Энэтхэг улс, Дарамсала хот. 2010 оны 10 дугаар сарын 5. Дээрхийн гэгээн XIV Далай ламын 4 өдрийн номын айлдвар Дарамсала хотын Намжал хийдийн Зүглагхан дуганд эхэллээ. Айлдварыг сонсохоор дэлхийн 57 орны 5000 гаруй сүсэгтэн олон оролцож буй бөгөөд Тайваниас гэхэд л 1300 гаруй сүсэгтэн иржээ. Номын айлдвар 2010 оны 10 дугаар сарын 4-7-ны хооронд үргэлжлэх юм.
|
Дээрхийн гэгээн XIV Далай лам гол сүмд морилон, сүсэгтэн олонд адис хүртээж буй нь... Энэтхэг, ХП, Дарамсала. 2010 оны 10 дугаар сарын 5. Зургийг Тензин Чойжор /Дээрхийн гэгээн Далай ламын төв. |
Дээрхийн гэгээн Далай лам энэ удаагийн номын айлдвараар Нагаржуна гэгээний “Төв үзлийн үндэс шастир” (Uma Tsawai Sherab), Атиша гэгээний “Бодь мөрийн зул” (Jangchup Lamdron), Богд Зонхов гэгээний “Шүтэн барилдлагын магтаал” (Tendrel Toepa), “Бодь мөрийн зэргийн хураангуй” (Lamrim Dudon) тэргүүт дээдийн номуудыг тайванийн сүсэгтнүүдийн хүсэлтээр айлдаж байна.
Дээрхийн гэгээн айлдварын эхэнд хүн төрөлхтөнд буй мунхаглал, уур хилэн, шунал тачаал хэмээх сэтгэлийн гурван хорыг хэрхэн танин мэдэж, хэрхэн аажмаар арилгахын зэрэгцээ бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулах сэдэл, зөв хандлагыг төлөвшүүлэхийн талаар айлдлаа.
Айлдварыг англи, хятад, япон, солонгос, вьетнам хэлээр орчуулж байгаа бөгөөд http://dalailama.com/liveweb цахим хуудсаар шууд дамжуулан үзэх боломжтой аж.










