Австрали, Дарвин, 2013 оны 6 сарын 22 - Өнөө өглөө Дээрхийн гэгээн Далай Ламыг Аделаид дахь буудлаас хөдлөхөд гадаа бороотой, тэнгэр бүүдгэр байлаа. Гэсэн хэдий ч нисэх онгоцны буудал дээр түүнийг үдэж мордуулахаар ирсэн найз нөхөд нь, түүнийг хүндэтгэгчид урт цуваа үүсгэн зогссож бүгд нүүр дүүрэн мишээцгээж байв. Дарвин руу нисэх замд онгоцны нисгэгч онгоцыг Айерс Рок буюу Улуру дээгүүр нисэх зөвшөөрөл авснаа зарлав. Энэхүү элсэрхэг хадан цохио нь тус нутгийн уугуул иргэд болох Анангучуудын хувьд ариун дагшин газар нь бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй аж.
Дарвинд газардсан даруйдаа Дээрхийн гэгээн хэвлэлийнхэнтэй уулзаж, олон нийтэд лекц уншихаар төлөвлөгдсөн дагуул хот Палмерстоныг зорив. Тэрээр хэвлэлийн бага хурлыг өөрийгөө танилцуулснаар эхлүүлжээ.
"Би энд анх удаа ирж байгаадаа маш их баяртай байна. Би хаа ч явсан хүн төрөлхтний нэгдмэл байдлыг ухамсарлах хэрэгцээний талаар ярьдаг. Энэ хүрээнд миний нэн тэргүүний үүрэг хариуцлага бол хүн төрөлхтний аз жаргалд бодитой хувь нэмэр оруулдаг үнэт зүйлсийг сурталчлан таниулах явдал юм. Буддын шашны лам хүний хувьд миний хоёр дахь үүрэг амлалт бол хайр энэрэл, нигүүлслийн нийтлэг санааг тээдэг дэлхийн томоохон шашин, шашны уламжлалуудын хооронд эв найрамдлыг бэхжүүлэх явдал билээ. Уур хилэн, шуналын эсрэг эдгээр үнэт зүйлсийг сахиж хамгаалахын тулд бүх шашнууд хүлээцтэй байдал, уучлал, хувийн сахилга бат, сэтгэл ханамжийг сургадаг. Энэтхэг улс бол олон шашин зэрэгцэн эв нэгдэлтэй оршиж болдгийн бодит жишээ юм."
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Палмерстонд хэвлэлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ жижиг матар үзэж, түүнд Таши хэмээх нэрийг өгчээ. … 2013 оны 6 сарын 22 , Австрали Зургийг: Жереми Русселл |
Нутгийн нэгэн эр гартаа барьсан одой матраа үзүүлэхээр гарч ирэхэд Дээрхийн гэгээн яриагаа түр завсарлалаа. Тэр эр уг матрыг саяхан олсон ба бие гүйцсэн байсан хэдий ч нэр өгч амжаагүй байгаагаа тайлбарлав. Тэрээр Дээрхийн гэгээнийг энэ одой матарт нэр хайрлахыг хүсэхэд Далай лам хэсэг бодож байгаад матрыг Таши гэж нэрлэв.
Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийнхэнд хандан орчин үеийн нийгэмд мэдээ олж илрүүлэх, тайлагнах нь хэчнээн чухал болсныг онцлон яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр болж буй үйл явдлын наадах, цаадахыг ялгаж мэддэг болохын тулд заан шиг урт хошуутай байх хэрэгтэй хэмээн хошигнов. Мөн тэрээр аливааг мэдээлэхдээ шударга, бодитой байх шаардлагатайг чухалчилан санууллаа.
Хэвлэлийнхнээс ирсэн эхний асуулт нь түүнд Австрали улс таалагдсан эсэх тухай байв. Дээрхийн гэгээн энд долоон удаа ирсэн бөгөөд амьжиргааны түвшин сайн, хүн ам цөөтэй, газар нутаг уудам гэдэг нь таалагддаг хэмээн хариулав. Тэрээр нислэгийн үеэр австраличууд зөвхөн далайн эрэг дагуух хотууддаа бус, ой мод, бут сөөгтэй хөдөө нутаг руугаа тэлж суурьших хэрэгтэй юм байна гэсэн бодол төрснөө ч хуваалцав. Дүрвэгсэд болон орогнол хүсэгчдийн талаарх хэд хэдэн асуулт түүнд ирэхэд, тэрээр энэ асуудал бол Австралийн ард түмний шийдэх асуудал гэж хариулсан ч, хүүхдүүдийг саатуулж буй газруудад тэдний боловсролд зориулсан нөхцөл боломж бүрдсэн байдгийг ажигласнаа хэлэв.
Палмерстон хотын дарга Иан Абботт Дээрхийн гэгээнийг "Сайхан амьдралаар амьдрахуй " сэдвээр лекц унших танхим руу дагуулан оров. Нутгийн уугуул иргэдийн төлөөлөгч эмэгтэй "өнгөрсөн, одоо, ирээдүйн ахмадууд"-ыг дуудаж, "өвөг дээдсийн сүнс таныг ивээх болтугай" хэмээн ерөөгөөд, Дээрхийн гэгээнд урт удаан наслахыг хүсэн мэндчилгээ дэвшүүллээ. Хотын даргын танилцуулгын дараа Дээрхийн гэгээн яриагаа ийн эхлүүлэв:
"Хотын дарга аа, ахан дүүс ээ, би энэхүү үзэсгэлэнт хүмүүстэй, үзэсгэлэнт нутаг Дарвинд анх удаа айлчилж байна. Энд байгаадаа маш их баяртай байна. Нислэгийн үеэр нисгэгч надад Улуруг харуулахаар зохицуулсан. Би өмнө нь зургийг нь харж байсан ч, сая бодитоор нь харлаа. Энэ нь уугуул иргэдийн хувьд ариун дагшин газар гэж сонссон юм. Тиймээс дараагийн удаа тэнд очиж хүндэтгэл үзүүлэхийг хүсэж байна."
![]() |
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Палмерстонд “Сайхан амьдралаар амьдрахуй” сэдвээр илтгэл тавьж буй нь … 2013 оны 6 сарын 22 , Австрали Зургийг: Жереми Русселл |
Бид бүгд нэг л хүн төрөлхтөн хэмээх гэр бүлийн хүмүүс гэж боддог учраас уулзсан олонтой үргэлж ахан дүүс хэмээн мэндчилэх дуртай байдгаа тайлбарлав. Бид бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд ижилхэн. Хэрэв бид хүн төрөлхтний энэхүү нэгдмэл байдлын талаар бодох цаг гаргадаг болбол, бусдын эрхийг өөрсдийнхтэйгөө адилхан гэж үздэг бол дайн дажин, хүчирхийлэл, дээрэлхэлт, хууран мэхлэх, мөлжлөг гэж байхгүй байхсан. Бид өөр өөр өнгийн үс, өөр өөр өнгийн нүдтэй байж болох ч бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг, ингэж амьдрах эрхтэй хүмүүс юм.
Шашин хоорондын эв найрамдлын тухай сэдэв рүү шилжихдээ, Дээрхийн гэгээн нарийвчлан судлаад үзвэл шашны томоохон уламжлалууд бүгд хайр, хүлээцтэй байдал, хувийн сахилга бат, сэтгэл ханамж гэсэн ижил өгүүлэмж, сургаалийг тээдэг болохыг хэлэв. Бусдын тусын тулд өөрсдийгөө зориулсан өөр өөр шашны олон хүмүүс байсаар ирсэн нь хэдий арга барил нь өөр байж болох ч зорилго нь нэг хэвээр байдгийг харуулж байна гэлээ.
"Би лекц унших бүрдээ бид бүгд эхээс төрж, ээжээсээ дулаан илч, хайр энэрлийг мэдэрсэн гэдгийг онцолдог. Эрт үед ийн хайр энэрлийг мэдэрсэн нь биднийг бусдад хариу хайр энэрэл үзүүлэхэд бэлтгэсэн байдаг. Энэрэл хайр маш чухал. Эрдэмтэд хоёр амьтан ижил гэмтэл авахад халамжтай хамтрагчтай нь хамтрагчгүй амьтнаас илүү хурдан эдгэрдэг болохыг нотолсон байдаг."
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Палмерстон хотын дарга Иан Аббот, орчуулагч Тензин Цепаг нар Палмерстонд болсон олон нийтийн илтгэлийн үеэр … 2013 оны 6 сарын 22 , Австрали Зургийг: Русти Стуарт |
"Бусад эрдэмтэд халуун дулаан сэтгэлийг дасгал сургуулиар хэрхэн хөгжүүлж болдог эсэхийг хэмжих туршилтуудыг хийж байна. Үүнд оролцогчид гурван долоо хоногийн турш өдөр бүр хагас цагаас нэг цагийн сургалтад хамрагджээ. Сургалт эхлэхээс өмнө тэдний цусны даралт, стрессийн түвшинг хэмжсэн. Сургалтын дараах үр дүнд оролцогчдын цусны даралт, стресс мэдэгдэхүйц буурч, аз жаргалын мэдрэмж нэмэгдэж, нийгмийн харилцаа сайжирсан нь ажиглагджээ. Тиймээс та шашин шүтлэгтэй эсэхээс үл хамааран халуун дулаан сэтгэл болон адил төстэй үнэт зүйлс нь аз жаргалтай амьдрахад тустай байдаг."
Нутгийн сурагч хүүхдүүдэд Дээрхийн гэгээнээс асуулт асуух боломж олгоход хамгийн түрүүнд нэгэн охин түүнийг хэрхэн Далай ламаар сонгогдсон тухай асуув. Тэрээр буддизм нь Энэтхэгийн бусад уламжлалуудын нэгэн адил биднийг төрөл сэлгэн амьдардаг гэж үздэг болохыг тайлбарлав. Төвөдөд мөн сүнслэг байдлын хувьд өндөр түвшинд хүрсэн зарим хүмүүс хаана, хэзээ төрөхөө сонгож чаддаг гэж үздэг байжээ. Энэ нь анх 900 орчим жилийн өмнө нэгэн их багш ийм газар, тийм гэр бүлд дахин төрнө гэж гэрээслэл үлдээснээр тохиолдож байжээ.
"Ойролцоогоор 500 жилийн өмнө нэгэн хүү мэндэлж, өмнөх Далай Ламын хойд дүр хэмээн тодорсон. Далай Ламыг таалал төгсөхөд хүмүүс түүний хойд дүрийг хайдаг. XIII Далай Ламыг таалал төгссөний дараа түүнийг Зүүн Төвөдөд төрөх шинж тэмдгүүд илэрсэн. Түүнийг хайхаар илгээсэн эрлийн баг манай тосгонд ирж, манай гэрт зочилсон юм."
"Намайг оролцуулаад гурван нэр дэвшигч байсан. Нэг нь нас барж, үлдсэн хоёр хүүхэд дундаас би сорилуудыг амжилттай давж, сонгогдсон юм. Ээж минь намайг эрлийн багийн лам нарыг нэрээр нь дуудаж таньсан гэж хэлж байсан. Мөн XIII Далай Ламын эд зүйлсийг өөр бусад гоёмсог зүйлстэй хольж тавихад би яг жинхэнэ эзнийх нь зүйлсийг сонгосон гэдэг. Би XIIIр дүрийн эрихийг авч, маанийг нь эргүүлж, тарни уншаад хүзүүндээ зүүсэн гэнэ лээ."
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам, Палмерстонд тавьсан илтгэлийнхээ үеэр асуулт асуусан орон нутгийн сургуулийн хүүхдүүдэд талархал илэрхийлж байгаа нь … 2013 оны 6 сарын 22 , Австрали Зургийг: Русти Стуарт |
Өөр нэг оролцогч гэгээрэлд хүрэх зам яагаад ийм хэцүү байдаг, бид байгаагаараа аз жаргалтай байж болох эсэхийг мэдэхийг хүсэв. Дээрхийн гэгээн бүх сэтгэл оюуны дадалд шамдах нь хэцүү байдаг гэж хариуллаа.
"Гэсэн хэдий ч, хэрэв та ядаж л халуун дулаан сэтгэлтэй байж чадвал үүнээсээ асар их үр шимийг хүртэх болно. Та найз нөхөдтэй болно, үр хүүхдүүд тань сайхан сэтгэлтэй хүмүүс болж өснө, энэ нь илүү аз жаргалтай нийгэм, аз жаргалтай амьдралыг цогцлоох зөв арга зам юм."
Төвөдөд очиж байсан нэгэн хүн Дээрхийн гэгээнийг ард түмнээсээ хол байхдаа хэрхэн аз жаргалтай байж чаддаг тухай асуухад, тэрээр дэлхий ертөнцийг гэрээ гэж үздэг, өөрийгөө дэлхийн иргэн гэж боддог хэмээн хариулав. Тэрээр танихгүй хүмүүсийн дунд байсан ч инээмсэглэж, аз жаргалтай байх боломжийг олгодог гол хүчин зүйл бол халуун дулаан сэтгэл гэдгийг хэллээ.
Эцэст нь, түүнээс уйлдаг эсэхийг нь асуухад Дээрхийн гэгээн ингэж хариулав:
"Өө, зөндөө. Жаахан байхад заримдаа миний уур хүрч, уйлдаг байсан. Одоо ч гунигтай нөхцөл байдалтай тулгарах үедээ би уйлдаг. Мөн энэрэл нигүүлслийн агуу үнэ цэнийн тухай бодохдоо сэтгэл хөдөлж, заримдаа олны өмнө уйлдаг. Энд гэхдээ нэг хачирхалтай зүйл байгаа. Бид хэт их баярласан үедээ, маш их гунигласан үедээ, мөн инээх үедээ нулимс унагадаг. Бие махбодын түвшинд бидний нулимс бүгд ижил боловч оюун санааны түвшинд огт өөр төрлийн мэдрэмжүүдийг илэрхийлдэг. Яагаад тэгдэг юм бол оо?гэж гайхдаг шүү гэв.
Та бүхэнд баярлалаа."










