ХБНГУ, Хессен, Висбаден – 2015 оны 7 дугаар сарын 12-ны өглөө Дээрхийн гэгээн Далай лам Нью-Йорк хотоос урт хугацаанд нисч Франкфурт хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг нисэх онгоцны буудалд Энэтхэгийн Консулын газрын төлөөлөгчид болон "Friends for a Friend" нийгэмлэгийн төлөөлөл Франк Аут нар угтан авсан юм. Үржил шимт хөдөө талаар Висбаден руу давхих зам саадгүй байлаа. Хурдны замын хоёр талын тариалангийн талбайд алтан шаргал буудай найган халиурч байв.
Дээрхийн гэгээн Висбаден хотноо бага зэрэг амарсны дараа өөрийн эртний найз, Хессен мужийн ерөнхий сайд асан Роланд Кох болон түүний гэргий нартай үдийн зоог барив. Үдээс хойш болох олон нийтийн яриаг ивээн тэтгэгчидтэй хийсэн богино хэмжээний уулзалтын үеэр тэрээр 1973 онд Европт хийсэн анхны айлчлалаас нь эхтэй Герман түмэн, тэр дундаа Хессен мужийн иргэдтэй тогтоосон олон жилийн найрамдалт харилцаагаа өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен мужийн Висбаден хотод хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзаж буй. .Зургийг: Мануэль Бауэр |
Үүний дараахан болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр хүнлэг энэрэнгүй дотоод сэтгэлийг төлөвшүүлэх нь хүний аз жаргалын жинхэнэ эх сурвалж мөн гэсэн үзэл санааг бусадтай хуваалцахын төлөөх өөрийн амлалт, зорилгоо тодорхойлон хэллээ. Мөн шашин хоорондын эв найрамдлыг дэмжих, Төвөдийн соёл, хэл болон эмзэг байгаль орчныг хамгаалан үлдэхийн төлөөх өөрийн зорилтуудаа дурдсан юм.
Түүнээс гадаа гудамжинд чанга дуугаар эсэргүүцэл илэрхийлэн жагсаж буй Шүгдэнг дэмжигчдийн талаар ямар сэтгэгдэлтэй байгааг нь хамгийн түрүүнд асуухад тэрээр энгийнээр ийн хариулав:
"Тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгааг харахад надад таатай байна. Тэдний яриад байгаа энэхүү зан үйл болон үзэл санаа нь бараг 400 жилийн турш маргаан дагуулсаар ирсэн. Сүүлийн 80 орчим жилийн хугацаанд энэ нь шашны урсгал хоорондын ноцтой зөрчил, талцал хуваагдлын эх үүсвэр болсон юм. Тиймээс энэ бол сайтар судалж, шинжлэх ёстой асуудал билээ.
Түүний 80 насны ойн баярын тэмдэглэлт арга хэмжээний талаар асуухад Дээрхийн гэгээн хариулахдаа "Амьдралаа утга учиртай өнгөрүүлэх нь илүү чухал бөгөөд бие, хэл, сэтгэлийн бүхий л үйлдлээ бусдын сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй" хэмээгээд, өөрөө ч мөн ийнхүү амьдарч ирснээ хэлэв. Харин Бирм (Мьянмар) улс дахь буддын шашинтнууд болон исламын шашинтнуудын хоорондын мөргөлдөөний тухайд тэрээр үнэхээр харамсалтай зүйл гэдгийг илэрхийллээ. Тэрээр Бирмийн буддын шашинтнуудад хандан, уур хилэн нь төрөх үедээ Бурхан багшийн дүрийг санаж байхыг уриалж, хэрэв Бурхан багш тэнд байсан бол исламын шашинтнуудыг өөрийн ивээлд авч, хамгаалах байсан гэдэгт тэрээр бүрэн итгэлтэй байгаагаа дурдсан юм.
|
| Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хессен мужийн Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэнд ирж, олон нийтэд зориулсан айлдвараа айлдахаасаа өмнө цугласан олонд гар даллаж буй нь. Зургийг: Мануэль Бауэр |
Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэн рүү автомашинаар богино хугацаанд явж очиход тэнд жижиг асар болон тайз зассан байх бөгөөд Дээрхийн гэгээнийг угтан авч, айлдварыг нь сонсохоор 12,000 хүн цугларсан байв. "Friends for a Friend" байгууллагын Фрэнк Аут олон нийт болон Висбаден хотын дарга, Роланд Кох, Клаудиа Рот, мөн Хессен мужийн ард түмний эртний анд Дээрхийн гэгээн Далай ламыг халуун дотноор угтан мэндчиллээ.
Яриа эхлэхийн өмнө Аут Төвөдийн дуучин Дэчэн болон түүний хамтлагийг тайзнаа урин тоглууллаа. Тэрээр хамтлагийнхаа намуун хөгжмийн аянд "Ум мани бадми хум" хэмээх энэрэл нигүүлслэлийн тарнид төвлөрсөн, Бодьсадва Арьяабало буюу Жанрайсиг бурханд хүндэтгэл үзүүлсэн дуугаа дуулав.
Висбаден хотын дарга тус хотын оршин суугчид Дээрхийн гэгээнийг дахин урьж байгаадаа бахархаж буйг тэмдэглээд, тэдний хооронд тогтсон олон жилийн нөхөрлөлийг онцлон дурдав. Германы парламент буюу Бундестагийн удирдагчдын нэг, Ногоон намын улс төрч Клаудиа Рот хэлэхдээ:
"Бид энэхүү үлгэр жишээ хүнийг энд хүлээн авч байгаадаа баяртай байна. Хүнд хэцүү сорилтуудын өмнө эрх чөлөөний төлөө хийсэн таны бүх хичээл зүтгэлд баярлалаа. Мөн дайн тулаангүй ертөнцийг цогцлоохын төлөөх таны зүтгэлд талархаж байна. Та бидний зүрх сэтгэлд гэрэл гэгээ авчирдаг; бид таныг дэмжиж, танд урт удаан нас, эрүүл энхийг хүсэн ерөөе." хэмээв.
|
| Ногоон намын гишүүн Клаудиа Рот 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хессен мужийн Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэнд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын өмнө үг хэлж буй нь. Зургийг: Мануэль Бауэр |
Роланд Кох Дээрхийн гэгээнд хандан, 80 насны төрсөн өдрөөр нь барьж чадах хамгийн том бэлэг бол тэдний тууштай эв нэгдэл, дэмжлэг юм гэдгийг хэлэв.
"Бид Төвөдөд юу болж байгаад ямагт анхаарал хандуулж, тантай хамт байх болно. Далай lамыг энд үргэлж нээлттэй хүлээн авна. Бидний ихэнх нь Хятад улстай найрсаг харилцаатай байхыг хүсдэг ч, үүний зэрэгцээ Төвөдөд хүний эрхийг дээдлэхийг харахыг хүсэж байна."
Тэрээр Дээрхийн гэгээний 60 насны ойг Дели хотод тэмдэглэж байснаа дурсаад, 70 насны ойг нь Лхас хотод тэмдэглэнэ хэмээн найдаж байснаа ярив. Өнгөрсөн хугацааг эргэн харахад энэ нь тийм ч бодитой зүйл биш байсныг тэрээр ойлгосон бөгөөд Дээрхийн гэгээнээс суралцсан зүйлсийн нэг нь аливааг илүү алсын хараатай, урт хугацаанд төлөвлөж бодох явдал байсныг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр мөн Дээрхийн гэгээнд эрүүл энх, урт удаан наслахыг ерөөснөөр үгээ өндөрлөв.
Дээрхийн гэгээн өөрийн заншил ёсоор айлдвараа ийнхүү эхлүүлэв:
"Хүндэт ах дүү нар минь ээ, бид дахин энд цуглаад байна. Энэ газар буюу Висбаден хот болон Хессен муж нь миний зүрх сэтгэлд ойр байдаг юм. Учир нь эндхийн ард түмэн надад үргэлж өгөөмөр, халуун дулаан сэтгэлээр хандсаар ирсэн билээ. Энэхүү уулзалтыг зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүх зохион байгуулагчид болон сайн дурынханд талархал илэрхийлье.
|
| Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хессен мужийн Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэнд айлдвар айлдаж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
"Би Клаудиа Рот болон Роланд Кох нарыг эртнээс мэднэ. Бидний дунд миний амьд явах бүхий л хугацаанд үргэлжлэх бат бөх нөхөрлөл бий. Бидний хэн нь түрүүлж одохыг би мэдэхгүй ч, энэхүү нөхөрлөл маань бидний ирээдүйн төрлүүдэд ч үргэлжлэх тийм л нандин харилцаа гэж би боддог.
"Би хүмүүстэй уулзах бүрдээ бид бүгд юуны өмнө хүн бөгөөд оюун санаа, бие махбод, сэтгэл хөдлөлийн хувьд ижил төрөлтөн гэж үргэлж боддог. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг бөгөөд тийм эрхтэй. Аз жаргалтай амьдрахын тулд бид нийгмийн бусад гишүүдээсээ хамааралтай байдаг гэдэгт би итгэдэг. Европын Холбоог миний биширдэг нэг шалтгаан нь энэ юм. Учир нь тус холбоо нь явцуу үндэсний эрх ашгаас илүүтэй нийтийн эрх ашгийг урьтал болгоход суурилдаг. Ирээдүйд Африкийн Холбоо, Арабын Холбоо, тэр байтугай Азийн Холбоо гэх мэт үүнтэй төстэй нэгдлүүд бий болоосой гэж би хүсэн хүлээж байна.
Тэрээр олон нийтийн өмнө үг хэлэх болгондоо өөрийгөө бусдын адил ердийн нэгэн хүн гэж боддог тухайгаа дахин тайлбарлалаа. Хэрэв өөрийгөө буддын шашинтан, ази хүн эсвэл Дээрхийн гэгээн XIV Далай лам гэж тусгаарлаж үзвэл энэ нь түүнийг сонсож буй хүмүүсээс холдуулах зааг ялгааг л үүсгэдэг гэв. Хүн бүрт ижил төстэй талууд байдагт үндэслэн өнөөдөр дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний сайн сайхны төлөө санаа тавих үүрэг хувь хүн бүрт бий гэдгийг тэрээр онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд одоогийн боловсролын систем нь дотоод сэтгэлийн үнэт зүйлсийг орхигдуулж, зөвхөн материализм руу чиглэж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.
|
| Дээрхийн гэгээн Далай ламыг 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хессен мужийн Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэнд айлдвар айлдаж байх үед үзэгчид том дэлгэцээр үзэж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
"Хэрэв бид илүү амар амгалан ертөнцийг цогцлоохыг хүсэж байгаа бол хүүхдийн цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэлх боловсролын тогтолцоонд хүний үнэт зүйлсийг суулгах шинэ арга замыг хайж олох хэрэгтэй."
Тэрээр шашин хоорондын харилцан ойлголцлыг дэмжих амлалтаа дахин дурдаад, үүнийг дэлхийн бусад агуу шашнуудын гайхалтай зүтгэлтнүүд, тухайлбал Католик шашны лам Томас Мертон зэрэг хүмүүстэй уулзах үедээ сурч мэдсэнээ хуваалцав. Хүмүүс бие биедээ илүү халуун дулаан сэтгэлээр хандах нь түүний төрсөн өдрөөрөө хүсэж болох хамгийн том бэлэг байх болно гэдэг бодлоо хуваалцсанаар тэрээр яриагаа өндөрлөлөө.
Үзэгчдийн асуултад хариулахдаа тэрээр амьдралдаа харамсах зүйл байхгүй, хийсэн бүхэн маань чин сэтгэлийн сэдэлтэй байсан гэдгийг хэллээ. Нэгэн жаалхүү "Бурхан нэг байдаг уу, эсвэл олон байдаг уу?" гэж асуухад тэрээр "Үүнийг мэдэхэд хэцүү, гэхдээ чи үүнийг өөрөө судалж мэдэх хангалттай залуу байна" хэмээн хариулав.
Тэрээр бидний нийтлэг туршлага, эрүүл ухаан болон шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан хүний оюун ухаанаа ашиглах шаардлагатайг онцлов. Бусдын тухай бодох нь бидний аль алинд нь тустай байдгийг бид ойлгох боломжтой. Түүнчлэн оюун санаа хэрхэн ажилладаг талаар илүү ихийг мэдэх хэрэгтэйг тэрээр дурдлаа:
|
| Дээрхийн гэгээн Далай ламыг 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын Хессен мужийн Висбаден хотын Курпарк цэцэрлэгт хүрээлэнд айлдвар айлдаж байх үед үзэгчдийн нэг төлөөлөл асуулт асууж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
"Эртний Энэтхэгийн уламжлалт мэдлэгээс суралцаж болох зүйлстэй харьцуулахад орчин үеийн сэтгэл судлал нэлээд анхан шатны түвшинд байна. Бид бүгдээрээ оюун санаа болон сэтгэл хөдлөл гэж юу болохыг судалж болно. Би 80 настай хэдий ч одоог хүртэл суралцсаар байгаа бөгөөд та бүхнийг ч бас суралцсаар байхыг зөвлөж байна."
Хятадаас ирсэн нэгэн эр Дээрхийн гэгээнд хандан англи хэлээр, тэрээр эхнэрийн хамт түүнтэй уулзаж, түүнээс суралцаж, хэрхэн сайн хүн байх талаар сонсож, мөн түүнийг хэзээ Хятадад ирэхийг мэдэхийг хүсэж байгаагаа хэлэхэд Дээрхийн гэгээн ийнхүү хариулав:
"Та үүнийг Хятадын засгийн газраас асуух хэрэгтэй. Хэрэв тэд эерэг дохио өгвөл би очиход бэлэн байна."
Үдээс хойшх арга хэмжээ өндөрлөхөд Дээрхийн гэгээн цугласан олон руу гар даллаж:
"Өнгөрсөн шөнө би Нью-Йоркоос энд нисэж ирлээ. Одоо би сайн, бөх гэгч нь унтаж амрахыг хүсэж байна. Та бүхнийг ч бас сайхан амраарай гэж хүсэж байна" хэмээн айлдав.










