Солонгос, Америк, Европ, Энэтхэгээс ирсэн хэдэн зуун сүсэгтнээс гадна төвөдөөс дүрвэгчид шашны удирдагчийн гэрийн ойролцоох Зүглагхан дуганд болох айлдварт хүрэлцэн иржээ.
“Их бодь мөрийн зэрэг” нь дэлхийн шашны нандин судар, гүн ухааны өв сангийн сүнслэг бясалгал, философийн хамгийн нэр хүндтэй бүтээлүүдийн нэгд тооцогддог билээ. 1357-1419 оны хооронд амьдарч байсан төвөдийн гайхамшигт багш нарын нэг Богд Зонховын 1402 онд бичсэн энэхүү бүтээл нь гэгээрэлд хүрэх замыг үе шатлалтайгаар тодорхой туурвижээ.
Дээрхийн гэгээн XIV Далай лам энэхүү бүтээлийг “Махаяна буддизмын гол судар бүтээлүүдийн нэг хэмээн онцгойлох шинж нь цар хүрээ, тодорхой байдал нь билээ. Олон үе шатлал бүхий эл мөр нь асар тодорхой, системтэйгээр тайлбарласан тул ойлгоход хялбар бөгөөд хэрэгжүүлэхэд урамтай буй” хэмээн тайлбарласан юм.
Айлдвар судрын амарлин ахуй, үлэмж үзлийн хэсгээс үргэлжилж байна.
Айлдварыг Дээрхийн гэгээн XIV Далай ламын ажлын албаны цахим хуудсаар англи, төвөд, солонгос, орос зэрэг хэлээр шууд дамжуулаж аж..
Дээрхийн гэгээн айлдвар дууссаны дараа буюу энэ сарын 30-нд Япон улсад айлчлах бөгөөд энэ оны 3 дугаар сард цунамигийн гамшигт ихэд хохирсон бүс нутагт очих төлөвлөгөөтэй байгаа аж.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










