Япон улс, Нагано хот. 2010 оны 6 дугаар сарын 20. Энэ өглөө Далай лам Нагано хотын 200 орчим лам, гэлэнмаатай уулзан ярилцлаа. Уулзалтыг Зэнкойжи сүм болоод буддын шашны бусад 4 урсгалын сүм хамтран зохион байгуулжээ.
Далай лам энэхүү уулзалтыг зохион байгуулсан байгууллагуудад талархал илэрхийлж, лам хуврагууд бие биенийхээ мэдлэг, ойлголтыг хуваалцах ийм хэлэлцүүлэг нь буддын шашны уламжлал, сургаалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг дурдсан юм. Уулзалтын үеэр Далай лам бурхны шашин Төвөдөд хэрхэн нутагшсан түүхийн талаар товч өгүүлэв.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам хэд хэдэн сүм хийдийн хуврагуудтай уулзаж буй нь...Япон, Нагано. Зургийг Тайхан Үсүй |
Тэрбээр “Бурхны шашин VII зуунд Төвөдөд анх дэлгэрсэн бөгөөд VIII зуунд Энэтхэгийн Наландагийн их эрдэмтэн, философич, логикч Шантаракшита гэгээн Төвөдөд морилсноор илүү тогтсон хэлбэртэй болж хөгжиж эхэлжээ. Буддын шашныг үндсэндээ хоёр гол уламжлалд хувааж болдог. Үүнд Пали уламжлал, Санскрит уламжлал багтах билээ. Төвөдөд дэлгэрсэн буддын шашин нь Наландагийн санскрит уламжлалыг баримталдаг бөгөөд түүнд Тарнийн аймгийн номын ёсны сургаал ч мөн багтана. Мөн Хятад, Япон, Солонгос, Вьетнам тэргүүт улсад дэлгэрсэн буддын шашин ч өргөн утгаараа Наландагийн санскрит уламжлалд хамаардаг юм. Майдар болоод тарнийн аймгийн номын ёс нь Буддагийн сургаал биш гэх маргаан үе үе гардаг ч Шантаракшита, Нагаржуна, Дигнага, Дхармакирти тэргүүт хүмүүсийн зохиол бүтээлүүдээс харахад эдгээр сургаалуудыг Бурхан багш өөрөө айлдсан нь тодорхой билээ” хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн үеэр дэлхий даяар үүсэж буй асуудал, гамшгийг шийдвэрлэхэд буддын шашин ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар асуухад Далай лам “Дэлхийн асуудлыг буддын шашин ганцаараа шийдвэрлэж чадахгүй. Бусад шашны нэгэн адил буддын шашин дэлхийд эерэг хувь нэмэр оруулах боломжтой. Гэхдээ өнөөдрийн олон асуудал хүний өөрийн үйлдлээс үүдэлтэй бөгөөд хэт өөрт төвлөрөх, өргөн хүрээний хараа дутмаг байдлаас бий болсон зүйлс юм. Энэ хоёр дутагдлыг шинжилж ажиллах замаар буддын шашин дэлхийн асуудлыг бууруулахад дэмжлэг үзүүлж чадна” хэмээн айлдав.
Түүнээс энэрлийн бурхны хувилгаан гэсэн ойлголтын талаар асуухад тэрбээр “Би бээр эгэл нэгэн буддын шашинт лам. Энэ дэлхийн зургаан тэрбум хүний нэг хэсэг. Зарим нь намайг амьд бурхан хэмээдэг. Зарим нь бүр чөтгөр ч гэдэг. Энэ бүхэн их утгагүй зүйл. Гэхдээ дахин төрдөгт итгэдэг буддын шашинтны хувьд би бээо заримдаа өмнөх төрлүүдийнхээ талаар тодорхой мэдрэмж авдаг. V, XIII Далай лам нарыг би ихэд онцгой ойр санагддаг юм. Би өөрийгөө бодьсадвагийн энэрэл нигүүлсэл, билиг ухааныг бүрэн гүйцэд олсон гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ хувраг хүний хувьд тэдгээрийг дадлагаар мэдэрдэг гэж хэлж болох байх” хэмээжээ.
|
| Дээрхийн гэгээн Далай лам олон нийттэй мэндчилж буй нь...Япон, Нагано. Зургийг Тэнзин Чойжор |
Далай лам уулзалт, арга хэмжээний дараа хотын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд цугласан 7000 гаруй хүний өмнө “Гэгээн гэрлийн замнал” сэдэвт айлдвар айлдлаа. Тэрбээр цугласан олонтой мэндчилж, үзэл бодлоо хуваалцаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Айлдварын эхэнд Зүрхэн судрыг товч тайлбарлаж, хоосон чанар хийгээд “би” хэмээх үзэгдлийн бодит бус шинжийг тайлбарласны дараа гол сургаалын хэсэгтээ орлоо.
Далай лам “Хүн бол нийгмийн амьтан. Бид бүгд бие биеэсээ харилцан хамааралтай. Жинхэнэ нөхөрлөл, хайр энэрлийг бий болгоход итгэлцэл ихэд чухал. Энэ бол аз жаргалтай гэр бүл, эрүүл нийгмийн үндэс. Бидний амьдрал бусдын халамж, энэрэл дээр тогтдог. Бид бүгд ээжээс төрдөг. Эхийн хайр халамжгүй бол эрүүл саруул өсөж хөгжих боломжгүй. Энэ нь биднийг ёс суртахууны үнэт зүйл, дотоод үнэ цэн, хайр, энэрлийн ач холбогдлыг эргэцүүлэхэд хөтөлдөг. Ёс суртахуун зөвхөн шашны асуудал биш. Бүх хүнд хүртээмжтэй болгохын тулд секуляр хандлагыг ашиглах шаардлагатай” хэмээн айлдав.
Асуулт хариултын үеэр терроризмын талаар хариулахдаа тэрбээр “Би болон чи, бид болон тэд гэсэн хэт ялгаа, хуваагдлыг бий болгохоос зайлсхийх ёстой. Бид бүгд нэг дэлхий дээр хамтран амьдарч байна. Хөршийн асуудал бол манай асуудал. Терроризм бол хүний бий болгосон асуудал бөгөөд үүнийг үзэн ядалтаар бус, хүний сэтгэл зүйн түвшинд шийдэх шаардлагатай” хэмээжээ.
|
| Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар болж буй танхим. Япон, Нагано. Зургийг Тайхан Үсүй |
Залуучуудад хандан хэлсэн айлдварынхаа хүрээнд япон залуус англи хэл сурах, өргөн өнцгөөс сэтгэх, дэлхийг үзэж танин мэдэх, өөр өөрийн боломж чадварт тохирсон хувь нэмрээ оруулахыг уриалав. Далай лам “Миний англи хэл бүрэн төгс биш ч дэлхийгээр аялж явахад тун их нэмэр болдог шүү” хэмээн ихэд хөгжилтэй хэлэхэд үзэгчид инээд хөөртэйгөөр хүлээж авав.
Маргааш Далай лам Сайхожи сүмд зочилж, Амитаба бурхан, Од Падмэгийн сэрэг хөргийг ариутган тахиж, лам хувраг, сүсэгтэн олонд “Дөрвөн үнэн”-ийн талаар ном айлдах төлөвлөгөө байгаа аж. Харин энэ орой Ишикава мужийн Канаэзава хот руу мордох хуваарьтай байна.










