Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2011 оны 10 дугаар сарын 1 (Тэндар Цэрэнгийн мэдээ, файюл.ком). Төвөдийн шашны удирдагч Дээрхийн гэгээн XIV Далай лам энэ өдөр тайвань сүсэгтнүүдийн хүсэлтээр Умард Энэтхэгийн Дарамсала хотод Нагаржунайн “Номын чанар” хэмээх сургаалыг дөрвөн өдөр тайлбарлах айлдвараа эхлүүллээ.
Тайвань, Хятадаас ирсэн мянга орчим сүсэгтнээс гадна 52 улсаас ирсэн олон орны сонсогчид, төвөд иргэд эл өдрийн айлдварт оролцсон юм.
Дээрхийн гэгээн айлдварынхаа үеэр “Ёс суртахуун бол нийгмийн тогтвортой байдлын түлхүүр билээ. Энэ цаг үед ёс суртахууны байгууллагууд нэн шаардлагатай байна. Ёс суртахуун хийгээд шашин авлигын тохиолдлыг бууруулахад тусалдаг аж. Харин ёс суртахуун үгүй газар авлигын тохиолдол ихэсдэг” хэмээгээд зарим оронд “авлигын тахал” газар авч буйтай холбон тайлбарлалаа.
Дээрхийн гэгээн оюун санааг тордон төлөвшүүлэхийн тухайд буддын шашны сургамжийн талаар дэлгэрүүлэн, “Нийгэмд оюун санаа бол бүхний дээд билээ. Хэрэв хүний оюун ухаан үзэн ядалт, уур хилэн, атаархлаар дүүрвэл тэр нь өөрт ч тамлал болж, нийгэмд ч сүйрэл авчрах билээ” хэмээн айлдлаа.
76 настай төвөд удирдагч саяхан өөрийн хойд дүрийн талаар тодорхой зааварчилгаа үлдээнэ гэдгээ зарласан бөгөөд цугларсан олонд хандан аливаа шашныг бусдаас дээгүүр тавихгүй байхыг хичээнгүйлэн захив.
“Шашин бол эм мэт зүйл. Хэн ч өөрийн шашныг хамгийн шилдэг нь гэж хэлэх боломжгүй. Өвчтэй хүнд эм өөр өөрөөр нөлөөлдгийн адилаар шашин ч хүний хэрэгцээ, зан чанараас хамааран тохирох байдал нь харилцан адилгүй байдаг билээ” хэмээн айлдсан юм.
Англи хэлнээс орчуулсан T.Ялгуун










