Мексик улс, Мехико хот. Дээрхийн гэгээн XVI Далай лам 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зочид буудлаасаа “Дурсамж хийгээд хүлцлийн музей”-д зочлохын өмнө Мексик улсын сенатын гишүүн Сантьяго Крил Миранда, түүний гэр бүлийнхэнтэй уулзав. Сенатор Крил өмнө нь ерөнхийлөгч Висенте Фоксын засгийн газарт Дотоод хэргийн сайдын албыг хашиж байсан бөгөөд 2004 оны 10 дугаар сард Дээрхийн гэгээн Мексик улсад айлчлах үеэр Мексикийн засгийн газрын нэрийн өмнөөс түүнийг албан ёсоор хүлээн авч байсан юм.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам жүжигчин Ричард Гиирийн хамт “Дурсамж хийгээд хүлцлийн музей”-д “Төвөд: Алдагдсан үндэстний дурсамж” тусгай үзэсгэлэнг нээж буй нь... Mексик улс, Mехико хот. 2011 оны 9 дүгээр сарын 10. Гэрэл зургийг Ёнсүк Ка. |
“Дурсамж хийгээд хүлцлийн музей”-д хүрэлцэн ирээд, жүжигчин Ричард Гийрийн хамт “Төвөд: Алдагдсан үндэстний дурсамж” тусгай үзэсгэлэнг нээжээ. 5 танхимд дэлгэсэн уг үзэсгэлэн Төвөдийн ард түмэн Хятад улсын эзлэн түрэмгийлэл, дарлал шахалт дор хэрхэн зовж шаналан буйг харуулахын зэрэгцээ Дээрхийн гэгээний амьдралын түүхэн цаг хугацааны баримт, төвөдийн буддын шашны соёлын хэсгээс багтаажээ.
Дээрхийн гэгээн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон 200 гаруй зочин, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, музейн удирдлагад талархал илэрхийлээд, “Ийм төрлийн музей олон нийтийн мэдлэг боловсролыг тэлэх, ухамсрыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй оруулдаг билээ” хэмээжээ. Дараа нь музейн хүндэт зочдын дэвтэрт мутрын үсгээ үлдээлээ.
|
| Дээрхийн гэгээн Далай лам Метрополитен театрт айлдвар айлдаж буй нь... Mексик улс, Mехико хот. 2011 оны 9 дүгээр сарын 10. Гэрэл зургийг Оскар Фернандез /Каса Tөвөд Mексик |
Дээрхийн гэгээн үзэсгэлэнгийн нээлтийн дараа Метрополитен театрт морилж, буддын шашинт мексик түмний хүсэлтээр Лангри Тангпа (1054-1123 он) Гэлүгва ёсны нэгэн гэвшийн зохиосон “Сэтгэлийг сургах найман шүлэг” айлдвар номыг хоёр хэсэгт хуваан айлдав. Эхний 7 шүлэг нь энэрэл, өгөөмөр сэтгэл, бусдын төлөө нигүүлсэнгүйгээр зүтгэх, гэгээрэлд хүрэх хүсэл тэргүүт арга зүйн бясалгал, ёс суртахууны дадлуудыг тайлбарлах бол 8 дахь шүлэг нь мэдлэг, билиг ухааныг хөгжүүлэх бясалгалд зориулсан ажээ.
Дээрхийн гэгээн Мексикийн буддистуудын анхаарал, хүндэтгэл, чин сэтгэлийн хүлээн авалтад гүнээ сэтгэл догдлон талархлаа илэрхийлсэн бөгөөд 3500 гаруй оролцогч айлдварт оролцжээ.
Айлдварын төгсгөлд айлчлал болоод айлдварыг зохион байгуулсан багийнхан, “Каса Tөвөд Mексик”-ийн тэргүүн Марко Антонио Карамын тэргүүлсэн баг хамт олон Дээрхийн гэгээнээс тусгай адис хүртлээ. Дараа нь айлдварт оролцсон сүсэгтэн олон Дээрхийн гэгээн Далай ламд зориулж испани хэлээр бат оршил өргөх залбирлыг уншжээ.
|
Дээрхийн гэгээн Далай лам Мексик хотын “Televisa News” хэвлэл мэдээллийн нэгдлийн сэтгүүлч Карлос Лорет де Молатай ярилцаж буй нь... Mексик улс, Mехико хот. 2011 оны 9 дүгээр сарын 10. Гэрэл зургийг Оскар Фернандез /Каса Tөвөд Mексик. |
Дээрхийн гэгээн өдрийн зоогийн дараа латин америк, испани хэлт бүс нутгийн хамгийн том олон нийтийн мэдээллийн байгууллага “Televisa” хэвлэл мэдээллийн нэгдлийн студид зочлов. “Televisa” хэвлэл мэдээллийн нэгдлийн сэтгүүлч Карлос Лорет де Молад тусгайлан ярилцлага өгсөн юм.
Сэтгүүлч Мексик улсын нөхцөл байдлын талаар өөрийн ажиглалт дүгнэлтээс дурдахыг хүсэхэд Дээрхийн гэгээн “Хэвлэл мэдээллийн сувгаар энэ улсын тухайтад ихээхэн хүчирхийлэлтэй мэтээр дүрсэлдэг ч бодит байдал огт өөр харагдаж байна. Маш цөөхөн хүн л хүчирхийлэл үйлддэг. Харин цаана нь үлдсэн асар олон хүн тайван амгалан байхыг эрмэлздэг шүү дээ” хэмээн хариулсан юм. “Мексикийн ард түмнийг та хэрхэн дүгнэж байна вэ?” гэхэд Далай лам “Мексикийн ард түмэн машид зөөлөн, найрсаг сайхан хүмүүс” хэмээжээ.
Дээрхийн гэгээн ярилцлагын үеэр Төвөдийн асуудлыг шийдвэрлэх талаар баримталж буй бодлого, өөрийн төв үзэл болоод Хятад улсын баримталж буй чиг хандлагын тухай дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










