АНУ, Калифорни, Анахайм. 2015 оны 7 дугаар сарын 4 - Энэ өглөө тэнгэр бүрхэг байсан ч Дээрхийн гэгээн Далай лам, түүний хуучны найз Пол Экман нар халуун дулаанаар уулзалдлаа. Экман охин Ив, гэргий Мэри Энн Мэйсон болон Эрик Роденбак нарын хамтаар “Сэтгэл хөдлөлийн атлас”-ыг бүтээж буй явцаа мэдээлэхээр иржээ.
Дээрхийн гэгээн яриаг нээж, “Бидний анхаарал энэ дэлхийн 7 тэрбум хүнд чиглэх ёстой. Тэд бүгд аз жаргалтай амьдралыг хүсдэг. Аз жаргал нь мөнгө, материаллаг зүйлсээс хамаарахгүй, шашны итгэл үнэмшилд тулгуурлахгүйгээр энэрэнгүй сэтгэл зэрэг дотоод үнэт зүйлсээс хамаардгийг ойлгуулахыг хичээж, хүн төрөлхтөнд хүрч чадах шашны бус хандлагыг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Би бээр энэхүү хүчин чармайлтад эрдэмтэн судлаачдыг онцгойлон үнэлдэг бөгөөд тэд зөвхөн туршлага, нотлох баримтад тулгуурладаг билээ. Шашны бус үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх бидний энэ ажил нь эцэг эхийнхээ хайр халамжид өссөн нийтлэг туршлага, уур бухимдалдаа амархан автдаг хүмүүс аз жаргалгүй байдгийг ажиглах мөн энэрэнгүй сэтгэл тэргүүт дотоод үнэт зүйлсийн үнэ цэнийг харуулдаг шинжлэх ухааны олон нээлтэд үндэслэх ёстой. Та энэ ажлыг ганцаараа эхлүүлсэн байж болох ч үргэлжлүүлэн судалж буй хүн олон болжээ”.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Пол Экманы хамтаар уулзалтын танхим руу явж буй нь... АНУ, Калифорни, Анахайм. 2015 оны 7 дугаар сарын 4. Зургийг Сонам Жоксанг. |
Экман, “Та надад, бидэнд сэтгэл хөдлөлийн атлас хэрэгтэй гэж хэлсний дараа би сэтгэл хөдлөлийг судалдаг 250 эрдэмтний ажлыг үзсэн юм. Бид үндсэн 5 төрлийн сэтгэл хөдлөл болох баяр хөөр, уур хилэн, айдас, гуниг, жигшил зэвүүцлийг судаллаа. Энэ 5 сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг, бидэнд хэрхэн тусалж бас хэрхэн хүндрэл учруулдгийг харуулахыг хүсэж байна” хэмээсэн юм.
Тэрээр компьютерын загвар хэлбэрээр харагдах энэхүү атласт сэтгэл хөдлөлийг англи хэлээр тодорхойлдог шиг таньж тодорхойлсноо тайлбарлав. Англи хэлээр орчуулагдаагүй “schadenfreude” (дургүй хүнийхээ зовлонд баярлах) болон “naches” (хүүхдээрээ бахархах эцэг эхийн баяр хөөр хэмээх утгатай идиш хэлний үг) зэрэг сэтгэл хөдлөлийн нэр томьёолол байдгийг тайлбарлав.
Түүнээс гадна хор хөнөөлт хийгээд бүтээлч сэтгэл хөдлөлийг түүнд холбогдох сэтгэл хөдлөлийн хамт тодорхойлж, ялган тайлбарлах ийм оролдлого өөр хаана ч хийгдэж байгаагүйг онцлон тайлбарлав. Дээрхийн гэгээн сэтгэл хөдлөл бүр тусдаа бий болдоггүй бөгөөд харин бусад сэтгэл хөдлөлийн хамаарлаар үүсдэг гэдэгтэй санал нийлсэн билээ.
Ив Экман атласт ашигласан цаг хугацааны хэлхээг тайлбарласан бөгөөд энэ нь үнэлгээ, сэтгэл хөдлөлийг өдөөгч болон тэдгээрт бид хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харуулав. Пол Экман сэтгэл хөдлөлийн өдөөгчийг ухамсарлах нь төрөлхийн бус, харин төлөвшүүлж болох ур чадвар болохыг тайлбарлалаа. Мөн уур уцаар, хилэнг өдөөгч нь хүний тархинд өөр хэн нэгэн юу хийхийг нь хэлж буй мэт явдал байж болохыг хэлэв. Тиймээс ур хилэнгийн оч дүрэлзэн, гал болохын өмнө үүнийг ухамсарлах ёстой. Энэхүү ухамсар нь хөгжүүлэх боломжтой зүйл аж. Дээрхийн гэгээн үүнтэй санал нийлж, Шантидэвагийн ажиглалтыг дурдаад, “Бид уур хилэнг дүрэлзэж ассаных нь дараа биш уур бухимдлын шатандаа байхад нь шийдвэрлэх хэрэгтэй” хэмээжээ.
|
| Зураг. Пол Экман, охин Ив нар сэтгэл хөдлөлийн атласаа Дээрхийн гэгээн Далай ламд танилцуулж байгаа нь... АНУ, Калифорни, Анахайм. 2015 оны 7-р сарын 4. Зургийг Жереми Расселл (ДГДТГ). |
Ив Экман Дээрхийн гэгээнд тайван байдлыг хэрхэн бий болгох, хэрхэн амар амгаланг олох хэрэгцээ байгааг хэлэв. Үүнийг машид чухал гэдгийг хүмүүс мэдэх ёстой. Пол Экман “Бидэнд тохиолдоод буй нөхцөл байдлыг өөрчлөхөд тус болох эрч хүч, тайван байдал хүн бүрд оршдог” хэмээх саналыг дэвшүүлсэн юм. Дээрхийн гэгээн бид амархан уурлах хандлагатай байж болох ч энэ сэтгэл хөдлөлтэй хэрхэн харьцах талаар суралцах боломжтой гэдэгтэй санал нийлэв.
“Бид саад бэрхшээлтэй тулгарах үед тайван байдлаа хадгалахад суралцаж болно. Бидэнд хэлэх л юм бол байр суурь, уужуу тайван байдлаа хадгалах боломжтой. Хүний оюун ухаан урт, богино хугацааны ашиг сонирхлыг үнэлэх боломжийг бидэнд олгодог бөгөөд энэ нь саад бэрхшээлийн үед чухал ач холбогдолтой билээ. Эртний Энэтхэг, буддын шашны туршлагаар амьсгалд төвлөрөх, гүнзгий амьсгал авах нь оюун санаанд амсхийх боломж олгодог. Хэдий тийм ч хэрэв маргалдаж буй талуудын аль аль нь ч завсарлахгүй бол энэ нь тийм ч тус болохгүй шүү дээ” хэмээн айлдсан юм.
Экман “Зөрчилдөөний үед нэг тал нь л завсарлага авбал хоёулаа зогсох ёстой” гэсэн хүүхэд хүмүүжүүлэхэд хэрэгтэй нэгэн чухал дүрмийг хэлсэн юм.
Илтгэл өндөрлөхөд Дээрхийн гэгээн сэтгэл хөдлөлийн газрын зургийг “Гайхалтай шинэ санаа” хэмээн магтаад, “Үнэхээр гайхалтай, оновчтой санаа байна. Бидэнд сэтгэл хөдлөлийн хор хөнөөлт, сүйтгэгч чанарыг илүү гүнзгий ойлгож, бусадтай хуваалцах боломжийг олгож байна” хэмээсэн билээ.
Пол Экман Дээрхийн гэгээнээс “Сэтгэл хөдлөлийн атлас” гэдэг санааг хаанаас авсан талаар нь асуухад тэрбээр “Шинэ газар очиход газрын зураг чигийг олоход тусалдаг. Үүний адил энэ атлас нь бүтээлч сэтгэл хөдлөл хэрхэн ашиг тустай болохыг, харин сөрөг сэтгэл хөдлөл ямархан хор хөнөөл авчирдгийг тайлбарлахад туслах болно” хэмээжээ.
Хуралдааны төгсгөлд багийн цаашдын төлөвлөгөөт ажлуудыг товч танилцуулав. Үүнд, сэтгэл хөдлөлийн атласт сэтгэл санааны яг одоогийн байдлыг тусгах, архаг хүчирхийллийн шалтгааныг судлах хүрээнд сэтгэл санаа, зан чанар, сэтгэцийн эмгэгүүдийг шинжлэх, төслийг АНУ-ын хоёр дахь хэл испани хэл рүү бүрэн орчуулах, интернэт холболтгүйгээр ашиглаж болох бие даасан хувилбар бүтээх тэргүүт томоохон ажлууд багтжээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг Rancho Las Lomas-д илтгэл тавихаас өмнө жүжигчин Форест Уитакер түүнийг танилцуулж буй нь... Силверадо, Калифорни, АНУ. 2015 оны 7-р сарын 4. Зургийг Тэнзин Чойжор. |
Дээрхийн гэгээн өдрийн зоогийн дараа “Peak Mind” төслийн урилгаар бясалгалын талаар ярилцахаар Rancho Las Lomas-ыг зорив.
Түүнийг жүжигчин, нийгмийн идэвхтэн Форест Уитакер 400 орчим сонсогчийн хамтаар угтан авчээ. Илтгэлийн өмнө зохион байгуулагчид Дээрхийн гэгээнд баярын бялуу өргөн барьж, төрсөн өдрийн дууг хамтдаа дуулсан юм. Форест Уитакер Дээрхийн гэгээнийг Мартин Лютер Кинг, Нельсон Мандела, Тереза эх тэргүүт хүн төрөлхтөн бүгд тэгш эрхтэй гэдгийг гүнзгий ойлгоход хувь нэмэр оруулсан агуу хүмүүстэй адилтган зүйрлэсэн билээ.
Дээрхийн гэгээн Далай ламыг үг хэлэхээс өмнө зохион байгуулагч Майкл Трейнер хөгжимчин Тим Файнд хандан хийлийн аялгуугаар хүндэтгэл үзүүлэхийг хүслээ.
“Эрхэм ахан дүүс минь ээ” хэмээн Дээрхийн гэгээн илтгэлээ эхлэв.
“Би бээр энд байгаадаа ихэд баяртай байна. Сүүлийн хэд хоног би том хотуудад байсан бол энд ой мод, ногоон байгууламжтай, нам гүм, их хотоос алсарсан байгаа нь байгальд ойр, амар амгаланг мэдрүүлж байна.
Хотын өндөр барилгад тав тухтай байхын тулд бид хиймэл цэцэгс, мод ашигладаг бол энд жинхэнэ амьд байгаль оршиж байна. Сайн сайхныг хүсэн, төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн та бүхэнд талархдаа. Гэхдээ би өдөр бүрийг төрсөн өдөр минь хэмээн бодох дуртай. Төрсөн өдөр бол баяр хөөр дүүрэн байх өдөр бөгөөд бидний амьдралын гол зорилго нь гагцхүү аз жаргалтай байх гэдгийг илтгэнэ. Хэрэв бид оюун ухаанаа халуун дулаан сэтгэлтэйгээ хослуулж чадвал илүү үр дүнтэй, бүтээлч байх болно.
Бид ихэвчлэн мэдрэхүйн туршлагаар дамжуулан таашаалыг эрэлхийлдэг ч нүдэнд таатай зураг, чихэнд таатай аялгуу тэргүүт мэдрэхүй нь сэтгэл хөдлөлийг өдөөж байгаа хугацаанд л үргэлжилдэг бол бидний сэтгэл зүйн туршлага бидэнтэй 24 цагийн турш хамт байдаг. Таашааж буй хөгжим минь зогсоход бидний баяр хөөр зөвхөн дурсамж болж үлддэг. Энэ гайхамшигтай тархи байгаа тулдаа бид сэтгэл зүйн туршлагадаа илүү их анхаарч байдаг билээ.
Оюунаа санаагаа амрааж тайвшруулахын тулд бид анхаарлаа төвлөрүүлэх ямар нэгэн зүйл сонгож болно. Энэ нь цэцэгс, сонирхол татахуйц санаа бодол, эсвэл бүр оюун ухаан өөрөө ч байж болно. Хэдий оюун ухаандаа тогтон бясалгах нь тун хэцүү боловч илүү үр дүнтэй, илүү ашигтай билээ. Хэрэв бид мэдрэхүйн үйл ажиллагаанаас салж сурвал хоосон оршихуйг мэдрэх агшин тохиох юм. Богинохон байж болох ч оюун ухааны тунгалаг байдлыг мэдрүүлнэ. Оюун санаа гэж чухам юу болохыг гүнзгий ойлгох амаргүй ч боломжтой зүйл юм. Гэхдээ асар их цаг хугацаа шаарддаг бөгөөд бүхнийг нэн даруй хийхийг хүсдэг орчин үеийн хүмүүст бэрхшээлтэй санагдах нь дамжиггүй юм”.
Дээрхийн гэгээн мөн “шинжлэлийн бясалгал”-ын талаар дурдав. Энэ нь “эгшин зуурын чанар” тэргүүт санааг гүнзгий тунгаан бодох бясалгал билээ.
“Энд урган буй модод улирлын явцад өөрчлөгддөгтэй адил эгшин зуурын өөрчлөлт бусад бүх зүйлд нөлөөлдөг. Үүнийг бид шалгаж, шинжилж чадна. Бид ямар нэгэн зүйлийн талаар сонсох, түүний талаар бодох замаар итгэл үнэмшил, туршлага олж авдаг. Би бээр шинжлэлийн бясалгалыг ямар ч нөхцөл байдалд үр дүнтэй гэж үздэг юм. Учир нь бидэнд тулгардаг асуудлуудын ихэнх нь бодит байдлыг ойлгож чадаагүйгээс үүдэлтэй байдаг. Задлан шинжлэх үйл нь бидэнд үүнийг засаж залруулах боломжийг олгодог”.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Rancho Las Lomas-т айлдвар айлдаж буй нь... АНУ, Калифорни муж, Силверадо. 2015 оны 7 дугаар сарын 4. Зургийг Тэнзин Чойжор. (ДГДТГ) |
“Дараа нь бусдад санаа тавих сэтгэлийг хөгжүүлэх тухай асуудал байна. Бид бүгд эцэг эхээсээ хүлээн авсан хайр халамжийг энэрэх сэтгэлийн төрөлхийн үндэс болгодог. Энэ чанарыг зөвхөн дотнын хүмүүс, найз нөхдөдөө бус дэлхийн 7 тэрбум хүнд хүргэхээр төлөвшүүлж болно. Асуудал нь бид хоёрдогч ялгаан дээр хэт төвлөрөх үед гарч ирдэг юм. Үүн дээр биш харин бид нэгэн адил хүн гэдгийг санах хэрэгтэй. Ингэж чадваас бусдыг гэсэн энэрэнгүй сэтгэлийг бэхжүүлж, хүн төрөлхтний цор ганц орон гэр болсон энэ дэлхийгээ хамгаалах боломжтой болно билээ. Бусдын төлөө санаа тавихын тухайд таван минутыг хамтдаа, нүдээ хагас анин бясалгая. Мөн санаа зовсон, сэтгэл түгшсэн үедээ эхлээд оюун санаагаа тайвшруулахын тулд амьсгал дээрээ төвлөрөн, амьсгалынхаа өргөлт, бууралтыг ажиглах нь үр дүнтэй байж болно” хэмээн зөвлөлөө.
Таван минутын дараа Дээрхийн гэгээн “Шамата” буюу амарлин оршихуйн бясалгал, “Випашяна” буюу гүн ухаарлын бясалгал нь энэтхэгийн олон уламжлалд нийтлэг байдаг хэмээгээд мөн ийм бясалгалын аргууд нь Грекийн Үнэн алдартны сүмийн алслагдсан хэсгийн лам нарын дунд ч байдаг тухай сонссоноо хэлэв.
Үзэгчдийн асуултад хариулан, хайрын тухай ярихдаа бидний мэдэрдэг ойр дотно байдлыг дурдсан билээ. Тэрбээр хүүхдүүд бусад хүүхдийн шашин, арьс өнгө эсвэл гарал үүсэл зэргийг үл харгалзан халуун дулаан, нээлттэй тоглодогтой зүйрлэв. “Орчин үеийн боловсрол үүнийг өөрчилдөг юм шиг санагддаг юм” хэмээн айлдав.
Хэрхэн хүнд шийдвэр гаргахыг тайлбарлахыг хүсэхэд тэрбээр “Сайхан сэтгэлээр өдөөгдсөн оюунаа ашиглах хэрэгтэй. Аливааг энэрэнгүй сэтгэлээс үүдэн үйлдэх нь биднийг үнэнч, шударга байлгадаг” хэмээв. Мөн олон сая хүний анхаарлын төвд байх ямар байдаг талаар асуухад “Өөрийгөө үргэлж эгэл нэгэн хүмүүн гэж боддог. Өөрийгөө ингэж бодох үедээ найз нөхдөөрөө хүрээлүүлсэн, амар тайван байдлыг мэдэрдэг” хэмээн хариулсан билээ.
Бясалгалын талаар бидний хор хөнөөлт сэтгэл хөдлөлд асар их нөлөө үзүүлснээр амьдралыг минь өөрчилж чадна хэмээжээ. Хэрэв түүнд ганц хүсэл байсан бол тэр нь юу байх сан болохыг асуухад тэрбээр, “Дэлхий аз жаргалтай байгаасай. Хүн төрөлхтөн аз жаргалтай байгаасай. Үүний түлхүүр нь сэтгэл хөдлөлтэйгөө хэрхэн харилцаж сурах явдал юм” хэмээжээ
|
| Зураг. Дээрхийн гэгээнтэн Далай ламын айлдварыг сонсож буй үзэгчид. АНУ, Калифорни муж, Силверадо хот, Rancho Las Lomas. 2015 оны 7 дугаар сарын 4. Зургийг Тэнзин Чойжор (ДГДТГ). |










