Бразил, Сан-Паулу (tibet.net) - Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр өглөө Чикаго хотоос Сан-Паулу хотод хүрэлцэн ирлээ.
Түүнийг Бразилын Гадаад хэргийн яамны ёслолын ажилтан, Бразилын Хууль зүйн сайд асан доктор Жозе Грегори, Энэтхэгийн ерөнхий консул Ёгешвар Варма болон нутгийн зохион байгуулагч талын төлөөлөгчид Гуарульос олон улсын нисэх онгоцны буудалд угтан авчээ.
Дээрхийн гэгээн энэ орой хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд нийт 200 гаруй сэтгүүлч оролцсон юм.
Дээрхийн гэгээн 7 жилийн дараа Бразилд зочилж байгаа тул түүний айлчлал Бразилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дунд урьд байгаагүй их анхаарлыг татаж байв. Орон нутгийн телевиз, радио, сонин хэвлэлүүд төдийгүй тус улсын нөлөө бүхий “Эпока Ревиста” тэргүүт нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд Дээрхийн гэгээний айлчлалын талаар нүүр хуудсандаа нийтэлжээ.
Хэвлэлийн бага хурлын дараа Дээрхийн гэгээн Бразилын Ногоон намын ерөнхийлөгч Жозе Луиз де Франко Пенна, орлогч Вильям Ву, Соёлын сайд Жилберто Жил мөн Сан-Паулу хотын зөвлөлийн нарийн бичгийн даргатай хувийн уулзалт хийсэн юм. Сан-Паулу бол дэлхийн гурав дахь том хот бөгөөд 18 сая хүн амтай.
Өнөөдөр Дээрхийн гэгээн Сан-Паулу хотын захад орших Котиа дүүргийн Зу Лай хийдэд морилон, Бразилын буддын шашинтнуудад зориулан “Оюун судлахуйн долоон хэсэгт сургаал” номыг айлдах юм. Энэхүү айлдварт Хятад, Зэн, Япон, Солонгос, Вьетнам, Төвөд, Тхеравада тэргүүт урсгалын нийт 2400 гаруй буддын шашинтан оролцоно.
Зу Лай хийдэд Дээрхийн гэгээнийг Котиа мужийн дарга Хоаким Х.Педросо Нето, Зу Лай хийдийн удирдлага, Бразилын хятад иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчид угтаж авна.
Өдрийн хоолны үеэр Дээрхийн гэгээн Латин Америк дахь Хятадын махаяна урсгалын хамгийн том сүм болох Зу Лай хийдийн гол удирдагчидтай хувийн уулзалт хийнэ. Мөн тэрбээр Бразил дахь хятад иргэдийн нийгэмлэгийн 100 орчим төлөөлөгчтэй уулзах аж.
Орчуулсан: Н.Долгар