АНУ, Техас муж, Даллас хот. 2015 оны 7 дугаар сарын 1 - Дээрхийн гэгээн XIV Далай лам Их Британи улсаас олон цагийн урт нислэгийн дараа өчигдөр Даллас хотод газарджээ. Цаг агаарын мэдээгээр энэ өдөр үер бууж болозошгүй хэмээн анхааруулж байсан ч Далай дамыг Жорж В.Бушийн нэрэмжит институтэд морилох үед тэнгэр цэлмэж, хурц наран ээж байлаа. Түүнийг Жорж В.Бушийн институтийн Хүний эрх, эрх чөлөөний хөтөлбөрийн захирал Аманда Шнетцер хүлээн авчээ. Ерөнхийлөгч асан Жорж В.Буш, хатагтай Лаура Буш нар дотнын нөхрөө угтан авч, Ерөнхийлөгчийн Төвийн музейг үзүүлсэн юм. Ерөнхийлөгч асан Буш ажлаа хүлээлгэн өгөөд, уран зураг соирхож эхэлсэн ажээ. Тэрбээр Далай ламын хөргийг зурснаа үзүүлэхэд Дээрхийн гэгээний сэтгэл ихэд хөдөлж, “Үнэхээр сайхан болжээ. Харин нүднийх нь хэсэгт илүү ажиллавал бүр сайхан болох юм байна” хэмээн хошигножээ.
Дээрхийн гэгээн Далай лам Жорж В.Буш, хатагтай Лаура Буш нарын хамт “Эрх чөлөө, манлайллын форум”-д оролцож буй Мьянмарын оюутнуудтай уулзав. Ерөнхийлөгч асан Буш тэднийг “Ирээдүйн удирдагчид” хэмээн онцлон хэлээд, “Дээрхийн гэгээн ч мөн адил эрх чөлөөг эрэлхийлж буй хүмүүн билээ” хэмээн дурдаад, оюутнуудад хандан үг хэлэхийг урьжээ.
Дээрхийн гэгээн “Хуучин андтайгаа уулзаж, түүний үүсгэн байгуулсан шинэ хүрээлэн болоод энд хэрэгжиж буй ардчилал, эрх чөлөөг дэмжих олон хөтөлбөртэй танилцаж байгаадаа ихэд баяртай байна.
Америкийг цэрэг зэвсгийн хүчээрээ биш, харин ардчилал, эрх чөлөөний зарчмыг хамгаалж ирсэн улс гэдгээр нь би үнэлж явдаг. Америк бол чөлөөт ертөнцийг манлайлагч орон. Та тэтгэвэртээ гарсан хэдий ч ардчилал, эрх чөлөөний төлөө тууштай зүтгэсээр байгааг тань харахад надад ихэд сайхан байна” хэмээлээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам ерөнхийлөгч асан Жорж В.Бушийн нэрэмжит хүрээлэнд болсон “Эрх чөлөө, манлайллын форум”-д оролцож байгаа Мяьнмарын оюутнуудтай уулзаж буй нь… АНУ, Техас муж, Даллас хот. 2015 оны 7 дугаар сарын 1. Зургийг Ерөнхийлөгчийн нэрэмжит хүрээлэн. |
Дээрхийн гэгээн Далай лам үргэлжлүүлэн, “Төвөд, Мьянмарын ард түмэн нэг язгуурын хэлтэй бөгөөд хоёул буддын шашинтай. Буддизмд пали, санскрит хэмээх хоёр уламжлал бий. Пали уламжлал нь үндсэн уламжлал байдаг бол санскрит уламжлал нь “би-г үгүйсгэх” үзэл тэргүүт гүнзгий утгыг дэлгэрүүлэн тайлбарладаг билээ. Бид нэгэн адил сүм хийдийн дэг жаягтай бөгөөд хийдийн зохион байгуулалт мөн ардчилсан зарчимд тулгуурладаг нь анзаарагддаг юм.
Хүмүүс эрхээ бүрэн дүүрэн эдлэхийн тулд боловсрол эзэмших шаардлагатай. Бирмийн Засгийн Газар өнөө ч дарангуйллын шинжтэй хэвээр байгаа тул та бүхэн энэ боломжийг ашиглан сайтар суралцаж, материаллаг нөлөөнд хэт автахгүй байхыг хүсье. Эрх чөлөө, ардчиллын зарчмуудыг анхааралтай ажиглаж, орчин үеийн үзэл санааг уламжлалт үнэт зүйлтэй хэрхэн хослуулахыг судлаарай.
Бидний тэмцэл бол үнэн болоод зэвсгийн хүчний тэмцэл юм. Зэвсгийн хүч богино хугацаанд илүү шийдвэрлэх мэт санагдах ч урт хугацаанд үнэн илүү хүчтэй. Үүнд итгэлтэй байх нь чухал.
Эрх баригчид одоогоор хүч хэрэглэхэд түшиглэж байгаа ч энэ нь мөнх үргэлжлэхгүй, эцэст нь үнэний хүч ялах болно. Есөн удаа бүтэлгүйтвэл есөн удаа дахин оролд” хэмээн төвөдийн зүйр үгийг эш татжээ.
|
| Зураг. Ерөнхийлөгч асан Жорж В.Буш, хатагтай Лаура Буш нар Дээрхийн гэгээн Далай ламын хамт “Эрх чөлөө, манлайллын форум”-д оролцож байгаа Бирм улсын залуу оюутнуудтай уулзаж буй нь... 2015 оны 7 дугаар сарын 1. АНУ, Техас муж, Даллас хот. Зургийг Bush Center. |
Дээрхийн гэгээнээс “Яаж энэ олон төрлийн хүнийг эрх чөлөөний тугийн дор нэгтгэж болох вэ?” гэж асуухад Далай лам “Бидэнд хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ухаарах сэтгэл хэрэгтэй. Бирм тэргүүт улсад шашин, угсаа гарвал, хэл соёлын ялгаа байх нь ойлгомжтой ч эдгээр ялгаанаас илүү чухал нь нийт Бирмийн ард түмний нэгдсэн эрх ашиг билээ” хэмээн хариулсан юм. “Ийм эвлэрэл, харилцан ойлголцлыг хэрхэн эрх чөлөөтэй нийцүүлэх вэ?” гэсэн асуултад Дээрхийн гэгээн бээр “Европын холбоо бол бодит сэтгэлгээний сайн жишээ юм” хэмээн хариулжээ.
Тэрбээр төвөдүүд бол түүхийн хувьд тусгаар тогтносон, хэлний болон газар зүйн хувьд Хятадаас ялгаатай үндэстэн гэдгийг дурдсан юм. Мөн Хятадын түүхэн баримтад VII-IX зууны үед Хятад, Төвөд, Монголын эзэнт гүрнүүдийн тухай тэмдэглэгдсэн байдгийг дурдаад, “Хэрвээ хэл, соёл, байгаль орчноо хадгалах боломж нь нээлттэй байвал Төвөд эдийн засгийн өндөр хөгжилтэй, томоохон улсын нэг хэсэг байж болох юм” хэмээжээ.
Ерөнхийлөгч асан Буш Дээрхийн гэгээний ярианд нэмж, “Харамсалтай нь хятадын удирдагчид улс орон нь бутрахаас санаа нь нэн их зовдог. Харин би тэдэнд энэ асуудлаар харилцах хамгийн тохиромжтой хүн бол Дээрхийн гэгээн Далай лам гэж хэлсэн юм. Даанч тэд сонсоогүй юм даа” хэмээн өгүүлжээ.
Далай ламыг Бирм улсад айлчлахыг урьсан бөгөөд тэрбээр инээмсэглэн, “Айлчлалын өмнө зохион байгуулагчид нь Хятадын зөвшөөрлийг авах шаардлагатай болно” хэмээн хошигножээ. Тэрбээр Төвөдийн сүм хийд, сургалтын төвүүдэд пали хэл судлалын тэнхимүүд шинээр байгуулагдаж буйг дурдаад, уг хөтөлбөрт Бирмийн оюутнуудыг хамрагдахыг уриалсан байна.
Жорж В.Бушийн Ерөнхийлөгчийн төвийн дэмжигч нөхдийн хамтаар зохион байгуулсан үдийн зоогийн үеэр тус төвийн ерөнхийлөгч Маргарет Спеллингс үг хэлэхдээ Дээрхийн гэгээнийг “Энэ цаг үеийн манлайлагч” хэмээн өргөмжлөн, “Бид таны төлөөлдөг энх тайван, энэрэл нигүүлслийн үнэт зарчмуудыг хүндэтгэн тэмдэглэж байна. Таны АНУ дахь айлчлал Даллас хотоос эхэлж буй нь бидэнд нэр төрийн хэрэг. Ирсэнд тань баярлалаа” хэмээх үгсээр баяр хүргэв.
|
| Зураг. 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Техас мужийн Даллас хотын Жорж В.Бушийн Ерөнхийлөгчийн төвд болсон үдийн зоогийн үеэр ерөнхийлөгч асан Буш Дээрхийн гэгээний 80 насны ойг угтан бялуу бэлэглэхэд Далай лам ихэд баярлаж буй нь... Зургийг Bush Center. |
Зоогийн өмнө Бишоп МакКи залбирал айлдлаа. Үүний дараа хатагтай Лаура Буш богинохон үг хэлж, цугласан зочдод хандан Дээрхийн гэгээний 80 насны ой 7 дугаар сарын 6-нд тохиох бөгөөд мөн энэ өдөр түүний нөхрийн нь төрсөн өдөр хэмээлээ. Далай ламд зориулсан бялуу ирэхэд бүгд төрсөн өдрийн дуу дуулж, хоёр найз хамтдаа лаагаа үлээв.
Ерөнхийлөгч Буш, “Баярлалаа. Мөн энд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархлаа. Заримдаа улс төрийн хүрээлэлд хүмүүс тантай уулзаад, ямар нэгэн зүйл ярилцдаг ч тэр нь чин сэтгэлээсээ биш байх тохиолдол олон гардаг. Харин Дээрхийн гэгээн бол таны нүд рүү эгцлэн хараад, хэлсэн үг бүрдээ чин сэтгэлээ шингээдэг тийм л хүн. Хятад улс түүнд олон саад бэрхшээлийг учруулдаг ч тэрбээр үргэлжид баяр баясгалантай байдаг юм. Учир нь түүний зүрх энэрэл хайраар мөнхийн дүүрэн байдаг, ариун сайхан сэтгэлт хүн билээ. Би бол Дээрхийн гэгээний хамт олон нийтийн өмнө ил гарч зогссон АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч. Далай лам хүн бүрийг эрх чөлөөтэй байх ёстой хэмээсэн итгэл үнэмшлийг нь үгүйсгэхийг оролддог олон хүчинтэй нүүр тулан тэмцэж байна. Түүнийг энд байгаад би чин сэтгэлээсээ баяртай байна” хэмээхэд Дээрхийн гэгээн “Хүндэт анд нөхөд минь, ноён, хатагтай Буш. Төвөдийн зүүн хойд нутгаас гаралтай миний хувьд дэлхийн нөгөө талд амьдардаг та бүхэнтэй ийнхүү дахин уулзаж байгаа нь үнэхээр сэтгэл догдлом сайхан байна. Би бээр буддын шашинт оронд, та бүхэн христийн уламжлалт оронд өсөж хүмүүжсэн ч хүн төрөлхтний хувьд бид адилхан. Энэ бол маш чухал санаа. Учир нь энэ цагийн ихэнх зөрчил тэмцэл шашин шүтлэг, арьс өнгө зэрэг хоёрдогч ялгаанаас үүдэлтэй байдаг. Гэтэл угтаа бид бүгд л адилхан. Сэтгэл зүй, бие махбод, сэтгэл хөдлөлийн хувьд ямар ч ялгаагүй. Бид адилхан төрж, адилхан нас бардаг. Жаргалтай амьдрахыг хүсэх нь бид бүгдийн нийтлэг мөн чанар юм. Хэрэв бид хүн төрөлхтний нэгдмэл энэ мөн чанарыг илүү ухамсарлаж чадвал зөрчилдөх, хүчирхийлэх, бусдыг зовоох ямар ч шалтгаан үлдэхгүй болно.
Би хэнтэй ч хаана ч уулзаж ярилцахдаа хүн төрөлхтний хувьд нэгэн адил харьцдаг. Би энэ хүнтэй Цагаан ордонд анх уулзахдаа түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг үндэстний ерөнхийлөгчийн хувиар бус, харин миний нэгэн адилаар харьцаж байсныг мэдэрсэн юм. Олны өмнө би “Би Жорж Бушид хайртай. Гэхдээ түүний баримталдаг бодлогод зарим нэг эргэлзээ бий” гэдэг юм. Бидний нөхөрлөл бол энэ амьдралын минь хугацаанд үргэлжлэх жинхэнэ нөхөрлөл билээ. Тиймээс энэ урилгыг хүлээн аваад би энд ирэхдээ машид догдолсон доо”.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам орчуулагч Түвдэн Жимпагийн хамт АНУ-ын Техас мужийн Даллас хотын Жорж В.Бушийн Ерөнхийлөгчийн төвд илтгэж буй нь... 2015 оны 7 дугаар сарын 1. Зургийг Bush Center. |
Дээрхийн гэгээн ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өөрийгөө ардчиллын үзэл санаанд тууштай итгэгч гэдгээ батлан илэрхийлэв.
Тийм ч учраас 2011 онд улс төрийн үүргээсээ татгалзахдаа Далай ламын институт нь шашин төдийгүй улс төрийн хэргийг хариуцдаг байсан уламжлалыг зогсоосон билээ. Тэрбээр Төвөдийн шашны зарим байгууллага нь феодалын тогтолцооны хэв шинжит хэвээр байгааг онцолж, өөрчлөх цаг болсон гэдгийг дурдсан юм.
Тэрбээр ерөнхийлөгч Бушийн тухай түүний эрх чөлөө, энэрэл, ардчилалд энэхэн насаа зориулсан тууштай үнэнч зүтгэлийг ихэд үнэлдгээ илэрхийлсэн билээ. Мөн АНУ-ын үүрэг хариуцлага зөвхөн 350 сая иргэнээр хязгаарлагдахгүй, харин өргөн утгаараа чөлөөт ертөнцийг тэргүүлэгч гэдгийг онцолжээ.
“Миний мөрөөдөл бол XXI зуунд хүн төрөлхтний нэгдмэл үзэлд тулгуурласан илүү сайхан, энх тайван, энэрэнгүй дэлхий ертөнц бий болоосой хэмээн хүсэж байна”.
Илтгэлийн дараа үзэгчдийн зүгээс олон асуулт ирэв. “Хэрэв бүх үгийг арилгаж, үгүй хийн, зөвхөн нэг үг үлдэх бол та аль үгийг сонгох вэ?” гэж асуухад тэрбээр “Амьдрал” хэмээгээд “Амьдрал оршихын тулд хайр хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ.
“Та хүн төрөлхтний нэгдмэл чанарын талаар итгэл төгс ярьдаг хэр нь хүмүүсийн дунд яагаад ялгаа, хагарал үүсдэг гэж үздэг вэ?” хэмээн лавлахад Дээрхийн гэгээн “Бид бүгд бие биедээ хамааралтай оршдог ч нэгддэг зүйлээ бус харин хоорондын ялгаагаа хэтрүүлэн онцолдог нь асуудлын гол шалтгаан болдог юм” хэмээн хариулжээ.
Тэрбээр цаг уурын өөрчлөлт нь ямар ч улсын хил хязгаарыг үл тоон бүх хүнд нөлөөлдөг бөгөөд үүнтэй адил дэлхийн эдийн засаг бүгдийг хамардаг атлаа бид гагцхүү гаднах ялгаанд төвлөрдгийг анхааруулсан юм.
Жорж В.Бушийн Ерөнхийлөгчийн төвөөс гарахын өмнө Дээрхийн гэгээн АНУ-ын Конгрессын гишүүн Жон Радклифф, Питер Сешнс болон тэдний гэр бүлийнхэнтэй богино уулзалт хийжээ.
Өмнөд Методистийн Их Сургуулийн Мүүди Колизей танхимд болсон дараагийн арга хэмжээнд өмнө нь ерөнхийлөгч Бушийн Боловсролын сайдаар ажиллаж байсан Маргарет Спеллингс Дээрхийн гэгээнтнийг 5000 орчим үзэгчдэд танилцуулав.
Booker T.Washington сургуулийн “Төвөд клуб”-ийн сурагчид Дээрхийн гэгээнд өөрсдийн бүтээж, хэвлэсэн хийморийн дарцгийн хэлхээг өргөн барив.
|
| Зураг. Booker T.Washington сургуулийн “Төвөд клуб”-ийн сурагчид Дээрхийн гэгээн Далай ламд өөрсдийн урласан хийморийн дарцгийг өргөн барьж буй нь... 2015 оны 7 дугаар сарын 1. АНУ, Техас муж, Даллас хотын Өмнөд Методистийн Их Сургууль. Зургийг Bush Center. |
Уг арга хэмжээг ABC телевизийн улс төрийн шинжээч Коки Робертс хөтлөн явуулж, Дээрхийн гэгээнийг үг хэлэхийг урив.
Дээрхийн гэгээн тайзан дээр гарч ирээд, “Би энд ирсэндээ ихэд баяртай байна” хэмээгээд, арга хэмжээг зохион байгуулсан хүмүүст болон ерөнхийлөгч Буш, хатагтай Буш нарын урилгад талархал илэрхийлэв. Тэрбээр байнга хэлдэг нэг санаагаа дахин онцлон, “Бүх хүн адил бөгөөд аз жаргалтай амьдрах тэгш эрхтэй” хэмээн айлдав.
Тэрбээр “Хүний гайхамшигт тархи хайр энэрэл, уучлал, тэвчээр тэргүүт сайхан чанаруудыг ургуулж чаддаг атлаа уур, үзэн ядалт, айдаст автчихдаг. Тиймээс бидэнд тулгарч буй олон асуудал нь үнэндээ өөрсдийн бүтээсэн зүйл юм шүү дээ. Энэ танхимд буй хүмүүс амар тайван суугаа ч дэлхийн хаа нэгэн өнцөгт хүмүүс бие биентэйгээ байлдаж, зарим нь бүр шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэж буй нь бодохын ч аргагүй эмгэнэлт зүйл билээ. Мөн орчин үеийн боловсролд сайхан сэтгэлийн үнэт зүйлд суурилсан ёс суртахууны зарчмуудыг тусгах шаардлагатай юм. Бид бүгд бие биенээсээ хамааралтай тул аз жаргалыг хүсэх хүсэл гэдэг нь бусдын төлөө санаа тавих сэтгэлийг хөгжүүлэхийг шаарддаг. Хэрэв ингэж чадваас бидний хооронд итгэлцэл үүсэх бөгөөд итгэлцэл байгаа газар нөхөрлөл орших билээ. Энэ нь бидэн шиг нийгмийн амьтдын хувьд зайлшгүй шаардлагатай зүйл юм” хэмээсэн билээ.
Тэрбээр дэлхийг илүү энэрэнгүй, илүү энх тайван болгох үйлс нь дан ганц төр засаг, НҮБ-ын хийх ажил биш бөгөөд хүн нэг бүрийн дотоод өөрчлөлтөөс эхэлнэ хэмээсэн юм. “Хэрвээ миний хэлсэн үгс танд утга учиртай санагдвал үүний талаар бодож, ярилцаж, амьдралдаа хэрэгжүүлээрэй. Харин утгагүй санагдсан бол зүгээр энэ танхимд орхихыг хүсье” хэмээн инээмсэглээд, үгээ өндөрлөв.
|
| Зураг. Өмнөд Методистийн Их Сургуулийн Мүүди төв. 2015 оны 7 дугаар сарын 1. АНУ, Техас муж, Даллас. Зургийг Сонам Жогсан. |
Үзэгчдийн асуултад хариулах үеэр Дээрхийн гэгээн шашин хоорондын эв нэгдэл, хүндлэлийг дэмжихэд тууштай байхаа дахин илэрхийлэв. “Хэрвээ энэрэн нигүүлсэх төрөлхийн чадварт эмэгтэйчүүд удирдах түвшний ажилд илүү олноор томилогдвол дэлхий илүү энх тайван газар болж болох юм”.
Арга хэмжээний төгсгөлд үзэгчдийг босон, Дээрхийн гэгээнд 80 насны ойн баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхийг урьсан бөгөөд төрсөн өдрийн дуу дуулж эхлэхэд танхимын таазнаас асар олон цагаан бөмбөлөг аажуухнаар хүмүүс дээр бууж байв.
Дээрхийн гэгээн талархан даллаж, баярлаж талархсанаа бүгдэд илэрхийлэв. Үүний дараа тайзны ард ерөнхийлөгч Бушийг тэврэн үдэж, зочид буудалдаа буцсан билээ.










