Энэтхэг, Калькутта (Press Trust of India) - Төвөдийн буддын шашны тэргүүн Далай лам өнөөгийн олон нийтэд учирч буй дайны аюул, терроризм, үл итгэлцлээс үүдэлтэй хямралыг Бурхан багшийн айлдсан сургаалд түшиглэн арилгахыг уриалав.
Далай лам дайны аюул, терроризм, харилцан үл итгэлцэх, үл хүлцэх зэргээс үүдэн дэлхий даяар хямрал нүүрлэж байгаад санаа зовж буйгаа илэрхийлээд "Нэг нэгийгээ харилцан хүндэтгэх, хүлээцтэй хандах, хайрлах, энэрэх нь гэдэг нь буддизмын гол агуулга мөний дээр эдгээр нь энх тайван, найрсаг байдал, шашны эв зохицлыг авчирч чадна" хэмээн айлдав. Бенгалийн Буддын шашинтнуудын холбооноос зохион байгуулсан Бурхан багшийн мэндэлсний 2550 жилийн ойг нээж үг хэлэхдээ тэрбээр: "XXI зуун гармагц олон зүйл хурдацтай хөгжиж байна. Үүний зэрэгцээ хөнөөлт сэтгэлгээ, хүлээцтэй хандах, харилцан итгэлцэх, хүндлэх байдал дутмаг байгаагаас болж олон хямрал, эргэлзээ үүсэж байна. Энэ бүх таагүй нөхцөл байдлыг буддын сургаал, шашин хоорондын эв зохицлын тухай айлдвар, хүлцэл, тэвчээр, итгэлцэл, хайр, нигүүлсэлтэй найрсуулах арга замаар арилгах боломжтой” хэмээн онцоллоо.
Мөн Дээрхийн гэгээн Хятад, Япон болон хурдацтай хөгжиж буй барууны орнуудад амиа золиослох замаар нийгмийн эсрэг гэмт хэрэг хийх тохиолдол нэмэгдэж байгаад сэтгэл зовниж, харилцан нэгнээ хүндэтгэж, бүх зүйлийг цогцоор нь өргөн хүрээнд харах, дүгнэх чадвараа сайжруулахын тулд гүн ухааныг сайтар ойлгох учиртайг захив. Хүлцээтэй байх, өршөөнгүй байх нь аз жаргалын эх булаг мөн гэдгийг нэмж хэллээ.
Орчуулсан Б.Ганчимэг










