2014 оны 4-р сарын 15, Япон, Кояасан - Дээрхийн гэгээн Далай лам Дайто суварга руу зорих үед Кояасанд дахин нэг сайхан нарлаг өдөр тохиож байлаа. Энэхүү суварга нь Кояасанд нууц тарнийн ёс бүхий буддын шашны урсгалд зориулан Кобо Дайшигийн байгуулсан Данжо Гаран гэх газарт байрладаг. Дээрхийн гэгээн суваргын зэргэлдээх Вайрочана бурхантай холбогдох хөшөө дурсгал байрлаж буй танхимуудаар зочилж, дээр залсан Кобо Дайши болон Нагаржунагийн хөрөг зургуудыг ихэд таалжээ.
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Кояасан дахь Дайто суваргын дотор хананы зургийг сонирхож байгаа нь … 2014 оны 4 сарын 15 , Япон Зургийг: Жереми Русселл |
Кояасан Их сургуулийн 800 хүний багтаамжтай танхим дүүрч, хүмүүс түүнийг хүлээж байсан бөгөөд Дээрхийн гэгээн цаг алдалгүйгээр тэдэнтэй ярилцахаар суудалдаа заларлаа.
“Эрхэм хүндэт Хамба лам, сүсэгтэн олон ахан дүүс ээ, та бүхэнтэй энд уулзах завшаан олдсонд би маш их баяртай байна. Номын айлдвар болон энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Кояасан хийдийнхэнд талархаж байна. Энд байгаа минь надад үнэхээр таатай байна. Анир чимээгүй, амар амгалан газар юм. Ганц асуудал байсан нь Японы уламжлалт барилгууд дулаан цаг агаарт зориулагдсан байдаг учир аас хүйтэнд хэцүү юм аа. Одоо өмнөх уулзалтын үеэр асуулт асуух цаг байгаагүй учраас та бүхний асуултаар уулзалтаа эхлүүлэх үү дээ?” гэв.
Их сургуулийн гишүүдийн бэлтгэсэн эхний асуулт нь “Таны хувьд залбирал гэж юу вэ?' гэсэн асуулт байв. Дээрхийн гэгээн энэ асуултад хариулахдаа, залбирал нь бүх шашны уламжлалд нийтлэг байдаг ч буддистууд, жайнистууд, самхячууд нь бүтээгч бурхны талаар ойлголтгүй байдаг. Будда өөрийн дагагчдадаа “Та нар өөр өөрсдийнхөө эзэн нь. Та нарын зовлон, жаргал өөрсдийн тань гарт бий' гэж хэлсэн. Тэрээр нэмээд ингэж хэлэв:
Будда бусад амьтдын үйлийн үрийг угааж ариутгадаггүй,
Бидний хийсэн бүхний үр дагаврыг тэд гараараа арилгадаггүй,
Бусдын сэтгэл оюунд тэд өөрсдийн ойлголт, ухаанаа дамжуулдаггүй
Бодит байдалд бусад амьд бүхнийг сургаснаар эрх чөлөөнд хүргэдэг.
Буддистууд Будда, Дхарма, Сангхаг итгэл үнэмшилтэйгээр шүтэхдээ өөрсдийн сэтгэл оюундаа буддын сургааль буюу Дхармаг хөгжүүлэх бодит шүтлэг болно. Будда бол багш, Сангха буюу хувраг, номын нөхөд нь зам мөрийн хамтрагчид юм.
Бид сонсох, унших, эргэцүүлэн бодох, бясалгал хийх зэргээр сурч боловсрох шаардлагатай. Будда бол эмч, Дхарма бол эмчилгээ, харин Сангха бол дэмжлэг, асаргаа үзүүлдэг сувилагч нар шиг л үүрэгтэй юм. Бид өвдөх үедээ эмчид хандах шаардлагатай, гэхдээ эмч бидэнд эмчилгээ бичиж өгөх нь хангалтгүй, харин бид түүний зөвлөгөөг дагаж, эмийг нь уух хэрэгтэй.
|
| Зураг. Кояасан дахь уулзалтын үеэр Дээрхийн гэгээн Далай ламаас оролцогчид асуулт асуухаар зогсож буй нь … 2014 оны 4 сарын 15 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Хоёр дахь асуулт нь Дээрхийн гэгээнтэн буддын шашны лам хүний хувьд юуг хамгийн чухал гэж үздэг вэ? гэсэн асуулт байсан бөгөөд тэрээр огт эргэлзэлгүйгээр ингэж хариулжээ: “Винай, Сутрас, Абхидхармад заасан гурван сургааль буюу ёс суртахуун, төвлөрөл, мэргэн ухаанд суралцах нь чухал.
Ёс суртахуун нь буддын бүх урсгалын хувьд нийтлэг байдаг хувь хүний эрх чөлөөний сахил, бодьсатва болон тантрагийн сахилыг багтаадаг бөгөөд тантрагийн бясалгал нь тайван байдал, мэргэн ухааныг хослуулдаг.
“Өдөр бүр би үүрийн 3 цагт босож, залбирал үйлдэж, төвлөрлийн бясалгал хийдэг. Би хувраг хүний хувьд үдийн хоолны дараагаас өөр хоол иддэггүй, орой 8 цагт орондоо орж, бөх сайн унтдаг. Би зүүд зүүдлэхдээ өдрийн турш бодож байсан зүйлсийнхээ тухай зүүдэлдэг. Ингэхдээ ихэвчлэн бодь сэтгэл болон хоосон чанарын тухай эргэцүүлдэг учраас энэ бүхэн миний зүүдэнд ч бас үргэлжилдэг. Мэдээж тантрад зүүдний орон нь мөн гэгээн гэрэлд бясалгах боломж гэж үздэг.”
Кояасаны тухай ямар сэтгэгдэлтэй байгааг нь асуухад, Дээрхийн гэгээн эндхийн амар амгалан, анир чимээгүй байдал нь ихээхэн таалагдаж байгааг хэлээд, бясалгал хийхэд тун тохиромжтой газар юм хэмээн магтжээ. Дараа нь тэрээр илүү ерөнхий зүйл ярихаар болж, уулзалтын төгсгөлд цаг байвал нэмэлт асуултуудад хариулна гэв.
“Хаана ч очсон уулзалтуудыг маань зохион байгуулагчид олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалт зохион байгуулдаг. Учир нь би олон нийттэй уулзах надад их сонирхолтой байдаг юм. Яагаад гэвэл хүн бүр, бүр амьтан, шувууд хүртэл аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Хэн ч зовлон шаналлыг хүсдэггүй. Үүнийг бид батлах шаардлагагүйгээр мэднэ шүү дээ. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн бид бусад амьд оршихуйгаас ялгаатай нь гайхалтай оюун ухаантай байдаг тул бид илүү их боломжтой байдаг. Бид бүгдээрээ л зүгээр хүн, оюун санаа, бие махбод болон сэтгэл санааны хувьд адилхан. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг.
“Эдгээр өдрүүдэд олон олон орчин үеийн шинэ хөгжил дэвшил бий болж, япончууд ч гэсэн дотоод үнэт зүйлээс илүү материаллаг зүйлсийн үнэ цэнд анхаарал хандуулах болжээ. Үүний үр дүнд бид ихэнхийг нь өөрсдөө бий болгосон олон асуудалтай тулгарч байна. Орчин үеийн хүмүүс мэдрэхүйн түвшний сэтгэл ханамжид илүү их анхаарал хандуулдаг болсон. Бид гоё сайхан харагддаг зүйлсэд дуртай. Бид таатай, үзэсгэлэнтэй зүйлсийг харах, сонсоход сэтгэлд их таатай байдаг. Үүний нэгэн адилаар бид үнэрлэх, амтлах, мэдрэхэд таатай зүйлсээс бас таашаал авдаг, жишээ нь үүнд бэлгийн харилцаа ч багтана. Амьтад ч бас ийм мэдрэхүйтэй байдаг, гэвч ялгаатай нь энэ гайхалтай тархи, оюун ухаан бидэнд байгаа учраас бид оюун санааны түвшинд илүү их туршлагатай байдаг.”
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Кояасан их сургуулийн уулзалтын танхимд болсон уулзалтын үеэр… 2014 оны 4 сарын 15 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Дээрхийн гэгээн бидний оюун санааны туршлага олон янз байдгийг тайлбарлав. Бид стресс, санаа зоволт, өвдөлтийг мэдэрдэг. Мэдрэхүйн туршлага нь бидний оюун санааны түвшинд мэдэрдэг хүчтэй өвдөлт эсвэл таашаалыг тэнцвэржүүлж чаддаггүй бөгөөд тэдгээр зүйлс биднийг сатааруулж болох ч, даван туулахад хөтөлдөггүй. Нөгөөтэйгүүр, хэрэв бид оюун санааны тогтвортой амар амгалан мэдрэмжтэй байсан бол, сөрөг зүйлс ч хүртэл тийм их сэтгэл зовоохгүй байх байсан. Тэрээр оюун санааны амар амгалан нь бидний биеийн эрүүл мэндэд ашигтай бөгөөд уур хилэн, үзэн ядалт, айдас түгшүүр нь бидний дархлааны системийг идэж, сулруулдаг болохыг эмнэлгийн мэргэжилтнүүд олж тогтоосон гэдгийг нэмж хэлэв. Тайван, амгалан байх нь бидний бие махбодын сайн сайхан байдалд л сайн. Залуу хүмүүст дотоод гоо үзэсгэлэн болсон энэрэн нигүүлсэхүй, хайр, хүндэтгэл нь илүү чухал байхад гадаад үзэмжиндээ л анхаарах юм хэмээн хошигнон инээмсэглэв. Дотоод гоо сайханд суурилсан гэрлэлт нь зөвхөн сайхан төрхөнд суурилсан гэрлэлтээс илүү аз жаргалтай, удаан үргэлжлэх магадлалтай гэж боддогоо ч мөн хэллээ.
“Орчин үеийн амьдрал, бүр боловсролын систем ч гэсэн материаллаг зүйлсийн үнэ цэн болон материаллаг зүйлсийн соёлд суурилсан байдаг. Их сэтгэгчид, боловсрол судлаачидтай хийж байсан ярианууд маань манай боловсролын систем итгэл үнэмшил болон итгэлгүй байдлаас үл хамааран ёс зүйд илүү их ач холбогдол өгөх шаардлагатайг харуулдаг. Хүн төрөлхтний хувьд бидэнд ёс зүйн үнэт зүйлс хэрэгтэй. Ялангуяа АНУ-д бид шашнаас ангид ёс зүйг боловсролд нэвтрүүлэх төслийг хөгжүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөг хүртэлх гарсан үр дүнгүүд нь бидэнд урам зориг ихээр өгч байгаа. Бид дэлхийн 7 тэрбум хүний сайн сайхныг бодох ёстой, учир нь бид тэдний л нэг хэсэг. Энэ харилцан хамаарлын нэг жишээ бол Японы эдийн засаг дэлхийн бусад орнуудтай харилцдаг харилцаа юм.
“Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бол зөвхөн Европ, Ази, Африк эсвэл Америкийн асуудал биш, дэлхий нийтийн асуудал юм. Бид зөвхөн өөрийгөө эсвэл биднийг гэж бодохгүйгээр хүн бүрийг бодох ёстой. Бидний амьдардаг энэ цор ганц цэнхэр гариг дээр юу тохиолдож байгаа нь бид бүгдэд нөлөөлнө. Бид хүмүүсийг найз, дайсан гэж хуваах, дайн дажин гарах үндэс болдог 'бид' ба 'тэд' гэсэн ялгаварлалын тухай бодохын оронд хүн төрөлхтний нийтийн ашиг тусыг харгалзан үзэх шаардлагатай. Бид ядуусыг бараг хэрэггүй шахам гэж үздэг баян, ядуугийн хоорондох ялгаа буюу дэлхий дээрх шударга бус байдалтай тэмцэх хэрэгтэй. Мөн хариуцлага Будда, Есүс, Мохаммед, эсвэл Кришнагийн мөрөн дээр биш, харин бидний 7 тэрбум хүний мөрөн дээр байгаа. Хэдэн жилийн өмнө Хирошимад дэлхийн энх тайвны төлөө залбирах цугларалтад оролцохдоо би дэлхийн энх тайван зөвхөн залбирснаар бий болохгүй учраас бид арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн. Энэ арга хэмжээ авах гэдэг нь япончуудын сайн ойлгодог зүйл гэдэгт би итгэж байна. Тиймээс, миний хэлэх зүйл энэ л байна, баярлалаа.”
|
| Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын яриа болсон Кояасан их сургуулийн уулзалтын танхимын харагдах байдал … 2014 оны 4 сарын 15 , Япон Зургийг: Япон дахь Төвөдийн ажлын алба |
Дараа нь Дээрхийн гэгээн оролцогчдоос ирсэн хэд хэдэн асуултад хариулав. Хүмүүс яагаад худал хэлдэг вэ гэж асуухад, тэрээр худал хэлэх нь охор бодол, явцуу сэтгэлгээний үйлдэл гэв. Бид бүгд нөхөрлөлийг хүсдэг. Харин нөхөрлөл гэдэг аз жаргалтай нийгмийн үндэс болсон итгэлцэл, шударга байдал, үнэнч зан дээр тогтдог гэжээ. Нэгэн эмэгтэй тантрад бэлгийн энергийг яагаад дүрсэлж, хэрэглэдэг тухай асуухад, Дээрхийн гэгээн бурхдын дүрүүдийг хослон зурсан зургийг буруугаар ойлгохгүй байх ёстойг анхааруулаад, зарим лам нар ийм буруу ойлголтыг бэлгийн харилцаанд орох шалтаг болгон ашиглаж байсан тухай сонссон ба энэ нь маш буруу гэдгийг дурджээ.
Өөр нэгэн оролцогч ямар нэгэн зүйлд хүрэхийг хичээж байхад бусад хүмүүс саад учруулбал яах ёстойг асуулаа. Дээрхийн гэгээн түүнд юу хийх боломжтойгоо шалгаж, бодит байдлын үүднээс хандахыг зөвлөв. Хүсэлдээ хөтлөгдөх нь урам хугарахад л хүргэдэг. Тэрээр мөн танд саад учруулж буй хүнийг уучлах нь тэдний үйлдлийг саармагжуулах алхам хийж болохгүй гэсэн үг биш хэмээн хариулав.
Бас нэг эмэгтэй Буддагийн мөн чанарын талаар асууж, хэрэв бидний дотор аль хэдийн Будда оршиж байдаг юм бол бид яагаад сэтгэл санааг үймүүлэх сэтгэл хөдлөлд автдаг вэ? гэж асуухад Дээрхийн гэгээн энэ ойлголт нь Буддагийн мөн чанарыг буруу тайлбарладагт байгаа юм гэж хариулав. Энэ нь бид аль хэдийн гэгээрсэн гэсэн үг биш, харин бид бүгд Буддагийн хутгийг олох боломжтой л гэсэн үг юм хэмээлээ. Хамгийн сүүлд түүний хувьд хамгийн чухал ном юу вэ? гэсэн асуултад тэрээр ингэж хариулжээ:
“Зүрхэн судар шиг судрууд. Эдгээр бүтээлийг шүтэх биш, харин судлах үүднээс чухалчилдаг. Залуучууд та нар сурч боловсроход хүчин чармайлт гаргаарай. Бидний энд хэлэлцсэн зүйлсийн бичлэг бэлэн байгаа. Тэдгээрийг судлаарай. Би дахин ирж магадгүй, хэрэв би ирвэл би та нарыг шалгана шүү! Баярлалаа, та бүхэнтэй ярилцах их таатай байлаа.” гэв.
Дээрхийн гэгээн Далай ламыг танхимаас гарах үед танхим дүүрэн хүмүүс халуун алга ташилт, дулаан дотно инээмсэглэлээр түүнийг үдлээ. Кояасанаас тэрээр Осака руу явж, тэндээсээ Токио руу нисэх юм.










