2013 оны 4-р сарын 14, Фрибург, Швейцар - Дээрхийн гэгээн Далай ламын буусан зочид буудлын гадаах Морат нуурын мандал дээгүүр тусах өглөөний нарны туяа эргийн дагуу ургасан моддын дөнгөж нахиалж буй навчисыг дулаанаар илбэх нь түүний Цагаан Дарь эхийн авшиг хүртээх энэ өдөр хавар ирснийг илтгэнэ.
Тэрээр бэлтгэл ажлаа эрт эхлүүлэхээр Фрейбургийн форум руу хөдөлжээ. Бэлтгэлээ дуусгаад, өчигдөр зогсоосон номынхоо хэсгийг үргэлжлүүлэх гэж байтал, хүмүүс ирсээр байгааг хараад сэдвээ өөрчлөхөөр шийджээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Фрейбургийн форумд ном айлдахынхаа өмнө Цагаан Дарь эхийн авшиг хүртээх бэлтгэлээ хангаж буй нь … 2013 оны 4 сарын 14, Фрейбург, Швейцарь Зургийг: Мануэл Бауер |
“Хэдэн жилийн өмнө Энэтхэгийн Амритсар хотноо болсон шашин хоорондын уулзалт дээр нэгэн суфийн багш бүх шашны уламжлалыг тодорхойлдог дараах гурван үндсэн асуудлыг дэвшүүлжээ: "Би" гэж юу вэ? Энэ нь эхлэлтэй юу? Энэ нь төгсгөлтэй юу?
"Би гэж юу вэ?" гэсэн асуултын хувьд буддын сургаал бусад шашны үзлээс ялгаатай. Өөр шашнууд хүний дотор өөрчлөгддөггүй, үнэмлэхүй "сүнс" оршин байдаг гэж үздэг бол Будда энэ сүнс нь биеийн үхлээс үл хамааран мөнх орших чанартай, "Би" гэсэн ойлголт бол хуурмаг оюун ухаан юм гэж айлдсан байдаг.
Бид өөрсдийгөө бүрдүүлж буй бие - сэтгэлийн таван цогцыг удирдах тусдаа "Би" гэж нэг зүйл байдаг гэж боддог. Харин Будда тийм зүйл огт байхгүй хэмээн үздэг. Бурхан багш энэ үзлээ тайлбарлахдаа тэрэгтэй зүйрлэсэн. Тэрэг нь түүнийг бүрдүүлэгч хэсгүүдийн үндсэн дээр бүтээгддэгтэй адилаар "Би" гэдэг ойлголт нь биднийг бүрдүүлж буй таван цогцын нэгдэл дээр бүрддэг байна.
"Би" буюу өөрийн оршихуйд эхлэл гэж бий юу гэдэг асуултад бүтээгч бурханд итгэгчид буюу тэистүүд "Би" нь бурхны бүтээлийн үеэр бий болсон тул эхлэлтэй гэж үздэг. Харин буддистууд бүтээгч бурхан гэж байдаггүй гэж үздэг бөгөөд "Би" гэдэг нь таван цогцод тулгуурлан нэрлэгддэг тул, буддистууд ухамсарт оюун санаанд эхлэл байгаа юу гэж судлах шаардлагатай гэж үздэг. Буддын сургаал аливаа зүйл үүсэхийн тулд түүнд тохирох шалтгаан болох нэн даруй өмнөх нөхцөл зайлшгүй шаардлагатай гэж үздэг учраас ухамсар эхлэлгүй. Ухамсарт тулгуурлан нэрлэгддэг "Би" нь ч мөн адилаар эхлэлгүй юм.
“Би” төгсгөлтэй юу?" (Has self an end?) гэсэн асуулт нь өмнөх болон хойд төрлүүдтэй холбогддог. "Сэтгэлд эхлэл үгүй тул бид урд насны тухай ярьдаг. Ирээдүйн тухайд, бүтээгч бурханд итгэгчид диваажин болон тамын тухай ярьдаг боловч энэ талаар нарийвчилсан дүн шинжилгээ, нотолгоог толилуулдаггүй. Хүн төрөлхтөн бидний ухамсар тархинаас хамааралтай ч, нарийн шинжвэл үүнээс төдийлөн хамааралгүй, ухамсрын илүү нарийн түвшингүүд байдгийг олж мэднэ. Үүний нотолгоо нь эмнэл зүйн хувьд нас барсанд тооцогдох хэдий ч, нас барсны дараах бясалгалын төлөв буюу тугдамд оршсоор буй бурхны шашны бясалгагчдын жишээнээс харагддаг. Дээрхийн гэгээнтэн саяхан Төвөдөд болсон нэгэн тохиолдлын талаар болон Төвөдийн дүрвэгсдийн дунд бүртгэгдсэн 20 гаруй ийм тохиолдлын тухай дурдаж, энэ дундаа өөрийн ахлах ёнзон Лин ринбүчи, Гандангийн 100 дахь ширээт нарыг онцлон ярьсан юм. Энэ үзэгдэлд шинжлэх ухаан өнөөг хэр тайлбар өгч чадахгүй байгаа тул, зүрх цохилохоо больсон хэдий ч нарийн ухамсар тэндээ үлдсэнээр бие цогцос шинэ хэвээр байдаг гэсэн бурхны шашны тайлбарыг бид хүлээн зөвшөөрч болох юм. Иймд ухамсарт ч, түүнтэй холбоотой би-д ч эхлэл, төгсгөл гэж үгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно.
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Фрейбургийн форумд ном айлдах үеэрээ … 2013 оны 4 сарын 14, Фрейбург, Швейцарь Зургийг: Мануэл Бауер |
"Бодь мөрийн зул” номонд зөвхөн дээд төрөл олохыг эрмэлздэг хүнийг доод төрөлтөн (бага хувьтан) хэмээжээ. Дээд гурван суртахуун болон Бодь сэтгэлийн 37 мөрдлөгийг судалж, гэтэлгэлийг эрхэмлэн буй хүмүүс дунд хувьтан болно. Бусдын тусын тулд гэгээрэлд хүрэхийг хүсэх үед та их хувьтан болно. Дээрхийн гэгээн бид Буддын сургаалийн дагуу Бодь сэтгэлийг хөгжүүлэхдээ долоон шалтгаан, үр дагаврын арга болон өөрийг бусадтай солих аргыг хослуулах нь зүйтэй хэмээн айлдсан байдаг. Энэхүү сургаалд Буддын шашинд итгэх, сүслэх, дагах сэдэл, амлалт авах ёсон болон Бодь сэтгэл, Бодьсадвын сахил авах арга зам, түүнчлэн зургаан Барамид буюу өглөг, ёс суртахуун, тэвчээр, хичээл зүтгэл, бясалгал, билэг билгүүн зэрэг үйлдлүүдийн талаар хэлэлцдэг."
Тэрээр бид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ямар ч зүйлийг ашиглаж болох хэдий ч бидэн шиг анх суралцаж буй хүмүүст амьсгалыг төвлөрлийн гол цэгээ болгох нь хэрэгтэй, бас тохиромжтой гэж тайлбарласан. Бид Тай, Бирмийн уламжлалд хийдэгтэй адилаар амьсгалаа авах, гаргахыг ажиглаж болно. Эрсдэлт сэтгэл хөдлөлүүдийн эсрэг ерөндөг нь хоосон чанарыг ойлгох билэг ухаан бөгөөд энэ нь юмсыг байгаагаар нь харах явдал юм. Төв үзлийн нотолгоо ёсоор, юмс үзэгдэл шалтгаан ба нөхцөлөөс үүсдэг учраас бие даасан мөн чанаргүй. Харин тэдгээрийг харилцан хамааралтайгаар тодорхойлдог. Номын төгсгөлд Дээрхийн гэгээн Нууц тарнийн ёсонд төвлөрөл буюу самади, гүн ухааныг хамтдаа олох арга техникийн талаар онцолсон.
Тэрээр удахгүй хүртээх гэж буй Цагаан Дарь эхийн авшиг нь нууц тарнид хамаардаг гэдгийг хэлээд нууц гэдэг нь Будда үүнийг олон нийтэд ил тод заагаагүй, харин зөвхөн мандалын эзэн болон хувирсан цөөн тооны сонгомол шавь нарт л заасан гэсэн утгатай. Үүний адилаар тантрыг ч мөн нууцаар бясалгах ёстой аж. Ядамын бясалгал нь хоосон чанарыг ойлгохын тул хийдэг бясалгал бөгөөд үүнтэй хамааралтай бэлгэдлийн утгыг ухамсарлах, оюун санаа болон хоосон чанарын талаарх ойлголтоо ашиглах ёстой. Тарни гэдэг үг нь оюун ухааныг хамгаалахыг хэлдэг. Энэ нь оюун ухааныг энгийн үзэгдлүүд, тэдэнд зууралдахаас хамгаалах гэсэн утгатай юм. Тантра нь Будда болох замд үтэр хүргэх зам тул түүнийг уналга гэж нэрлэдэг бөгөөд "нууц тарнийн очир уналга" хэмээгддэг байна.
Дээрхийн гэгээн үргэлжлүүлээд тавдугаар Далай ламын сургаал номоос авсан Цагаан Дарь эхийн авшигийг хүртээлээ.
|
| Зураг. Фрейбургийн форумд Дээрхийн гэгээн Далай ламын "Шашны ёс зүй" сэдвээр олон нийтэд илтгэл тавихын өмнө Төвөдийн дуучид, хөгжимчид үзүүлбэр үзүүлж буй нь. … 2013 оны 4 сарын 14, Фрейбург, Швейцарь Зургийг: Мануэл Бауер |
Дээрхийн гэгээн ихэвчлэн шашнаас ангид ёс зүйг гурван үндсэн зүйлд төвлөрөн тайлбарладаг агаад эхнийх нь бидэнд байдаг нийтлэг тохиол гэдгийг хэллээ. Бид бүгд эхийн хэвлийгээс төрдөг бөгөөд ихэнх нь ээжийнхээ халамжинд өсөж торнидог.
Түүний хэлсэн хоёр дахь гол зүйл бол хүмүүс бид бусдын төлөө санаа тавих сэтгэлээ хөгжүүлэх боломжтой явдал юм. Бид хэчнээн хүчтэй, хэчнээн боловсролтой байсан ч бусдын тусламжгүй оршин тогтнох боломжгүй тул тэдний эрх ашгийг яахан үл тоомсорлож болох билээ? Дулаан сэтгэл болон бусдын төлөөх жинхэнэ санаа тавих сэтгэлийг хөгжүүлснээр бид нөхөрлөлийг бий болгодог. Энэхүү нөхөрлөлийн үндсэн дээр бид үнэнч, ил тод байж чадах бөгөөд энэ нь эргээд итгэл үнэмшлийн эх сурвалж болдог.
Гурав дахь гол зүйл нь шинжлэх ухааны ололт, нээлтүүд юм. Орчин үеийн эрдэмтэд ихэвчлэн асуудал болон хэмжиж болох зүйлд анхаарал хандуулдаг. Гэвч өнөөдөр илүү олон эрдэмтэн сэтгэл оюун, сэтгэл хөдлөлийг ихэд сонирхож, эрүүл сэтгэл оюун нь биеийн эрүүл мэндийг дэмждэг гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Дээрхийн гэгээн "Бид шашнаас ангид ёс зүйг хэрхэн дэмжин хөгжүүлэх вэ? Боловсролоор дамжуулж шүү дээ, харин түүний тулд бидэнд сэтгэл оюуны зураг хэрэгтэй. Миний хэлсэн зүйлсийг бодож үзээрэй та бүхэн минь” гэлээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн Засаг Захиргааны тэргүүн Сикионг Др Лувсан Сангэйгийн хамт Фрейбургийн Форумд Төвөдийн олон нийтэд хандан үг хэлж байгаа нь … 2013 оны 4 сарын 14, Фрейбург, Швейцарь Зургийг: Мануэл Бауер |
Үдээс хойш Дээрхийн гэгээн Швейцарьт оршин суугаа төвөдүүдтэй уулзах үед 8000 хүний багтаамжтай танхим дахиад л дүүрэн байлаа.
Төвөдийн засаг захиргааны төвийн тэргүүн Др. Лувсан Сангэйг дагуулан ирэхэд төвөд хөгжмийн шинэ залуу хамтлаг түүнийг тайзан дээр угтан авчээ. Бүгд Төвөдийн төрийн дууллыг дуулахад босож зогссон бөгөөд төлөөлөгч товч илтгэл тавьсан юм. Үүний дараа хүүхдүүд эх орны тухай дууг намуухан дуулсны дараа Дээрхийн гэгээн тэдэнд хандсан үгээ эхэллээ.
“Швейцарь улсад суурьшсан лам хуврагууд, залуус, ахмадууд, Төвөдүүд ээ, би та бүхэнтэй уулзаж, ном айлдахаар энд түр хугацаагаар ирээд байна.”
Тэрээр төвөдүүд VII, VIII, IX зууны үед Төвөдийн хаад бүх Төвөдийг захирч байх үеийн сүнс, уламжлалыг амьдаар хадгалж ирснийг хэлсэн. Тэд Наландагийн буддын шашны уламжлалыг болон түүнийг илэрхийлэх хамгийн сайн хэрэгсэл болох төвөд хэлийг мөн хадгалж үлджээ. Төвөд үндэстэн, соёлын үүслийн хувьд гэвэл анхны төвөдүүдийн он цагийн археологийн тооцоолол 4000 жилийн өмнөхөөс 10,000 жилийн өмнөх хооронд хэлбэлздэгийг мөн дурдлаа. Далай лам цааш нь Харвардад танилцсан нэгэн хятад археологичтой уулзах үед Хятадын засгийн газрын мэдээллээс ялгаатай нь, түүний судалгаагаар төвөдүүд Хятадын өөр газраас ирээгүй, харин Төвөдийн өндөрлөг дээр өөрсдөө үүсэж хөгжсөнийг тогтоосон гэж хэлсэнийг нь эргэн дурслаа.
Тэрээр өөрийг нь сонсож буй хүмүүст хандан буддын шашин зөвхөн залбирал, зан үйлээс гадна, дотоод ертөнцийн өөрчлөлтийг бий болгохын тулд сэтгэл оюунаа ашиглах тухайтад юм гэдгийг тайлбарлалаа. Мөн тэднийг буддын шашин гэж чухам яг юу болохыг өөрийн оюунаар ойлгож, XXI зууны буддистууд болохыг уриалсан юм.
Далай Лам өөрийн тэтгэвэрт гарсан үйл явцын талаар ийн тайлбарлав; 2001 онд ардчилсан замаар удирдагчийг анх сонгох үед тэрээр хагас тэтгэвэрт гарсан. 2011 онд тэрээр бүх улс төрийн үүрэг хариуцлагыг сонгогдсон удирдлагад шилжүүлэх цаг болсон гэж шийдсэн. Мөн тэр “ Хятад улс биднийг хуучин тогтолцоог сэргээх гэж оролдож байна гэж буруутгасан. Харин бид ардчиллыг дагаж байгаа бол тэд ардчиллыг дагахгүй байна." гэлээ.
|
| Зураг. Фрейбургийн Форумын үеэр Дээрхийн гэгээн Далай ламтай Төвөдийн нийгэмлэгийн 8000 гаруй гишүүн уулзаж байгаа нь … 2013 оны 4 сарын 14, Фрейбург, Швейцарь Зургийг: Мануэл Бауер |
“Дунд замын бодлого” хэрхэн үүссэн тухай тайлбарлахдаа, Төвөд 1965 онд НҮБ-д гурван удаа хандсан ч тусламж авч чадаагүй. Ингээд Хятадтай яриа хэлэлцээ хийх нь цорын ганц сонголт гэж үзсэний үндсэн дээр“Дунд замын бодлого”-ыг 1974 оноос аажмаар хөгжүүлж эхэлсэн бөгөөд үүнээс хойш Хятадын тал хэд хэдэн удаа хариу өгөх санаачилга гаргаж байжээ. Тэрээр энэ бодлого нь хүчирхийлэлгүй байх зарчимд тулгуурладаг гэдгийг онцолсон. Гэхдээ төвөдүүд өөрсдийгөө Хятадын харьяанд оруулж тооцдоггүй гэдгээ 1954 онд л тодорхой мэдэгдэж байсныг тэрээр мөн онцлон тэмдэглэжээ.
Дээрхийн гэгээн Далай лам цугларсан төвөдүүдэд Төвөдийн засаг захиргааны тэргүүн эдгээр чухал асуудлын талаар цаашид дэлгэрүүлэн ярих бизээ гэж хэлээд олон жилийн өмнө Швейцарьт анх ирсэн 1000 орчим төвөд хүмүүс цэвэр ариун, үнэнч сэтгэгдэл төрүүлж байсныг дурсаад, өнөөдөр энд амьдарч буй хүмүүсийг нэр төр болон сайн нэр хүндээ үргэлж хадгалан авч явахыг захилаа.










