Герман, Хессен, Франкфурт. 2015 оны 7 дугаар сарын 13. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай ламыг Франкфурт хотын захиргааны ордонд хүрэлцэн ирэхэд хотын дарга Петер Фельдман угтан авч, ажлын өрөө рүүгээ замчлав. Тэд богино хугацаанд тусгайлан уулзсаны дараа германы хаадын хөрөг зурагтай танхимд болох хүлээн авалтад хүрэлцэн ирлээ. Хотын дарга захиргааны ажилтнуудын хамтаар Дээрхийн гэгээн Далай ламыг Франкфурт хотод тавтай морилохыг урин мэндчилэв.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам болон хотын дарга Петер Фельдман нар 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын захиргаанд хүлээн авалтад хүрэлцэн ирж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
"Та манай хотод зочлон ирж буй нь, түүн дундаа таны 80 насныхаа ойн баярын үеэр ийнхүү хүрэлцэн ирж буй нь нэр төрийн хэрэг билээ. Франкфурт хот бол 170 гаруй үндэстэн угсаатан аж төрөн суудаг дэлхийн хэмжээний хот билээ. Гэхдээ манай хот зөвхөн хүлцэн тэвчихээс илүүтэйгээр яриа хэлцлийг эрхэмлэхийг хүсдэг юм".
Тэрээр Дээрхийн гэгээнд шаазан хундага өргөн барив.
"Энэ хотынхон 200 гаруй хэлээр ярьдаг гэж таны хэлсэнчлэн энэ хот ертөнцийн тусгал болсон жинхэнэ дэлхийн хот ажээ" хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хариу айлдав. "Энэ ялгаатай байдлыг үл харгалзан бид бүгд үндсэндээ хүн төрөлхтөн билээ. Бид бүгдээрээ жаргалтай амьдрахыг хүсдэг. Үүндээ ч хүрэх эрх хүн бүрд бий. Өнгөрсөн жил би энд байрлах төвөд гэрт зочилсон бөгөөд энэхүү баялаг уламжлалд тус газар их хувь нэмэр оруулж чадна. Тэнд Эртний Энэтхэгээс гаралтай буддын гүн ухаан, логик, танин мэдэхүйн онол буюу бидний нэрлэж заншсанаар Наландагийн уламжлалыг өвлөн хадгалж буй судар ном, багш нар буй.
Гадаа хашхиралдаж буй эсэргүүцэгчид бараг 400-гаад жилийн турш маргаан дагуулж ирсэн асуудлыг хөндөж байна. Энэ бол V Далай ламын хорон муу сахиус хэмээн үзэж няцаасан нэгэн шүтээнийг тахих асуудалтай холбоотой билээ. Миний бие ч мөн үл мэдсэнээсээ болоод 1950-1970-аад оныг хүртэл энэхүү зан үйлд оролцож байсан боловч судалж шинжсэний үндсэн дээр энэ нь ерөөс сайн зүйл биш болохыг олж мэдсэн юм. Ингээд би бээр энэ зан үйлийг зогсоож, олж мэдсэн зүйлээ бусдад тайлбарлан хэлдэг болсон билээ. Энд эсэргүүцэл илэрхийлж буй хүмүүс миний тэрхүү зөвлөгөөг эсэргүүцэж өөрсдийн бүлэглэлийг байгуулсан юм" хэмээжээ.
Дээрхийн гэгээн Далай лам хотын даргад түүхэн Будда Шагжамунийн хөрөг буюу суварга бэлэглэж, тэрхүү түүхэн хүн хэн байсан талаар товч тайлбарлалаа.
![]() |
| Дээрхийн гэгээн Далай лам 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын захиргаанд зочлох үеэрээ хотын дарга Петер Фельдманд Бурхан багшийн дүр бэлэглэж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
"Буддын шашныг үндэслэгч Будда бол эртний Энэтхэгийн агуу сэтгэгч, гүн ухаантан байв. Тэрбээр хамаг амьтан ижил тэгш болох тухай болоод бүх юм үзэгдэл өөрийн бие даасан чанар шинжгүй (хоосон чанар) болохыг зааж сургасан билээ. Хамгийн гол нь тэрбээр дагагчдадаа “Миний заасан сургаал учраас шууд хүлээн авч эс болно. Харин үүнийг машид нарийн шинжлэн судалж, эргэцүүлэх хэрэгтэй” хэмээн онцлон захисан байдаг” хэмээгээд хотын даргад өөрийн бүтээлийн дээжсээс бэлэглэв. Бэлгийн дээжид дэлхийн томоохон шашнуудын нийтлэг талыг хөндсөн “A True Kinship of Faiths”, шашны бус ёс зүйн тухай өгүүлэх "Шашнаас ангид" (Beyond Religion) тэргүүт бүтээлүүд багтжээ.
Хотын захиргаатай ихэд ойр “Applied Art” урлагийн музейд хүрэлцэн ирэхэд музейн захирал бяцхан хүүхдүүдийн хамтаар Дээрхийн гэгээнийг халуун дотноор угтан авлаа. Үүний дараа тэрбээр ойр орчмын дунд сургуулийн сурагчидтай ярилцаж, тэдний асуултад хариулав.
Түүнийг ийм алдартай биш байсан бол дургүйцэх байсан уу гэсэн асуултаар эхлэв. Тэрбээр инээмсэглэн, “Хамгийн гол зүйл бол утга учиртай амьдарч, бусдад баяр баясгалан бэлэглэж чаддаг байх явдал юм” хэмээн хариуллаа. Олон хүний цорын ганц хүсэл нь баян болох байдаг тухай асуухад тэрбээр "Би олон тэрбумтантай уулзаж байлаа. Гэхдээ тэднийг энэ дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж бодож байна уу? Эд материалын хувьд хүссэн бүхэн нь байгаа ч жаргалгүй хэвээр байгаа олон хүнтэй таарч байв. Учир нь аз жаргал гэдэг бодит байдал дээр сэтгэлтэй холбоотой байдаг. Бид мэдрэхүйн түвшинд бус, харин сэтгэл зүйн түвшинд л тогтвортой байж жаргалыг мэдэрдэг юм" хэмээжээ.
Өөр нэгэн сурагч орчин үеийн залуус сэтгэл гутралд амархан өртөж байгааг дурдаад, үүний эсрэг юу хийж болох талаар асуув. Дээрхийн гэгээн “Сэтгэл гутралын шалтгаан нь ихэвчлэн бидний сэтгэл зүйн хандлагатай холбоотой байдаг. Сэтгэл санаа тань тааруу байх үед найз нөхөдтэйгөө уулзсан ч тэдэнтэй хамт байх нь таашаал төрүүлэхгүй. Харин сэтгэл санаа өөдрөг байвал ямар нэгэн зүйл буруугаар эргэсэн ч ямар ч хүндрэлгүй даван туулж чаддаг шүү дээ. Сэтгэл гутрал нь айдас, уур хилэн, цөхрөлтэй холбоотой байх шиг санагддаг. Америкт сэтгэцийн эмчээр ажилладаг миний нэг найз байдаг юм. Тэрээр сэтгэл түгшээсэн сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах тухай “Prisoners of Hate” хэмээх ном бичсэн. Уурласан үедээ бид уурлуулсан зүйл эсхүл тэр нэг хүнээ бүхэлд нь сөргөөр харах хандлагатай байдаг гэж тэр надад хэлж байлаа. Гэтэл тэр сөрөг байдлын 90% нь бидний сэтгэлийн тусгал буюу хэтрүүлэг байдаг аж. Нөгөөтээгүүр хэрэв бид хайр энэрлийг хөгжүүлэхийг хичээвэл энэ нь дотоод сэтгэлийн илүү их хүч тэнхээ өгөх болно" хэмээн айлдлаа.
|
| 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын Applied Art урлагийн музейд Дээрхийн гэгээн Далай ламыг асуултад хариулах үеэр сурагчид анхааралтай сонсож буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
Хятадын Засгийн Газарт үнэхээр ямар ч муу санаа өвөрлөдөггүй эсэх талаар нь асуухад Далай лам хариулахдаа 2008 оны 3 дугаар сарын 10-нд Лхас хотод төвөдүүд эсэргүүцлийн жагсаал хийж байгааг дуулсан тэр үеэ эргэн дурсав. Тэрбээр тухайн үеийн тоталитар дэглэмийн дор жагсаалыг дарах хүч хэрэглэх вий гэхээс ихэд санаа зовниж байснаа тайлбарлалаа.
"Би энэ тушаалыг өгөх гэж буй Хятадын талынхныг өөртөө төсөөлөн бодож, тэдний бүх уур хилэн, үзэн ядалтыг өөртөө хүлээн авч байна хэмээн бясалгасан. Дараа нь өөрт буй уучлал нигүүлслийн сэтгэлээ тэдэнд өгч байна гэж төсөөлсөн юм. Сэтгэл зүйн энэ дасгал газар дээрх бодит нөхцөл байдалд ямар нэг өөрчлөлт авчраагүй ч миний сэтгэлийн амар амгаланг хадгалахад тус болсон билээ".
Өөр нэг сурагч бусад амьд биетийг мөлжих, байгаль дэлхийг сүйтгэж байгаад ихэд бухимдаж буйгаа илэрхийлэхэд Дээрхийн гэгээн түүнтэй санал нэг байгаагаа хэлэв. Тэрбээр “Хүнд бусдын сайн сайхны төлөө зориулахад машид хэрэгцээтэй, ер бусын тархи заяасан боловч шунал хийгээд зөвхөн өөрийгөө хичээх сэтгэлээр хөдлөх юм бол тэрхүү оюун ухаан нь асар их сүйтгэх хүчтэй болдог” хэмээн тайлбарлалаа.
|
| 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотод "Süddeutsche Zeitung" сонины тойм редактор Карин Штайнбергер ярилцлага авах үеэр Дээрхийн гэгээн Далай лам түүний асуултад хариулж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
Үдийн зоогийн дараа германы үндэсний тэргүүлэх “Süddeutsche Zeitung” сонингийн редактор Карин Штайнбергер Дээрхийн гэгээн Далай ламтай ярилцлага хийв. Тэд голчлон Далай ламын хойд дүрийн талаар ярилцлаа. Дээрхийн гэгээн “Өөрийн улс төрийн хариуцлагаас бүрмөсөн татгалзсан боловч шашны үүрэг хариуцлагаа хэвээр хадгалж байгаа билээ. Энэтхэгт төвөд иргэдийн сууринг олноор байгуулснаар томоохон хийдүүдийг тогтвортойгоор дахин сэргээх боломж ч бүрдэх юм. Үүний үр дүнд шашны уламжлалыг цааш авч явах эрдэмтэн мэргэд олноор төрөн гарсан байна. Хуучны феодалын тогтолцоонд хамаарах зарим институт өөрчлөгдөх шаардлагатай байна. Төвөдийн буддын шашны уламжлалыг хадгалан үлдэхэд Далай ламын институт заавал байх албагүй. Хэрэв би хамгийн сүүлийн Далай лам болох тавилантай бол ядаж л энэ институт маш олон найз нөхөртэй хүний дүрээр төгсөх болно" хэмээгээд инээмсэглэв.
Штайнбергер “Хэрэв Далай лам үгүй болбол төвөд хүмүүс айдаст автахгүй байх болов уу?” хэмээн гайхан асуухад тэрбээр “Энэ тогтолцооны өөрчлөгдөх цаг хэдийн болсон байж магадгүй” хэмээн хариулаад, Ромын католик сүмийн шашны тэргүүнээ сонгодог тогтолцоо түүнд машид сэтгэгдэл төрүүлдэг тухай хэлсэн байна.
"Ямартай ч намайг 90 нас хүрэхүйд цаашид хэрхэх уулзалт хийх болно" хэмээн айлдлаа.
Франкфуртын (Jahrhunderthalle) ордонд Германы төвөд иргэдийн нийгэмлэгээс (TCG) Дээрхийн гэгээн Далай ламын 80 насны ойн баярыг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж, 2000 гаруй хүн оролцов. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Лувсан Пунцог мэндчилгээ дэвшүүлж, ахмад үеийнхэн Германд төрж өссөн залуу төвөдүүдэд өөрийн хэл, соёлыг зааж сургахын тулд онцгойлон хүч чармайлт гаргаж буйг батлан илэрхийллээ. Тэрээр Төвөд иргэдийн нийгэмлэгийг төлөөлөн Дээрхийн гэгээн Далай ламыг урт насалж, хүсэл ерөөл бүхэн нь биелэхийн ерөөлийг өргөжээ.
|
| 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын Jahrhunderthalle ордонд Дээрхийн гэгээн Далай ламын 80 насны ойн баяр дээр Монгол хөгжимчид тоглож буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
Хөтөлбөр монголчуудын хөгжмийн тоглолтоор эхэлсэн бөгөөд Төв Азийн уудам нутгийг санагдуулам аялгуу танхим дүүрэн цуурайтаж, хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөв. Үүний дараа Төвөд орныг тууштай дэмжиж буй германы парламентын гишүүн асан, профессор Шварц Шиллинг үг хэллээ. Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламын эснэсэн өдрийг хамтдаа тэмдэглэх боломж олгосонд талархал илэрхийлэв. Мөн тэрээр Дээрхийн гэгээн улс төрийн бүх эрх мэдлээ сонгогдсон удирдагчид шилжүүлэн өгсөн явдлыг бишрэн хүндэлж буйгаа илэрхийлээд, “Энэ явдал бол бусад удирдагчдын дагавал зохих үлгэр жишээ зүйл болсон билээ” гэжээ. Тэрээр Дээрхийн гэгээнийг нийт хүн төрөлхтний итгэл найдварын гэрэлт цамхаг хэмээн тодорхойлж, баярын арга хэмжээний гол сэдэв "Талархал" нь ямархан утга учиртай болохыг дурдлаа.
Үүний дараа “Төвөдийн дуу бүжиг, драмын хүрээлэн”-гийн (TIPA) уран бүтээлчид Дээрхийн гэгээний нигүүлсэнгүй сэтгэлд талархсан дуу дуулж, түүнийг "Цаст орны итгэл найдварын эх ундарга" хэмээн дүрслэв. Мөн 1999 онд Хессен мужаас Европын парламентад гишүүнээр сонгогдсон Томас Манн хэлэхдээ Дээрхийн гэгээн Далай ламын "Бид хаанаас ирсэн нь хамаагүй. Хүн төрөлхтний хувьд бүгд ижил. Бид бүгдээрээ аз жаргал, эрх чөлөөг хүсдэг билээ" хэмээсэн үгийг эшлэлээ.
Тэрээр мөн 7 дугаар сарын 6-нд Страсбург дахь Европын парламентад Дээрхийн гэгээний амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэглэх гэж буйг цугласан олонд дуулгаад, "Төвөдийг дэмжих бүлэг" саяхан 100 дахь хурлаа хийснийг дурдлаа. Тэд "Дундын зам" бодлогыг дэмждэг бөгөөд Төвөд дэх хүний эрхийн асуудлаар олон тогтоол шийдвэр гаргаж ирсэн аж. Европын парламент Дээрхийн гэгээнийг 1988, 1996, 2001 онд хүлээн авч байсныг сануулаад, "Төвөдийг дэмжих бүлэг" түүнийг дахин урих хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
|
| 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын Jahrhunderthalle ордонд болсон Дээрхийн гэгээн Далай ламын 80 насны ойн баярт оролцсон Сенегалын хөгжимчид Дээрхийн гэгээний хамт Зургийг: Мануэль Бауэр. |
Германы парламентын гишүүн Майкл Бранд Дээрхийн гэгээнд хүнд хэцүү цаг үед өөрт нь болоод хамт олонд нь урам зориг хайрласанд талархал илэрхийлээд, амар амгаланг эрхэмлэгч төвөд түмний талд тууштай зогсохоо дахин хэлэв. “Африк бол бидний ижилсэл, хөгжим бол бидний илгээмж” хэмээн тодорхойлдог Сенегалын хөгжимчид Жон Ленноны алдарт "Imagine" дууг "Төвөд эрх чөлөөтэй болно гэж төсөөлөөд үз" хэмээн үгийг нь өөрчлөн, сэтгэл хөдлөм дуулж сонирхууллаа.
Хятадын уран зураач Мэн Хуан төвөдөөр аялсан түүхээ болон төвөдийн байгаль дэлхийг зурахдаа хэрхэн урам зориг авснаа хуваалцлаа. Тэрээр төвөдийн суварга, дуганыг дүрсэлсэн уран зураг бэлэглэсэн бөгөөд уг бүтээлээ "Уучил" хэмээн нэрлэснээ хэлэв.
"Хятад хүний хувьд төвөдийн ард түмний туулж ирсэн зовлон зүдгүүрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлье" гэлээ.
Том бялууг түрж оруулж ирэхэд бяцхан хүүхдүүд, сенегалын хөгжимчид, үзэгчдийн хамтаар төрсөн өдрийн дууг англи, герман, төвөд хэлээр дуулав. Дээрхийн гэгээн бялуунаас зүсэж, гурван удаа амсаад, "Амттай юм аа" хэмээн сайшаав. Тэрбээр төвөд хэлээрээ ярихыг илүүд үзэж буйгаа хэлээд цугласан олонд хандан ийн айлдлаа.
"Өнөөдөр энэ танхимд Европын өнцөг булан бүрээс төвөд хүмүүс цуглажээ. Та бүхний сүсэг бишрэл, надтай тогтоосон сэтгэлийн барилдлага тань ганхашгүй билээ. Энэхүү баярын үеэр миний олон жилийн найз нөхөд, дэмжигчид минь үг хэллээ. Бид бие биенээ удаан хугацаанд мэдэлцэж, итгэлцэж ирсэн билээ. Та бүхэндээ машид баярлалаа. Төвөдийг дэмжигчид бол зөвхөн бидний талыг баримтлагчид биш, тэд үнэн, шударга ёсыг дэмжигчид юм. Үүний хамгийн тодорхой баримт бол манай хятад ахан дүү нар биднийг дэмжих нь улам бүр нэмэгдэж буй явдал юм. Сүүлийн таван жилийн хугацаанд тэд “Дундын зам” бодлогыг дэмжин, мөн БНХАУ-ын үндэсний цөөнхийн талаар баримталж байгаа бодлогыг шүүмжилсэн нийтлэлүүдийг улам олноор бичих болжээ."
|
| 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр ХБНГУ-ын Франкфурт хотын Jahrhunderthalle ордонд болсон 80 насны ойн баяр дээр Дээрхийн гэгээн Далай лам үг хэлж буй нь. Зургийг: Мануэль Бауэр. |
Өнөөдөр Хятад улсад дор хаяж 300 сая буддист байгаа бөгөөд тэдний олонх нь сэхээтнүүд байна. Хятад бол түүхэндээ хэдийн буддын шашинт орон байсан бөгөөд хятад ахан дүү нартайгаа уулзахад тэдний тоо одоо 400 саяд хүрсэн гэдгийг хэлсэн юм. Тэдний олонх нь буддын гүн ухааныг илүү гүнзгий судалж, Наландагийн уламжлалыг сонирхож байна. Тиймээс өнөөдөр Хятад улсад олон өөрчлөлт өрнөж буй энэ үед ч дэмжлэгээ үргэлжлүүлэхийг энд ирсэн найз нөхдөөсөө хүсэж байна" хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөд иргэдэд хандан “Зөвхөн сүсэг бишрэлтэй байх нь хангалтгүй бөгөөд Наландагийн уламжлалыг хадгалан үлдэхийн тулд гүн гүнзгий ойлголт мэдлэгтэй байх нь чухал” хэмээн онцлов. Тэрбээр амьд сэрүүн байх хугацаандаа төвөд хэл, соёлыг хамгаалж үлдэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаад, өтөлж буй найз нөхдөө хараад, өөрийгөө ч бас хөгширч буйгаа анзаардаг тухайгаа ч нэмж хэлэв.
"Гэсэн ч бидний бие махбод өтөлж байгаа ч бидний хүсэл зориг, тууштай байдал хэзээ хэзээнээс хүчтэй хэвээр байна" хэмээн айлдсан юм.










