Энэтхэг улс тосгодын хөгжилд анхаарах ёстой: Далай Лам
Энэтхэг, Мадхья Прадеш, Бхопал, 2017 оны 3-р сарын 19 (PTI) - "Энэтхэг улс цэцэглэн хөгжихийн тулд тосгодын хөгжилд анхаарлаа хандуулах ёстой гэж Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам ням гарагт мэдэгдэв. „Том хотуудыг хөгжүүлэхээс илүүтэй Энэтхэгийн хөгжил цэцэглэлт нь тосгодын хөгжилд тулгуурлана. Тиймээс хөгжлийн бодлогыг тус улсын хөдөө орон нутгаас эхлэх ёстой“ хэмээн Далай лам Мадхья Прадеш мужийн Девас дүүргийн Турнал тосгонд цугларагсдад хандан хэлэв."
Тэрээр Нармада мөрнийг хамгаалах зорилготой "Намами Деви Нармаде-Сева Ятра" аянд оролцохоор энд хүрэлцэн ирсэн юм.

"Энэтхэг улсын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй бөгөөд улс орноо хөгжүүлэхийн тулд Энэтхэгийн орон нутгийг өөрчлөх шаардлагатай."
"Хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсрол зэрэг үндсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй бөгөөд хүний суурь бүхий л хэрэгцээг хөдөө тосгодод хүртээмжтэй болгох нь зүйтэй. Энэтхэг улс зөвхөн хөдөө орон нутгаа хөгжүүлснээр өөрчлөгдөх болно." хэмээн Далай лам айлдав.
Төвөдийн оюун санааны удирдагч тэрээр мөн эмэгтэйчүүдийн оролцоог нийгмийн бүхий л салбарт улам их нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов.
"Эмэгтэйчүүд бол илүү мэдрэмтгий, энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр дүүрэн байдаг хүмүүс. Тэд хүн төрөлхтний шударга ёс, тэгш эрх, энэрэн нигүүлсэхүй зэрэг үнэт зүйлсийг бодитоор хэрэгжүүлж чаддаг учраас тэдний нийгмийн бүхий л салбар дах оролцоог илүү их дэмжиж өгснөөр манай гариг ертөнцийг илүү сайхан орон газар болгож чадна." хэмээн тэрээр үргэлжлүүлэв.
Тус арга хэмжээнд оролцож буй Мадхья Прадеш мужийн Ерөнхий сайд Шивраж Сингх Чоуханы санаачилсан гол мөрнийг хамгаалах аяныг сайшаахын зэрэгцээ Далай лам дэлхийн дулааралтай холбоотой асуудлыг хүмүүн төрөлхтөн цогцоор нь авч үзэх ёстойг тэмдэглэв.
"Дэлхий даяар байгаль орчин өөрчлөгдөж байгаа асуудлыг бид цогцоор нь авч үзэх ёстой. Ерөнхий сайд Шивраж Сингх Чоухан Нармада мөрнийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Ийм аяныг амжилттай болгохын тулд хүмүүс идэвхтэй оролцох хэрэгтэй" гэж тэрээр хэлэв.

Төвөдийн оюун санааны удирдагч бээр цааш нь "Бидний өвөг дээдэс амьдарч байсан энэ дэлхий дээр бидний ирээдүй хойч үе энд мөн амьдрах болно. Бид усаа хэмнэж, мод тарих хэрэгтэй" хэмээн ярив.
Тэрээр дэлхий даяар хүмүүс арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах үзэл болон апартейд үзлээс болж олон асуудал, зовлон бэрхшээлтэй тулгарч байна гэлээ.
"Бид ялгаварлан гадуурхалт, харгислалын эсрэг нэгдэх хэрэгтэй. Дэлхий дахинд тулгарч буй нийгмийн ихэнх асуудлын цаана арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, апартейд үзэл оршиж байна. Энэ дэлхий дээр амьдарч буй хүн бүр амар амгалан, аз жаргалтай амьдрахыг хүсдэг" хэмээн тэрээр нэмж хэлэв.
Технологийн хөгжил дэвшилд хүн төрөлхтөн хэдийнэ хүрсэн ч гэсэн энэ дэлхийн долоон тэрбум хүний ус, хоол хүнс зэрэг үндсэн хэрэгцээ адилхан хэвээр байгааг Далай лам дурдав.
Хүчирхийлэл, өлсгөлөн нь хайхрамжгүй байдал, баян хоосны ялгаанаас болж оршсоор л байна: Далай Лам
Энэтхэг, Мадхья Прадеш, Бхопал, 2017 оны 3-р сарын 19 (PTI): Маш олон асуудал, ялангуяа хүчирхийлэл, өлсгөлөн нь хайхрамжгүй байдал, баян, ядуугийн “эрс тэс ялгаа”-наас болж оршсоор байна хэмээн Төвөдийн оюун санааны удирдагч Далай лам ням гарагт мэдэгдэв.
"Жаргалтай амьдрах ухаан" ("art of happiness") сэдвээр Дээрхийн гэгээн илтгэл тавихдаа Энэтхэгт олон янзын шашин шүтлэг хоорондоо эв зохицолтой оршдог нь дэлхий дахинаа ер бусын өвөрмөц онцлогтой юм гэдгийг онцлов.

"Бүх шашин шүтлэг (Энэтхэгт) эв найрамдалтайгаар зэрэгцэн оршиж байна. Гэхдээ ихэвчлэн улс төрчдөөс болж зарим асуудал гардаг ... Тэгэхээр энэ ч бас ойлгомжтой. Хүмүн бидний дунд (sic) зарим нэг хорон муу санаатай улс байна аа" хэмээн Далай лам бага зэрэг хошигнон өгүүлж, хүмүүсийг инээлгэв.
Олон зөрчил тэмцэл байгааг тэрээр хүлээн зөвшөөрч, цааш үргэлжлүүлэн "Өнөөгийн дэлхий ертөнцөд хяналтаас давсан томоохон гамшгаас эхлээд маш олон асуудал байна. Гэхдээ олон асуудал, ялангуяа хүчирхийлэл, аллага, өлсгөлөн нь хайхрамжгүй, тоомжиргүй байдал, баян ядуугийн хоорондын асар их ялгаанаас үүдэлтэй." хэмээн хэлэв.
Далай Лам Энэтхэгт янз бүрийн шашин шүтлэгүүд эв найрамдалтай зэрэгцэн оршиж байдгийг сайшаав.
"Бхарат, энэ улс ... Миний бодлоор 2000 гаруй жилийн турш дотоодод үүссэн шашнуудаас гадна гаднаас орж ирсэн Христийн шашин, Исламын шашин хоорондоо эв найртай зэрэгцэн оршиж, үлджээ ... Энэ бол ер бусын онцгой зүйл гэж би бээр бодож байна. Энэ нь өөр ямар ч улс оронд байхгүй" хэмээн тэрээр хэллээ.
Төвөдийн оюун санааны тэргүүн Энэтхэгийн ард түмнийг шашин шүтлэгийн өөр өөр уламжлалууд хамтдаа цэцэглэн хөгжиж чаддагийг гадаад ертөнцөд харуулахыг уриаллаа.
Тэрээр дэлхий дахинд итгэл үнэмшлийн улмаас үүсэж буй зөрчилдөөний дунд шашин хоорондын эв нэгдлийг эрхэмлэхийг уриалсан юм.
"Бүх шашин хайр, энэрэн нигүүлсэхүйг номлодог. Ямар ч шашин Бурхан уур хилэнгээр дүүрэн гэж хэлдэггүй. Бурхан хайраар дүүрэн байдаг. Бид ийм нигүүлсэнгүй Бурханы (эцгийн) үр хүүхдүүд юм. Бүх шашны үндэс суурь нь эв нэгдэл, зохицол ... харилцан хүндэтгэл юм" хэмээн тэрээр нэмж хэлэв.

Хүчирхийлэл, аллага, өлсгөлөн энэ бүхнийг хүн л үйлддэг гэдгийг Далай лам мэдэгдэж, тэрээр цааш нь "Хүн төрөлхтөн бид өөрсдөө энэ бүгдийг бүтээсэн. Тиймээс бид үүнийг нэг бол зүгээр л үл тоомсорлох эсвэл үүний эсрэг ямар нэгэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Гэхдээ эрүүл ухаантай ямар ч хүн үүнийг үл тоомсорлож чадахгүй. Үл тоомсорлон орхих нь туйлын буруу ... Яг үүний адил асуудлуудад хайхрамжгүй хандах нь ч буруу" хэмээн хэлэв.
Шашин шүтлэг бол өвчнийг устгадаг эм мэт үйлчилгээтэй гэдгийг дурдаад Далай лам "Би Буддизмыг хамгийн сайн шашин гэж хэзээ ч хэлдэггүй" хэмээв.
Тэрээр ямар нэгэн шашинд бус, харин шашингүй үзэл, дотоод үнэт зүйлс, хайр, энэрэн нигүүлсэхүйд суурилсан боловсролын тогтолцоог бий болгох хэрэгцээтэй байгааг цохон тэмдэглэв.
"Одоогийн боловсролын тогтолцоо нь материаллаг шинжтэй бөгөөд энэ нь хангалтгүй юм ... Надад хайрыг заасан анхны багш маань миний ээж байсан. Миний ээж маш сайхан сэтгэлтэй хүн байсан. Би түүний уурлаж байхыг хэзээ ч харж байгаагүй, харин миний аав түргэн ууртай хүн байсан" хэмээн тэрбээр дурсав.
"Заримдаа би түүний сахлыг татахад тэрээр намайг цохиод авдаг байсан" хэмээн Далай лам хошигнов.
Хайр, энхрийлэл эхийн өвөр дээрээс л эхэлдэг, эх хүн дөнгөж төрсөн хүүхдээ энхрийлэн тэврэхэд нялх хүүхэд хариу хайр үзүүлж эхэлнэ. Энэхүү хайрыг мэдэрч чадаагүй хүмүүс ууртай болж, итгэлгүй байдлаар өсдөг гэж судалгаагаар тогтоогдсон" гээд Далай лам цааш үргэлжлүүлэн аз жаргалыг ямар ч супермаркетаас худалдан авч болдоггүйг нэмж хэлэв.
Тэрээр Мадхья Прадеш мужийн Ерөнхий сайд Шивраж Сингх Чоуханыг өнгөрсөн жил Аз жаргалын яам байгуулсныг нь магтан сайшаав.
"Варна дхарма" буюу кастын тогтолцоо хуучирсан тогтолцоо болохыг тэмдэглээд, кастад суурилсан тогтолцоо нь феодалын сэтгэлгээнд тулгуурласан бөгөөд тариачдыг мөлжих зорилготой байсан хэмээн тэрээр хэлэв.
Тэрээр өнгөрсөн хугацаанд Энэтхэгт доод каст гэгдэх хүмүүст зүй бусаар хандаж байсан тохиолдлуудыг эргэн дурсав.
"... Өнөө цагт олон янзын оюун санааны удирдагчид бүх хүн тэгш эрхтэй гэсэн дуу хоолойгоо өргөх цаг нь ирсэн ... Доктор Б. Р. Амбедкар үүнд агуу хувь нэмэр оруулсан нь бахдалтай." хэмээн тэрээр хэллээ.
Орчуулсан Б.Болормаа










