2012 оны 12 сарын 28, Шинэ Дели хот, Энэтхэг улс
“Дарма бол бидний амьдралын өдөр тутамд ;дадуулах ёстой зүйл. Та бүгд намайг номоо айлдаж дууслаа гээд мартах бус, сурсан зүйлээ сэтгэлдээ шингээж, бодлынхоо нэгэн урсгал болгох хэрэгтэй. Хэрэв тэгж чадвал уур хилэн шунал хүслээ дарж, өөрийгөө шинээр олж харах болно. Дарма буюу номыг дадуулах зорилго ингэж биелдэг” хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам дөрөв дэх өдрийн сургаалаа эхлүүллээ.
Энэхүү сургаал нь 2012 оны арванхоёрдугаар сард Шинэ Дели хотноо, Оросоос айлчилсан сүсэгтэн олонд зориулан зохион байгуулагдсан бөгөөд Далай лам хуран цугласан зүрх бүхэнд урам зориг, ухаарлыг түгээсэн байна.
Тэрээр “Бодьсадвын явдалд орохуй” хэмээх ховор бүтээлийг болон бусад судрыг тайлбарлаж, орчин үеийн шинжлэх ухаан ба буддын сургаалын уялдаа улам бүр гүнзгийрч буйг онцлов. Эдгээр ном, судар англи болон орос хэлээр орчуулагдаж, дэлхий даяар түгэн хүрч байгааг ч мөн дурдлаа.

Логик сэтгэлгээг хөгжүүлэхийн чухлыг тайлбарлаж, олон төрлийн шинжлэх ухааны эрдэмтэд хийж байсан ярилцлагаасаа жишээ татав. Түүний хэлснээр: “Тэд өөрсдийн салбарт дээд түвшинд хүрсэн мэдлэгтэй хүмүүс. Ярианаас нь сонирхол татсан зүйлээ намайг тодруулж асуухад, ихэвчлэн ‘Би энэ талаар дахин бодож үзэх хэрэгтэй юм байна’ гэж хариулдаг. Нэг эрдэмтэн надаас ‘Төвөдийн логикийн ухааныг бусад шинжлэх ухаанд хэрэглэх боломжтой юу?’ хэмээн асуухад нь би ‘Мэдээж болно’ гэж хариулсан. Өнөөдөр Төвөдийн сургуулиудад логикийн хичээл орж эхэлсэн байна. Орос улсаас ирсэн та бүхнийг энэ жишээг даган, боловсролын тогтолцоондоо логикийн хичээлийг нэвтрүүлэхийг хүсье” гэлээ.
Дээрхийн гэгээн лам мөн дэлхий нийтийн ёс зүйн доройтол, сэтгэл санааны түгшүүрийн талаар ярив.
“Өнөөдөр дэлхий дээр долоон тэрбум хүн амьдарч байна. Бидний хэн нь ч зовлон, зүдгүүр хүсдэггүй. Энэ олон асуудал, зовлонгийн уг шалтгаан хүмүүний өөрсдийн үйлдэлд оршдог” хэмээгээд, Япон улсаар жишээ татлаа.
“Тэд орчин үеийн боловсролтой, Буддын уламжлалтай улс хэдий ч амиа хорлолтын тоогоор дэлхийд тэргүүлж байна. Үүнтэй адил, ухаалаг төртэй, нийгмийн ялгаа харьцангуй бага Швед улсад ч ижил асуудал тулгарч байна” гэж хэлээд
“Бурхан нүглийн хирийг угааж арилгадаггүй,
Бугларсан зовлонг холдуулж зайлуулдаггүй,
Гагцхүү өөрийн мэдсэнг бусдад түгээж,
Гэгээрлийн зүгт хүмүүний оршихуйг хөтөлдөг.”
хэмээх Буддагийн сургаалиас эш татан, хүн бүр өөрийнхөө хувь заяаны эзэн гэдгийг дахин сануулав.
“Бид өөрт тулгарсан асуудалд хичээнгүйлэн ханддаг атлаа бусдын төлөөх үйлсэд гагцхүү залбиралд найдаад өнгөрдөг,” гэж хэлээд Дээрхийн Гэгээн цааш өгүүллээ. Тэр олон жилийн турш эрдэмтэдтэй хийсэн хэлэлцүүлгийнхээ үр дүнд, өнөөгийн нийгэмд хамгийн ихээр дутагдаж буй зүйл бол хүнлэг сэтгэл болон нигүүлсэнгүй байдал гэдгийг тодорхойлж, эрдэмтэд ч мөн түүнтэй санал нэгдсэн тухай онцлов.
Түүний хэлснээр шашны нөлөө буурч буй энэ үед ёс зүйн боловсрол дутагдаж байгаа гэнэ. АНУ-д болдог сургуулийн буудалцаан, Энэтхэгт гардаг хүчингийн хэрэг зэрэг нь шашны асуудал бус, харин ёс суртахууны хомсдолд орж буйн илрэл гэв. Бүдүүлэг зан дадал болчихдог, шийдэхийн тулд хүүхдүүдэд бага ахуй наснаас нь ёс зүйн хичээл зааж, насанд хүрэх хүртэл нь тасралтгүй ойлгуулж өгөх нь хамгийн чухал” хэмээн анхааруулав.
Дээрхийн гэгээн ёс зүйн энэ боловсролыг “сэтгэлийн эрүүл мэндийг сахих” хэмээн нэрлэсэн тухайгаа хэлж, “Яг л биеийн эрүүл мэндээ сахиж хамгаалдаг шиг, сэтгэлийн эрүүл мэндээ сахиж, дотоод амар амгалангаа хамгаалж сурах ёстой,”
хэмээн захив.
Олон улсын судлаачид энэхүү ёс зүйн боловсролыг сургуулийн боловсролын системд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Орос сүсэгтнүүдийг ч мөн энэ төсөлд нэгдэхийг уриалаад, Далай лам сүсэгтэн олонд хандаж “Миний хэлэх гэсэн зүйл энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд багахан ч гэсэн хариуцлагыг өгсөн байх гэж найдъя,” гэж хэлээд айлдвараа дуусгав.

Айлдварын дараа олон хүн асуулт асуулаа. Зочдоос асуулт ирж, дэлхий дээр хичнээн буддист байдаг талаар асуухад тэрбээр: “Үүнийг тооцох тийм ч амар биш. Энэ тоог өсгөхийн тулд би гэхдээ хүмүүсийг Буддизмд нэгтгэхийг хүсдэггүй” гэж хариуллаа.
Мөн боловсролтой хүмүүсийн дунд ёс зүйн ухамсрыг хэрхэн төлөвшүүлэх тухай асуухад тэрээр: “Боловсрол, мөнгө, эрх мэдэл зэрэг нь аз жаргалыг амладаггүй. Гагцхүү хүн төрөлхтөн бүгдээрээ нэг гэр бүлийн гишүүд гэдгээ ойлгосон цагт сэтгэлийн амар амгаланг мэдэрч эхэлнэ” гэж хариулав.
Өөрийгөө Оросын үнэн алдартныб христийн шашинтан гэж танилцуулсан нэгэн хүн буддизмаас сурах боломжийн талаар асуухад, “Өөрийн шашиндаа чин сэтгэлээсээ итгэх нь чухал. Харин буддын хайр, энэрэл, тэвчээрийг төлөвшүүлэх зарчмуудаас суралцаж болох юм. Сэнт Францисийн залбирлууд ч "Бодьсадвын явдалд орохуй" номын агуулгатай төстэй байдаг” гэж Дээрхийн гэгээн хариулаад цааш үргэлжлүүллээ.
Төвөд эрх чөлөөгөө алдах явцад авилга нөлөөлсөн үү? гэх асуултад “Авилга бол энэ цагийн шинэ төрлийн хорт хавдар юм. Үүнийг үл тоож боломгүй, хувийн сахилга батаар энэ хавдрыг эмчлэх боломжтой” гэж хариулав.
Үүнээс ч гадна 1951 оны Хятад-Төвөдийн хэлэлцээрийн өмнө Төвөдөд авилга бараг үгүй байсныг дурдан, харин сүүлийн жилүүдэд энэ хорт үзэгдэл Хятад, Төвөд хоёрт аль алинд нь газар авсныг хэлэв.
Сүүлчийн асуултаар нэгэн эмэгтэй “Цахимаар таны сургаалийг үзэж байгаа тохиолдолд жинхэнэ сургаалийн шидийг хүртэж байна гэж ойлгож болох уу?” хэмээн асуухад, “Ердийн сургаалийн хувьд мэдээж болно. Харин тантрын хичээлийн тухайд, лам багш нь суралцагчынхаа тухай мэдэж байгаа бол боломжтой” гэж хариулаад Бурхан багшийн үеэс жишээ татаж, “Бурхан өөр газар байсан ч зайнаас сахил хүртээх тохиолдол байсан” гэдгийг онцлов.
“Бидний төлөвлөсөн бүхэн орж дууслаа. Би энд, та бүхэнтэй хамт байсандаа сэтгэл их хангалуун байна. Та бүгдэд маш их баярлалаа.” хэмээн хэлээд, Дээрхийн гэгээн лам айлдвараа өндөрлөв.










