Энэтхэг, Махараштра муж, Мумбай хот - Энэтхэгийн Махараштра мужийн Мумбай хотод манан татсан байсан ч авто замын хөдөлгөөн саадгүй, ачаалал багатай байв. Дээрхийн гэгээн Далай лам "Видялоке"-ийн шавь нартай хийх хоёр дахь өдрийн уулзалтандаа оролцохоор Сомайя Видявихар хотхоныг зорив. Түүнийг танхимд орж ирэхэд тэнд цугласан 350 гаруй залуус баяр баясгалантай, халуун дотно инээмсэглэлээр угтан авлаа.

"Өнөөдөр бид энэхүү судрын хамгийн чухал хэсгүүдийг авч үзэх болно. Миний англи хэлний мэдлэг дутмаг байгаа тул хэлэх гэсэн санаагаа төвөд хэлээр илэрхийлье" хэмээн Дээрхийн гэгээн яриагаа эхлэв.
Дээрхийн гэгээн өчигдрийн айлдсан сэдвээ үргэлжлүүлэн, Бурхан багш анхны номын хүрдэн эргүүлэхдээ 'Хутагтын дөрвөн үнэн'-ийг айлдсан болохыг дахин дурдав. Тэрээр эдгээр үнэний 16 шинж чанарыг, түүний дотор 'Зовлонгийн үнэн'-ий мөнх бус, зовлон, хоосон чанар, би үгүй хэмээх дөрвөн шинж чанарыг тодруулан тайлбарлаад, мөнх бус чанарыг тайлбарлахдаа юмс үзэгдэл төрөх, орших, эвдрэх, мөхөх үе шатыг дамждаг төдийгүй, хором мөч тутамд хувьсан өөрчлөгдөх шинж чанартай байдгийг онцлов. Түүнчлэн бидний оршин ахуй нь үйлийн үр болон нисванис (сөрөг сэтгэл хөдлөл)-ийн эрхэнд байдаг тул мөн чанартаа зовлонгийн шинжтэй хэмээн айлдав.
Зовлон гэдэг нь бие болон сэтгэлээс ангид орших биет зүйл биш юм. 'Би үгүй' хэмээх ойлголт нь бие даасан, бодитоор орших 'Би' үгүй гэсэн гүн утгыг агуулдаг. Бурхан багш үүнийг хоёр дахь номын хүрдэн эргүүлэхдээ “Билгийн цаад чанадад хүрэхүй” сургаалдаа нарийвчлан тайлбарласан байдаг. Тухайлбал, 'Зүрхэн судар'-т бидний оршихуйг бүрдүүлэгч таван цогц нь бие даасан 'Би'-гээс ангид болохыг номлодог. Хүн гэдэг нь эдгээр таван цогцод тулгуурлан өгөгдсөн нэрийн төдий оршдог бөгөөд язгуур мөн чанартаа бие даан орших чадваргүй юм.

Бурханы шашны гүн ухааны Сэтгэл төдийтөн болон Төв үзлийн сургуулиудын аль аль нь юмс үзэгдлийн 'би үгүй' чанарыг нотолдог. Нагаржуна гэгээнтэн өөрийн 'Эрдэнийн эрхи' (Precious Garland) хэмээх бүтээлдээ:
Таван цогцод (бие, сэтгэл) барихуй байгаа цагт,
'Би' хэмээн барихуй байсаар л байх болно.
'Би'-д барихуй байгаа цагт үйл үйлдэж,
Үүнээс үүдэн төрөл авахуй үргэлжилнэ. хэмээн айлдсан байдаг.
'Би бээр 40 орчим жилийн өмнөөс «Би үгүй» чанарын талаар тодорхой ойлголттой болсон юм. Гэвч үүнийг нарийвчлан шинжлэх явцдаа бодгаль хүний «Би үгүй»-г ойлгох нэг хэрэг, харин юмс үзэгдлийн «Би үгүй» чанарыг ухаарч, бясалгах нь хавьгүй хэцүү болохыг таньсан. Миний анхны ойлголт харьцангуй ерөнхий байж. Угтаа бодгаль болон юмс үзэгдлийн аль алиных нь «Би үгүй» чанарыг нэгдмэл байдлаар ухаарах нь нэн чухал' хэмээн Дээрхийн гэгээн онцлов.

"Төв үзлийн Прасангика сургууль нь юмсыг өөрийн мөн чанараар, бие даан оршихыг өчүүхэн төдий ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэхүү үзлээр бодгаль хүн болон юмс үзэгдлийн 'би үгүй' чанар нь гүн гүнзгий, нарийн нандин байдлаараа яг ижил бөгөөд зөвхөн шинжлэгдэж буй зүйл нь л өөр юм. Оршихуйн үндэс болох 'ул суурь', түүнийг таних 'зам мөр', эцэст нь хүрэх 'үр дагавар' гэсэн гурван шатны аль нь ч өөрийн мөн чанараар бус, ердөө шүтэн барилдаж, нэрийн төдий оршдог. Юмс үзэгдэл бидэнд хэдийгээр бат бөх, бодитой мэт харагдавч, угтаа өөрийн гэсэн мөн чанар байхгүй. Үүнийг ухаарч таних нь юмсыг байгаагаас нь хэтрүүлэн үнэлэх бидний алдаатай хандлагыг засахад тусалдаг."
Үүний дараа Дээрхийн гэгээн Шантидэва гэгээнтний "Бодьсадвын явдалд орохуй" судрын 9 дүгээр бүлэг болох ‘Билгийн чанад хүрсний бүлэг’-ийг нээж, эхний хоёр бадгийг соёрхов:
'Бурхан багш эдгээр бүх сургаалиа билэг ухааныг (хоосон чанарыг танин мэдэх) төрүүлэхийн тулд айлдсан билээ. Тиймээс зовлонг бүрмөсөн арилгахыг хүссэн хэн боловч энэхүү билэг ухаанд суралцах хэрэгтэй. Үнэнийг дотор нь харьцангуй үнэн, үнэмлэхүй үнэн гэж хоёр хуваадаг бөгөөд үнэмлэхүй үнэн нь оюун ухааны (сэтгэлгээний) хүрээнээс хальсан зүйл юм. Учир нь оюун ухаан нь өөрөө харьцангуй шинжтэй билээ'.

Дээрхийн гэгээн Нагаржуна гэгээнтний "Төв үзлийн үндэс" хэмээх алдарт бүтээлийн гол цөм болсон дараах хоёр бадгийг уншиж айлдвараа дүгнэв:
"Аливаа шүтэн барилдлагаар үүссэн бүхэн,
Агуулга мөн чанартаа хоосон чанар мөн.
Тэрхүү хамааралтай нэршил нь өөрөө,
Төгс утгаараа Төв үзэл хэмээгдэх болой.
Шүтэн барилдлагаар үүсээгүй юмс,
Шороо тоосны төдий ч үгүй тул,
Хоосон чанараас ангид оршихуй,
Хаана ч, хэзээ ч үл байх билээ."
Цайны завсарлагааны үеэр үдээс хойш хэлэлцүүлгийг удирдаж буй гэвш, гавж, лхаарамба зэрэг цол хэргэм бүхий лам хуврагууд Дээрхийн гэгээнийг тойрон цуглаж, эртний Энэтхэгийн мэдлэгийг эх оронд нь хэрхэн дахин сэргээх талаар түүний бодлыг сонсохыг хүсэв. Дээрхийн гэгээн тэдэнд хандан: "Эртний Энэтхэгийн учир шалтгааны ухаан болон танин мэдэхүйн онолд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ оюун ухаан болон сэтгэл хөдлөл хэрхэн ажилладаг тухай нарийн ухагдахууныг гүнзгийрүүлэн судлах нь чухал юм. Яг энэ мэдлэг л өнөөгийн хүмүүсийн хэрэгцээ шаардлагад хамгийн их нийцэж, тэдэнд тус болж чадна" хэмээн зөвлөлөө.

Үзэгчдийн асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн хоосон чанар гэдэг нь юу ч байхгүй, хоосон чанар гэсэн үг биш гэдгийг тодруулав. Энэ нь ердөө "бие даасан оршихуй байхгүй" гэсэн утгатай юм. Тэрээр асуулт асуусан хүнд хандан "Асуулт асууж буй хүн нь яг хэн бэ? Тэрхүү «Би» гэгч нь бие махбод уу, биеийн аль нэг хэсэг үү, эсвэл биеийн эзэн үү?" гэж өөрөөсөө шинжлэн асуухыг зөвлөлөө. Дээрхийн гэгээн Богд Зонховын "Шүтэн барилдлагын магтаал"-аас ийнхүү эш татлаа:
"Орчлон ертөнцөд орших бүхий л доройтол бүхний,
Уг язгуур үндэс нь гагцхүү мунхаг билээ.
Тэрхүү мунхагийг арилгах цорын ганц зам нь,
Таны номлосон шүтэн барилдлагыг таних явдал мөн."
Сэтгэл судлаач эмэгтэй "Эрх баригчдын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан үед хүүхдүүдэд энэрэн нигүүлсэхүйн тухай хэрхэн заах вэ?" гэж асуухад Дээрхийн гэгээн түүнд шашны бус, шинжлэх ухааны ололт амжилт, болон хүмүүсийн нийтлэг туршлагад тулгуурлах нь хамгийн үр дүнтэйг зөвлөв. Дэлхийн хүн ам тасралтгүй өсөж, байгалийн нөөц баялаг шавхагдаж буй асуудлыг хөндсөн өөр нэгэн асуултад Дээрхийн гэгээн санал нэг байгаагаа илэрхийллээ. Тэрээр хүн амын өсөлтийг хязгаарлах нь зөв шийдэл болохыг дурдаад, хошигнон: "Хэрэв илүү олон хүн лам, гэлэнмаа болбол энэ асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдэж болох юм" хэмээн хэлж танхимыг хөгжөөв.

Хорт муу сэтгэл хөдлөлийг хэрхэн дарах тухай асуултад Дээрхийн гэгээн хариулахдаа, тухайн сэтгэл хөдлөлийн ерөндөгийг таньж, түүнээ дадуулахыг зөвлөв. Үүний тулд юун түрүүнд сөрөг сэтгэлийн гэм дутагдлыг тунгаан бодох хэрэгтэй. Жишээ нь, уур хилэн бол дандаа сөрөг үр дагавартай бөгөөд бидний сэтгэлийн амар амгаланг шууд сүйтгэдэг. "Бид уурласан үедээ хамгийн дотно найзыгаа ч харахыг хүсдэггүй" хэмээн тэрээр онцоллоо. Дээрхийн гэгээн Шантидэва гэгээнтний "Бодьсадвын явдалд орохуй" судрын 6-р бүлэгт уур хилэнгийн ерөндөг болох тэвчээрийн талаар маш тодорхой өгүүлснийг дурдлаа. Уур хилэн нь ихэвчлэн "Би"-г төвдөө тавьсан хэт өгөөмөр бус үзлээс үүдэлтэй байдаг. Харин тус судрын 8-р бүлэгт зөвхөн өөрийгөө энхрийлэхийн гэм болон бусдыг хайрлахын ач тусыг ийнхүү шүлэглэжээ:
"Энэ ертөнцөд орших бүхий л баясгалан,
Бусдын жаргалыг хүссэнээс урган гардаг.
Энэ ертөнцөд орших бүхий л зовлон,
Гагцхүү өөрийн жаргалыг хүссэнээс үүддэг."
Айлдварын төгсгөлд Дээрхийн гэгээн танхимд цугласан олон түүний ярианаас өөрт хэрэгтэй, урам зориг өгөх ямар нэгэн зүйлийг олж авсан байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн энэхүү айлдварыг зохион байгуулж, өөрийн үзэл бодлоо хуваалцах боломж олгосон Вийр Сингхт гүн талархал илэрхийллээ.Төгсгөлд нь Дээрхийн гэгээн айлдварт оролцсон залуустай хамт дурсгалын зураг татуулснаар энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөж, зочид Чанакья байранд хамтдаа үдийн зоог барив.
Маргааш Дээрхийн гэгээн “Эртний Энэтхэгийн мэдлэг ухааныг орчин үед сэргээх нь” сэдвээр олон нийтэд зориулан лекц уншина.










