2013 оны 9 сарын 9, Энэтхэг, Дарамсала. 9 сарын 8-ны Ням гарагт Дээрхийн гэгээн Далай лам Австралийн Ерөнхий сайдаар сонгогдсон Тони Эбботтод баяр хүргэсэн захидал илгээж, Австрали улсаа удирдах үйлсэд тулгарч болзошгүй сорилтуудыг амжилттай даван туулахыг хүслээ. 1982 оноос хойш хийсэн олон удаагийн айлчлалынхаа үеэр Австраличуудын халуун дотно, нөхөрсөг харилцаанд сэтгэл үргэлж хангалуун байснаа мөн захидалдаа дурдав. Тэрээр хүмүүнлэгийн үнэт зүйлс болон шашин хоорондын эв нэгдлийг дэмжих үйл ажиллагааг нь австраличууд урам зоригтойгоор дэмждэгт талархан, урамшдаг болохоо ч илэрхийлжээ.










