Энэтхэг, Бихар, Бодгаяа - Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн Далай лам эртлэн босч, ван айлдах бэлтгэлээ хийхээр өглөөний 6:30 цагт Дүйнхорын дацанд залрав.
Үдийн хоолны үеэр түр завсарласны дараа тэрээр номын айлдварын талбайд морилон ирж, цугларсан олонтой мэндлэхэд, түмэн олон алга ташин угтлаа. Дээрхийн гэгээнтэн сэнтийдээ морилохоор явах замдаа хүрээлэн сууж буй лам нартай мэндчилэв.

Теравада уламжлалын лам нар дахин хүрэлцэн ирж, Пали хэлээр Мангала Сүттраг уншсаны дараа Монголоос ирсэн лам нар төрөлх хэлээрээ "Зүрхэн судар"-ыг уншлаа. Аврал итгэл одуулж, бодь сэтгэлийг үүсгэх уншлага ном хурсны дараа Дээрхийн гэгээнтэн айлдвараа эхэллээ.
“Өнөөдөр Цагийн хүрдний номлолд “хүүхэд мэт орох” долоон авшиг айлдах бөгөөд дараа нь Төвөдийн буддын шашны уламжлалын тэргүүн болон хутагт хувилгаад бидэнтэй хамт байгаа тул бид дээд болон ханьцашгүй дээд тарнийн ёсны эрх авшиг, түүнчлэн Очирт хөлгөний ван авшиг хүртээх болно.”
“Сүүлийн хэд хоног надад ханиадны шинж тэмдэг илэрч, өнөөдөр хоолой өвдөж байгаа ч, нэг их хэцүү биш тул би чадах бүхнээ хийх болно. Бид барцад саадыг зайлуулахын тулд зан үйлийн балин өргөхөөс эхэлнэ. Өнөө өглөө би бие, хэл, сэтгэлээрээ өөрийгөө Дүйнхорын хот мандалд хувирган бясалгаж, өөрийн өмнийн огторгуйд оюуны/тааллын хот мандалыг бүтээлээ. Рашааны арван бумбыг арван зүгийн бурхад, бодьсадва нугуудад өргөхөөр байрлуулсан. Би мөн рашааны долоон ванг өөртөө авах үйлийг хийлээ. Маргааш бид дээд болон ханьцашгүй дээд тарнийн ёсны эрх авшиг хүртээхдээ 7-р Далай ламын бичсэн гарын авлагыг ашиглана.”
“Долоон рашааны ван болон өргөлүүдийн тухайд, ашигласан зай тэргүүтэн нь хий болон баруун, зүүн судсуудтай холбогдон гол ядам бурхан болон Юм (эх бурхан) бүтэх юм. Ван хүртсэнээр хий болон баруун, зүүн судасуудыг ажиллагаатай болгоно. (баруун зүүн хоёр судасны гэмийн хийг дарж чадаад гол ум судсаар хий явж байвал атгаг нисваанис мунхагийг арилгаж чадна.)
Төвөдийн Амдо нутгаас ирсэн хүмүүс мандал өргөв.
Дээрхийн гэгээнтэн бүх зүйлс хэрхэн хоосон огторгуйгаас эхэлж, дараа нь махбодь үүсээд эцэст нь бүх зүйл дахин огторгуйд уусдаг болох тухай тайлбарлав. Тэрээр нарийн ширхэгт бөөм гэгдэх огторгуйн хумхын тоосыг дурдаад, өнөөгийн эрдэмтэд Их тэсрэлт ямар нэг зүйлээс эхэлсэн байж таарна хэмээн үздэгийг мөн хэллээ. Тэрээр Цогт цагийн хүрдэнд буюу Дүйнхорт тайлбарлагдсан огторгуйн бөөм нь энэ суурь байж болох эсэхийг сонирхов. Гадны сав шим ертөнц / махбодь үүсэх дараалал нь: огторгуй, хий, гал, ус, шороо байдаг бол огторгуйд үүсдэг дотоод махбодь нь ухамсар/оюун/... юм.
Долоон рашааны ван тавих
Дээрхийн гэгээнтэн дараа нь Долоон рашааны ван айлдаж эхлэв.
Бумбын ван: нярай хүүхдийг эх нь угааж буйтай адил таван махбодийн хир буртагийг арилгаж, тэдгээрийг таван эхийн мөн чанарт урвуулснаар /таван Юмны шид бүтээл бүтээх эрх авснаар таван Юм сэлтээс хамаарах амжилт, бүтээл туурвилуудыг бүтээхийн тулд шавь нугууд сэтгэлдээ хутагтын мөрийн арван газрын анхдугаар газрыг олох авъяас хөрөнгийг үлдээдэг.

Титмийн авшиг / Банзай ригнайн авшиг: Үлгэрлэвэл энэ нь нялх хүүхдийн даахийг аваад тав үс үлдээдэгтэй адил. Банзай ригнайг өмсөх, адис авснаар өөрийн таван цогцсын хир буртаг арилж, таван бурханы шид бүтээлийг бүтээх эрхийг авч, таван бурхан, хутагтын мөрийн арван газрын хоёр дахь тэргүүтэнг/газрыг олох авъяас хөрөнгийг шавь нугууд сэтгэлдээ бий болгоно.
Титмийн тууз буюу чихний унжлагын авшиг /арван хийний буртгийг ариусгах: Үлгэрлэвэл хүүхдийн чихийг цоолж, ээмэг зүүхтэй адил. Арван хийн хир буртгийг арилгаж, арван Юмны шид бүтээл олох эрх, арван барамидийг бүтээх эрх, хутагтын мөрийн арван газрын гурав дахь газрыг олох авъяас хөрөнгийг шавь нугууд өөрийн сэтгэлд бий болгоно.
Хонх, очирын авшиг: Хүүхэд ярьж, инээж хөхөрч байгаатай адил. Хонх, очирын ван өгөх үед хот мандлын Дүйнхор Яв Юмын адистид шингээд баруун, зүүн судасны хир буртаг ариусаж, баруун, зүүн судас гол судалд орох, тааллын эрдэм, урвашгүй их амгалан, зарлигийн эрдэм бүтээх авъяасыг төрүүлж, гол Дүйнхор Яв Юмын шид бүтээлийг бүтээх эрх, хутагтын мөрийн арван газрын дөрөвдүгээр тэргүүтэнг олох авъяас хөрөнгийг бий болгоно.
Хатуужлын авшиг: Хүүхэд хүсэлт ертөнцийн таван хүслийг эдлэхтэй адил. Бодисад Яв Юм бүгдийн адистид шингээд Юмын хоосон чанар, таван хүслийн орны хоосон чанарын мөн чанарыг мэдээд бодисад Яв (эцэг бурхан) бүтээх эрх, хутагтын мөрийн арван зэргийн/газрын тав дахь тэргүүтэнг олох авъяас хөрөнгийг шавь нугууд өөрийн сэтгэлд төрүүлнэ.
Нэрийн авшиг: Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөх лүгээ адил. Энэ үед шавь нарын биений үйлийн хир буртаг арилж, догшин дүртэй Яв, Юм болоод Дүйнхорын хот мандлын догшин дүртэй арван хоёр Яв, Юм өөрт шингээд ирээдүйд тэдгээр бурханы үүднээс бурхан болох тухай нэрийн адистидийг авч Түгдоржийн шид бүтээлийг бүтээх эрх, дөрвөн хэмжээлшгүй хүслийн дөрвөн барцад саадыг даван туулах чадварыг олж, хутагтын мөрийн зэргийн зургаадахыг олох авъяас хөрөнгийг бий болгоно.
Дээрхийн гэгээнтэн дараа нь дөрвөн өргөл болох тарнийн эш, нүдний хаалт буюу мигдар, толь, нум сум болон хамгийн чухал өргөл болох багшийн авшиг/бэлгэ билгийн авшиг айлдав. Энэхүү ван нь эцэг нь хүүхдэдээ уншиж, бичихийг зааж буйтай адил. Хүүхэд төрсний дараахан цэвэр ухамсрын (жаргалын) хий эргэлдэж байдаг шиг, бэлгэ билгийн ван болон өргөлүүдийг өргөснөөр мунхагийн харанхуй арилж, Доржсэмбэ бурхан болох авъяасыг төрүүлж, билигийн махбодийн хир буртагийг арилгаж, хутагтын мөрийн зэргийн долоо дахь газрыг олох авъяас хөрөнгийг суулгадаг.
Дээрхийн гэгээнтэн тухайн өдрийн төгсгөлийн зан үйлийг хийх үед лам нар, мөн цугласан олон түмэн Дүйнхорын ерөөл залбирлыг уншлаа. Эдгээр зан үйлийн нэг хэсэг нь Дүйнхорын ван айлдсан он цагийн талаар дэлгэр тайлбар, сургаал айлдах бөгөөд Хэдруб жэ / Хэдруб ринбүүчийн тооцоонд үндэслэн/сурвалжид тулгуурлан Дээрхийн гэгээнтэн Дүйнхорын ванг Бурхан багш айлдсанаас хойш 2594 жил болж байгааг тунхаглав.
Дээрхийн Гэгээнтэн маргааш Дээд болон ханьцашгүй дээд тарнийн ёсны эрх авшиг айлдах хуваарьтай байна.










