Сиэтл хот, Вашингтон муж, АНУ, 2008 оны 9-р сарын 12 (Seattle Post Intelligencer) – Нар гийсэн цэнгэлдэх хүрээлэнд фэнүүд ихэвчлэн дэвхцэн цовхорч баяр хөөрөөр бялхан хайртай багаа хөгжөөн дэмждэг Квест Фийлд цэнгэлдэх хүрээлэнд цугласан иргэд энэ удаа Далай Ламын энэрэхүйн сэтгэлийн айлдварыг Бямба гарагт сонсов.
Энэхүү арга хэмжээ нь Сиэтлийн хэд хэдэн газарт Мягмар гараг хүртэл үргэлжлэх таван өдрийн турш Энэрэл нигүүлслийн үрийн тухай чуулганы хамгийн том нь байсан ч урьдчилан тооцоолсон ирцэд хүрээгүй ажээ. Илүү нягт зохион байгуулалттай хэлэлцүүлгээс ялгаатай нь Бямба гаригийн өнгө алагласан цугларалт нь баяр ёслолын хэлбэрээр төлөвлөгджээ. Тухайлбал 1800 гаруй үе үеийн насны гишүүдтэй найрал дууны том хамтлаг энх тайван ба энэрэхүйн тухай дуу дуулахад, түрлэг өргөж өвөг дээдсийнхээ хувцас зүйсгэлээр гоёсон олон зуун хүн гар барин бүжиглэж байсны дунд залуус болон Америкийн уугуул ахмад настнууд харагдав.
Олон талаараа энэ арга хэмжээ нь энх тайван, хүчирхийллийн эсрэг, олон янз байдал, дэлхийн үүрэг хариуцлагыг дэмжсэн илүү өргөн цар хүрээтэй агуулгатай боловч, Сиэттлийн өнгө төрхийг илтгэсэн гайхалтай цуглаан байсан юм. Ялгаатай тал нь мэдээж Далай лам оролцсонд оршино. Бурханы шашны хувраг 28 минутын илтгэл тавьсны дараа цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн 50,817 хүн суудлаасаа босч алга ташин дэмжлээ.
Төвдийн улс төр, шашны тэргүүнийг түүний дэмжигч сүсэгтнүүд 13-р Далай ламын хойд дүр гэж үздэг. Гэвч тэрээр өөрийгөө "надад санал болгох маш онцгой зүйл байхгүй" гэж өөрийн нэр нөлөөг даруухан үнэлэв. Дээрхийн гэгээн “Зарим хүмүүс Далай лам ямар нэгэн гайхамшигт хүч чадалтай гэдэгт итгэдэг. Энэ бол хэтрүүлэг. Би эгэл жирийн хүн" гэж хэлсэн юм. Далай лам чуулганы нээлтийн өдөр буюу Баасан гарагт дурдсан зарим сэдвийг давтан хүн бүрийн аз жаргал нь бусдад хэр зэрэг хайртай, энэрэнгүй байхаас шалтгаална гэв. Тэрээр мөн "хүчирхийэээс ангид яриа хэлэлцээ" бол даян дэлхийн болон гэр бүлийн түвшинд тулгамдаж буй асуудалд хандах цорын ганц арга зам гэж тодорхойлов.
Энэ нь Далай ламын өмнө үг хэлсэн түүний элч Тэнзин Дондэн ламтны хэлсэн санаа байв. Дондэн ламтан "Аюул заналхийлэл бодит үнэн бөгөөд бидний сая харсанчлан улам нэмэгдсээр байна” гэж Хятадын захиргаанд байгаа Төвдөд саяхан болсон бослого хөдөлгөөний талаар битүү утгаар дурдсан. Тэрбээр “Далай лам Төвдөд тусгаар тогтнолыг хүсч эрэлхийлэхээс илүүтэй өөртөө засах автономит эрхийг байдлыг эрхэмлэдэг, учир нь энэ нь Хятад, Төвдийн аль алины эрх ашигт нийцнэ гэж үздэг. Гэхдээ үүнд хүрэхийн тулд Хятадын талаас нухацтай яриа хэлэлцээ хийх талаар хүчин чармайлт гаргах шаардлагатай” гэж хэлэв.
Далай лам Ням гарагийн өглөө хэвлэлийн бага хурал дээр Төвдийн ирээдүйн талаар үг хэлнэ гэсэн хүлээлттэй байна. Төвдүүд уг зөрчил мөргөлдөөний гэм буруугүй хохирогч тал гэдэгтэй бүх хүн санал нийлэхгүй байна. Бямба гарагт эхэлсэн арга хэмжээ эхлэх үеэр нисэх онгоц цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр өнгөрсөн ба онгоцноос ДАЛАЙ ЛАМ БОСЛОГО ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИХЭЭ ЗОГСООГТУН гэсэн бичиг дүүжилжээ. Энэ мессеж нь Далай лам Төвдэд болсон эмх замбараагүй байдлыг өөгшүүлсэн гэж Хятадын удирдагчдын мэдэгдлийг дэмжсэн утга илтгэж байгаа ч, Дээрхийн гэгээн үүнийг эрс няцаасаар ирсэн.
Сиэтл хотын 27 настай иргэн Кейт Маккой "Тэр хүчирхийллээс ангид байхыг дэмждэг, гэхдээ хүчирхийлэл, үймээн самууныг ч дэмждэггүй" гэв. Баллард хотын 56 настай иргэн Жейсон МакЛург Төвдийн далбааг Qwest Field цэнгэлдэх хүрээлэнд авчирчээ. Баасан гаригт автобусанд суухаар хүлээж байхдаа түүнийг дээш мандуулахад хажуугаар өнгөрч байсан спорт машины жолооч эрхий хуруугаа доош зангасан хөдөлгөөн үзүүлэв. "Далай лам болон магадгүй энэ далбааг эсэргүүцсэн үзэл бодолтой хүмүүс байгаа" гэж МакЛург хэлэв. Бямба гаригийн энх тайван, хайр энэрлийн тухай үзүүлбэр нь улс төрийн бус зорилготой байсан ч, Жорж Винх (55 натай) "Төвдүүдийг дэмжихээр" тус Qwest Field цэнгэлдэх хүрээлэнд ирсэн гэжээ. Баруун Сиэтлийн иргэн тэрбээр Далай ламаас ганц асуулт асууж чадвал "Та яагаад Хятадаас тусгаар тогтнолыг хүсэхгүй байгаа юм бэ гэж асуух байсан" гэв.
Далай лам илтгэлдээ Хятадын тухай дурдаагүй ч, хүч хэрэглэхийг эсэргүүцдэг талаар ярьж “Дайн гэдэг ойлголт хоцрогдсон” гэсэн юм. Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгаж, атаархал, хардлага, айдас хүйдэс зэрэг "дотоод зэвсгээ хураах"-ыг тэрээр уриалав. Гайхалтай нь, Дээрхийн гэгээн залбирал хүртэл энэрэн нигүүлсэх сэтгэлийг нэмэгдүүлэхэд "хязгаарлагдмал нөлөө үзүүлдэг" гэж тэмдэглэв. Хэд хэдэн удаа тэрээр эмэгтэйчүүдийг эелдэг байдлын үлгэр жишээ болгон дурдсан бөгөөд “Энэрэл нигүүслийн анхны багш минь миний ээж байсан. Тэр бичиг үсэн мэдэхгүй эгэл жирийн эмэгтэй байсан ч, халуун дулаан сэтгэлтэй хүн байсан" гэж дурсав. Далай лам Сиэтл хотын захирагч Крис Грегуарын гараас атгангаа дипломат харилцааг сайжруулах тухай хэдэн жилийн өмнө хэлж байсан шинэ санаагаа эргэн дурсч цөөн үг хэлсэн. Тухайлбал, албан ёсны хэлэлцүүлгийн оронд дэлхийн удирдагчдын гэр бүлүүд нэг, хоёр долоо хоног албаны асуудал ярихгүйгээр хамтдаа байж, "бие биенээ ямар хүмүүн болохыг таньж мэдсэний дараа албан ёсны асуудлаа ярилцах нь зүйтэй” гэв.
Найрал дууны хамтлаг нэгэн дууны дахилтаа дуулахдаа:
“Дайн дажны өдрүүд дуусч, өөрчлөлтийн цаг ирж байна.
Бид тоглоомын талбай дээр ч өөрчлөгдөж чадвал, та ч бас өөрчлөгдөж чадна”.
гэж ойртон танилцахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.
Иссакуа хотын оршин суугч (Энэтхэг гаралтай) Тулика Дугар өөрийн 4 настай хүү Рахуль болон Монтессори цэцэрлэгийн шавь нартайгаа дуулж хөгжилдсөний дараа "Би улс төрийг сайн сонирхдоггүй ч, өөрчлөлтийг авчрахын тулд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг би хүсч байна" гэжээ. Баруун Сиэтлийн 11 настай Адам Вестерман хүү "Далай лам урам зориг надад өгсөн. Энэрэн нигүүлсэх сэтгэл эргээд таныг ивээдэг гэж тэр зөв хэлсэн" гэж сэтгэгдлээ хуваалцсан. Тэрбээр хэрэв хэн нэгэн зодоон хийхийг хүсвэл, "та зодолдох хэрэггүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг тул, та зодооныг болиулж чадна" гэж хэлсэн. Даллас хотын иргэн Патти Думани (53 настай) Бямба гаригийн цугларалт болон хурлын бусад хэсгүүдэд оролцохоор Сиэтл руу нисч иржээ. Тэрбээр хүүхдийн эмч багөөд Сиэтл хотод найзуудтайгаа хамт хоноглож байгаа бөгөөд "Хүүхдүүд бол бидний ирээдүй. Би энд байхын тулд гүүрний доор ч унтах л байсан" гэв.
Далай лам Qwest Field цэнгэлдэх хүрээлэнд ирснийхээ дараа WaMu театрт элэг нэгт төвдчүүд болон Зүүн Энэтхэг, Монгол, Балбын 500 гаруй хүмүүстэй уулзалт хийлээ. Далай лам төвд хэлээр Төвдэд болсон бослого хөдөлгөөний талаар дурдсан гэж Сиэтл хотын Төвдийн залуучуудын конгрессын ерөнхийлөгч Карма Ванду (27 настай) хэлэв. Тэрбээр "Далай лам бид тайван, бухимдахгүй байя гэж хэлсэн" гэлээ. Өөр нэг оролцогч, Сиэтл хотын иргэн Ангбабу Шерпа (42 настай) хэлэхдээ “Далай лам өөрийн дэмжигчид, сүсэгтнүүдэд хандан бусад хүмүүст хүндэтгэлтэй хандахыг сануулсан бөгөөд “таны хийсэн үйлийн үр танд танд буцаж ирнэ” гэж айлдсаныг дурдсан.
Далай ламын айлчлал нь өнгөрсөн сард Төвдөд бослого хөдөлгөөн гарснаас хойш АНУ-д хийж буй анхны айлчлал юм. Бээжингийн олимпийг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан дэлхий даяар ширүүссэн нь Хятадын засгийн газрын хүний эрхийн маргаантай нөхцөл байдлаас улбаатай юм. Хятадын засгийн газраас Далай ламыг Төвдөд гарсан эсэргүүцлийн жагсаалд буруутгаж, Төвдүүд хүчирхийлэл үйлдэж байна гэж мэдэгджээ. Далай лам 1959 онд Төвдөөс дүрвэсэн бөгөөд 30 жилийн дараа буюу 1989 онд энх тайвны Нобелийн шагнал хүртсэн билээ.










