Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин- Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам маани хөгжөөх үйлд оролцохоор Зүглэгхан дуганд морилов. Энэ нь Төвөдийн цаг тооллын дөрөвдүгээр буюу Бурхан багшийн Их дүйчэн сарын эхний өдрүүдэд тогтмол зохион байгуулдаг хурал юм. Уг сүмд Төвөд, Хималайн бүс нутгийн лам хувраг, сүсэгтэн олон цугларч, маанийг олон сая удаа урин уншдаг уламжлалтай.

Дээрхийн гэгээн бээр Намжал хийдийн хамба, ловон нарын хамт залрав. Тэрбээр Шагжамүни бурхны сэрэг дүр, Жанрайсиг бурхны зандан модоор урласан дүрийн өөдөөс харан суудалдаа заларчээ. Зандан модоор бүтээсэн V Далай лам бээр Жанрайсигийн бүтээл бясалгал хийхдээ гурван алдартай шүтээнийг залсны нэг нь энэхүү зандан модоор бүтээсэн Жанрайсиг бурхны дүр юм. Уг даяан бясалгалынхаа үеэр Дээрхийн гэгээн бээр Соронзонгомбо хааныг зандан бурхны зүрхэн тус тодрохыг үзсэн гэх домог бий.
Маани урин унших үйлд оролцсоныхоо дараа Дээрхийн гэгээн чуулсан сүсэгтэн олонд хандаж товч айлдвар хэлэв.

Өнөөдөр нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс энэрэн нигүүлсэхүйн гуу сан Жанрайсиг бурхны зургаан үсэгт Ум ман и бад мэ хум тарнийг урин уншихаар цуглажээ. Жанрайсиг бурхан нь Төвөд орныг сахигч шүтээн юм. Лам хувраг, энгийн сүсэгтэн хэн ч боловч энэ тарнийг амархан уншиж чадна.
Миний зүүдэнд мянган мутарт Жанрайсиг тодхон үзэгддэг. Зургаан үсэгт эл тарнийг унших нь ихээхэн ач тустай ч хамгийн чухал нь амин хувиа үл хичээх бодь сэтгэлийг бясалгаж, хоосон чанарын гүнд нэвтрэхийг хичээх явдал юм. Чингэвэл Жанрайсиг бурхны тааллыг үнэнхүү баясгах болно. Бодь сэтгэл, хоосон чанарын талаар юу ч бодохгүйгээр уг тарнийг зүгээр л тоть шиг хий хоосон уншвал бурхны тааллыг баясгахгүй юм.
Арьяабал буюу Жанрайсиг бурхан Төвөд, Хималайн бүс нутгийн ард түмэнд урам зориг төрүүлэх, зоригжуулах онцгой тангарагтай. Хэрэв та бодь сэтгэл, хоосон чанарыг ухаарахыг чин сэтгэлээсээ хүсэн хичээх аваас хэдэн сар, жилийн дараа таны бясалгал бүтээл сайжирч байгаа нь мэдрэгдэн. Эдгээр зарчмыг би өөрөө баримталж, ач тусыг нь хүртсэн.

"Эрхэм номын анд нөхөд өө, та бүхэн бодь сэтгэл, хоосон чанарын гүн ухагдахууны талаар хичээнгүйлэн бясалгаарай. Өглөө бүр сэрмэгцээ ийн бясалгаж заншвал ач тусыг нь мэдэрнэ" хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Дараа Дээрхийн гэгээн Зонкар Чодэ хийдийн хүсэлтээр өөрөө зохиосон “Зандан зуу Жанрайсиг бурхны залбирал”-ыг уншлаа. Энэхүү Зонкар Чодэ хийд нь Соронзонгомбо хааны үед байгуулагдсан Кийрон дахь Пагва зуугийн сүмийн шавь нарыг бэлтгэх үүргийг V Далай ламын зарлигаар хүлээж байжээ. Дээрхийн гэгээн эл ерөөлийг уншаад, дараахыг айлдлаа.

"Бүхий л гэгээрсэн бурхад бясалгалын ижил түвшинд буюу нэгэн зиндаанд оршдог нь мэдээж. Гэхдээ Жанрайсиг бурхан нь Төвөд, Гималайн бүс нутагтай онцгой барилдлагатай агаад энэ орон газрын хүмүүсийг болгоож байдаг. Энэ талаар дөрөвдүгээр бадагт дурдсан байдаг" хэмээн Дээрхийн гэгээн айлдав. Ерөөлийн дөрөвдүгээр бадаг:
Цастын орны хүн зон яг одоо Танд мөргөн
Цаглашгүй Танд чин бишрэлт сэтгэлээр залбирваас
Эдэлж буй зовлонгоос минь
Энэрлийн мутраараа татан гаргаж соёрх оо.
Уг залбирал "Далай мэт сайн үйл зүг бүхэнд дэлгэрэх болтугай" хэмээх үгээр төгссөн бөгөөд Дээрхийн гэгээн энэ өгүүлбэрийг гурван удаа давтлаа.
“Нэг талаасаа, төвөдүүд бид эх орноосоо дүрвэн амьдарч байна. Харин нөгөө талаас нь харвал, буддын шашин дэлхий даяар урьд өмнө байгаагүйгээр түгэн дэлгэрч байгаа нь Жанрайсиг бурхны адистид юм. Төвөд, Хималайн хүн ард Жанрайсиг бурханд үнэн сүсэглэдэг нь маш тодорхой. Би багаасаа Ум ман и бад мэ хум хэмээх Жанрайсиг бурхны зүрхэн тарни, Ум ара база на ди хэмээх Манзушир бурхны тарнийг уншиж ирсэн. Би Манзушир, Жанрайсиг бурханд сайн хувийг адислан, ивгээж байхыг тасралтгүй хүсэн залбирдаг” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.

“Өнөөдөр би лам хувраг, энгийн сүсэгтэн олон та бүгдийг шашин шүтлэгтэй эсэхээсээ үл хамааран сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байхыг, мөн хор хөнөөлтэй бодол, шунал тачаалаас зайлсхийхийг уриалж байна. Та нар үүнийг хэрэгжүүлж чадна. Энэ бол хүн бүрд хамаатай зүйл юм.
Бодь сэтгэлийг хэдий чинээ тунгаан бодож, хоосон чанарыг хэдий чинээ эргэцүүлнэ төдий чинээ Жанрайсиг бурхны таалал баясна. Харин нөгөө талаас, бид гурван нигуур, зургаан мутарт, сүр жавхлант догшин бурхдыг дүрслэн бясалгалаа ч Жанрайсиг бурхны таалал төдийн их баясахгүй л болов уу. Бурхны тааллыг баясгах зүйл бол та бүхний зүгээс бодь сэтгэл, хоосон чанарыг ухаарахын төлөө чадах бүхнээ хийх явдал юм. Хэрэв та энэрэнгүй сэтгэлтэй байж, бусдад тусалбал сая бурхан бээр баясан танд адистидаа хайрлах нь гарцаагүй.
Надад “Далай лам” хэмээх алдрыг соёрхсон тул би бээр Жанрайсиг бурхны горил хүслийг биелүүлэхийг хичээдэг билээ. Жанрайсиг бурхантай бид төрөл тутамдаа үргэлжлэх барилдлагатай юм. Тиймээс би бодь сэтгэл, хоосон чанарыг ухаарах билиг ухааныг хөгжүүлэхийг, үүнийгээ мөн номын анд нөхдөдөө зааж сургахыг хичээдэг. Үүнээс гадна би дэлхий дахины хүн ардад шашин шүтдэг ч бай, үгүй ч бай энэрэнгүй, нигүүлсэнгүй байхыг ухуулдаг билээ. Өнөө цагт өмнө нь буддын шашныг сонирхож байгаагүй хүмүүс ч гэсэн бусдыг гэх сэтгэлийг үүсгэж, энэрэл нигүүлслийг бясалгаж байна. Энэ бүхэн Жанрайсиг бурхны адис ивгээл бөгөөд би цаашид ч үүний төлөө хичээсээр байх болно."

“Буддын шашин бол зөвхөн итгэл үнэмшилд дулдуйддаг шашин биш, учир шалтгааны үүднээс бодож тунгаахыг сургадгаараа онцлог юм. Тиймээс би сэтгэлийн амар амгаланг эрж хайж буй төвөд, бусад үндэстэн хүмүүсийг ивээлдээ багтаахыг Жанрайсиг бурхнаас хүсэн залбирдаг билээ. Энэ дэлхий дээр хэдэн тэрбум хүн амьдарч буйн дээр тэд шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран халуун дулаан сэтгэлтэй байхыг хичээдэг. Жанрайсиг бурхнаас хамаг амьтныг ивгээхийг хүсэн залбиръя.
Миний хэлэх зүйл үүгээр дууслаа. Та бүхэн энэ айлдварын үрээр үргэлж аз жаргалтай, амар амгалан байх болтугай" Дээрхийн гэгээн Далай лам гүн хүндэтгэлтэйгээр айлдвараа төгсгөлөө.
Орчуулсан Б.Ганчимэг










