Энэтхэг, Чхаттисгарх, Райпур, 2014 оны 1-р сарын 14 (Смита Майнкар, TNN-ийн мэдээ) - Төвдийн оюун санааны удирдагч Далай лам Даваа гарагт хэлэхдээ, хүмүүс Бурханд мөргөж, цэцэг өргөхдөө түүний утга учрыг нь мэдэхгүйгээр, зүгээр л зан үйлийн төлөө хийдэг болжээ.
![]() |
Тэрээр Пандит Равишанкар Шуклагийн нэрэмжит Их Сургуульд болсон “Нагаржунайн гүн ухааны үндэсний семинар”-ыг нээж үг хэлэхдээ:
“Япон, Хятад зэрэг орнуудын их сургуулиудад оюутнууд нь тасралтгүй мөргөл үйлдэгч лам нараас илүү соёлын тухай мэдлэг сайтай байна. Энэтхэгийн их дээд сургуулиудад Энэтхэгийн эртний соёлыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж би боддог” гэв.
Тэрбээр Нагаржунайн гүн ухааныг тодруулан тайлбарлахдаа, “Хүн сайн хүн болохын тулд хөгжүүлэх ёстой зүйл бол зөвхөн хайр, энэрэл юм. Аз жаргалын эцсийн эх сурвалж бол дотоод хүч чадал болон өөртөө итгэх итгэл билээ.
Оюун ухаан дахь мэдлэг, зүрх сэтгэл дэх туршлага нэгдэх ёстой. Хүчирхийлэл үл үйлдэх гэдэг нь юу ч хийхгүй байхыг хэлэхгүй. Энэ нь хүч хэрэглэхгүй, хэрцгийлэл үйлдэхгүй байхыг хэлнэ. Би амьдралдаа маш олон бэрхшээлтэй тулгарсан. 24 насандаа эх орноо алдсан; 60 насандаа олон хүндрэлтэй нүүр тулсан. Гэвч юу юунаас илүү сайн хүн байх ёстой” гэв.
Уг арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Раман Сингх хэлсэн үгэндээ, “Нагаржунай гэгээн аюурвед, анагаах ухаанд их хувь нэмэр оруулсныг бид дурсан санадаг. Чхаттисгархт Нагаржунайн өв, холбогдох дурсгалт газрууд байдаг нь бидний хувьд азтай завшаан юм” гэжээ. Семинарын үеэр Төвөдийн Судалгааны Төв Их Сургуулийн дэд захирал Нгаванг Самтэн болон Равишанкар Шуклагийн Их Сургуулийн дэд захирал С.К. Пандэй нар мөн үг хэлэв.
Харин Далай лам 1-р сарын 14-нд Нагаржунай гэгээний агуйд очиж бясалгал хийхээр төлөвлөжээ.










