Япон улс, Токио хот. 2010 оны 6 дугаар сарын 19. Дээрхийн гэгээн Далай лам энэ өглөө Токио хотод орших Хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэгийн гадаад, дотоод мэдээллийнхний төлөөлөлтэй уулзаж, “Дахин та бүхэнтэй уулзаж байгаадаа тун их баяртай байна” хэмээн мэндчилэв.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Гадаад хэвлэл эрхлэгчдийн клубийн гишүүдтэй уулзаж байгаа нь...Токио. Зургийг: Тайкан Үсүй |
Дээрхийн гэгээн “Би бээр хүний үнэ цэнийг дэмжих мөн шашин шүтлэгтнүүдийн дунд шашны эв найрамдлыг түгээх эрмэлзлэлдээ бат итгэлтэй буйгаа дахин илэрхийлэхийг хүссэн юм. Та нарын олонх нь миний энэ зарчмуудын талаар өмнө нь сонссон байх. Гэсэн ч олон хүн байгаа тул сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ. Бид бүгд ижил. Бид бүгд жаргалыг хүсэж, зовлонгоос зайлсхийдэг. Ямар ч албан тушаал, нэр төртэй байлаа гээд бүгд л сэтгэл зүйн онцлогтой. Мөнгө, материаллаг эд зүйлээс олдог аз жаргал нь түр зуурын шинжтэй. Харин мөнхийн аз жаргалыг бид өөрийн дотоод үнэ цэн, сэтгэл доторх баялгаас эрэх хэрэгтэй. Энэ үнэ цэн, сэтгэл ханамжид суурилсан жаргал нь аз жаргалтай амьдралын үндэс юм. Жаргалтай байхыг хүсвэл дотоод үнэ цэнийг хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Хоёрдугаарт, би бээр буддын төгс лам биш боловч сайн сүсэгтэн байхыг хичээдэг. Бүх шашин, түүн дундаа буддизм, хайр энэрэл, өршөөл уучлалыг заадаг. Энэ бүгд дотоод амар амгаланг авч ирэх, хүний сайн нийгмийг бий болгох боломжтой. Хэрэв бид сайн харвал буддын сургуульд ч зөрчилтэй философи байдгийг олж харах болно. Тиймээс шашны эв найрамдал, хүч үл хэрэглэх нь нийгмийн түвшинд машид чухал юм. Энэ тал дээр Энэтхэг улс жишээ болох билээ” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг машид чухал үүрэгтэй хэмээн үздэгээ хэлэв. “Учир нь тэд энэ нийгмийг хүмүүжүүлэх, эрх чөлөө, шударга ёсыг хамгаалахад машид чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэвлэл мэдээллийн ажилтнууд “урт хамартай”. Учир нь тэд хачирхалтай хэрэг явдлыг олж илрүүлэн, үнэний төлөө ажилладаг” хэмээжээ.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Гадаад хэвлэл Зэнкойжи сүмийн хуврагуудтай дэлхийн энх тайвны төлөө залбирч буй нь... Зургийг Тэнзин Чойжор |
Асуулт хариултын үеэр хятадын нэг албан тушаалтны “Хятад улс Төвөдийг хэзээ ч эзлэн түрэмгийлж байгаагүй” гэсэн үгийн талаар Дээрхийн гэгээний байр суурийг асуухад тэрбээр гурван хувилбар байгааг дурдсан байна. “Хятадын хувилбар, Төвөдийн хувилбар, бие даасан олон улсын хуульчдын үзэл. Одоо үнэн юу болохыг нийгэмд мэдүүлэхийн тулд хэвлэл мэдээллийн ажилтнууд судалж тогтоох ёстой” хэмээн хариулав. Япон улсын ерөнхий сайд түүнтэй уулзахаас татгалзсаныг хэрхэн хүлээн авч буйг асуухад Дээрхийн гэгээн “Үндсэндээ Вашингтон, Брюсселийн айлчлалыг эс тооцвол бусад айлчлалууд нь улс төрийн бус шинжтэй тул ерөнхий сайдтай уулзаж чадаагүйдээ гомдоогүй шүү. Мөн түүнээс хүний үнэ цэн эв найрамдлыг түгээх нь гол зорилго бөгөөд энэ тал дээр иргэд улс төрийн удирдагчдаас ч илүү чухал билээ” хэмээжээ. Мөн нэгэн сэтгүүлчийн асуултад Дээрхийн гэгээн “Бүлэг амьтныг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалахыг зорьж буй нь сайн боловч авч буй арга хэмжээ нь хүч үл хэрэглэх, энх тайвны шинжтэй байх ёстой” хэмээлээ. Японд амиа хорлолт эрс өсөж байгаа асуудлын талаар асуухад тэрбээр японы залууст гадагш явж, дэлхийг судлахыг уриалсан байна.
Хэвлэлийн бага хурал дуусахад сэтгүүлчид болоод Хэвлэн нийтлэгчдийн нийгэмлэгийн гишүүд Дээрхийн гэгээнп хүндэтгэл үзүүлэн, алга ташив.
Дээрхийн гэгээн Далай лам хэвлэлийн бага хурлын дараа Нагано хот руу хөдөлжээ. Түүнийг Нагано хотын иргэд, Зэнкойжи сүмийн тэргүүн лам нар угтан авч, сүм болоод буддын сургаалын талаар багахан ярилцсан юм. Дээрхийн гэгээн гол сүмийг үзэн сонирхож, япон, төвөдийн лам нар олон нийтийн хамт дэлхийн энх тайван, байгалийн гамшиг болон Төвөдөд болсон газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүмүүст зориулан залбирал үйлдлээ.
Зэнкойжи сүмийг хүрээлсэн гудамж талбай Төвөдийн удирдагчийг угтаж, барааг нь харахыг хүссэн сүсэгтэн олноор дүүрсэн байлаа. Дараа нь Дээрхийн гэгээн сүмийн удирдлагуудын хамтаар орон нутгийн хэвлэлд мэдээлэл хийв. Зэнкойжи сүмийн тэргүүн лам “Нагано хотод буддын шашин, оюун санааны удирдагчийг угтаж буй нь машид их хүндэтгэл бөгөөд тун баяртай байна. Энэхүү буддын холбоо дэлхий даяар энх тайван, ойлголцлыг түгээхийн төлөө улам хөгжихийг хүсэж байна. Зэнкойжи сүмийнхний олимпын туг дамжуулах ёслолоос татгалзсан шалтгаан бол Төвөдөд бодитоор болж буй явдлыг үл тоон өнгөрч чадаагүй юм” хэмээн тайлбарлав.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам Гадаад хэвлэл Зэнкойжи сүмийн хуврагуудтай уулзаж буй нь.. Зургийг Тэнзин Чойжор |
Энэ талаар Дээрхийн гэгээний байр суурийг асуухад тэрбээр “Би бээр Бээжингийн олимпыг эсэргүүцээгүй бөгөөд үнэндээ дэмжиж байв. Гэвч хятадын суртал ухуулга үүнийг өөрөөр харууллаа. Тэр үед Зэнкойжи сүмийн үзүүлсэн дэмжлэгийг ихэд үнэлж байна. Ерөнхийд нь авч үзвэл энэ бол зөвхөн Төвөдийг дэмжсэн хэрэг биш. Бүх шударга ёсыг дэмжсэн үйлдэл юм” хэмээжээ.
Хятадын хэвлэлийн төлөөлөгч “Та хятадын залуучуудад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?” гэж асуухад Далай лам “Мэдээллийг шүүмжлэлтэй хүлээн авах ихэд чухал. Бурхан багшийн сургаалд хүндэтгэлээсээ болж ямар ч мэдээллийг үнэн мэт хүлээн авах бус, харин сайтар нягталж судлах хэрэгтэй. Бурхан багш өөрийн айлдварыг судлан шинжилж, ухаан бодлын үндсэн дээр дагаж мөрдөх ёстой гэж хэлсэн. Тиймээс залуус аливаа мэдээллийг анхааралтай судалж, нягталсны үндсэнд дүгнэлтээ гаргах нь зүйтэй” хэмээн хариуллаа.
Дээрхийн гэгээн Далай лам маргааш Нагано хотод айлчлан, арга хэмжээнд оролцож, 7000 орчим лам хувраг болон сүсэгтэн олонд айлдвар айлдах юм. Мөн буддын шашны сургаал, үзэл баримтлалын талаар лам хуврагуудтай хаалттай хэлэлцүүлэг хийхээр товложээ.










