Өнөө өглөө Зүглэгхан дуганы гаднах талбайд 8500 орчим хүн цуглажээ. Дулаахан сайхан энэ өдөр Махгал бурхны эрх авшиг хайрлахаар Дээрхийн гэгээн Далай лам машинаар морилон ирлээ. Тэрбээр өөрийг нь угтан авч буй сүсэгтэн олны хажуугаар өнгөрөхдөө тэдний зүгт инээмсэглэн гараа даллан мэндчилж байв.

Дээрхийн гэгээн сэнтийдээ залран, хэдэн хором Махгал бурхны авшиг хүртээх зэхэл үйл үйлдэв. Ингээд айлдвараа эхлэв. Ээж нь “Манай Махгал, манай сахиус" хэмээн ярьдаг байсан тул өдгөө Махгал бурхан өөрт нь ихэд ойр санагддаг гэлээ.
“Норовлинга ордноос гарахынхаа өмнө би Махгалын дуганд очиж, Энэтхэг рүү дүрвэх гэж байгаагаа хэллээ. Өмнө нь залбиран байхуйд бурхан өөдөөс минь Төвөдийн асуудал эцсийн дүндээ шийдэгдэх болно гэдгийг илэрхийлж толгой дохиж байх шиг санагдав. Зургаан мутарт Махгал бурхан бол хосгүй эрх хүчин төгс агаад биднийг эх орноосоо дүрвэн гарснаас хойш ямагт дэмжин ивээсээр буй.
Өнөөдөр би Зургаан мутарт Махгалтай холбоотой дөрвөн бурхныг бясалгах эрх авшгийг хүртээх гэж байна. Махгал бурханд сүсэглэдэг лам хувраг, сүсэгтэн олон мөн буддын шашин, Далай ламын нэрийг шинээр сонсон сонирхож буй хүмүүс ч энд цугласан байна. Далай лам бол зургаан мутарт Махгалын үйлсийг дэлгэрүүлэх үүрэгтэй агаад Махгал бурхан ч мөн надад тусалдаг билээ” хэмээн айлдав.
Дээрхийн гэгээн Зургаан мутарт Махгалд бурханд өргөх магтаалын эхний бадгийг уншив.
Бэлзэг төгөлдөр хөлөөр Винаягааг дэвсэлсэн
Бүтэн барсын хормогчит их хар Махагала
Бүрэн бие могойн чимэгт Зургаан мутарт
Баруун мутартаа бөгтөр тонгорог, бадармал эрхи барьсан
Бахтай дуут дамрыг чангад дэлдсэн...
Өнөөдрийн эрх авшгийг хүсэж айлтгасан Калу ринбүүчи бээр гоёмсгоор чимэглэсэн мандал, бурхны лагшин, зарлиг, тааллын тахил сэлтийг өргөлөө.

Дээрхийн гэгээн бага наснаасаа Махгал бурхныг шүтэж, Махгал бурхан мөн өөрийг нь ивээсээр ирснийг давтан айлдлаа. Тэрбээр бодь сэтгэл, хоосон чанарыг гол болгон бясалгадаг ч энэ хоёр бясалгал Махгал бурхны зүрхэнд оршдог гэж боддог ажээ.
“Би Хятадад айлчилж байх үедээ болон Энэтхэгт цагаачилж ирснээсээ хойш ч Махгал бурханд цаг ямагт сүсэглэсээр ирсэн. Эх орноосоо дүрвэн гарсан хүмүүст оюун санааны эрх чөлөө байдаг тул Махгал бурханд залбирдаг. Энэ бүх хугацаанд миний гол номын сахиус байсаар ирэв.
Карлу ринбүүчи Зургаан мутарт Махгалтай онцгой барилдлагатай агаад түүний шавь нар эл бурхны авшгийг хүртэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Миний хувьд Зургаан мутарт Махгал бурханд ялгамжаатай нэг зүйл байдаг гэж боддог. Махгал бурхан бидэнд шид бүтээл хийгээд бодь сэтгэл, хоосон чанарыг оноход тусалдаг юм.
Их шидтэн Шаваривагийн тухай нэгэн түүх байдаг. Түүнийг нэгэн үхээрийн газарт бясалган байх ахуйд Махгал бурхан үзэгдэж, дөрвөн бурхныг хэрхэн хослуулан бясалгах талаар номлосон гэдэг. Мөн Нархажид, Жанрайсиг, Дарь эх зэрэг ихэд шүтэгдсэн бурхад ч түүнд үзэгдэн, өөр өөрийн бясалгалын арга увдисыг зааж өгсөн ажээ.
Шаварива бээр эл дөрвөн бурхныг хамтад нь бясалгах аргыг эмхэтгэн зохиожээ. Тэрбээр үүнийгээ Майтрипад дамжуулсан агаад Майтрипа нь Төвөдийн буддын шамбаа гаржүдийн урсгалыг үндэслэгч Гунгааналжорт уламжилсан болно”.

“Их шидтэн Рахула нь эхээс мэндэлснийхээ дараахан дээрх дөрвөн бурхныг зүүдэндээ үзсэн ажээ. Түүний намтарт тэмдэглэснээр бол тэрбээр Махгал, Жанрайсиг, Нархажид, Дара эхийг үзжээ. Мөн тэрбээр хожим Гунгааналжор, Рахула нараас номын рашаан хүртсэн байна.
Гунгааналжор бээр гурван сарын турш өдөр бүр үүрийн гэгээ орохын өмнөхөн анхаарлаа сарниулалгүй бясалгасаар гэгээрэлд хүрсэн гэдэг. Тэрбээр ердийн болон дээд шид бүтээлийг онож, гэгээрсэн байна. Энэ түүх уг бясалгалын үр дүн хурдан бүтэж, биелдгийг илэрхийлж байна”.
Дээрхийн гэгээн бодьсадвын санваар авах бэлтгэл болгон Очирдар бурхныг Махгал, Нархажид, Жанрайсиг, Дарь эх бурхдаар хүрээлүүлсэн байгаагаар дүрслэн бясалгахыг тайлбарлав.
Мөн тэрбээр Махгал бурхны арван гурван эрх авшгийг Дагдаг ринбүүчигээс, Махгал бурхны авшгийг Лин ринбүүчигээс тус тус хүртсэн тухайгаа дурсав.
“Би өдөр бүр, өглөө сэрмэгцээ л бодь сэтгэлийг бясалгаж, бодьсадвын санваарыг сахиж байдаг. Өөрийн хийгээд өрөөл бусдын тусыг бүтээх зорилгод хүрэхийн тулд бодь сэтгэл хэрэгтэй. Ойрын хийгээд холын зорилгуудаа биелүүлэхэд ч бодь сэтгэл хэрэгтэй. Буяны болоод билгүүний чуулганыг хураахад ч бодь сэтгэл зайлшгүй шаардлагатай.
Хамаг амьтны тусыг бүтээхийг зорьдог бодь сэтгэлийг дадуулсан нэгэн бол таних ч бай, танихгүй ч бай бүхий л төрөлхийтнийг Бурхны хутагт хүргэх эрмэлзэлтэй болдог. Чингээд хамаг амьтныг үргэлжид санаа тавьдаг болно. Бодьсадвын дээдийн үйлийг бүтээхийн тулд бодь сэтгэлийг дадуулах нь ийм чухал юм”.

Дараа нь Дээрхийн гэгээн тарнийн санваар хүртээв. Эрх авшиг хүртээхдээ тэрбээр бурхдыг хэрхэн дүрслэн бясалгах тухай дахин нэгэнтээ айлдаж, тэдгээр бурхдын тарнийн лүнг хайрлав.
* Очирдара бурхны тарни - Намо Будда яа / намо гүрү вэ/ важра вира вирэна шриеэ /дака дакини / жваки жвакини /сарва Будда яа / бодьсадва шаранам гачами кяа кяа
* Махгал - Ум Важра Махагала кшим кшетра виган виная тра хум хум пад пад суха
*Нархажид - Ум Важра Нара трим трим хум хум пад пад суха
*Жанрайсиг – Ум Важра Ракша (нама) саманта хум пад
*Ногоон Дарь эх – Ум дарэ дүддарэ дүрэ суха
Калу ринбүүчи талархлын мандал болон бурхны лагшин, зарлиг, тааллын шүтээнийг өргөв. Үүнтэй зэрэгцэн сүсэгтэн олон талархлын өргөл өргөв.

Дараа нь түүний багш Кябжэ Трижанг Ринбүчи болон Кябжэ Линг Ринбүчи нарын зохиосон "Дээрхийн гэгээн Далай ламын урт наслах тухай мөнхийн дуулал"-ыг уншив. Дараах дөрвөн мөр нь дууллын хэсэг юм.
...Эртний цаст Төвөдийн аврал болсон Данзанжамц таны
Энхрий лагшин, нас буян
Олон галавт батжин
Эрхэмлэн болгоон таалсан хэргийг ая зөнгөөр бүтээн адисла...
Үүний дараа Жамъян Хэнцэ Чойжилодойн зохиосон "Мөнхийн рашааны дуулал" хэмээх Дээрхийн гэгээний өлмий бататгах залбирлыг уншив.
Дээрхийн гэгээн айлдварынхаа төгсгөлд энэ өдрийг ёслолын ашдын өлзийтэй байхыг болгоож, их шидтэн Шаварива бээр Махгал бурхныг зүүдэндээ үзсэнийхээ дараа зохиосон “Зургаан мутарт Махгалд өргөх магтаал”-ыг айлдаж, лүнг нь хүртээнэ гэдгээ мэдэгдэв.
“Би энэ магтаалыг өдөр бүр уншдаг. Намайг биширч, хүндэлдэг хүмүүс та бүхэн ч мөн энэ болон ирээдүйн төрлүүдийнхээ сайн сайхныг ерөөж, уншиж байгаарай” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Орчуулсан Б.Ганчимэг










