Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотод болох “Төвлөрлийн бясалгалын үр нөлөө” сэдэвт бага хуралд оролцохоор ирсэн Эмори Их Сургуулийн багш, оюутан, эрдэмтэн судлаач болон тус сургуультай холбоотой ажилладаг зэрэг 200 гаруй хүнийг хүлээн авч уулзлаа. Уг хурлын талаар Эмори Их Сургуулийн Энэрэх сэтгэлийн сургалт, судалгааны төвийн гүйцэтгэх захирал гэвш Лувсан Тэнзин Нэги танилцуулав.

“Дээрхийн гэгээн Танд Эмори Их сургууль болон Далай ламын итгэлцлийн сангаас хамтран зохион байгуулж буй энэхүү хуралд биднийг урьсан явдалд энд цугласан төлөөлөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Тус бага хуралд Эморигийн багш, оюутнууд, Эмори Их сургууль, Төвөдийн шинжлэх ухааны хөтөлбөр (ETSI)-ийн багш, оюутан, ажилтнууд, Нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн сургалт (SEE Learning)-ын хөтөлбөрийг судалж буй төвөд багш, оюутнууд, бусад ажиглагч, оролцогч зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн байна.”
Орчин үеийн шинжлэх ухааныг системтэйгээр судалсан төвөд эрдэмтэн хуврагууд төвлөрлийн бясалгалын чиглэлээрх судалгааны ажлынхаа анхны үр дүнг танилцуулж байгаа нь түүхэн үйл явдал юм. Эдүгээгээс 20 гаруй жилийн тэртээ Дээрхийн гэгээн Төвөдийн буддын сүм хийдийн боловсролын тогтолцоонд шинжлэх ухааны хөтөлбөрийг нэвтрүүлэх алсын хараатай алхмыг хэрэгжүүлсний ачаар бид ийм үр дүнд хүрсэн билээ. Шинжлэх ухааны хичээл нь төвөдийн лам хуврагуудын сургалтын салшгүй хэсэг болж, үр дүнд нь лам хуврагууд эрдэмтэн судлаачид болон төлөвшиж байна.”
“Эмори Их Сургуулийн Хүмүүнлэгийэ ухаан, шинжлэх ухааны коллежийн эрхлэгч доктор Барбара Краутхаммерт микрофоноо шилжүүлэхээс өмнө Тэмплтон сангийн дэд ерөнхийлөгч Дэвид Нассар, гүйцэтгэх захирал Жон Каннингхам нарыг танилцуулъя. Энэ хоёр эрхэмд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэнд нь мөн сүүлийн 10 жилийн турш Эмори, Төвөдийн шинжлэх ухааны хөтөлбөрийг дэмжсээр буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье”.
Доктор Нэги Эмори Их Сургуульд Төвөдийн соёл, буддын философи, сэтгэл оюуныг шинжлэх талаар судалж буй оюутнууд мөн Эмори, Төвөдийн шинжлэх ухааны хөтөлбөрийн (ETSI) оюутнууд, Төвөд хүүхдүүдийг асран хамгаалах хотхоны хүүхдүүд тус тусдаа Дээрхийн гэгээнээс асуулт асууж болно гэдгийг тайлбарлав.
Үүний дараа доктор Барбара Краутхаммер Эмори Их Сургуулийн нэрийн өмнөөс Дээрхийн гэгээний алсын хараа, энэрэнгүй сэтгэлд талархаж буйгаа илэрхийллээ.

Дээрхийн гэгээн тэдэнд хандан “Өнөөдөр надад хэлэх онц гойд зүйл алга даа. Буддын ухааныг судалснаар сэтгэл зүй, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаар асар их мэдлэг олж авдаг билээ. Хүмүүс шашны тухай ярихдаа ихэвчлэн судалж шинжлэхээс илүүтэй сүсэглэх, итгэх талаас нь хөнддөг. Харин Наландрын уламжлал нь шүүн тунгаах, задлан шинжлэх аргыг ихэд чухалчилдаг бөгөөд энэ уламжлалын эрдэмтэн мэргэд сэтгэл оюуны талаар асар нарийн судалсан байдаг.
8-р зуунд Энэтхэгийн их бандида Шантарагшида Төвөдөд заларч ирээд, төвөд хүний гүн гүнзгий сэтгэх чадварыг олж таньсан нь биднийг гэх сайхан сэтгэлийнх нь илэрхийлэл биз ээ.
“Би шашнаас ангид ёс суртахууны тухай ярих дуртай. Шашин шүтдэг эсэхээс үл хамааран хүн бүхэн үүнийг хэрэгжүүлж болдогт тул энэ маш чухал юм. Хамгийн гол асуудал бол сэтгэлийн амар амгаланг хэрхэн олохыг судлах явдал юм. Буддын шашинтнууд ч гэсэн засал ном, зан үйл хийх нь гол биш, харин бусдад болон өөрсдөдөө сэтгэлийн амар амгаланг бий болгож чадах эсэх л чухал болохыг ойлгох ёстой. Үүнийг хийх арга зам нь сэтгэл оюунд түшиглэдэг“.
Сүм хийдийн сургалтаар буддын гүн ухааны дөрвөн урсгалын талаар судалдаг боловч, хүмүүстэй харилцахдаа оюун ухаан, сэтгэл хөдлөл үүсэж өрнөдөг тухай ярих нь илүү амьдралд ойр юм. Энэ бол хүн бүхнийг хамарсан нийтлэг сэдэв. Хэрхэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сэтгэлийг тайвшруулах, дотоод амар амгаланд хүрч болох талаар ярилцах арга замаар бид бусдад тусалж чадна.”

Эмори Их Сургуулийн нэгэн оюутан Дээрхийн гэгээнээс өнөө цагт итгэл найдвараа хэрхэн бөхөөхгүй хадгалах талаар асуув.
Дээрхийн гэгээн "Хүмүүс бид амьдралаас олон зүйлийг хүсэн хүлээдэг. Тийм боловч сайн, муугийн аль аль нь тохиолдож болохыг санах нь зүйтэй. Тулгарч буй асуудлаа шийдвэрлэхийн тулд оюун ухаанаа ашиглах ёстой. Яг юу болж байгааг судалж үзэх нь чухал. Заримдаа бид асуудлын шийдлийг шашнаас хайж болох ч оюун ухаан, логик сэтгэлгээгээ ашиглах нь илүү үр дүнтэй байдаг юм" гэж айлдлаа. .
“Хийдэд ном хаялцлаа гэхэд асуулт тавих лам өөрийнхөө хэлсэн үгийг батлахын тулд судраас эш татдаг. Харин асуултад хариулах лам нь малгайгаа авч хүндэтгэлээ илэрхийлж байгаад тэрхүү судрын эшлэл нь логикийн хувьд таарахгүй тул шүүмжлэлт сэтгэлгээндээ дулдуйдах нь чухал гэж хариулах жишээтэй”.
Шинжлэх ухаанч хандлага нь аливаа нөхцөл байдлыг бодитоор дүгнэх сайн хэрэгсэл юм. Наландрын уламжлалд мөн аливааг сударт найдахгүйгээр хэрхэн шинжилж судлахыг заадаг юм”.
Эмори, Төвөдийн шинжлэх ухааны хөтөлбөрт хамрагдсан нэгэн лам, шинжлэх ухаан судалсан хуврагууд нийгэмд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг Дээрхийн гэгээнээс асуув.

Энэ асуултад Дээрхийн гэгээн "Суралцахын цаад гол зорилго нь бусдын тусыг илүү сайн бүтээхэд оршдог. Өмнө хэлсэнчлэн оюун ухаанаа логик, учир шалтгааны үүднээс ашиглах нь чухал. Ном уншсанаар сэтгэл оюуны талаар их зүйлийг мэдэж авдаг ч, сэтгэлийг шинжлэх ухааны аргаар судалбал илүү нарийн, гүнзгий ойлголттой болно" гэж хариуллаа.
Төвөд хүүхдүүдийг асран хамгаалах хотхоны нэгэн сурагч Дээрхийн гэгээнээс энэрэн нигүүлсэхүйн мөн чанарын тухай асуухад, тэрээр: "Итгэл үнэмшлийн янз бүрийн уламжлалууд хүмүүст аливаад илүү бодлоготой, анхааралтай байж, биеэ зөв авч явахыг заадаг. Харин бусдын төлөө идэвх зүтгэлээр санаа тавих нь энэрэн нигүүлсэхүйн гол учиг юм. Шашны бус ёс суртахуун нь нийгмийг удирдан чиглүүлэх нэг хэрэгсэл мөн ч хувь хүний түвшинд бүгд л халуун дулаан сэтгэлийг талархан үнэлдэг шүү дээ" гэж хариулав.
Уулзалтын төгсгөлд Эмори, Төвөдийн шинжлэх ухааны хөтөлбөрөөс хэвлүүлсэн хоёр номыг Дээрхийн гэгээнд бэлэглэв. Оролцогчид Дээрхийн гэгээнтэй дурсгалын зураг авхуулаад эхний хуралдаандаа оролцохоор явцгаалаа.










