Япон улс, Токио хот. Ёкохама хотын нэгэн зочид буудлын хурлын өрөөнд цугласан олон улсын 20 орчим сэтгүүлчийн өмнө Дээрхийн гэгээн, “Хятад Японд хэрэгтэй, Япон Хятадад хэрэгтэй. Зүүнд баруун хэрэгтэй, баруунд зүүн хэрэгтэй” хэмээн онцлон хэллээ.
Тэрбээр “Дэлхийн аль ч улс ганцаар оршин тогтнох боломжгүй бөгөөд бүгд бие биедээ түшиглэн оршдог билээ. Тиймээс өчүүхэн маргаан, ашиг сонирхлын багахан зөрчил улс хоорондын харилцаанд нөлөөлөх ёсгүй. Ингэж хязгаарлагдмал сэтгэх нь их өрөөсгөл. Бид илүү өргөн хүрээнд уужуу ухаанаар бодох хэрэгтэй” хэмээн айлджээ.
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Яокохама хотноо хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзаж буй нь. Япон, Йокохама хот. 2012 оны 11 дүгээр сарын 05.Зургийг: Төвдийн Төлөөлөгчийн Газар, Япон улс |
Японд хийж буй 18 дахь айлчлалынхаа 2 дахь өдөр Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийн ажилчдын Хятад, Японы сүүлийн үеийн маргаантай асуудлын талаар асуултуудад зайлшгүй хариулах шаардлагатай болов. “Ардчилал бол хамгийн сайн засаглал мөн үү?” гэж асуухад тэрбээр хурлын өрөөнд тусах нарны гэрлийг ажин, цонхоор харагдах Ёкохамагийн алсын харагч, тэнгэр баганадсан барилгууд руу ширтэн, түр бодолхийлэв.
“Ардчиллыг төгс гэж хэлэх аргагүй ч бусад улс төрийн тогтолцоотой харьцуулахад илүү үндэслэлтэй, илүү ойлгомжтой гэж ойлгодог. Энэ дэлхий бол хүн төрөлхтнийх. Улс бол ард түмнийх. Тиймээс аливаа улсыг удирдах хамгийн зөв арга бол ард түмнээ төлөөлөн сонгогддог удирдлагын тогтолцоо юм” хэмээн хариулав.
Дээрхийн гэгээн өглөөний уулзалтын үеэр “ХХI зууны буддист” байх тухай ярив. “Энэ нь зөвхөн зан үйл дагасан итгэл бус, харин буддын сургаалыг орчин үеийн шинжлэх ухаан, логик ухаантай хослуулан судлахыг хэлнэ. Буддизмыг зөвхөн ёслол, хүндэтгэлийн үйлдлээр ойлгох нь учир дутагдалтай бөгөөд сэтгэл, оюун ухаанаа хөгжүүлэх бодит хичээл зүтгэл чухал” хэмээн айлдлаа.
Тэрбээр сэтгэл хөдлөлийн хоёр төрлийг жишээ татан тайлбарлав. “Нэгт, энэ нь учир зүй, логик, шинжилгээ хийх ухаанаас төрдөг бөгөөд ийм сэтгэл хөдлөл энэрэнгүй сэтгэлийг төрүүлдэг. Харин нөгөө нь айдас, уур хилэнгээс үүддэг бөгөөд ийм сэтгэл хөдлөл биднийг бодит байдлаас, юмсын жинхэнэ мөн чанараас холдуулдаг.
Буддист хүн юуны өмнө “Буддизм гэж юу вэ? Бурхны ном гэж юу вэ? “Би гэж үнэндээ юу вэ?” гэх мэт суурь асуудлыг гүнзгий тунгаах хэрэгтэй бөгөөд сэтгэл хөдлөлийг үгүйсгэх бус, хор хөнөөл дагуулдаг сөрөг сэтгэлийг таньж, багасгах нь жинхэнэ бясалгалын зорилго болно.
Аливаа сорилт бэрхшээлд өөрийн үнэ цэн байдаг бөгөөд сорилт байхгүй бол хөгжил байх боломжгүй шүү дээ. Юмсыг илүү өргөн өнцгөөр харах нь их чухал. Бид Төвөдөд байхдаа заримдаа “Төвөд бол хамгийн сайхан нь” гэж ярьдаг байлаа. Буруу. Энэ бол хэт их сэтгэл хөдлөл оролцсон дүгнэлт. Бас надад “Буддизм бол хамгийн сайн шашин” гэж ярьдаг байсан үе ч бий. Гэхдээ олон жил өөр өөр уламжлалтай хүмүүстэй уулзаж, ярилцаж ирсний эцэст ямар нэг шашин хамгийн сайн гэж хэлэх боломжгүйг ойлгосон юм. Шашин эмчилгээний өөр өөр аргатай адил. Эмч өвчтөнг эмчлэхдээ өвчтөний онцлог байдал, нөхцөл боломжийг нь харж байж зохих эмийг сонгодог. Үүнтэй адил, хүн бүрийн нөхцөл байдал өөр тул ямар шашин түүнд илүү зохих вэ гэдэг нь хувь хүний онцлогоос шалтгаална” хэмээн айлджээ.
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Йокохама хотод айлчлах үеэрээ Солонгосын төлөөлөлтэй уулзаж буй нь. Япон, Яокохама хот. 2012 оны 11 дүгээр сарын 05. |
Өдөржин үргэлжилсэн уулзалтын үед нэгэн сэдэв байнга сөхөгдөж байлаа. Тэр нь асуудал бүрийн ёроолд буй уг шалтгаан байв. Түүний хэлснээр тэр шалтгаан нь үргэлж боловсрол, хүмүүжлийн суурьтай холбогддог аж.
Солонгос сэтгүүлч “Хүмүүс зөвийг мэддэг атлаа ихэвчлэн тухайн мөчийн ашиг сонирхолд автаж буруу үйлдэл хийдэг. Үүнийг яаж өөрчлөх вэ?” хэмээн асуухад, “Үндсэндээ энэ бүхэн боловсролын асуудал юм. Орчин үеийн боловсрол ёс суртахууны үнэт зүйлд хангалттай анхаардаггүй. Үүний бурууг залуу үед тохож болохгүй. Тэдэнд өгөх боловсрол нь өөрөө хэт материалист болсон байна. Өөрийн дотоод асуудал ч бай, дэлхий нийтийн өмнө тулгарах сорилт ч бай тэдгээрийг үнэхээр шийдвэрлэх цорын ганц зам нь өргөн өнцгөөс харж, бүхий юмсын шалтгаан холбоо, уялдаа хамаарлыг танин ойлгох явдал юм” хэмээн тайлбарлав. Тэрбээр ийн урам зоригтой, эерэг, шогч аясаар айлдваруудаа өндөрлөөд, Токиог зорин хөдөллөө. Токиод Дээрхийн гэгээний энэ удаагийн айлчлалын гол утга учир болсон, эрдэмтэдтэй хийх өргөн хүрээний олон хэлэлцүүлэг хүлээж байгаа билээ.










