Энэтхэг, Варанаси хот, Сарнат - Сарнатын Төвөд судлалын төв дээд сургууль (CIHTS) үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэж байна. Өчигдөр Дээрхийн гэгээн Далай ламыг Дели хотоос Варанасид хүрэлцэн ирэхэд нь тус сургуулийн захирал гэвш Наваан Самтэн болон Энэтхэгийн орон нутгийн албаны төлөөлөгчид нисэх онгоцны буудал дээр найрсгаар угтан авлаа. Түүнийг сургуулийн талбайд ирэхэд баярын арга хэмжээнд оролцохоор ирсэн үе үеийн төгсөгчид болон одоо суралцаж буй нийт оюутнууд цуглан, хүндэтгэл үзүүлэв.
Өнөөдөр өглөө тэнгэр бүрхэг, манантай, газар чийгтэй, жихүүн салхитай байсан хэдий ч Дээрхийн гэгээн тун цовоо сэргэлэн байлаа. Тэрбээр сургуулийн талбайд зассан ёслолын том асар руу алхах зуураа өөрийг нь угтан авсан олонтой халуун дулаанаар хошигнож, дотно мэндчилсээр явав.

Сургуулийн захирал мэндчилгээндээ Дээрхийн гэгээн Далай лам тус ёслолд морилон саатсан нь энд хүрэлцэн ирэгсдийн хувьд асар их баяр баясгалан авчирсныг онцлов. Тэрбээр "Энэтхэгийн гүн ухааны дэг сургуулиуд болон орчин үеийн шинжлэх ухаанд оюун санааны тухай авч үзэх нь" сэдэвт бага хурал болон тус сургуулийн 50 жилийн ойн баярт оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 250 гаруй төгсөгчдөд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, гүн ухааны өөр өөр дэг сургуулиуд хоорондоо харилцан санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх нь эртний Энэтхэгийн уламжлалт соёл болохыг онцлоод, аз жаргал, амар амгаланд хүрэхэд сэтгэл, оюуны хувирал, эерэг өөрчлөлт нэн чухал үүрэгтэй байдаг тул 'оюун санаа' хэмээх сэдэв хүн бүрийн сонирхлыг зүй ёсоор татдаг болохыг тэмдэглэсэн юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд орчин үеийн шинжлэх ухаан ч энэхүү салбарыг идэвхтэй сонирхох болсныг тэрээр мөн дурдав. Энэхүү үйл явцтай зэрэгцэн Төвөд судлалын төв дээд сургууль (CIHTS) нь боловсролын салбарт эртний болон орчин үеийн арга барилыг хослуулан хөгжүүлэхийг тууштай эрмэлзэж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Үүний дараа сургуулийн захирал Дээрхийн гэгээнийг бага хурлыг нээж, үг хэлэхийг урив.
Дээрхийн гэгээн: “Эрхэм хүндэт ах, эгч дүүс ээ, энэхүү чухал ач холбогдолтой уулзалтад оролцож байгаадаа би бээр туйлын баяртай байна. Бид эерэг өөрчлөлт гарна гэсэн итгэл найдвараар ХХI зууны эхэн үед хөл тавиад байна. Хүн төрөлхтөнд гайхалтай оюун ухаан заяасан боловч бид түүнийгээ хөнөөлт зүйлд зарцуулах хандлагатай байсаар ирлээ. Асуудлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэхийг оролддог олон зуун жилийн хуучирсан дадал зуршлаа бид дагасаар байна. Гэвч бидний амьдарч буй шинэ цаг үед энэ мэт хуучирсан арга барил ямар ч ач холбогдолгүй болжээ. Өнөөдөр энэ гараг дээрх долоон тэрбум хүн бүгд бие биеэсээ хамааралтай амьдарч байна. Бид улс үндэстний хил хязгаараар үл хязгаарлагдах дэлхийн эдийн засгийн нэгдмэл тогтолцооны салшгүй нэг хэсэг болоод байна. Түүнчлэн бид бүгдээрээ уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт ижилхэн өртөж, байгаль дэлхийн өмнө нэгэн хувь заяан дор оршиж байгаа билээ.

“Үл ойлголцлоо бид хүчээр шийдвэрлэхийн оронд харилцан ярилцаж, зөвшилцөх хэрэгтэй. Энэ нь сул доройн шинж биш, харин оюун билэг, бодит байдалд нийцсэн ухаалаг хандлага юм. Цөмийн зэвсэгтэй байх нь ямар ч тус нэмэргүй. Учир нь түүнийг ашиглах аваас хэн ч ялагч болохгүй бөгөөд зөвхөн харилцан сүйрэлд л хүргэнэ. Гэтэл хэтэрхий олон хүн илүү хүчирхэг зэвсэгтэй болох нь асуудлыг шийдэх гарц гэж андуурсаар байна. Тэд цэргийн төсөвтөө асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун байх шиг.”
“Энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? Бид оюун ухаанаа зохистой ашиглаж чадаагүйгээс, мөн уур хилэн болон бусад хөнөөлт сэтгэл хөдлөлдөө автсанаас ийм байдал үүсдэг. Тиймээс өнөөгийн залуу үеийнхэнд бодит байдлыг зөвөөр харах хандлага болон энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх нь хэчнээн чухал болохыг бид хэрхэн ойлгуулах вэ гэдэг талаар бид хэлэлцэх шаардлагатай байна.”
“Өнөөгийн боловсролын тогтолцоо нь дотоод үнэт зүйлсийг орхигдуулж, материаллаг зорилгод хэтэрхий туйлширч байна. Миний бие хүмүүст асар их урам зориг, итгэл үнэмшил өгдөг бүхий л шашны уламжлалуудыг гүнээ хүндэтгэдэг. Гэвч Энэтхэгийн уламжлалт амирлан оршихуй (шамата) болон шинжлэн судлах (випашяна) бясалгалын арга барилууд нь оюун санаа, сэтгэл хөдлөлийн мөн чанарыг маш нарийн, баялаг байдлаар тайлбарласан байдаг. Випашяна нь бодит байдлыг шинжлэн таних тухай бол шамата нь сэтгэлийн эрч хүчийг нэгэн үзүүрт төвлөрүүлэх тухай юм. Оюун санаа, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны тухай эдгээр тайлбар нь шашны судар бичгүүдэд байдаг ч өнөөдөр тэдгээрийг шинжлэх ухааны аргаар, эрдэм шинжилгээний түвшинд судлах бүрэн боломжтой болжээ.”

“Бид бүгд нийт хүн төрөлхтний аз жаргалыг цогцлоохын тулд энд цуглаад байна. Хүн бүгд нэгэн ижил хувь заяатай гэдэгт итгэдэг атлаа бусдын зовлон зүдгүүрт бид хэрхэн хөндлөнгийн хүн мэт хүйтэн хөндий хандаж зүрхлэнэ вэ? Бид буддын шашинтны хувьд хамаг амьтны тусын тулд залбирдаг боловч бодит байдал дээр бидний шууд тусалж чадах бодгаль бол зөвхөн хүн төрөлхтөн юм. Энэхүү хурлаар бид зөвхөн өнгөрсөн түүхтэйгээ зууралдах бус, ирээдүй рүү хандсан алхмуудыг хэлэлцэх учиртай.”
Бага хурлын эхний салбар хуралдааныг нээж, чиглүүлэгч Санта Барбара хотын Калифорнийн их сургуулийн профессор Хосе Кабезон Төвөд судлалын төв дээд сургуулийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлэв. Тус сургууль төвөд залуусын олон үеийг сурган хүмүүжүүлээд зогсохгүй, гадаадын оюутан, судлаачдад ямагт нээлттэй хандаж, найрсаг зочломтгой угтсаар ирсэнд тэрбээр гүнээ талархаж буйгаа илэрхийллээ.
Профессор Кабезон эхний илтгэгч Мумбайн их сургуулийн гүн ухааны профессор, 40 гаруй жил багшилсан туршлагатай Шубада Жошиг урив. Профессор Шубада Жоши илтгэлдээ, Энэтхэгийн хамгийн эртний уламжлалуудын нэг болох Санкхья дэг сургуулийн "оюун санаа"-ны тухай үзэл баримтлалыг хөндөн хэлэлцүүлэв. Санкхья нь зөвхөн матери нь бодитой гэж үздэг реалист чиглэл бөгөөд хүний зовлонг бүрмөсөн эцэслүүлэх аргыг эрэлхийлдэг. Тэд 'пракрити' буюу матери, 'пуруша' буюу сүнслэг мөн чанар гэх хоёр элементийг зааглан үздэг. Санкхьягийн үзлээр бие махбод, байгаль эсвэл ер бусын хүчин зүйлээс үүдэлтэй зовлон зүдгүүрийг бүрмөсөн, эцэслэн устгахын тулд илэрхий (ил), үл илэрхий (далд) болон танин мэдэгчийн тухай мэдлэг зайлшгүй шаардлагатай ажээ. Өөрөөр хэлбэл, тэд иогийн дасгал сургуулилтын гүн ухааны үндэс суурийг бүрдүүлж өгдөг байна.

Аряадева, Дигнага, Дармакирти нарын бүтээл туурвилуудад тэмдэглэн үлдээснээр, Энэтхэгийн буддын бус уламжлалуудад ч оюун билэгт мэргэд, багш нар олон байсан нь илэрхий байдаг хэмээн Дээрхийн гэгээн Далай лам тэмдэглэв. Түүнчлэн Бхававивека нь Энэтхэгийн гүн ухааны үзэл санааны иж бүрэн нэвтэрхий толийг эмхэтгэн үлдээжээ. Профессор Кабезон үүн дээр нэмж, Винайн ёсонд буддын лам хуврагууд цаг хугацааныхаа гуравны нэгээс илүүгүйг л бусад уламжлалыг судлахад зарцуулах нь зүйтэй хэмээн заасан байдаг нь тухайн үед ийнхүү суралцах сонирхол, эрэлт хэрэгцээ их байсныг илтгэдэг хэмээн хэлэв.
Профессор хатагтай Рупа Бандёпадхяй нь Адвайта болон Мадхва Веданта чиглэлээр мэргэшсэн, гүн ухааны салбарт 30 гаруй жил багшилсан туршлагатай эрдэмтэн юм. Тэрбээр одоо Жадавпурын их сургуулийн гүн ухааны профессороор ажиллаж байна. Профессор Бандёпадхяй ‘Оюун санааны тухай ойлголт - Адвайта үзлийн үүднээс' сэдэвт илтгэлээ цэвэр ухамсарт (pure consciousness) хүндэтгэл үзүүлснээр эхлүүлэв. Тэрбээр илтгэлдээ Нияя болон Вайшешика зэрэг зарим уламжлалууд оюун санааг 'дотоод мэдрэхүйн эрхтэн' гэж үздэг бөгөөд оюун санааны олон талт байдлыг хүлээн зөвшөөрдөг хэмээн тэмдэглэв. Харин Адвайта Веданта үзэлтнүүд оюун санааны тухай энэхүү үзэл баримтлалыг дэмждэггүй байна. Гэсэн хэдий ч тэд оюун санааг амьгүй, ухамсаргүй, мөнх бус бөгөөд гал махбодоос үүсэлтэй нэгдмэл мөн чанар гэдэгтэй санал нийлдэг аж. Адвайта үзлээр бол оюун санаа нь тухайн бодгалийн өвөрмөц шинж чанарыг бүрдүүлэхэд туйлын чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Эртний Энэтхэгийн соёл, буддын шашин, жайнизм болон Веданта судлалаар нэр хүндтэй эрдэмтэн, санскрит хэлний мэргэжилтэн, профессор С.Р.Бхатт хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр үргэлжлүүлэн ажиллав. Тэрбээр Энэтхэгийн логик болон танин мэдэхүйн онолын (эпистемологи) гүнзгий мэдлэгтэй, Варанасигийн Инду их сургуулийн гүн ухааны профессор Саччидананд Мишраг танилцууллаа. Профессор Саччидананд Мишра "Нияя сургуулийн ‘Мөнхөд орших оюун санаа’-ны тухай ойлголт" сэдэвт илтгэлдээ Нияя үзэлтнүүд матери болон оюун санааны хоёрдмол чанарыг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, өөр нэгэн чухал элементийг нэмж авч үздэгийг тайлбарлав. Тэд оршихуйг сүнс (атман), оюун санаа (манас) болон бие махбод гэсэн гурван бүрдлээр тодорхойлдог байна. Түүнчлэн Нияя сургууль нь орчин үеийн шинжлэх ухааны судалгааны суурь болдог ажиглалт болон гаргалгааны аргуудыг чухалчилдаг болохыг тэрбээр тэмдэглэлээ.
Дээрхийн гэгээн хэлэхдээ, XX зууны сүүл үеийг хүртэл эрдэмтэд судалгаагаа оюун санаа гэхээсээ илүү тархи судлал руу чиглүүлж ирснийг тэмдэглэв. Харин мэдрэлийн эсийн уян хатан чанарыг хүлээн зөвшөөрснөөс хойш энэ хандлага өөрчлөгдөж эхэлсэн байна. Дээрхийн гэгээн өөрийн нүдээр харсан зарим нотолгоог жишээ болгон дурдсан бөгөөд үүнд урьд төрлийнхөө тухай тодорхой дурсамжтай бяцхан хүүхдүүд болон эмнэлгийн дүгнэлтээр нас барсан ч бие цогцос нь тодорхой хугацаанд муудалгүй шинээрээ хадгалагдан үлдсэн бясалгалчдын тохиолдлуудыг онцлов. Одоогоор шинжлэх ухаанд эдгээр үзэгдлийг тайлбарлах үндэслэл хараахан байхгүй байгаа ч зарим эрдэмтэд үүнийг хэрхэн судлах арга замыг хэдийнэ эрэлхийлж эхлээд байна.
Онолын физикийн доктор, Рамакришна Мишн Вивеканандагийн боловсрол, судалгааны хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Свами Атмаприянанда илтгэлдээ "Дарма" (Ном) хэмээх ойлголтыг бүхнийг нэгтгэн баригч хүчин зүйл гэдэг утгаар нь хөндөв. Тэрбээр соёл иргэншлийн жинхэнэ дэвшил чухам юунаас бүрддэг вэ гэсэн асуултыг дэвшүүлээд, өнөөдөр бидэнд Буддын гүн ухааны 'Зөв үзэл', Ведантагийн онолын 'Зөн билгийн сэрэмж', иогийн хэллэгээр бол 'Дээд билгүүний гэрэл' хэмээгдэх тэрхүү оюун санааны чадамж нэн шаардлагатай байгааг тэмдэглэв.

Жайпур хотын Р.Р. Санскрит их сургуулийн Жайны гүн ухааны тэнхмийн эрхлэгч, профессор Бхагчандра Жайн 'Жайнизм дахь оюун санааны мөн чанар ба үүрэг' сэдэвт илтгэлдээ оюун санааг заримдаа 'зургаа дахь мэдрэхүй' хэмээн нэрлэдэг тухай дурдлаа. Тэрбээр оюун санааг ухамсарт оюун болон материаллаг оюун гэсэн хоёр төрөлд хуваан тайлбарлав. Материаллаг оюун үгүйгээр ухамсар ажиллах боломжгүй юм. Оюун санаа нь танин мэдэхүйн нэгэн хэрэгсэл боловч гадаад юмсыг хүртэж мэдэхдээ бусад мэдрэхүйн эрхтнүүдээс хамааралтай байдаг. Мөн оюун санаа нь логик дүгнэлт, ой санамж зэрэг шууд бус бүх танин мэдэхүйд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн болон ирээдүйн аливаа зүйлийг таньж мэдэх чадвартай байдаг.
Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн гүн ухааны урсгалууд дахь үзэл бодлын энэхүү асар их ялгаатай бөгөөд арвин баялаг санг өндрөөр үнэлээд, ийм ялгаатай байдал нь Буддын шашны уламжлалд ч байдгийг тэмдэглэв. Тэрбээр Бурхан багшийн айлдсан нэн чухал сургаалыг: 'Аяга тахимлаг болон мэргэд ээ, Алтны чанарыг шатааж, тасдаж, давтаж үрж шалгадаг шиг Миний зарлигийг сайтар шинжээрэй, Шинжсэнийхээ дараа хүлээн аваарай — Сүсэг бишрэлийн тулд биш шүү' хэмээн ийнхүү эш татлаа.

Бага хурлын үдээс өмнөх хуралдаан завсарлаж, оролцогчид үдийн хоолонд оров. Үдээс хойшхи хуралдаанаар өглөө тавигдсан илтгэлүүдийн талаар хэлэлцүүлэг өрнөв. Дээрхийн гэгээн Далай лам маргааш болох бага хурлын хоёр дахь өдрийн өглөөний хуралдаанд үргэлжлүүлэн оролцох юм.










