Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн ноён Лю Шяобод чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэхүү шагналыг хүртсэн явдал тань БНХАУ-ын иргэдийн дунд улс төр, хууль эрх зүй, үндсэн хуулийг шинэчлэхийг зорьсон дуу хоолой улам бүр нэмэгдэж буйг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байгааг илтгэн харуулж байна.
Хятадад ардчилал, эрх чөлөөг бий болгохыг уриалан “Чартер-08” тунхаг бичигт гарын үсэг зурсан ноён Лю Шяобо болоод олон зуун хятад сэхээтэн, нийгмийн хариуцлагатай иргэдийн зоригтой алхамд сэтгэл гүнээ хөдөлж, урам зориг авснаа ч мөн энэ дашрамд илэрхийлье. Уг баримт бичиг нийтэд ил болсноос хоёр хоногийн дараа буюу 2008 оны 12 дугаар сарын 12-нд миний бие бээр Польш улсад айлчилж байх үеэрээ энэхүү үйл хэрэгт хүндэтгэл үзүүлж буйгаа олон нийтэд илэрхийлж байлаа. Ирэх жилүүдэд хятадын ирээдүй хойч үе өнөөдрийн иргэдийн хариуцлагатай засаглал, нээлттэй нийгмийг цогцлоохын төлөө гаргаж буй хүчин чармайлтын үр шимийг заавал хүртэх болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябаогийн үг хэлэх эрх чөлөө аливаа улс орон, ард түмний хувьд зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд ардчилал, эрх чөлөөг хүсэх хүслийг үл зогсоож болохгүй хэмээн хэлсэн нь илүү нээлттэй Хятадыг хүсэх хүсэл тэмүүлэл гүнзгийрч буйн илрэл хэмээн үзэж байна. Ийм өөрчлөлт шинэчлэл нь эв нэгдэлтэй, тогтвортой, хөгжин цэцэглэсэн Хятадыг цогцлоохын үндэс болохын зэрэгцээ дэлхийн энх тайванд чухал хувь нэмэр оруулах боломжтой билээ.
Энэхүү боломжийг ашиглан Хятадын Засгийн Газарт хандан үзэл бодлоо илэрхийлсний төлөө хоригдож буй ноён Лю Шяобо болоод бусад хоригдлуудыг суллан чөлөөлөхийг миний бие бээр дахин уриалж байна.
2010 оны 10 дугаар сарын 8










