Энэтхэг, Жамму Кашмир, Ладак, Лех – Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Самстанлин хийдээс мордох үед ургах наран алс холын уулын оройд, үүлсийн доогуур тусон гийгүүлж байлаа. Хийдийн өндөр настай лам хуврагуудаас эхлээд бага балчир ламхай нар бүгд түүнийг үдэн гаргахаар цугласан байв. Нутгийн иргэд урд орой нь хийдээс төв зам хүртэлх жимийг шүүрдэн цэвэрлэж, тоос босохоос сэргийлэн ус цацсан байжээ. Өнөөдөр тэдний олонх нь гартаа хүж, хадаг, цэцгийн баглаа (зарим нь шинэхэн, зарим нь тод өнгөтэй хиймэл цэцэгс) барин замын хажуугаар жагссан байв. Ихэнх нь Ладакийн үндэсний дээл хувцсаа өмсчээ. Амсарт нь дээж болгон цөцгийн тос түрхээд, дүүрэн сүүтэй аяга барьсан эмэгтэйчүүд хаа нэг харагдана.

Дээрхийн гэгээний аяллын цуваа Хардунг Ла даваа өөд эзгүй замаар хурдлан давхилаа. Даваан дээр гарахын өмнөхөн, Бурхан багшийн цагаан сэрэг дүр босгосон газарт цуваа замаас гарч түр амсхийв. Тиксэй ринбүүчийн зохион байгуулснаар Дээрхийн гэгээн болон түүний дагалдан яваа хүмүүст цай, хөнгөн зуушаар үйлчиллээ. Дээрхийн гэгээн өөрийг нь харахаар цугласан нутгийн иргэдэд хандан цөөн хором сургаал айлдахдаа, сайхан сэтгэлийг төлөвшүүлэх нь хичнээн чухал болохыг онцлон захив. Тэрээр тэдэнд Жанрайсиг болон Дарь эх бурханы зүрхэн тарнийн лун хайрлав. Аян замдаа гарахын өмнө Дээрхийн Гэгээн ойролцоо эх авдаг Шёок голын эх ундаргыг адислаж өгөөч гэсэн хүсэлтийг болгоож, ёсоор болгосон юм.
Даваан дээр цуваа дахин зогсож, Дээрхийн гэгээн жуулчдад зориулан байгуулсан, дэлхийн хамгийн өндөр авто замын даваа болох 5,359 метрийн өндөрт байрлах эмнэлгийн байгууламжийг адислах урилгыг хүлээн авав. Энд ч бас хүмүүс түүний гэгээн дүрийг харахаар олноороо цугласан байв. Хайлсан мөс, чулуу, шавар нь хөрсний гулгалт үүсгэдэг тул давааны хоёр талын замыг нээлттэй байлгахын тулд байнгын арчилгаа шаардлагатай байдаг аж. Зам засварын ажилчид Дээрхийн гэгээнийг явж өнгөрөхөд гар даллан мэндчилж байлаа. Уул уруудах замд хүмүүс Дээрхийн гэгээнийг угтан авахаар бэлтгэл базаасан байсан тул дахин нэг удаа төлөвлөөгүй хэдий ч зогсож цайлав.

Даваан дээрээс Лех хот алсад харагдах бөгөөд уруудах тусам Шанти суварга улам тод харагдаж байлаа. Дээрхийн гэгээний цувааг хот руу орж ирэхэд хөгшин залуугүй, орон нутгийн иргэд болон гадаадын жуулчид гээд бүх нийтээрээ түүнийг угтан авахаар гарч ирсэн мэт байв. Түүнийг явж өнгөрөхөд харц тулгарсан сүсэгтнүүд баярлалдан тэврэлдэж байгаа нь харагдана.
Дээрхийн гэгээн үдийн зоогийн цагаар сэрүүхэн, амар амгалангийн орон Шивацэл ордондоо морилон ирлээ. Маргааш өглөө эрт тэрээр Занскар руу дөрвөн өдрийн айлчлал хийхээр мордоно.










