн бол түүнийг сурч, судалсан эсэх нь хамаа алга, харин өөрийгөө буддын шашинтан гэж нэрлэчихээд юу ч мэдэхгүй байх нь зохисгүй хэрэг гэж тэр хэлэв. Тэрбээр мөн буддын шашныг судлах нь зөвхөн сүм хийдүүдийн үүрэг гэж үзэх нь буруу, хоцрогдсон сэтгэлгээ гэсэн байна. Дээрхийн гэгээн буддизмыг буддын шинжлэх ухаан, буддын гүн ухаан, буддын шашин хэмээн ангилдгаа, түүнээс эхний хоёр нь хэрхэн бүх нийтийн ач холбогдолтой болох талаар яриад, буддын шашинд итгэдэггүй байлаа ч буддын шинжлэх ухаан, гүн ухааныг судлах нь ашиг тустай юм хэмээв.
Монгол хэлээр орчуулагдаж байсан яриандаа Дээрхийн гэгээн хоёр орны хувьд нийтлэг зүйл болох буддын шашны соёлын өвийн талаар хөндөж, буддын шашныг судлах нь тухайн хүн өөрийн мөн чанарыг бүрэн таньж мэдэхтэй холбоотой болох талаар ярив. Хэрэв буддын шашныг судлахыг эрмэлзэж байвал төвөд хэлний мэдлэг чухал гэдэг нь ойлгомжтой. Тэрбээр урд эгнээнд сууж байсан хэсэг охид, хөвгүүдийг хараад, хэрэв төвөд хэлээр шашны талаар суралцаж эхлэхэд хүндрэлтэй байвал англи хэлээр суралцаж, хажуугаар нь төвөд хэлийг судалж болно гэв. Дээрхийн гэгээн төвөд залуус эх хэлээ сурах сонирхолтой байгааг халуунаар дэмжиж байгаагаа илэрхийлэээд, хэрвээ эрх чөлөөт ертөнц дэх төвөд залуус өөрсдийн хэл, шашинд анхаарал хандуулахгүй бол тулгарч буй бүх сорилт бэрхшээлийг үл хайхран хэл, соёлоо суралцахаар хүчин чармайлт гаргаж буй Төвөд дэх ах дүүсийнхээ урмыг хугалах болно гэж хэллээ.
Өнгөрсөн хугацаанд буддын шашинд нэлээд хэдэн монгол эрдэмтэд байсан талаар Дээрхийн гэгээн дурдаад, бид аль аль нь буддын шашны сургалтын Наландагийн уламжлалыг дагадаг хэмээв. Одоогийн байдлаар хэсэг монголчууд Энэтхэг дэх төвөдийн хийдийн сургуулиудад суралцаж байгаа бөгөөд тэрбээр монголчуудыг ч мөн адил буддын шашныг сонирхон судлахыг зөвлөлөө.
Дээрхийн гэгээн төвөдүүдээс төвөд үндэстний шинж чанараа гээхгүй, мөн Төвөд дэх төвөдүүдийн өмнө хүлээсэн үүргээ мартахгүй байхыг хүсэв. Тэрбээр төвөд хүн шашин шүтлэгийнхээ талаар сайн мэдлэгтэй, өөрийн хэл, соёлоо суралцаж эзэмшсэн байж байж бүрэн төгс төвөд хүн болж чадна гээд, төвөдүүдийн нийтлэг мөн чанарын үндэс суурь нь нийтлэг хэл, шашин, соёл юм хэмээн ярилаа.
Уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн Чикагогийн төвөд иргэдийг бэлтгэсэн дуугаа дуулж сонирхуулахыг хүсэв.
5 дугаар сарын 14-нд Дээрхийн гэгээн олон нийтэд илтгэл тавихаар Индиана мужийн нийслэл Индианаполис хотод айлчлах юм байна.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл