АНУ, Техас, Даллас. 2015 оны 7 дугаар сарын 26 - Дээрхийн гэгээн Далай лам хэд хэдэн хувийн уулзалтыг хийхийн зэрэгцээ энэ өдрийн өглөө испани хэлээр нэвтрүүлдэг АНУ-ын дээрх хамгийн том телевизийн суваг Telemundo-гийн сэтгүүлч Эдгардо Дел Вилларттай ярилцлаа.
Сэтгүүлч Эдгардо Дел Вилларт Дээрхийн гэгээнийг ирэх долоо хоногийн эхээр 80 нас хүрэх гэж байгааг цохон тэмдэглээд, “Та хэн бэ?” хэмээн асуув.
Дээрхийн гэгээн “Хүн, эрэгтэй хүн, дэлхийн дээвэр болсон цастын орноос гаралтай ази хүн, Буддын шашны лам мөн хамгийн сүүлд нь Далай лам” хэмээн хариуллаа.
Дел Виллар “XIV Далай лам байна гэдэг ямар утгатай болохыг асуухад түүнд “Энэтхэг болон буддын шашны уламжлалын дагуу бидний нарийн сэтгэл төрлөөс төрөл дамжин тасралтгүй үргэлжилж байдаг хэмээн үздэг юм. Мэдээж бие өөрчлөгдөж, түүнийг дагаад бидний сэтгэлийн бүдүүн хувь өөрчлөгддөг ч нарийн хувь үргэлжилсээр байдаг”.
Дахин хаана төрөхийг хүсэж байгааг нь асуухад Дээрхийн гэгээн тэр сонголтыг хийх оюун санааны хүч өөрт нь үгүй бөгөөд бид бүгд өмнөх төрлийнхөө дараагийн дүр юм хэмээн хариулжээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Telemundo телевизийн сэтгүүлч Эдгардо Дэл Виллартай ярилцлаж буй нь... 2015 оны 7 дугаар сарын 2. АНУ, Техас муж, Даллас хот. Зургийг Жереми Рассел. (OHHDL) |
АНУ, Куба улс элчин сайдын яамдаа дахин нээх гэж байгаа мэдээнд хариулт хүсэхэд тэрбээр АНУ, Куба хоёул дэлхийн нэг хэсэг бөгөөд хамтдаа зэрэгцэн оршин тогтнох ёстойг дурджээ. “Үзэл суртлын талаар маргалдаж болох ч найрсаг харилцаагаа хадгалах боломжтой”. Мексик улсад хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зөвлөгөө өгөхийг хүсэхэд “Өнгөрсөнд хэдийн хэтэрхий их хүчирхийлэл байсан бөгөөд хэрэв бид илүү энх ирээдүйд амьдрахыг хүсвэл яг одооноос түүний үрийг тарьж эхлэх ёстой”. Тэрбээр энэ зууныг яриа хэлэлцээрийн зуун болоход найдаж буйгаа дурджээ.
Ижил хүйстэнтэйгээ гэрлэх тухай орчин цагийн асуудлын талаар Дээрхийн гэгээн өмнө нь хэлснээ давтан, “Хэрэв та шашны уламжлалыг дагадаг бол тухайн шашин үүний талаар юу сургадгийг харгалзан үзэх нь зүйтэй. Харин шашин шүтлэггүй бол мэдээж энэ нь таны өөрийн сонголтын асуудал билээ”.
Цогц боловсролын ойлголтыг тодорхойлохыг хүсэхэд Дээрхийн гэгээн “Та сэтгэлийн амар амгаланг худалдан авч чадах уу? Айдсыг мэс заслын эсвэл механик аргаар арилгаж чадах уу? Бидний сэтгэлийн амар амгаланг үгүй хийдэг зүйл бол уур хилэн, айдас юм. Хэрэв бид энэрэнгүй сэтгэл, хайрыг төлөвшүүлбэл уур хилэн, айдастай тэмцэж чадна. Тиймээс бид хүмүүст оюун санаа хэрхэн ажилладгийг болон сэтгэл хөдлөлийн тогтолцооны талаар боловсрол олгох хэрэгтэй.
Шинжлэх ухаан бидэнд бодит байдлыг ойлгоход тусалж чадна. Би 30 жилийн турш олон эрдэмтэнтэй үр дүнтэй яриа өрнүүлж байна. Технологи биднийг илүү ойртуулсан тул мөн адил ач тустай. Харин бидний анхаарах ёстой зүйл бол үүнийг буруугаар ашиглахгүй байх явдал.
Германы Пап, Пап Бенедикт итгэл үнэмшлийг учир шалтгаантай хослуулахыг зөвлөсөн юм. Энэ тохиолдолд учир шатгаан нь шинжлэх ухааны үүднээс тархитай холбогдож, харин итгэл үнэмшил нь зүрхтэй холбох учиртай”.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Telemundo телевизэд ярилцлага өгч буй нь... 2015 оны 7 дугаар сарын 2. АНУ, Техас муж, Даллас хот. Зургийг Сонам Жоксан. |
Дээрхийн гэгээн дотоод амар амгаланг хайж олох тухай хэлэхдээ “Бид мэдрэхүйн болон сэтгэл зүйн туршлагаа ялгах ёстой. Хэрэв бидний сэтгэл амар амгалан байвал мэдрэхүйн дохионууд нь биднийг тав тухгүй болгож үл чадна. Харин бидний мэдлэг зөвхөн мэдрэхүйгээрээ хүлээн авсан мэдээлэлд тулгуурлаад байвал сэтгэлийн амар амгаланг олоход хэцүү болно.
Үүнд шашин тусалж чадна гэдэгтэй санал нэг байна Учир нь бидний бүхий л томоохон шашны уламжлалууд нь өөр өөр философийн үзэл баримтлалтай хэдий ч сэтгэлийн амар амгаланг олоход туслах зорилготой байдаг. Шашин шүтлэг сэтгэлийн амар амгаланг олоход дөхөм байж чадна. Учир нь шашны философийн үзэл санаа харилцан адилгүй ч бүх томоохон шашны уламжлалуудын гол зорилго нь сэтгэлийн амар амгаланд хүрэх явдал шүү дээ.
Хэдий ч тийм ч итгэл үнэмшилгүй олон хүн байдаг тул тэдэнд зориулсан шашны сургаал бус харин ердийн ухаан, нийтлэг туршлага, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан сэтгэлийн амар амгаланг олох өөр арга зам шаардлагатай” хэмээжээ.
Дэл Виллар “Католик шашинтнууд дотоод амар амгаланг олохын тулд Пап Францис ямар зөвлөгөө өгөх боломжтой талаар та юу гэж бодож байна?” хэмээн асуухад Дээрхийн гэгээн “Итгэл үнэмшлээ чин сэтгэлээсээ хэрэгжүүлэхийг уриалах нь зүйтэй” хэмээжээ.
Дэл Виллар асуултынхаа агуулгыг өөрчлөн, 1987 онд Дээрхийн гэгээнийг “Энх тайвны таван зарчим”-ыг зарласан тухай дурдаад, тэрхүү санаачилга өнөөдөр ямархуу шатанд яву байгааг лавлахад Дээрхийн гэгээн “Энх тайвны бүс нь урт хугацааны санаа байсан юм. Харин одоо бидэнд хэрэгтэй зүйл бол төвөд хэл, соёлыг хэвээр хадгалах явдал бөгөөд энэ нь Наландагийн буддын уламжлалын ойлголтыг тайлбарлах хамгийн сайн хэрэгсэл хэвээр үлдэх юм. Экологи ч мөн нэн чухал. Бид яриа хэлэлцээрийг нээсэн боловч хатуу байр суурьтай хэсэг нь үүнийг зогсоочихсон. Ши Жиньпин илүү бодит байдлыг хардаг удирдагч шиг санагддаг бөгөөд авлигатай тэмцэх ажилд гүнзгий анхаарч буй түүний энэхүү зоригтой үйлдлийг ихэд биширч байна”.
2011 онд улс төрийн үүргээсээ чөлөөлөгдөхөд Төвөдийн ард түмэн ямар хариу үйлдэл үзүүлж байсныг асуухад “Ерөнхийд нь авч үзвэл тэд надад ихэд итгэдэг. Тиймээс намайг яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгосон билээ. Төвөдийн зарим шашны уламжлалт тогтолцоонууд нь өнгөрсөн үеийн феодалын системтэй холбоотой хэвээр байна. Эдгээрийг шинэчлэх цаг үе ирсэн. Мөн Далай лам нар шашин төрийг хослон удирдах үүргийг хашдаг уламжлал бол орчин үеийн нөхцөл байдалд тохирохоо больсон хуучин тогтолцоо юм шүү дээ”.
Хятадад юу юу өөрчлөгдөж болох талаар тэрбээр “1,3 тэрбум хятад хүн бүр найдвартай үнэн мэдээлэл авах эрхтэй бөгөөд хяналт, цензур бол тун буруу. Гадаадад суралцаж буй оюутнууд бодит байдлыг судалж, тэрхүү мэдээллээ гэрийнхэндээ түгээдэг. Мэдээллийн хяналт, цензурыг зогсоох ёстой. Хятадын шүүхийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь нэн чухал. Ши Жиньпин энэ талаар ярьж байсан ч тогтолцоондоо хатуу байр суурийг баримталдаг хэсэг бодит байдлыг үл тоомсорлосон хэвээр л байна. Энэ хооронд түүнтэй тогтмол уулзахаар ирдэг хятадын буддистууд өөрсдийг нь залбиралдаа багтааж байхыг чин сэтгэлээсээ хүсдэг юм”.
Сэтгүүлч Далай ламаас зарим хувийн асуултыг асууж, ярилцалгаа төгсгөжээ. Дээрхийн гэгээнээс хэрвээ түүнийг шашны сургалтад хамрагдаж байгаагүй сэн бол юу судлах байсныг асуухад тэрбээр эргэлзэлгүй “Шинжлэх ухаан” хэмээн хариулсан билээ. Тэрбээр өнгөрсөнд цагны хөдөлгөөн зэргийг задлах хоббитой байсан ч одоо зав л гарвал шашны судар уншиж, өмнө судалснаа сэргээхийг илүүд үздэгээ илэрхийлэв. Биширч хүндэлдэг хүнийх нь талаар асуухад “Хүн төрөлхтнийг...” хэмээн хариулаад, “Хэрэв та бурханд итгэдэг бол бурхны хамгийн агуу бэлэг бол хүний тархи гэдгийг мэдвэл зохилтой. Гэхдээ хамгийн чухал зүйл бол түүнийгээ зөв ашиглаж сурах явдал юм”.
Хамгийн сүүлд түүний хамгийн дуртай зүйлийг нь асуухад “Ярих... Түүн дундаа хүний үнэт зүйлсийн тухай ярих... Би ам нээх болгондоо л хүний үнэт зүйлс, шинжлэх ухаан, буддын гүн ухааны тухай ярьдаг юм”.
Тэгвэл хүний үнэт зүйлсийн хамгийн чухал нь юу болохыг асуухад тэрбээр эргэлзэлгүй “Бусдын төлөө санаа тавих юм шүү дээ” хэмээн хариулжээ.
Маргааш өглөө Дээрхийн гэгээн Даллас хотоос Лос Анжеласын зүг хөдөлж, тэнд 5 хонох билээ.










