Энэтхэг, Шинэ Дели хот - Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Жавахарлал Неругийн нэрэмжит их сургуулийн (ЖНИС) кампуст зочилж, шашин хоорондын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус хурлыг "Кутби Жубилигийн тэтгэлэгт хөтөлбөр" болон ЖНИС-ийн Араб, Африк судлалын төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.
Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирэхэд Саидна Тахер Фахруддин Сахеб хүндэтгэн угтаж, их сургуулийн танхимд урин залав.
Дээрхийн гэгээн болон шашны бусад нөлөө бүхий зүтгэлтнүүд хойморт заларсны дараа ЖНИС-ийн дэд захирал, профессор Жагадеш Кумар бага хурлыг нээж, үг хэлэв. Тэрбээр дотоод сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлэхийн чухлыг онцлоод, хүн сэтгэлдээ амар амгаланг оршоож гэмээ нь гадаад ертөнцийн эв зохицлыг зүй зохистойгоор танин мэдэрнэ хэмээн тэмдэглэв.

"Кутби Жубилигийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн хамтран хэрэгжүүлэгч захирал, профессор Тахера Кутбуддин хурлыг нээж, үг хэлэхдээ, энэхүү уулзалт нь Колката хотоос эхэлсэн "Такриб" цуврал хурлын үргэлжлэл болохыг тайлбарлаад, "Такриб" хэмээх үг нь хүмүүс бие биедээ ойртох, нэгдэх гэсэн утга илэрхийлдэг болохыг тодотгов. Цаашлаад зөн билэгтэн Мухаммед, Бурхан багш болон бусад гэгээрсэн багш нар нийгмийн эв зохицлыг түгээн дэлгэрүүлэхэд энэрэнгүй сэтгэл болон боловсрол нэн чухал болохыг сургаж ирснийг тэмдэглэв.
Саидна Тахер Фахруддин Сахеб хүрэлцэн ирсэн зочдыг нэгэн гэр бүлийн гишүүд мэт дотноор хүлээн авч, тус хурлын гол ач холбогдлыг эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн хэмээн тодотгосон юм. Тэрбээр өнөө цагт хүчирхийлэл газар авч буйд харамсаж байгаагаа илэрхийлээд, "Хүмүүс ихэвчлэн зөрчил мөргөлдөөн үүссэний дараа л хэлэлцээрийн ширээний ард суудаг. Үүний оронд аливаа асуудлаас урьтаж, бие биетэйгээ нээлттэй ярилцаж байх нь юутай сайн билээ. Хүн бүр ямар нэгэн хүч хэрэглэлгүйгээр, өөрийн чөлөөт хүсэл зоригоор итгэл үнэмшилтэй байх ёстой гэж бүх шашин сургадаг" хэмээсэн юм. Мөн тэрбээр эцгийнхээ хүн төрөлхтний нийтлэг сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэж байсан түүхэн үүргийг тэмдэглэн хэлэв.

Жайнизмын шашны тэргүүн, Ачарья Локеш Муни хинди хэлээр энх тайван, эв нэгдлийн талаар илтгэл тавьсны дараа Шри Гаургопал Дас үг хэллээ. Тэрбээр дэлхийн шашин, оюун санааны бүхий л урсгалууд энх тайван, эв нэгдлийн нэгдмэл нэгэн зорилготой болохыг тэмдэглэв. Тэрбээр эв найртай зохицон оршихуйн ач холбогдлыг нэгэн сургамжит түүхээр ийнхүү тайлбарласан юм. Сүм хийд, исламын сүм эсвэл христийн сүмийн дээвэр дээр ч тагтаанууд ялгаварлахгүйгээр цугтаа амьдардаг. Учир нь тэд зөвхөн "тагтаа" гэдгээ л мэддэг. Харин нэгэн залуу тагтаа эдгээр сүмийг барьсан хүмүүс бие биедээ тийм ч өгөөмөр бус ханддагт, мөн "хүн" гэдгээсээ илүүтэй Хинду, Мусульман эсвэл Христ гэсэн шашны ялгаагаа эн тэргүүнд тавьдагт гайхширч буй тухай өгүүлжээ. Шри Гаургопал Дас үүгээр дамжуулан "Бурханыг таньж, гэгээрсэн хүн л жинхэнэ эв нэгдэл, зохицон оршихыг мэдэрдэг. Учир нь тэд дэлхий ертөнцийг нэгэн гэр бүл, хүн төрөлхтнийг ахан дүүс хэмээн хүлээн зөвшөөрдөг" гэсэн санааг онцлов.
Мөн Рабби Езекиел Исаак Малекар өөрийгөө юун түрүүнд "Энэтхэг хүн", дараа нь "Еврей хүн" хэмээн тодорхойлоод, Энэтхэг бол еврейчүүдийг хэзээ ч ялгаварлан гадуурхаж байгаагүй цорын ганц улс болохыг дурдлаа. Тэрбээр хүн төрөлхтний төлөөх чин сэтгэл л жинхэнэ шашин мөн бөгөөд "Ахимса" (үл хүчирхийлэхүй) хэмээх ойлголтыг "Хайр" гэж орчуулах нь илүү оновчтойг санал болгосон юм.

Сикхизмын төлөөлөл Садар Манжит Сингх хэлэхдээ, шашин бүр тэгш эрх, бие биедээ хандах хайр энэрлийг номлодог болохыг тэмдэглэв. Тэрбээр Сикхизмын үндэслэгч Гүрү Нанакийн бусад шашны сүм хийдүүдэд зочлон, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар харилцан хүндэтгэлийг хэрхэн бэхжүүлж байсан туршлагыг жишээ болгон дурдлаа. Мөн тэрбээр өөрийн бүлгэмээс дүрвэсэн Рохинжа иргэдэд тусламж үзүүлж, Шинэ Дели дэх "Банглай Сахиб" Гүрүдварагийн ойролцоо жагсаал цуглаан хийж буй иргэдийг хоол хүнс, орогнох байраар ханган ажиллаж буйг мэдээлэв.
Бахай шүтлэгийн төлөөлөгч доктор Али К.Мерчант хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрөх нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ. Түүний араас хамба лам Анил Жозеф Томас Куто хэлэхдээ, Есүс Христ энэрэл хайр, уучлал болон бусдад үйлчлэх ёсыг сургахаар ирсэн болохыг өгүүлэв. Тэрбээр Есүс Христ шавь нарынхаа хөлийг угааж байсан түүх болон бусдад туслахыг хүн төрөлхтний үндсэн үүрэг гэж үзсэн "Сайн Самари хүний сургаал"-ыг жишээ болгон татсан юм. Хамба лам "Бид сайн сайхан ертөнцийг цогцлоохын тулд ийнхүү гар гараа барилцан нэгдэх хэрэгтэй" хэмээн уриаллаа.

Энэтхэгийн дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ахмед, дэлхийн бүхий л шашин шүтлэгтнүүд Энэтхэг улсад мөр зэрэгцэн, эв найрамдалтай амьдарч ирснийг тэмдэглэв. Тэрбээр "хүлцэн тэвчих" гэдэг үгийг "Би чамд дургүй ч гэлээ, тэвчиж байна" гэх утгыг агуулдаг хэмээн үзэж, үүний оронд бие биеэ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч, харилцан дэмжих шаардлагатайг онцлон хэллээ. Шүүгч Ахмед Давуди, Бохра нийгэмлэгийн удирдагч 53 дахь Дай аль-Мутлак-ын гэгээн дурсгалд зориулсан 'Саидна Кутбуддины Эв нэгдлийн шагнал'-ыг Төвөдийн ард түмний оюун санааны удирдагч, амар амгалан, хүчирхийлэлгүй зэрэгцэн орших үзлийг тууштай хамгаалагч Дээрхийн гэгээнд өргөн барьж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэн, өргөмжлөлийг өргөн барив.
Дээрхийн гэгээн шагналыг хүлээн аваад: "Хүндэт ах, эгч дүүс ээ, эдгээр гайхалтай илтгэгчдийн үгийг сонсох нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Надад нэмж хэлэх зүйл бараг үлдсэнгүй. Бид хүн төрөлхтний хувьд зарим талаараа гайхамшигтай ч, нөгөө талаараа өөрсдөө асуудал таригчид болдог. Бид хүчирхийлэл, зэвсэгт хүчинд хэт найдаж байгаагийн улмаас асар их хөрөнгө мөнгө, оюун ухаанаа хүчирхэг, нарийн хийцтэй зэвсэг бүтээхэд зориулж байна. Цөмийн зэвсгийг устгах тухай ярьж, хэрэв тэдгээрийг хэрэглэвэл дэлхий ертөнц мөхөх аюултайг мэдэж байгаа хэдий ч одоог хүртэл бодитой алхам хийгдсэнгүй. Хэрэв бид энэ хэвээрээ үргэлжлүүлбэл юу болох вэ?" хэмээн анхааруулан хэллээ.

“Бидний шүтэж буй шашин бүр оюун ухаанаа буруугаар ашиглахад хүргэдэг тэрхүү хөнөөлт сэтгэл хөдлөлтэй тэмцэх арга замыг зааж өгдөг. Хорт муу сэтгэл хөдлөлийг дарах нэг арга бол хайр энэрэл, баясал, хүлцэн тэвчихүй болон уучлал зэрэг эерэг чанаруудыг өөртөө идэвхтэй дадуулах явдал юм. Бүх шашин үүний тухай номлодог. Хамгийн гол асуудал нь бид өөрийн шүтлэг бишрэлдээ чин сэтгэлээсээ хандаж байна уу, үгүй юу гэдэгт оршино. Хэрэв би Буддын шашны лам хүний хувцас өмссөн хэрнээ сэтгэл дотор минь ямар ч өөрчлөлт гараагүй бол миний бясалгал, хичээл зүтгэлд гавих зүйл алга гэсэн үг.”
“Шашны урсгал бүр хүнд дулаан сэтгэлийг төлөвшүүлэх асар их нөөц боломжтой. Гэвч бид чин сэтгэлээсээ хандахгүй бол шашин гэдэг зүйл хүмүүсийг 'бид' ба 'тэд' гэж талцуулан хуваах өөр нэгэн шалтаг болон хувирах аюултай.”
“Эрдэмтдийн судалгаагаар хүний төрөлх мөн чанар нь нигүүлсэнгүй болох нь нотлогдсоор байна. Түүнчлэн байнгын уур хилэн, айдас, үзэн ядалт нь хүний дархлааны тогтолцоог сулруулж, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг болохыг тэд анхааруулдаг. Тийм ч учраас бид бие махбодын ариун цэврийг сахихаас гадна, сэтгэлийн амар амгаланд хүрэхэд чиглэсэн 'сэтгэл зүйн ариун цэвэр'-ийг сахих хэрэгтэй байна. Нийгмийн амьтны хувьд бидэнд найз нөхөд хэрэгтэй. Гэвч айдас, уур хилэнгээр хэзээ ч жинхэнэ нөхөрлөлийг бий болгож чадахгүй. Харин бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж гэмээнэ бид бусдын итгэлийг олж авна. Итгэлцэл гэдэг бол нөхөрлөлийн үндэс суурь мөн юм."

“Эмэгтэйчүүд гадаад төрхөө үзэсгэлэнтэй болгохын тулд гоо сайхны бүтээгдэхүүнд цаг хугацаа, хүчин чармайлт их зарцуулдаг. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол дотоод гоо сайхныг төлөвшүүлэх буюу бусдад чин сэтгэлээсээ инээмсэглэл бэлэглэж, итгэл хүлээлгэн, халамж анхаарал хандуулах чадвар юм. Бид бие биеэсээ туйлын хамааралтай амьдардаг тул хүн төрөлхтний нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа орших ёстой. Миний бие Европын Холбооны үзэл санааг биширдэг. Олон жилийн дайн тулаан, зөрчил мөргөлдөөний дараа явцуу эрх ашгаас илүүтэй нийтийн сайн сайхныг эрхэмлэх болсон нь гайхалтай жишээ юм. Европын Холбоо байгуулагдсанаас хойш тус тивд энх тайван тогтож чадсан. Үүнтэй адил Энэтхэг улс ч мөн олон үндэстэн, хэл соёл, ялгаатай байдлын нэгдлийг илэрхийлдэг билээ.”
Эцэст нь Дээрхийн гэгээн хүний оюун санаа, сэтгэл хөдлөлийн ажиллагааг тайлбарласан эртний Энэтхэгийн мэдлэг ухааны үнэ цэнийг онцлон тэмдэглээд, "Хорт муу сэтгэл хөдлөлөө даван туулах нь нэн тулгамдсан асуудал болоод буй өнөө үед энэхүү эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаан маш чухал ач холбогдолтой болохыг онцлон дурдав. Сэтгэлийн амар амгаланг олж сурах нь дэлхий дахинд энх тайвныг тогтоох үндсэн суурь болохыг тэрбээр санууллаа. Мөн Энэтхэг улс бол эртний уламжлалт мэдлэгээ орчин үеийн боловсролын тогтолцоотой хослуулж, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө ашиглах асар их нөөц боломжтой цорын ганц орон гэдгийг онцлов.
Маргааш Дээрхийн гэгээн Далай лам Варанаси хотын Сарнат руу аялна.










