Япон, Токио, 2014 оны 4-р сарын 16 - Өчигдөр орой Токиод хүрэлцэн ирсэн Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр хэд хэдэн өөр уулзалттай байлаа. Эхлээд Энэтхэгээс ирсэн бизнес эрхлэгчидтэй уулзав. Тэрээр уулзалтынхаа эхэнд, Энэтхэгээс үүсэлтэй болон гадны өөр өөр шашин энх тайвнаар зэрэгцэн оршиж, эв нэгдэлтэй байж чаддаг Энэтхэг орныг дэлхий даяар магтдаг тухайгаа тэдэнд хэлээд, хилийн чанад дахь Энэтхэгийн нийгэмлэгүүд хаа ч байсан энэ давуу талаа илүү нээж харуулах хэрэгтэйг мөн санал болгов. XXI зуунд Энэтхэгээс үлгэрлэсэн шашнаас ангид байх зарчим нь дэлхий нийтэд улам бүр чухал болж байна. Өөрийг нь хүлээн авсан улсдаа талархал илэрхийлэхдээ тэрээр:
“Сүүлийн 55 жилийн турш Энэтхэг миний гэр минь болжээ. Би өөрийгөө Энэтхэгийн хүү гэж боддог. Миний бүх мэдлэг эндээс эхтэй. Тархи, оюун минь Наландагийн сургаалаар дүүрэн байдаг. Зонхов багшийн:
“ Цастын орноо
Цас нь цайран гялтганавч
Энэтхэгийн гэрэл энд гийх хүртэл
Төвөд орон харанхуйд хучигдсан байлаа” хэмээн шүлэглэн
өгүүлснээс ач холбогдлыг нь харж болно.
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Токио хотод айлчлах үеэрээ Энэтхэгийн бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа нь … 2014 оны 4 сарын 16 , Япон Зургийг: Жереми Руссел |
Дээрхийн гэгээн Далай лам 55 жилийн турш энэтхэг буурцагт ургамлын зутан, чапати талхаар нь хооллож өнөөг хүрсэн тухайгаа, түүнээс гадна, Шантаракшита VIII зуунд Төвөдөд Буддизмыг нэвтрүүлснээс хойш Төвөдүүд Энэтхэгийг багш (гуру), харин өөрсдийгөө шавь нар хэмээн үзэх болсон гэдгийг ч нэмж хэлэв.
Тэрээр зарим өрнийн зохиолчид Төвөдийн буддизмыг ламаизм гэж нэрлэж ирсэн нь андуу ташаа ойлголт, учир нь энэ нь үнэн хэрэгтээ Наландагийн Их сургуулийн цэвэр уламжлалыг илэрхийлдэг. Мөн энэ бол зөвхөн шашны асуудал биш, харин гүн ухаан, логикийн асуудал юм. Будда шавь нар шашныг сохроор дагах бус, оюун ухаанаа өөрсдөө шинжлэн судалж, туршихыг дэмждэг шинжлэх ухаанч, эрдэмтэн хэмээн тодорхойллоо.
“Өнөөдөр, би Энэтхэгийн залуу үеийнхнийг эртний Энэтхэгийн уран зохиолд шингэсэн байдаг сэтгэл, оюун, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэгт илүү анхаарал хандуулж, үүнийгээ орчин цагийн боловсролын давуу талуудтай хослуулна гэдэгт итгэж байна. Заримдаа би энэтхэг найзууддаа, танай улс хэтэрхий олон сүм хийдтэй атал суралцах газар хангалттай биш юм гэдэг юм. Гэсэн хэдий ч, тусгаар тогтнолоо тунхагласнаас хойшхи 70-аад жилд дэлхийн хамгийн олон хүн амтай, ардчилсан орон болсон Энэтхэг улс хэрхэн хөгжиж буйд би сэтгэл хангалуун байдаг. Неру нэгэнтээ босоход цаг хугацаа шаарддаг ч, босоод ирэхээрээ хүчирхэг, тогтвортой байдаг заантай Энэтхэгийг зүйрлэсэн байдаг шүү дээ.” хэмээв.
Энэ хүмүүс Дээрхийн гэгээнээс адис хүртээхийг хүсэхэд, тэрээр Мумбайн нэгэн чинээлэг гэр бүлд хэлж байсан үгээ хэлжээ. "Та бүхэнд өгөх онцгой зүйл надад байхгүй, харин та нарын гарт энэ адис жанлавын эх үүсвэр бий. " гэв. Учир нь тэр чинээлэг айлын амьдардаг Мумбай хотод мянга мянган орон гэргүй, ядуус бас амьдарч байсан юм. Цааш нь: "Хэрэв та нар эд баялгийнхаа заримыг эрүүл мэнд, боловсрол хэрэгтэй байгаа хүмүүст туслахад зарцуулбал, өөрөө өөрсдийнхөө адис, ерөөлийг бүтээх болно" гэжээ.
***
Өнөөдөр Дээрхийн гэгээний хоёр дахь уулзалт нь хятад хүмүүстэй уулзсан уулзалт байсан бөгөөд тэрээр тэдэнд хандан халуун дотноор мэндчилэн Хятад улс дэлхийн хамгийн олон буддисттай улс гэдгийг сануулан хэллээ. Бээжингийн Их сургуулийн судалгаагаар тэдний тоо 300 сая давсан бөгөөд ихэнх нь боловсролтой хүмүүс байна. Саяхан Ерөнхий сайд Ши Жиньпин буддизмыг Хятадын чухал шашнуудын нэг хэмээн зарласан. Соёлын хувьсгалын үеэр "Дөрвөн Хуучны" эсрэг кампанит ажлаар буддизмыг устгахыг оролдсоны дараа Хятадын удирдагчдын тав дахь үе нь өдгөө түүний ач холбогдлыг хүлээн зөвшөөрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм.
“Өнөөдөр Хятадад баян, ядуугийн асар том ялгаа байна. Тосгоны тариачидтай уулзаж байхад, тэд амьдрал нь ямар хүнд байгаа, тусламж хүсэх газар байхгүй тухайгаа ярьдаг. Орон нутгийн эрх баригчид зөвхөн өөрсдийн мөнгө, эрх мэдэлдээ л анхаарч байна. Тиймээс, Ши Жиньпин гуравдугаар бүгд хурлын үеэр тариачдын хэрэгцээ, Хятадын шүүх засаглалын шинэчлэлийн тухай ярьсан нь урамтай байлаа. Нэгэнтээ Нью-Йоркод уулзаж байсан нэг Хятад эрдэмтэн, ёс зүй унаж буй энэ үед буддизмын нийгэмд оруулах хувь нэмэр их бий гэж надад хэлсэн.”
Дээрхийн гэгээн 1960-аад оны эхээр гарч байсан, "Буддизм бол мухар сохор сүсэг бишрэл бөгөөд шинжлэх ухааны мэдлэг нэмэгдэхэд үгүй болно" гэдэг суртал ухуулгыг эргэн дурсав. Үүнийг бичсэн хэн боловч өнөөдөр алдартай орчин үеийн эрдэмтэд, ялангуяа тархи, оюун ухааныг сонирхон судалдаг хүмүүс буддизм болон эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх нээлтүүдийг хэчнээн их сонирхож, хүндэтгэж байгааг хараад гайхах байсан нь дамжиггүй ээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Токио хотод айлчлах үеэрээ хятад иргэдтэй уулзаж байгаа нь … 2014 оны 4 сарын 16 , Япон Зургийг: Жереми Руссел |
“Өдгөө би буддистуудыг XXI зууны буддистүүд болохыг зөвлөдөг юм. Буддизм чухам яг юуны тухай юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь олж мэдэхийн тулд сайн судлах хэрэгтэй. Маргааш би буддын хэд хэдэн судраар ном айлдана, та бүхнийг морилон ирэхийг урьж байна.” гэв.
Түүний яриаг идэвхтэй сонсож байсан хүмүүсийн дундаас нэг нь Дээрхийн гэгээнээс эрхтэн шилжүүлэх талаар ямар бодолтой байдгийг нь асуулаа. Тэрээр нэгэн хансар ринбүүчийг дурсаж, чандарлуулахынхаа оронд бие цогцсоо шувуудад өгч, өөд болсон хойноо ч бусдад тус хүргэхийг тусгайлан хүссэн тухай нь ярив. Эрхтэн шилжүүлэхийн зарчмыг хүндэтгэдэг хэдий ч, донор нь бүрэн амьсгал хураагаагүй байхад эрхтнийг авах явдлаас ихэд болгоомжилж байгаагаа ч Далай лам илэрхийллээ. Тэрээр шоронд хоригдож буй Фалунь Гонгийн гишүүдэд ийм зүйл тохиолдсон тухай мэдээлэл сонссоноо ярьжээ.
Үхлээс айж буй хүмүүст хандан тэрээр "Үхэл заавал ирнэ. Хэрэв та бие, хэл, сэтгэлээ утга учиртай зүйлд зориулж, сайн амьдарсан бол, сайн төрөл олохдоо итгэлтэй байж болно" гэв. Далай лам Төвөдийн нэгэн сургаалийг эш татан: "Хамгийн сайн сүсэгтэн үхлийг баяр хөөртэй угтдаг; дунд зэргийн сүсэгтэн хүн гунигладаггүй, хамгийн доод түвшний, эгэл сүсэгтэн ч гэсэн үхэлтэй харамсалгүйгээр нүүр тулдаг юм. Тиймээс, үхлийн талаар санаа зовох хэрэггүй, харин сайн сайхан амьдрах нь хамгийн чухал" гэжээ.
Нэгэн эмэгтэй "Би суралцахын зэрэгцээ ажилладаг, гэхдээ ажил олгогчид маань үүнд дургүй. Би яах ёстой вэ?" хэмээн асуув. Юуны өмнө тэрээр бүсгүйд Манзушир бурхны тарни уншихыг зөвлөөд, дараа нь цугласан олонд зориулан Манзушир бурхны авшиг хүртээхээр шийдлээ.
Дээрхийн гэгээн хүмүүст: "Баруун гартаа мэргэн ухааны галт сэлэм, зүүн гартаа судар түшсэн бадамлянхуа цэцгийн ишийг толгой дээрээ барьж, хөмсөг, хоолой, зүрхнээс гэрэл цацарч, та бүхнийг бүхэлд нь дүүргэж байна хэмээн Манзушир бурхныг төсөөлөөрэй" гэв.
Далай лам Манзушир бурхны зүрхэн тарнийг өөрийг нь даган уншихыг хүсээд, энэ нь тэдэнд өргөн, тод, гүн гүнзгий, түргэн сэтгэх оюун ухааныг хөгжүүлэхэд тусална гэж хэлжээ. Тэрээр тарнийг өглөө бүр уншиж, нэг амьсгалаар чадах чинээгээрээ "ди" үеийг олон хэлэхийг зөвлөв. Энэ бол түүний бага наснаасаа эхлэн хийж ирсэн, маш сайн үр дүнтэй бясалгал гэдгийг тэдэнд хэлсэн. Нэмж дурдахад, тэрээр тэдэнд амьсгалаа авах, гаргахаа ажиглаж, 21 эсвэл 100 удаа тоолон анхаарал төвлөрлөө хөгжүүлэхийг зөвлөлөө.
Түүнд ирсэн дараагийн асуулт нь Төвөдийн буддын шашны сүсэгтнүүдийн дундах хуваагдлын тухай байв. Дээрхийн гэгээн энэ асуултад хариулахдаа үүнийг мухар сүсэг, мунхаг харанхуйн үр дүн гэж тайлбарлаад Зонхов багш, хоёрдугаар Далай лам Гэндэнжамц, мөн сүүлийн үеийн Жамъян кьенцэ Ванбо, Дилго кьенцэ ринбүчи, Трүлшиг ринбүчи зэрэг шашныг нэгтгэх үзлийг баримталдаг олон төвөд багшийг жишээ татав. Тэрээр Төвөдийн бүх буддын шашны урсгал, уламжлал эцсийн дүндээ бүгд Наландагийн уламжлалаас эхтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн.
***
Дээрхийн гэгээний уулзсан сүүлийн хүмүүс нь Сото Зэн урсгалын лам хуврагууд, дэмжигчид байлаа. Энэ хүмүүс бясалгал хийхийнхээ хажуугаар шоронд хоригдож буй хүмүүст туслан, нийгмийн сайн сайханд анхаардаг үйл хийдэг юм. Мөн тэд их Тохокугийн газар хөдлөлт, түүний үр уршигаар амьдрал нь сүйдсэн хүмүүсийг дэмжин халамжлах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан билээ. Тэд "Хүний эрхийг хүндэтгэх, энх тайвныг тогтоох, байгаль орчныг хамгаалах" гэсэн уриатай.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Токио хотноо Сото нийгэмлэгийн гишүүдтэй уулзахынхаа өмнө Сото Зэн уламжлалын ахмад лам нарын хамт. 2014 оны 4 сарын 16 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Тэд Дээрхийн гэгээнийг Токио зочид буудалд урьсан бөгөөд морилон ирэхэд нь тосон авч, ахмад лам нартай танилцуулахаар тэдний сууж буй өрөөнд хүргэлээ. Сото урсгалын дэд тэргүүн Абе Экай түүнийг биечлэн дагалдан явжээ. Лам нар өөрсдийгөө танилцуулж, тэргүүн нь Дээрхийн гэгээнд уламжлалт япон цайны аяга бэлэглээд, хамтдаа зураг авахуулсны дараа үдийн зоог барив.
Сүм лугаа тохижуулсан танхимд заларсан Дээрхийн гэгээн эхлээд Буддагийн хөрөгт хүндэтгэл үзүүлэв. Тэргүүн, хамба лам хоёр цугласан олныг дагуулан мөн адил хүндэтгэл үзүүлээд, Зүрхэн судрыг нэгэн зэрэг уншлаа. Дээрхийн гэгээн үг хэлэхээр уригдаад, өмнө нь товч танилцуулга үг хэлсэн байна. Тэрээр үгээ эхлэхдээ: “Эрхэм хүндэт тэргүүн, хүндэт зочид оо, та бүхэнтэй хамт байгаадаа би нэн баяртай байна. Юун түрүүнд хэдий би өөрөөс нь залуу, 79 настай атал, 90 настай хэрнээ ирсэн цагаас минь эхлэн намайг элгэмсэг дотноор харж хандаж байгаа энэ өндөр настан ламд хүндэтгэл илэрхийлье. Японд хийж буй энэхүү айлчлалын эхэнд би Сэндай хотод очиж газар хөдлөлтөд өртсөн хохирогчдод дэмжлэг үзүүлж, эв санааны нэгдлээ илэрхийлээд, шинто шашны залбирал үйлдэх ёслолд оролцсон. Дараа нь Осакад би сургуулийн сурагчдад хандан үг хэлж, мөн Коясан хийдэд хүрэлцэн очиж, тэндхийн нууц тарнийн ёсыг хүндэтгэн танилцсан. ”
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Сото шашны дэд тэргүүн Абэ Экай нар Токио дахь Сото нийгэмлэгийн гишүүдэд хандан үг хэлж буй нь ... 2014 оны 4 сарын 16 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
“Би энд 7 тэрбум хүн төрөлхтний нэг болж ирсэн. Бид бүгд зовлонг хүсдэггүй гэдгээрээ ижил бөгөөд энэ зорилгодоо хүрэх эрхтэй. Үүнд хүрэх үндсэн хүчин зүйл бол дотоод сэтгэлийн амар амгаланг бий болгох явдал юм. Бүх шашин хайр, энэрэл нигүүлслийг хөгжүүлэх замаар үүнд хувь нэмэр оруулдаг тул, өөрийн шашны уламжлалд үнэнч байхын зэрэгцээ бусдыг хүндэтгэх нь маш чухал. Та нар Зүрхэн судрыг уншихад, би Буддад талархаж, сэтгэл ихэд хөдөлсөн бөгөөд түүнд зориулан залбирсан.”
Дээрхийн гэгээний өөрийнх нь илтгэл товч байсан бөгөөд тэр цааш нь ирсэн асуултуудад хариулан, үргэлжлүүлэн ярьсан юм. Тэрээр буддын шашны уламжлалд зовлонгийн үндэс нь мунхагийн харанхуй бөгөөд үүнээс үүдэн бид найз нөхөд, хамаатан садантайгаа хэт зууралдан, уягдан харилцдаг гэдгийг тэмдэглэв. Хэдийгээр бид бусдад хор хүргэхийг хүсдэггүй ч, уур хилэн, сэжиг хардалт биднийг тийм үйлдэл хийхэд хүргэдэг. Бидний мунхаглал аливаа зүйлийн дотоод мөн чанартай оршин байгаа мэт харагдах байдалд зууралдах хандлагад суурилдаг. Үүнийг таслах нь мэргэн ухаан юм. Зүрхэн сударт өгүүлснээр: "Хэлбэр хоосон юм, хоосон нь хэлбэр юм" гэдэг.
Бясалгалын талаар, биеийн зөв байрлал, суудал болон оюун санааг бясалгалын нэг обьектод хэрхэн төвлөрүүлэх, мөн ашиглаж болох янз бүрийн обьектын талаар тайлбарлав. Тэрээр зөвхөн анхаарал сарних төдийгүй, түүнээс ч илүү хортой сул дорой байдалд орохоос сэрэмжлүүлж, урт хугацааны бясалгалын дараа оюун санаа нь буурсан мэт санагдсан найзуудынхаа тухай дурджээ. Түүнчлэн, тэрээр анхаарал төвлөрүүлэх бясалгалтай адилхан задлан шинжлэх бясалгалыг хөгжүүлэхийн ач холбогдлыг мөн онцлов.
Сото уламжлалын хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг сануулан дурдаж, Дээрхийн гэгээн Эмнести Интернашнл олон улсын байгууллагын цаазаар авах ялыг халах тунхаг бичигт гарын үсэг зурсан тухайгаа мэдэгдэв. Тэрээр "Энэ нь буддын шашны шалтгаан нөхцөлийн сургаал болон аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг гэсэн баримттай нийцдэг" гэлээ. Та амьдралынхаа эхэн үед алдаа гаргасан ч, дараа нь сайнаар өөрчлөгдөх боломжтой.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Сото шашны нийгэмлэгийнхэнд хандан үг хэлэх үеэр оролцогчдоос асуулт асууж буй нь ... 2014 оны 4 сарын 16 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Дэлхий сайн эсвэл муу болж байна уу гэдэг асуултад хариулахдаа, тэрээр энх тайвныг эрэлхийлэх тогтвортой хөдөлгөөн, цөмийн зэвсгийн эсрэг байр суурь өсөн нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Өмнө нь хэн ч ярьдаггүй байсан байгаль орчны асуудал одоо хүн бүрийн ярианы сэдэв болжээ. Нэгэн цагт зөвхөн материаллаг зүйлд анхаардаг байсан эрдэмтэд одоо оюун санаа, түүний үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах болсон байна. Дээрхийн гэгээн хүмүүс ерөнхийдөө илүү төлөвшиж байгаад талархан, итгэл найдвар төрж байгаагаа ийн илэрхийллээ. Японы зүүн хэсэгт болсон байгалийн гамшиг, Күйнсланд дахь үер, бүр Төвөд дэх хүндрэл бэрхшээлүүдтэй холбогдуулан, Нагаржуна багшийн "Хэрэв та өөрөө сэтгэлээр унавал, тохиолдсон зовлон бэрхшээлээ хэзээ ч даван туулж чадахгүй" гэсэн нэгэн сургаалийг дурдсан юм.
Боловсролын тухайд, тэрээр Буддагийн сургаалыг сонсох, унших, эргэцүүлэн бодох, бясалгал хийх замаар ойлгохыг хичээхийг уриаллаа. Энэ нь мэдлэг, итгэл үнэмшил, болон гүн гүнзгий ойлголтыг өгөх болно. Дараа нь тэр Коясанд өмнө нь хэлж байснаараа буддизм нь Японы шашин хэмээн хэлж байсан үгээ давтан, инээмъд алдаад: "Япончууд хүүхэд төрөхөд Шинто шашны ёслол, хурим хийхдээ христийн шашны ёслол, харин насан өөд болохдоо буддын шашны зан үйл хийдэг юм уу даа" гэж ажигласнаа дахиад хэлж болох уу?” хэмээн асуув.
Уулзалт өндөрлөх үед, Дээрхийн гэгээн Сотошү нийгэмлэгт болон дэд тэргүүнд тус бүр бурхан Буддаг өргөн барилаа. Нийгэмлэгийн тэргүүн Дээрхийн гэгээнийг морилон ирсэнд хэмжээлшгүй ихээр баярлаж байгаагаа талархлын үгэндээ хэлж, Далай ламыг энэрэл хайр, хүлээн зөвшөөрөх сэтгэл, сэтгэл дүүрэн байх байдлыг өөртөө бүрэн шингээсэн хүн хэмээн дурдаад, энд цугласан хүн бүр эдгээр чанаруудыг нь өвлөх, даган дуурайх чин хүсэлтэй байгааг илэрхийлэв.
Дээрхийн гэгээн: “Надад ийм энэрэнгүй сэтгэлээр хандсан энэ өндөр настан ламтай би ихэд ойр дотно боллоо. Энэ эрхэм бүр намайг ядарч байгаа даа гээд массаж хүртэл хийж өгсөн. Нөгөөдөр би Энэтхэг рүү буцна, тэнд би түүний энэ халамжийг үгүйлэх байх даа.” гэж хэллээ.










