Япон, Киото, 2014 оны 4-р сарын 11. Японы хуучин нийслэл Киото хотноо эрдэмтэд, бясалгалын эрдэмтэд, бясалгагчдын дунд явагдах “Оюун санааг зураглах нь” сэдэвт 2 өдрийн хурал өнөөдөр цагтаа эхлэв.
"Оюун санаа ба Амьдрал" хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Зайонц болон Киотогийн Их сургуулийн "Кокоро" судалгааны төвийн захирал Сакико Ёшикава нар товч танилцуулга хийж Дээрхийн гэгээн Далай ламыг уг хурлыг нээж үг хэлэхийг урилаа.
![]() |
Эдгээр бясалгалыг амжилттай хийхийн тулд оюун санаа болон түүний ажиллах зарчмын талаар мэдлэгтэй байх шаардлагатай.
Буддын үзэл баримтлалаар бүтээгч гэж байхгүй, мөн бие даасан, мөнхийн "би" гэсэн ойлголт байхгүй болохыг дурдаад бүх зүйл хоорондын харилцан хамаарлын улмаас бий болдог, өөрөөр хэлбэл бүх зүйлс, юмс бусад хүчин зүйлээс хамааран оршин тогтнодог.
Оюун санааг зураглаж буйн зорилго нь юмсыг илүү өргөн өнцгөөс харж, оюун ухаан болон сэтгэл хөдлөлийн бүх тогтолцооны талаар мэдлэгтэй болох явдал юм. Энэ нь бидний өмнө тулгарч буй асуудлуудыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхэд тус болно.
Төвөд хэлний орчуулагч гэдэг үг нь "ертөнцийг харж чадах нүд" гэсэнтэй ойролцоо утгыг агуулдаг. Эрдэмтэд энэ байр суурийг шударга, ил тод, бодитоор барьж байна” хэмээн хэллээ.
![]() |
Буддын ухаан судлаач Японы эрдэмтэн Ёшио Имаэда илтгэлээ ийн эхлэв.
Нэгэн удаа тэрээр аав нь бурхан шүтээндээ залбирч уншдаг уншлагынхаа утгыг огт мэдэхгүй гэдгийг олж мэдээд ихэд гайхширч байснаа дурсав.Сард нэг удаа гэрт ирдэг лам нь ч, сургуулийн багш нар нь ч тайлбарлаж чаддаггүй байжээ. Үүнээс үзэхэд буддын шашныг дагах ёстой боловч ойлгох албагүй мэт байв. Тиймээс өөрөө энэ талаар судалгаа хийхээр шийджээ.
Тэрээр Төвөдөд нөхцөл байдлаас үл хамааран Их хөлгөний асар баялаг сан хөмрөг хадгалагдаж байгаагийн дээр буддын шашин амь бөхтэй, уламжлалаа хадгалсан хэвээр байгааг олж мэджээ.
Японд лам хуврагийг мэргэжлийн хүмүүс гэж ойлгодог ба тэд ялангуяа оршуулгын зан үйлийг голчлон зохион байгуулдаг гэж тайлбарлав. Мөн Японы буддын шашинтнууд логик, рациональ сэтгэлгээгээр гэхээсээ илүү хөдлөлөөр ханддаг гэв.
Мөн шинэ жилийн баяраар буддын сүмд очиход хүү нь хичээлдээ амжилт гаргахыг, охин нь гэрийнхнээ эрүүл энх байхыг хүсэн залбирч байсан бол төвөд найзууд нь хамаг амьтныг бурхны хутагт хүрэхийг ерөөж байсан тухай ярив.
![]() |
Түвдэн Жинпагийн илтгэлд Дармапада судрын "Оюун санаа бидний ертөнцийг бүтээдэг", мөн "Сахилга баттай оюун санаа бол аз жаргалтай оюун ухаан" гэж Уданаварга сударт өгүүлсэн зэргийг эш татсанаас үзэхэд сэтгэл оюун ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг харж болно.
Тэрээр Авидармын утга учиртай мэдлэг, чадавхын тухай төдийгүй, мэдлэгийн мөн чанар, хүрээг тэлж, гэрэл нэмсэн Дигнага, Дармакирти, Шантаракшита нарын бүтээлүүдэд дурдагддаг буддын танин мэдэхүйн ухааны тухай айлдлаа. .
Дээрхийн гэгээн Хятад, Японд Дигнагагийн нэг товч судар байдаг бол Төвөдөд түүний маш арвин баялаг зохиол бүтээл байдгийг цохон тэмдэглэв. Тэр өөрөө өсвөр наснаасаа Дармакиртиг судалж эхэлснээсээ хойш илүү их асуулт тавьдаг, шүүмжлэлт сэтгэлгээ нь хөгжсөн тухайгаа ч дурслаа.
Артур Зайонц дадлагажих, суралцах хоёрын алийг нь эхлүүлэх ёстой вэ? гэж асуухад Далай лам аливааг ойлгох дараах гурван шатыг дурдав:
Сонсох, унших, судлах нь эхлээд итгэл, ойлголт, төсөөллийг бий болгодог.
Шүүмжлэлт сэтгэлгээгээр тунгаан бодох нь батжиж тогтсон мэдлэгийг бий болгодог.
Бодит ойлголттой гүн гүнзгий танилцах нь жинхэнэ ойлгож мэдрэхэд хөтөлдөг.
Ричард Дэвидсон "Оюун ухаанаа өөрчилснөөр тархиа өөрчил" сэдвээр тавьсан илтгэлдээ дараах зүйлсийн талаар онцлон дурдлаа. Үүнд:
Нейропластисити буюу хүний тархи амьдралынхаа туршид өөрчлөгдөх, дасан зохицох чадвартайг тогтоосон нээлтүүдийн тухай ярьсан бөгөөд энэ нь оюун санаагаа өөрчлөх нь тархинд нөлөөлж болохыг харуулдаг,
Сэтгэл оюунаа өөрчлөх нь тодорхой генүүдийг идэвхжүүлэх эсвэл унтраах боломжтойг харуулсан нээлтийг ярьдаг эпигенетикийн тухай,
Оюун тархи болон бие махбод хоорондын хоёр талын харилцаа,
Хүний төрөлхийн үндсэн сайн чанар: Нялх хүүхдүүд түрэмгийллээс илүү энэрэнгүй байдлыг илүүд үздэг болохыг тогтоосон нээлт зэрэг агуулга орсон юм.
Тэрээр бясалгагчдыг MRI төхөөрөмжөөр судалж байгаагаа дурдахад, Дээрхийн гэгээн Далай лам туршлагатай япон лам нар болон зэн буддизмын бясалгагчдыг ч мөн энэ судалгаандаа оролцуулахыг хүслээ. Дэвидсон Анхаарал дутмагшлын хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй (ADHD) хүүхдүүдтэй хийж буй ажлынхаа тухай ярихад, Дээрхийн гэгээн энэ нь орчны эсвэл генетикийн нөлөөнөөс үүдэлтэй юм болов уу, мөн сэтгэлийн түгшүүр болон аюулгүй байдлын мэдрэмжгүй байдалтай ямар нэгэн холбоо байгаа эсэхийг тодруултал тийм холбоотой болох нь тогтоогдсон гэв.
![]() |
Доктор Дэвидсон энэрэн нигүүлсэхүйн богино хугацааны сургалт ч гэсэн тархинд эерэг нөлөө үзүүлж болохыг мэдээлэв. Тухайлбал, оролцогчид хоёр долоо хоногийн турш өдөр бүр 30 минутыг энэрэх сэтгэлийг хөгжүүлэх дасгалд хийхэд л тодорхой үр дүн гарч байжээ.
Төгсгөлд нь, өнөөгийн залуусын компьютер тоглоом тоглох, үүнд зарцуулж буй цагийг хүлээн зөвшөөрч, үүгээр дамжуулан түрэмгийллээс илүүтэй энэрэх сэтгэл болон бусдыг ойлгох чадварыг (empathy) дэмжих зорилготой тоглоомуудыг хөгжүүлэх туршилтын төслийнхөө тухай мэдээллээ.
Дээрхийн гэгээн Далай лам өдрийн хоолны үеэр оролцогчидтой үргэлжлүүлэн ярилцсаар байлаа.
Үдийн хойно ббуддын шашны гүн ухааны судруудыг өргөн хүрээнд судалж, орчуулсан Жэй Гарфилд илтгэл тавьсан бөгөөд тэрээр сэтгэл оюуныг ойлгоход дотоод эргэцүүлэл, дүгнэлт хийх хэрэгцээтэйг дурдаад, танин мэдэхүйн хуурмаг байдлын сул талуудын талаар мөн анхааруулсан.
Тэрээр хүний ой тойнд хадгалагдан үлддэг харааны хуурмаг дүр төрхийн хүчийг, мөн бидний харж байгаа зүйл хуурмаг болохыг мэдсэн ч тухайн дүр төрх нь хэвээр үлддэг бэрхшээлийг тод тайлбарлалаа.
Мөн түүнчлэн бид дотоод дүгнэлт буюу өөрийгөө анзаарч ажиглах явцаа танин хэмжиж, тохируулж чаддаггүй гэсэн санааг тэр өгүүлсэн юм. Оюун санааг телескоп, микроскоп шиг хэрэгсэл болгон ашигладгийг судалсан бөгөөд энэ тохиолдолд объект, хэрэгслийн аль аль нь хоёул нууцлаг байдаг.
Оюун санааны тухай онолгүйгээр бид олж авсан мэдээлэл, өгөгдлүүдээ зүгээр л байгаагаар нь хүлээн авч чадахгүй гэдгийг ч тэр илтгэлдээ хэлсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам оюун санааны мөн чанарыг танин мэдэж эхлэхийн тулд оюун санаагаа хэсэг хугацаанд юу ч бодолгүйгээр тайван байдалд оруулж, амраах нь тун ч ашигтай гэдгийг нэмээд, жишээлбэл, бид уур хилэнгээ ажиглахыг хүссэн үедээ оюун санаагаа шалгах чадварыг хөгжүүлэх боломжтойг тэмдэглэжээ.
![]() |
Артур Зайонц квант физик дэх оюун санааны үүргийн талаар илтгэл тавихдаа, бөөмсийг хэмжээгүй гэж тодорхойлсон нь Дээрхийн гэгээн Далай ламыг гайхшруулжээ.
Шигэфуми Мори илтгэлдээ алгебр геометрийн томьёоллын гоо сайхныг Монегийн зургийн гэрлийн дүрслэлтэй холбох санаа дэвшүүлсэн бөгөөд математик, урлагийг харьцуулсан нь оньсого мэт сонсогдож байв. Ямар нэгэн асуудлын шийдлийг олж чадаагүй байтал гэнэт санаандгүйгээр шийдэл нь оюун санаанд тодрон гарч ирэхэд юу болох вэ гэж асуув.
Дээрхийн гэгээн Далай лам үүнийг өмнө нь хийсэн ажилтай холбоотой гэж үзээд, өдөр шийдэгдэхгүй байсан асуудал зүүдэнд шийдэгдэж болдог шүү дээ гэв. Тэрээр үүний шалтгаан нь зүүдний цагт мэдрэхүйн ухамсар идэвхгүй байдагтай холбоотой байж магадгүйг бас хэлсэн байна.
Энэ үеэр Артур Зайонц бодол санааны хүч, түүний тодорхой болон үнэн зөв байдлын талаар дэлгэрүүлж, Эйнштэйний харьцангуйн онол нь лабораторийн ажил эсвэл туршилтын үр дүнд гараагүй, тэрээр бодлын хүчээр дамжуулан энэ онолыг нээсэн билээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд "Нэмж хэлэх зүйл байна уу?" гэж асуухад Дээрхийн гэгээн Далай лам "өөр хэлэх зүйл алга даа” хэмээн өнөөдрийн уулзалтыг өндөрлөв.
Уулзалт маргааш үргэлжилнэ.
Орчуулсан С.Баярмаа










