Япон улс, Нагано хот. 2010 оны 6 дугаар сарын 21. Далай лам энэ өглөө Сайзо Хокион То сүмд орших буддын суваргад зочиллоо.
|
| Дээрхийн гэгээн Далай лам Нагано хотын Сайзо Хокёоин суварага дээр. Япон, Нагано хот. Зургийг Дэнзэн Чойжор. |
1964 онд дайны сүйтгэлээс гарч, сэргээн босголтын ажил ид өрнөж байсан японд Кхэцүн Санбо ринбүүчи, Токан Тада, Цэрин Долма Цэронг, Сонам Гяцо нар хүчирхийлэл, үзэн ядалтын утга учиргүй байдлыг илтгэн харуулсан Дэлхийн энхийн суваргыг байгуулжээ.
Кхэцүн Санбо ринбүүчи буддын шашны 4 урсгалд бүрнээ нэвтэрсэн, өндөр гэгээрэлд хүрсэн төвөд багш бөгөөд Японд 10 жил бурхны номын сургаалыг дэлгэрүүлэн ажилласан нэгэн байв. Харин Токан Тада буддын шашныг судлахаар Төвөдөд 10 жил суралцсан юм.
Хосанг Кай бүлгэмийн ахмад 9 гишүүн суваргад төвөдийн уламжлал ёсоор цагаан хадаг өргөж, адист хишгийн залбирал үйлдэхийг харан, баяр баясалтай, сэтгэл дүүрэн зогсож байлаа. Энх тайвны үйл хэрэгт чин үнэнчээр итгэдэг 80 гишүүнтэй энэхүү бүлгэм суваргыг 46 жилийн турш арчлан хамгаалж, залбирал өргөсөөр иржээ.
Нагано мужийн оршин суугчид жил бүрийн 5 дугаар сард энэхүү суваргыг зорин ирж, орчныг нь цэвэрлэн, шаардлагатай засварыг хийдэг уламжлалтай. Бүлгэмийн гишүүн Накамура Хидэкусугийн хэлснээр Далай ламын айлчлал түүний сэтгэлийг гүнээ хөдөлгөж, энх тайвны төлөөх тэдний олон жилийн үйлсэд урам зориг өгчээ. 79 настай өндөр настан Хидэкусу Токиогийн Сэйкэй Гакуэн сургуулийн захирлаар ажилладаг байсан бөгөөд энэхүү суваргыг байгуулах ажилд машид чухал үүрэг гүйцэтгэсэн Окуда Шозогийн дотнын найз билээ. Окудаг Наганогийн иргэд сургуулийн боловсролд хүйсийн тэгш боломжийг бий болгох үйлсэд тууштай зүтгэсэн хэмээн өнөөг хүртэл хүндэтгэн дурсдаг аж. Хидэкусугийн хэлдгээр 2008 онд Зэнкожи сүмийн албаны хүмүүс түүний оршин байгаа талаар мэдэж, бүлгэмтэй холбогдсоноор Хосанг Кайгийн хүрээнээс анх удаа суваргийн сүнслэг нууц ил болжээ. Түүнчлэн Далай ламын Зүүн Азийн төлөөлөгч Лакпа Цокцо 2009 онд энэхүү дурсгалт газарт айлчилжээ. Хидэкусу хэлэхдээ “Далай лам суваргад адис хайрласны дараа би төвөдийн ард түмэнтэй гүн гүнзгий холбогдсон мэт мэдэрлээ. Өчигдрийн Наганод болсон нийт олонд зориулсан айлдварын үеэр Далай лам энх тайванд уриалан хандсан чин сэтгэлийн үгийг сонсоод, бид түүнтэй нэгэн зорилготой гэдгээ улам ихээр мэдэрсэн юм” хэмээн өгүүлжээ.










