Австрали, Мельбурн. 2007 оны 6 дугаар сарын 10. (The Age, Габриелла Кословичи) – “Род Лэйвер Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд ихэвчлэн цохиур бөмбөгний тас няс хийх дуу, үзэгч олны алга ташилт, теннисний "супер-хүүхдүүдийн" дуу хадаж байдаг билээ.
Өчигдөр төв талбайд огт өөр дуу чимээ цуурайтлаа. Энэ бол лам нарын гүн, цуурайтсан уншлага, хонх дамрын дуу, Дээрхийн гэгээн XIV Далай ламын өөрийнх нь нэрийн хуудас болсон инээмсэглэл байлаа.
Далай ламын Мельбурн дэх айлчлалын сүүлийн өдрийн айлдварыг сонсохоор 4000 орчим хүн цэнгэлдэх хүрээлэнд хөл гишгэх зайгүй цугласан байлаа. Өнөө өглөө нарлаг, сэрүүхэн бөгөөд агаарын хэм 6 градус байхад хүмүүс эртлэн Свон гудамжаар алхсаар ирсэн байв.
Төв талбайн дээврийг хааснаар тайван, өнгө алагласан буддын сүм болон хувирчээ. Тайзны ард бурхад, бодьсадва нарын зургаар чимэглэсэн улаан хүрэн хөшиг татжээ. Тансаг торгоор чимэглэсэн өндөр сэнтийд Дээрхийн гэгээн заларч, баруун талд нь уламжлалт шаргал өмсгөлтэй лам нар, зүүн талд нь гэлэнгүүд суужээ.
Энэ өглөө сургаал айлдах, ерөөл, авшиг хүртээх, өөрийгөө бурхан хэмээн төсөөлөн бясалгах, тарни унших зэрэг үйл боллоо.
Далай лам уур амьсгал хэт нухацтай, албархуу болох үед хошигнож, хөнгөн байлгахдаа гаргуун. Урт тарни уншсаны дараа тэрээр олонд хандан "Санскрит хэлээр уншдаг энэ тарнийн утгыг би ойлгодоггүй л дээ" гэж хошигнов.
Цугласан олон ганц амьсгаагаар "ди" үеийг 100 удаа уншихад (ой тогтоолтыг сэргээх зорилгоор) тэрбээр: "Мэдээж амьсгал богино авдаг хүмүүст заримдаа хэцүү байдаг, гэхдээ дадлагажаад ирнэ дээ. Санаа зовох хэрэггүй" гэж зөвлөлөө.
Дараа нь энэрэл нигүүлсэл, хувиа хичээхгүй байхын ач холбогдлын талаар айлдлаа. Аз жаргал нь бусдын сайн сайхны төлөө санаа тавихаас үүддэг бол, зовлон нь хувиа хичээсэн хандлагаас бий болдог гэлээ. Иймд ухаалгаар хувиа хичээх хэрэгтэй. Оюун ухааныхаа тусламжтайгаар ухаалгаар хувиа хичээж болно гэв.
Далай ламын хамгийн эхэнд төвөд хэлээр уншсан залбирлыг өнөөдрийн айлдварт ирсэн 250 австрали, төвөдүүдэд зориулагдсан байв. Төвөд гаралтай Кесанг Вангмогийн хувьд энэ өдөр "диваажин дэлхий дээр буусан" мэт байлаа хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Тэрээр өглөөний 5 цагт босож, бат оршлын үеэр өргөх өргөлд зориулж бэлтгэсэн бэрээсийг чанахад тусалж, хүмүүст түгээсэн байна.
Кесанг 1959 онд гэр бүл нь Төвөдөөс дүрвэж, Энэтхэгт орогнол хайх үеэр дөнгөж төрөөд байжээ.
Тэрээр 18 жилийн өмнө Австралид цагаачилж, өнгөрсөн жил гэр бүлийнхэнтэйгээ хамт Далай ламын номын айлдварыг сонсохоор Энэтхэгт очсон боловч хэт олон хүн цугласан байсан тул ойроос харж чадаагүй байна. “Энэ удаа төвөдүүд азтай байлаа” гэв.










