Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Норвегийн ерөнхий сайд Йенс Столтенбергт захидал илгээж, Осло хотын төвд болсон дэлбэрэлт болоод залуучуудын зусланд болсон зэвсэгт халдлагын улмаас олон хүн эрдэнэт амиа алдсан аймшигт мэдээг сонсоод, гүн эмгэнэл, цочролд орсноо илэрхийлжээ.
Тэрбээр ялангуяа төвөдүүдтэй олон жилийн дотно найрсаг харилцаатай энэ улсад, норвегийн ард түмэнд мөн эрхэм ерөнхий сайдад гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Дээрхийн гэгээн Норвегийн ард түмэн тэсвэр тэвчээртэй, сэтгэлийн хаттай хүмүүс тул энэхүү аймшигт үйл явдлыг цаг хугацааны явцад даван туулж, урагш алхаж чадна гэдэгт итгэлтэй буйгаа дурджээ.
Тэрбээр амь насаа алдсан бүхний төлөө, тэдний ар гэрийнхэнд болон энэ утга учиргүй, хэрцгий явдлын улмаас хохирсон хэн бүхний төлөө залбирч, гүн эмгэнэл илэрхийллээ.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










