Сидней хот, Австрали, 2008 оны 6-р сарын 12 (Хамиш Макдональд, Пол Бибби/ The Sydney Morning Herald) – Далай лам өөрийгөө "орон гэргүй хүн" гэж тодорхойлсноос хойш бараг хагас зуун жилийн дараа Хятад улстай хийх яриа хэлэлцээнд ахиц гарч, түүнийг Төвдөд буцаж ирэхийг зөвшөөрнө гэж найдаж буйгаа өчигдөр илэрхийлэв. Төвдийн шашны тэргүүн Сидней хотод үг хэлэхдээ Төвдийн элч төлөөлөгчид болон Хятадын эрх баригчдын хоорондын албан ёсны хэлэлцээ энэ сарын сүүлээр эсвэл 7 дугаар сарын эхээр дахин эхэлнэ гэж найдаж байна гэв.
Төвдийн нутаг болон хөрш зэргэлдээ төвдүүд суурьшсан бүсэд энэ жил гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарсныг олон улсын түвшинд буруушаасны дараа Хятадын коммунист удирдагчид уг асуудлыг шинээр нухацтай авч үзэж байгааг Далай лам ажиглажээ. Бурханы шашинт лам нар манлайлсан жагсаал цуглаан энэ оны 3-р сарын 10-нд эхэлсэн бөгөөд энэ нь Төвдөд 1959 онд Хятадын засаг захиргааны эсрэг гарсан бослогын ойн өдөр төдийгүй уг бослогыг Ардын чөлөөлөх арми цэргийн хүчээр дарснаар Далай лам 1959 онд Энэтхэг рүү дүрвэхэд хүрсэн болно.
Өдгөө 73 нас сүүдэр зооглож буй Далай лам “Төвдийн соёл, шашин шүтлэгийн эсрэг Хятадын дарамт шахалтад төвдүүд сэтгэл дундуур байгаа”-г илэрхийлжээ. Тэрбээр "Ахмад залуу үес солигддог ч, эцэг эхээс хүүхдүүдэд, ач зээ нарт гомдол харуусал дамжсаар байдаг. Одоо Хятадын засгийн газраас [Төвдийг хөгжүүлэхэд] их хэмжээний мөнгө, тэрбум тэрбумаар юань зарцуулсан ч, ямар нэгэн зүйл буруу хэвээр байгааг мэдэрч эхэлсэн гэж би боддог" гэв.

Далай лам Сидней хотод хүрэлцэн ирснээр Баруун Шүгдэн Нийгэмлэг хэмээх Бурханы шашны бүлгийн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд тэднийг эртний Бурханы шашны зохиолч Шүгдэнг шүтсэний төлөө хавчиж мөшгөсөн гэж мэдэгджээ. Төвдийн удирдагч Олимпийн тосгонд шашны ном айлдаж, үүнд Бурханы шашны гүн ухаан, объектив ба субъектив ойлголтуудыг хөндөхийн сацуу, исламын шашныг чин сэтгэлээсээ өмгөөлсөн байр суурь илэрхийлэв. Тэрээр Шүгдэнг дэмжигчдийн эсэргүүцлийн талаар гүн ухаанлаг хариулт өгсөн бөгөөд "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хөндөгдөж байгаа тул, энэ нь бүхэлдээ тэдний эрхийн асуудал мөн.... Би хэзээ ч тэдэнд боль гэж хэлдэггүй" гэв.
Тэрээр үдийн завсарлагаар үеэр улс төр, хэвлэл мэдээлэл, шашны 100 гаруй төлөөлөгчидтэй уулзах зоог барив. Дээрхийн гэгээнд Холбооны засгийн газрын мэндчилгээг Ерөнхий сайдыг түр орлож буй Цагаачлалын албаны сайд Крис Эванс, Шадар сайд Жулиа Гиллард нар хүргэсэн бөгөөд Гадаад хэргийн сайд Стивен Смит дагалдав.










