Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам “Ухамсрын төлөвүүд: Уламжлалт мэдлэг тархи судлалтай учрах нь” сэдвээр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Энэхүү хэлэлцүүлэг Сан Пауло хотын Холбооны Их Сургууль, Альберт Эйнштейний судалгааны тархины төв хамтран Дэлхийн худалдааны төвийн “Алтан танхим”-д зохион байгуулжээ.
![]() |
Дээрхийн гэгээн Далай лам Дэлхийн худалдааны төвийн Алтан танхимд... Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Рүтер /Начо Доче. |
Дээрхийн гэгээн Хэлэлцүүлэгт оролцохын өмнө Сан Пауло хотын Холбооны Их Сургуулийн захирал Вальтер Манна Альбертвоне, Альберт Эйнштейний судалгааны институтийн ерөнхийлөгч Клаудио Лоттенберг, хэлэлцүүлгийн илтгэгч Луиз Эуженио де Мелло, Эдсон Амаро, Элиса Х.Козаса, Каролин Шнакерс, Адриан Оуэн, Тамара Рассел, Лувсан Дэнзин гэвш нартай хувийн уулзалт хийв.
Хэлэлцүүлгийг Холбооны Их Сургуулийн захирал асан Луиз Эуженио А.М.Мелло нээж, 2006 онд Дээрхийн гэгээний айлчлалын үеэр эхэлсэн UNIFESP, Төвөд хамтарсан хөтөлбөрийг товч танилцуулав. Дараа нь Сан Пауло хотын Холбооны Их Сургуулийн захирал Вальтер Манна Альбертвоне, Альберт Эйнштейний судалгааны институтийн ерөнхийлөгч Клаудио Лоттенберг нар хэлэлцүүлгийн ач холбогдлыг онцолж, оролцогч сонсогчдод мэндчилгээ дэвшүүлжээ.
Өглөөний хуралдаан “Ухамсрын хязгаарт болон ер бусын төлөвүүд” сэдвээр эхлэв. Белгийн Льежийн Их Сургуулийн Каролин Шнакерс энгийн ухамсрын түвшин дэх эмнэл зүйн талаар, Канадын Вестерн Онтариогийн Их Сургуулийн Адриан Оуэн энгийн ухамсрын нейро дүрслэлийн судалгааныхаа үр дүнг тус тус илтгэв. Эмори Их Сургуулийн Лувсан Дэнзин гэвш буддын уламжлалд ухамсрын талаар юу гэж үздэгийг танилцууллаа. Салбар хуралдааны дараа Дээрхийн гэгээн товч үг хэлж, Луиз Эуженио Мелло хэлэлцүүлгийн хэсгийг чиглүүлэв.
|
| Дээрхийн гэгээн Далай лам хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй ярилцаж буй нь... Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Рүтер /Начо Доче. |
Дээрхийн гэгээн үдийн дараа бразилын сэтгүүлчидтэй уулзан, “Хүмүүс хэт их ялгаагаа хараад, хүн төрөлхтний нийтлэг мөн чанараа орхигдуулдаг бөгөөд шашны зөрчил өнөөдөр ч үргэлжлэн байна. Иймд хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ойлгуулж, шашны эв нэгдлийг бэхжүүлэх нь чухал бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мэдээ мэдээлэл түгээх үүрэг хариуцлага хүлээдэг билээ.
Бразил улсын эдийн засаг хурдацтай хөгжиж буй учир зарим гэмтэн нөхцөл байдлыг урвуулан ашиглах эрсдэл байж болох тул нийгмийн авилгал хийгээд бурангуй үйлдлийн талаар хэвлэл мэдээлэл бодитоор мэдээлэх хэрэгтэй билээ” хэмээн айлдлаа.
1992 оны Риод болсон Дэлхийн байгаль орчны дээд хурлын дараа экологийн хамгаалалт хэрхэн ахисан талаар асуухад тэрбээр экологийн асуудлын мэдлэг, засгийн газруудын идэвх нэмэгдэж байгаа нь эерэг боловч зарим засгийн газар улс үндэстний ашиг сонирхлоо дэлхийн ашиг сонирхлоос дээгүүр тавьж буй нь яавч зөв хандлага биш болохыг анхааруулав.
|
Дээрхийн гэгээн Далай лам тархи судлалын хэлэлцүүлгийн илтгэгчдийн хамтаар... Бразил улс, Сан Пауло хот. 2011 оны 9 дүгээр сарын 16. Гэрэл зургийг Рүтер /Начо Доче. |
Дээрхийн гэгээн хэвлэлийн бага хурлын дараа хэлэлцүүлгийн дараагийн салбар хуралдаанд оролцохоор “Алтан танхим”-д буцан очив. Салбар хуралдаан “Тархины уян хатан байдал хийгээд бясалгалын дадал” сэдэвтэй байв. Сан Пауло хотын Их Сургуулийн Тархины төвийн захирал, доктор Эдисон Амаро танин мэдэхүй болоод сэтгэл хөдлөлийн хувьд тархины уян хатан байдлын ач холбогдлын талаар илтгэж, Лондон хотын Кингс коллежийн Тамара Рассел бясалгалын клиник хэрэглээний талаар илтгэл тавив. Эмори Их Сургуулийн Лувсан Дэнзин гэвш тархины уян хатан байдал, бясалгалын харилцаа хамаарлыг танилцуулсан юм. Дээрхийн гэгээн салбар хуралдааны дараа үг хэлж, оролцогчидтой идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсний дараа асуулт хариултын хэсгийг доктор Элиса Х.Козаса хариуцан удирдлаа.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










