Японы Киото хотод болж буй "Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр ажил хэрэгч байдалтай эхэллээ. Дээрхийн гэгээн Далай ламыг тайзан дээрх суудалд залармагц илтгэлүүд эхлэв. Японд төрсөн, өдгөө Мичиганы Их Сургуулийн сэтгэл судлалын профессор болсон Шинобү Китаяма “Соёлын мэдрэл судлал” сэдвээр илтгэл тавьж, хүний оюун санааг ойлгоход соёлын орчин чухал нөлөөтэй болохыг тэмдэглэв
![]() |
| Зураг. “Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр, Сэтгэл судлалын Профессор Шинобү Китаяма Соёлын мэдрэл судлал сэдвээр илтгэл тавьж байгаа нь... Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Жереми Руссел |
Соёлын мэдрэл судлал гэж юу болохыг тэр тодруулахдаа хүн төрөлхтөн хэдийгээр нэг боловч олон янз байдалтай оршин тогтнодог. Соёлын загваруудын энэхүү хувьсамтгай байдал нь тархи мэдрэлийн уян хатан чанартай хосолсноор тархи соёлын орчноор хэлбэржиж болохыг илэрхийлдэгийг хэлэв. Тархи бол хувирашгүй бие махбод биш, харин хүний хувийн туршлагаас хамааран өөрчлөгддөг. Түүнийг экологийн, орчны болон соёлын хүчин зүйлсийн нөлөөгөөр хэлбэржүүлж болдог. Мөн биологийн эрхтэн болохын хувьд тархи нь генетикийн нөлөөлөлд автдаг бөгөөд эдгээр нь ч бас нийгэм, соёлоос хамаарч өөрчлөгддөгийг нотолсон байна.
Китаяма багш “Өрнийн хүмүүс, тэр дундаа европ, хойд америкийнхны хувьд “би” гэдэг нь бусдаас хараат бус, бие даасан байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, та өөрийн найз нөхдөө өөрөө сонгодог, бусдаас үл хамаарсан үйлдэл хийдэг байх нь. Харин дорнынхон, азиудад “би” гэдэг ойлголт нь илүү их харилцан хамааралтай, шүтэн барилдахуйд суурилсан байх ба бидний үйлдэл бусдаас хамаарч байдаг.
Тэрээр туршилтын үр дүнгүүдийг танилцуулав. Өрнийнхний дунд хийсэн туршилтаар, хүмүүс өөрийнхөө эрх ашигт халтай алдаа гаргасан үедээ, аль асвэл бусдын эрх ашигт халтай алдаа гаргасан үедээ ямар хариу үйлдэл хийж байгаад ажиглахад ялгаатай хариу үзүүлж байв. Өөрөөр хэлбэл, өөртөө халтай алдаанд нэг өөр, бусдад хөнөөлтэй алдаандаа нэг өөр байдлаар хариу үзүүлж байжээ. Харин азиудуын дунд тийм ялгаа ажиглагдаагүй байна.
Дээрхийн гэгээн Далай лам харин энэ дүгнэлтийг няцааж, "Амиа боддог ази хүмүүс, бусдад туслах сэтгэлтэй америкчууд ч байдаг шүү дээ. Тэгэхээр ийм ерөнхий дүгнэлт гаргахад хэцүү" гэлээ.
Тэрээр африк хүмүүсийг хамарсан судалгаа, хот, хөдөөгийн хүмүүсийн хоорондын ялгаа сонирхол татаж болох юм гэсэн саналыг дэвшүүлэв. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа нь ямар нэгэн нөлөөтэй эсэхийг судлах нь бас сонирхолтой байх болов уу хэмээн нэмж хэлжээ.
|
| Зураг. “Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр, илтгэлийн үеэр Зэн Роши Жоан Халифакс үг хэлж байгаа нь... Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Зэн Роши Жоан Халифакс 40 жилийн турш, нас эцэслэж буй хүмүүстэй ажилласан туршлагадаа үндэслэн энэрэн нигүүлсэхүйн сургалтын талаар илтгэл тавилаа. Тэрээр энэрэх сэтгэл гэдэг нь ерөнхийдөө бусдын зовлонд анхаарал хандуулж, тэдэнд санаа тавьж, тэдэнд юу тус болохыг мэдрэх чадвар гэж үздэг, мөн энэрэх сэтгэлийг зовж буй хүмүүсийн зовлонг нь хөнгөвчлөх сэдлээр халамжлах явдал гэж тодорхойлж болно гэлээ. Цаашлаад эмнэлгийн мэргэжилтнүүд, хүнийг асран халамжилдаг хүмүүсийг сургах боловсролын тогтолцоонд суурилсан энэрэх сэтгэлийг хөгжүүлэх зураглалыг танилцууллаа.
Түүний тодорхойлсноор, энэрэх сэтгэлийг зааж болдоггүй, цаанаасаа урган гарч ирдэг үйл явц ажээ. Мөн дээрх сургалтын агуулгад бусдыг асран халамжлах ажил хийдэг хүмүүс, эмнэлэгийн ажилтнууд ядаргаа, сэтгэл зүйн халшралд өртдөг тул тэдэнд тусламж, эмчилгээ хэрэгтэй байдаг зэрэг асуудлуудыг багтааж үзсэн байна.
Өглөөний хэсгийн гурав дахь илтгэгч нь Японы олон нэр хүндтэй шагналыг хүртсэн, Калифорнийн технологийн хүрээлэнгийн туршилтын сэтгэл судлалын профессор Шинсүкэ Шиможо байлаа. Тэрбээр оюун санааг мөсөн уултай зүйрлэдэг тухайгаа тайлбарлав. Түүний дэвшүүлж буй гол санаа нь ил ухамсарт оюун санаа нь зөвхөн мөсөн уулын орой нь бөгөөд, харин түүнээс хамаагүй өргөн хүрээтэй далд оюун санаа нь мөсөн уулны дор далд хэсэгт байрладаг болохыг харуулж байв. Уламжлалт сэтгэл судлал болон тархи судлалд хүний оюун санааны зарим талыг авч үзэхэд хүндрэлтэй байдаг. Хувь хүний зан чанар болон сэтгэл хөдлөлд суурилсан шийдвэр гаргах үйл явцыг ойлгохын тулд тархи, нийгмийн харилцаа хоорондын динамик (идэвхтэй) харилцан үйлчлэлд анхаарал хандуулах нь чухал гэсэн саналыг тэр дэвшүүлсэн юм. Далд оюун санааны үйл явцууд нь эдгээр олон талбарт гол үүрэг гүйцэтгэдэг байна.
|
| Зураг. Калифорнийн технологийн хүрээлэнгийн туршилтын сэтгэл судлалын профессор Шинсүкэ Шиможогийн илтгэлийн үеэр Дээрхийн гэгээн Далай лам санал сэтгэгдлээ хэлж байгаа нь … Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Профессор Шиможо бээр нохой бөөсийг хөмөрсөн шилэн тавгнйн дор байлгаж байгаад гаргахад өмнөх шигээ үсэрч чадахаа больдогийг харуулсан туршилтын жишээг ярив. Биеэ дайчлах чадваргүй байдал яг ийм маягаар илэрдэг бөгөөд япончуудыг зовоодог сэтгэл гутралын нэг төрөл ийм ажээ. Ийм сэтгэл гутрал тус улсын эдийн засагт 25 тэрбум долларын хохирол учруулсан гэж тооцогддог.
Ийм нөхцөлд эрүүл эсвэл өвчтэй байх нь сэтгэл зүйн байдлаас гадна бие махбод, нийгмийн орчинтой холбоотой динамик холбоосоос хамаарна гэсэн гол санааг тэрбээр онцлов. Мөн хүмүүс хамтдаа алхах үед нэгэндээ далд ухамсартайгаар зохицон нэг хэмнэлд ордогийг тайлбарлалаа. Гуравдугаар сарын 11-нд болсон Фүкүшимагийн цөмийн осол зэрэг томоохон хямралууд нь хүний далд оюун санааг илүү гүнзгий ойлгох шаардлагатайг харуулж байна гэсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам асуулт асуухыг хүсээд: 3-4 цагийн турш ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж, бясалгалын тодорхой түвшинд хүрсэн танилуудаа дурдан, "Ийм зүйл боломжтой юу?" гэв. Мөн орчны янз бүрийн нөлөөллийн асуудлыг хөндөж, ийм түвшний бясалгагч том хотын хөл хөдөлгөөнд ч бясалгалаа үргэлжлүүлэх чадвартай байх ёстой. Ийм сургалтаар дамжуулан хүн хоногт 24 цагийн турш тайван байдлыг хадгалах чадвартай болно гэж үздэгээ илэрхийллээ. "Надад арвин туршлага байхгүй ч, сүүлийн 25 жилийн хугацаанд тодорхой ахиц дэвшил гарсан гэж харж байна. Надад Хойд европын зарим хэсгийн байнгын харанхуй өвлийн өдрүүд, зуны шөнө дундын нарны нөлөө сонирхолтой санагдаж байна. Би сайхан унтаж амрахыг эрхэмлэдэг учраас заримдаа өөрийгөө 'унтдаг Далай лам' гэж нэрлэдэг." гэв.
Дээрхийн гэгээн Далай лам мөн энэрэх сэтгэлийг мэргэн ухаантай хослуулах шаардлагатайг онцолсон. Мэргэн ухаангүй энэрэн нигүүлсэхүй сул дорой байдаг.
Тэрээр: "Бид бол нийгмийн амьтад. Цаашид хүн төрөлхтөн дангаар оршин тогтнох боломжгүй. Бид илүү том бүрэлдэхүүн, системийн нэгэн хэсэг. Энэ нь япончууд, төвөдүүдэд ялгаагүй адил. Хүмүүс надад асуудлаа ярихад нь, би заримдаа тэдэнд илүү өргөн хүрээгээр юмсыг хараасай гэж, тэд ганцаараа биш гэдгээ мэдээсэй гэж өөрийнхөө асуудлуудыг ярьж өгдөг юм" гэжээ.
|
| Зураг. “Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр, Дээрхийн гэгээн Далай лам Доктор Барри Керзинийн илтгэлд талархал илэрхийлж байгаа нь … Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Үдийн хоолны завсарлагааны дараах яриандаа Доктор Барри Керзин оюун санаа буюу ухамсрыг эрихтэй зүйрлэсэн бөгөөд эрихний утас нь оюун санааны тасралтгүй байдлыг, эрихний бөөрнүүд ар араасаа ундрах оюун санааны урсгал мэт эгшин хормуудыг, дугуй тойрог хэлбэр нь оюун санаа эхлэл, төгсгөлгүй болохыг тус тус илэрхийлдэг.
Тэрээр цааш нь буддын 6 үндсэн оюун, 51 сэтгэлийн хүчин зүйлийн сонгодог үзэл баримтлалыг тайлбарласан. Үндсэн оюун санааны 5 нь мэдрэхүйтэй холбоотой байдаг бол, 6 дахь нь оюун санааны ухамсар юм. Энэ нь бүдүүн тоймын, тод болон илүү соргог нарийн байж болно.
Бүдүүн сэтгэл: Бидний ердийн сэтгэл оюун,
Нарийн хувьт сэтгэл: Жишээлбэл, мэдрэхүй идэвхгүй байх үед буюу зүүдэнд мэдэрдэг сэтгэл оюун,
Маш нарийн хувьт сэтгэл оюун: Гүн нойрсох үеийн сэтгэл.
Эдгээр нарийн сэтгэлийг сургалтаар дамжуулан ил болгох боломжтой. Хамгийн тод, ухамсаргүй, хоёрдмол бус оюун ухаан нь хүн нас эцэслэх үед илэрдэг.
Доктор Керзин хүн насан өөд болох явцад болдог бие болон оюун санаа задрах 8 шатыг тайлбарлаад, тэдгээрийг зураглаж үзүүлсэн юм.
Эдгээр үе шат нь ган, зудны хий үзэгдэх байдал, суунаглах их утаа, гэрэлт цох мэт оч, харанхуйд бадамлах зул, сарны туяа, нар жаргах мэт улаан туяа, бүүдгэр харанхуй эцэст нь тод гэрэл байдаг гэж тэмдэглэжээ. Тэрээр мөн чадварлаг бясалгагчид эмнэл зүйн буюу клиник үхэл тохиосноос хойш ч гэсэн энэхүү тодорхой гэрэлд орж, хэсэг хугацаанд оршин тогтнож чаддаг гэдгийг дурдсан. "Таны ярьсан хоёрдмол бус байдал нь субъект ба объект хоёр хоорондоо ялгаагүй гэж ойлгогдох ёстой" хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэлэв.
|
| Зураг. “Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр, Кансэй Гакуин Их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч Жунко Танака-Мацүми үг хэлж байгаа нь.. Япон, Киото, 2014 оны 4 рын 12 Зургийг: Жереми Руссел |
Нью-Йоркод клиникийн сэтгэл судлалаар 20 жил багшилсан туршлагатай, Кансэй Гакуин Их сургуулийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн эрхлэгч Жунко Танака-Мацүми "Хүүхдийн оюун санааг зураглах нь" сэдэвт илтгэлээ хүүхдийн оюун ухаан агшин бүрд өөрчлөгддөг гэж эхлэв. Тэрээр Япон улс шинжлэх ухааны боловсролоор дэлхийд хоёрдугаарт ордогоос үзвэл Японы боловсролын систем бүхэлдээ сайн мэт харагдаж болох ч, ангид багшийн ярьж буйг ойлгодоггүй хүүхдүүд байдаг. Сууж чадахгүй байх зэрэг сахилгагүйтсэн зан авираар тэр нь илэрдэг. Харин нэг төрлийн байдлыг эрхэмлэдэг хандлагаас үүдэн тэдгээр хүүхдүүд тусгай тусламж болон нөхцөлөөр хангагдаж чаддаггүй. Тэр ч байтугай тэдний эцэг эхчүүд нь хүүхдээ бусдаас ялгахыг хүсдэггүй учраас тусламж эрдэггүй байна. Ийм хүүхдүүдэд юу хийх ёстойг нь тодорхой тайлбарлаж өгөх, мөн сануулах карт өгөх зэрэг энгийн алхмууд нь үр дүнтэй байж болно. Эерэг зан үйлийг дэмжсэнээр хүүхдийн өөртөө итгэх итгэл, үе тэнгийнхэнтэйгээ сайн харилцах боломж нэмэгддэг гэсэн саналыг тэр дэвшүүлсэн.
Энэ үед Дээрхийн гэгээн Далай лам хэдэн настай хүүхдүүдийн тухай ярьж байгааг нь тодруулахад тэд 7-9 настай хүүхдүүд байлаа.
Сүүлийн илтгэлийг Макото Нагао тавьсан бөгөөд тэрээр Киотогийн Их сургуулийг төгсөж, улмаар хүний хэлийг компьютер ойлгож, ашигладаг болох оролдлого, программ, машины орчуулга, автомат орчуулгын салбарт нэр хүнд олсон эрдэмтэн юм.
Тэрээр оюун санааны үйл ажиллагаа нь харилцан яриагаар хамгийн сайн илэрч гардаг болохыг онцлоод үүгээр халамж үйлчилгээний роботыг хөгжүүлэн тусгай салбарт ашиглахыг санал болгов. Ийм роботууд нь асруулж буй хүмүүстэйгээ харилцан ярилцах чадвартай байх ёстой бөгөөд хамгийн чухал нь, тэд хүмүүсийн эрэлт шаардлагад нийцүүлэн эргэцүүлэл, дүгнэлт хийгээд, түүндээ үндэслэн тохиромжтой хариу үйлдэл , зөв хариулт өгөх ёстой байх юм.
Доктор Нагао робот диалогийн систем хөгжүүлэх нь роботоор халамжлуулж буй хүмүүст туслаад зогсохгүй, оюун санаа гадны өдөөлтөд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэгийг тодруулах боломжийг нэмэгдүүлж, улмаар сэтгэцийн үйл ажиллагааны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх боломжтойг тэмдэглэсэн. Энэ нь оюун санааг зураглах ер бусын зам байх болно гэж нэмж хэллээ.
|
| Зураг. “Оюун санааг зураглах нь” хурлын 2 дахь өдөр, Макото Нагао илтгэлийнхээ үеэр … Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Доктор Нагао роботуудыг халамж үйлчилгээ, гал унтраах, эсвэл аюултай цөмийн байгууламжид ажиллах гэх мэт зориулалтаас нь хамаарч дизайнчлах боломжтойг батлахад Дээрхийн гэгээн Далай лам мэдээж робот нь хайр энэрэл үзүүлж чадахгүй, ядаж л уурлаж чадахгүй шүү дээ гээд инээлээ.
Иймэрхүү уулзалт, хурлын үр дүн хэнд ашиг тус хүртээдэг талаар асуусан асуултад тэрээр хариулахдаа:
"Өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд бие махбод, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд нэгэн ижил гэж би үргэлж боддог. Гаднах орчин өөр байсан ч, хэдэн мянган жилийн өмнө ч бидний сэтгэл хөдлөл яг л адилхан байсан. Будда хүртэл нэгэн цагт бидэн шиг байсан, гэхдээ шаргуу хичээл зүтгэл, хөдөлмөрөөр оюун санаагаа өөрчилсөн шүү дээ. Сүүлийн 30-аад жилийн хугацаанд эрдэмтэдтэй хамтран ажиллах явцад бид олон хэрэгтэй зүйлийг сурсан, мөн эрдэмтэд ч бас оюун санааны талаар нэлээд их зүйлийг сурч байгаа. Бид хамтдаа шашнаас ангид ёс зүйг боловсролын системд нэвтрүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Эрдэмтэд материаллаг ашигийн төлөө бус урт хугацааны үр өгөөжийн төлөө энэ төсөлд оролцож байгаа юм. Бидний зорилго бол илүү аз жаргалтай хүн төрөлхтөн бөгөөд үүнд зөвхөн залбирал, сайн сайхны төлөө найдахаас илүүтэйгээр сөрөг сэтгэл хөдлөлүүдээ хэрхэн удирдаж сурснаар л тэнд хүрнэ" гэжээ.
Фүкүшимагийн цөмийн ослоос үүдсэн асуудлуудыг шийдвэрлэхэд бүгдээрээ хувь нэмрээ оруулахыг энд ирсэн хүн бүрд уриалав. Дээрхийн гэгээн Далай лам саяхан ойролцоо орших Сэндай хотод очсон тухайгаа дурдаад нөхцөл байдалд шууд хариулт өгөх боломжгүй, учир нь цөмийн болон эрчим хүч үйлдвэрлэх бүх асуудал нарийн төвөгтэй үйл явц гэлээ. Мөн ирээдүйд нарны эрчим хүч ашиглах боломжтой болоход найдаж байгаагаа ч илэрхийлжээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам болон 2 өдрийн хуралд оролцогч, зохион байгуулагчид. Япон, Киото, 2014 оны 4 сарын 12 Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Оюун санаа ба Амьдрал хүрээлэнгийн ерөнхийлөгч Артур Зайонц хаалтын үгэндээ асран халамжлахуйн тухай сэдвээ эргэн сануулаад өөрийн хөгжүүлж буй "Халамжлахыг уриалах" нь боловсролын хөтөлбөр болон халамжлахуйн гурван үе шат болох , асрал халамжийг хүлээн авах, өөрийгөө халамжлах, бусдад халамж үзүүлэх зэрэгт анхаарал хандуулахыг хүсэв.
Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлэхийн сацуу, бүх илтгэгчид болон энэхүү хурлыг зохион байгуулж, бүгдэд анхаарал халамж тавин үйл ажиллагааг амжилттай болгосон бүх хүмүүст талархал илэрхийллээ.
Адриан Фрийдман Японы уламжлалт хулсан лимбэ болох шакухачи хөгжмөөр богино хэмжээний ардын ая тоглосноор хурлын үйл ажиллагааг өндөрлөв.
Маргааш, Дээрхийн гэгээн Далай лам Японы Буддын шашны Шингон урсгалын төв болох Коясанд зочилно.










