Энэтхэг, ЖК муж, Ладак, Нубра хөндий - 2010 оны 7 дугаар сарын 28 (tibetonline.tv)
Энэтхэг, ЖК муж, Ладак, Нубра хөндий - 2010 оны 7 дугаар сарын 28 (tibetonline.tv)
Дээрхийн гэгээн Далай лам Нубра хөндийд найман өдөр морилон саатаад өнөөдөр Дарамсала хотод буцан ирлээ.
Түүнийг үдэхээр Тхоис нисэх буудалд Ладакийн дээд зиндааны лам хуврагууд болон нутгийн захиргааны төлөөлөгчид, түүний дотор Тиксэй ринбүүчи, Чогон ринбүүчи, Цэдэн Намгял Ладакийн Буддын холбооны ерөнхийлөгч, Нубрагийн гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.
Онгоцонд суухынхаа өмнө Дээрхийн гэгээн: “Энэ удаагийн аялал амжилттай болсонд үнэхээр баяртай байна. Дахин ирнэ ээ” хэмээн өгүүлжээ. Онгоц 08:30 цагт хөөрсөн байна.
Өчигдөр айлчлалынхаа сүүлийн өдөр Дискит хийдэд Дээрхийн гэгээн “Ламцо Намсум” хэмээх сургаалыг ойролцоогоор 15,000 сүсэгтэнд айлджээ.
Мөн Дээрхийн гэгээн 500 орчим гадаад зочдыг хүлээн авч уулзсан байна. Тэрээр тэдэнд өөрсдийн өв уламжлалт шашнаа дагахын зэрэгцээ бусад шашин, уламжлалаас суралцаж байхыг санууллаа. Мөн хүмүүнлэг үнэт зүйлс, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих нь өөрийнх нь тууштай зорилт гэдгийг тодотгон хэлсэн байна.
Үдээх хойш загвар бага сургуулийн байгалийн эко-нарны эрчим хүч ашигладаг шинэ барилгын нээлтэд оролцов. Тус барилга нь өвлийн -40°C хэмд танхимыг +17°C хүртэл дулаацуулах боломжтой аж. Энэхүү төслийг Францын байгууллага санхүүжүүлжээ. Сургууль нийтдээ 300 сурагчтай.
Дээрхийн гэгээн уламжлалт болон орчин үеийн боловсролыг хамтад нь эзэмших нь дотоод сэтгэлийн амар амгалан, материаллаг хөгжилд хүрэх чухал суурь гэдгийг онцолжээ. Мөн Бурхан багш болон буддын мэргэдийн сургаалиас олж авсан мэдлэг, номлолыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн чухлыг дурдав.
Үүнээс гадна Дээрхийн гэгээн Наланда болон Атиша Буддын холбоод хамтран зохион байгуулсан буддын таван эрдэмтний нийтэд зориулсан илтгэлийн хүндэт зочноор оролцсон байна.
Наланда Буддын холбоо 2005 оны 6 дугаар сарын 3-нд байгуулагдсан бөгөөд залуусын дунд буддын шашныг түгээх зорилготой, долоо хоног бүрийн ням гарагт тогтмол хичээл явуулдаг.
Атиша Буддын холбоо 1988 онд байгуулагдсан бөгөөд нутгийн хүмүүст буддын гол номлолуудыг заахад чиглэдэг.
Нутгийн иргэд Нубра хөндийг “Думра” (төвөд. “цэцэрлэг”) хэмээн нэрлэдэг нь уг өргөн уудам газар үзэсгэлэнт олон төрлийн цэцгээр баялаг байдагтай холбоотой. Ойролцоогоор 15,000 хүн амтай энэ бүсэд буддын болоод лалын шашинтнууд эв найрамдалтай зэрэгцэн амьдардаг.










