Энэтхэг, Карнатака муж, Бэнгалуру хот – Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр өглөө байрлаж байсан зочид буудлаасаа мордох үедээ Төвөд залуусын төлөөлөлтэй уулзав. Уулзалтад хүрэлцэн ирсэн 25 залуус өөрсдийн санаачилгаар эрүүл мэндийн сайн дурын холбоо байгуулснаа Дээрхийн гэгээнд танилцуулсан юм. Тус холбоо нь төвөдүүдийн төвлөрсөн суурин газруудаас Бэнгалуру хотыг зорин эмчилгээ хийлгэхээр ирж буй нутаг нэгтнүүддээ тусламж үзүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажээ. Дээрхийн гэгээн залуусын энэхүү энэрэнгүй сэтгэл, идэвх зүтгэлийг өндрөөр үнэлж, бусдын сайн сайхны төлөөх сайн дурын ажилд нь амжилт хүсэн баяр хүргэлээ.

Сэшадрипурам боловсролын нэгдлийн мөнгөн ойн ёслолын арга хэмжээг тэмдэглэж буй Трипура Васини ордны талбайд байх аварга том асарт Дээрхийн гэгээн Далай ламыг хүрэлцэн ирэхэд Сэшадрипурам боловсролын сангийн нарийн бичгийн дарга, доктор Вүүдэй П. Кришна хүндэтгэн угтан авлаа. Доктор Кришна түүнийг хүндэт зочдын нэг болох Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын (ISRO) дарга, доктор А.С. Киран Кумартай танилцуулав. Тэднийг тайзнаа гарч ирэхэд хуран цугласан 14,000 орчим хүн баяр хөөртэйгээр алга ташин угтан авав.
Доктор Кришна нээлтийн үеэр тус нэгдлийн түүхийг товч танилцуулахдаа, Сэшадрипурам боловсролын байгууллагыг анх 1930 онд боловсролыг дэмжигч Анандамма болон Ситамма хэмээх хоёр эмэгтэй 20 орчим хүүхэдтэй бага сургууль байгуулан эхлүүлж байжээ. Өдгөө тус сан нь цэцэрлэгээс эхлээд докторын зэрэг хүртэлх бүх шатны сургалт явуулдаг 26 боловсролын байгууллага, 21,000 гаруй оюутантай томоохон нэгдэл болон өргөжжээ. Тус байгууллага нь "Хүн бүрийг мэдлэг болон өөртөө итгэх итгэлээр дэмжлэг үзүүлэх" гэсэн уриатай ажилладаг байна.
Доктор Кришна Дээрхийн гэгээнийг танилцуулахдаа түүнийг энх тайван, энэрэнгүй сэтгэл, хүчирхийлэлгүй байдал, цөмийн зэвсгийн эсрэг тууштай тэмцэгч болохыг онцлон тэмдэглэв. Мөн түүнийг шашин хоорондын эв нэгдэл, шинжлэх ухаан болон оюун санааны уламжлалын хоорондын яриа хэлцлийг дэмжигч, байгаль орчныг хамгаалагч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч болон Наландагийн уламжлалыг өвлөн тээгч хэмээн өргөмжлөн танилцууллаа.

Зул өргөх ёслолын дараа Энэтхэгийн Сансар судлалын байгууллагын (ISRO) дарга, доктор А.С. Киран Кумар үг хэллээ. Тэрээр шинжлэх ухаан, технологийн дэвшил нь хүний амьдралын түвшин, шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлсэн ч дэлхий дахинд өрнөж буй зөрчил мөргөлдөөнийг намжааж чадахгүй байгааг онцлов. Тэрээр хүн төрөлхтөн орчлон ертөнцөөс өөр гараг дээрх оюун ухаант амьдралыг эрэн хайж байгаа атлаа өөрийн гараг дээрх амьдралаа ийм их стресс, бухимдалтай болгож буй нь нэгэн төрлийн егөөдөл болохыг онцлов. Доктор Киран Кумар "Бид яах гэж энд байгаа вэ?" гэдгээ өөрсдөөсөө нухацтай асуух хэрэгтэйг сануулаад, Сэшадрипурам сангийн зүгээс Дээрхийн гэгээнийг урьж, оюутнууд болон тэдний гэр бүлд хандан сургаал айлдуулах болсонд туйлын сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Үүний дараа Дээрхийн гэгээн индэрт гарч, хуран цугласан олны нүүр царайг тод харж, хэн нэгэн зүүрмэглэж байгаа эсэхийг ажиглахын тулд эндээс үг хэлэхийг хүсэж байна хэмээн хошигносноор яриагаа эхлэв.
“Хүндэт ах эгч, дүү нар минь ээ. Бидний хооронд хоёрдогч шинж чанартай ямар ч ялгаа байсан хамаагүй, хүн гэдэг утгаараа бид бүгд адилхан гэдгийг би үргэлж онцолдог. Би өөрийгөө Ази хүн, Төвөд хүн, Буддын шашинтан, эсвэл бүр Далай лам гэж онцгойлж боддоггүй. Хэрэв тэгж бодвол бусдаас өөрийгөө тусгаарлаж, ганцаардлыг минь л нэмэгдүүлнэ. Өөрийгөө бусдаас илүү, эсвэл өөр гэж бодох нь сэтгэл түгшүүр, айдсыг л төрүүлдэг. Би бол ердөө л та бүхний адил эгэл жирийн хүн. Би элдэв ёсорхол, албаны байдалд дургүй. Биднийг төрөхөд ямар ч ёсорхол байгаагүй, үхэхэд ч бас байхгүй болно.”

“Бид энд амар амгалан, аз жаргалыг мэдэрч байх яг энэ мөчид дэлхийн өөр нэгэн хэсэгт бяцхан хүүхдүүд өлсгөлөнгөөр амиа алдаж, гэм зэмгүй хүмүүс амь насаа алдсаар байна. Энэ бүх эмгэнэлт явдлаас бид урьдчилан сэргийлж болох байсан юм. Бид үүнд яаж хайхрамжгүй хандаж чадах билээ? Энэ бүхэн нь бид өөрсдийн арьс өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа зэрэг хоёрдогч ялгаануудад хэт их анхаарал хандуулж, хүн төрөлхтний нэгдмэл чанар болох хүн бүр адилхан гэдгийг үл тоомсорлосноос үүдэлтэй юм.
Энх тунх, амар жаргалантай оршихуйг хүсэх нь эгэл хүмүүн бидний сэтгэлийн төрөлх мөн чанар билээ. Бид бол нийгмийн амьтад; бидний оршин тогтнох бусдаас шууд хамаардаг. Өнөөгийн дэлхий ертөнцөд бид дэлхийн эдийн засагт хамтдаа оролцож, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын хэт өсөлт зэрэг сорилтуудтай хамтдаа нүүр тулж байна. Тиймээс би хүн төрөлхтний нэгдмэл чанарыг ойлгуулахын төлөө зүтгэдэг бөгөөд энэ нь бид бүгд бусдын сайн сайхны төлөө анхаарал тавих үүрэг хариуцлагатай гэсэн үг юм.
Түүнчлэн би Буддын шашны хувраг хүний хувьд шашин хоорондын эв нэгдлийг дэмжихийг эрмэлздэг. Дэлхий дахины шашны уламжлалууд нь сүсэгтэн олонд асар их тус эрдмийг хайрласаар ирсэн бөгөөд уламжлал бүр нь хүмүүний амьдралыг утга төгөлдөр болгох зам руу хөтлөх хөтөч болдог. Зарим нь Бурхан бий гэдэг, зарим нь үгүй гэдэг ч эдгээр бүх оюун санааны сургаал номлол нь хайр энэрэл, хүлцэл тэвчил, сахилга бат, сэтгэл ханамж гэсэн ижил утга санааг илэрхийлдэг. Эдгээр уламжлал нь бүгд хайр энэрлийг хөхүүлэн дэмжих замаар сэтгэлийн амар амгаланг цогцлоох асар их хүч чадалтай билээ.

Өнөөдөр дэлхий дээр оршин буй 7 тэрбум хүний 1 тэрбум орчим нь ямар нэгэн шашин шүтдэггүй гэдгээ илэрхийлдэг. Гэвч үлдсэн 6 тэрбум сүсэгтэн олны дунд ч өөрийн шүтлэг бишрэлтэйгээ зөрчилдөхүйц үйлдэл гаргадаг хүмүүс бий. Гэсэн хэдий ч янз бүрийн шашны уламжлалууд бие биетэйгээ хэрхэн эв найртай зэрэгцэн оршиж болдгийн бодит жишээ нь Энэтхэг улс байсаар байгаад би үргэлж урамшиж явдаг юм.
Төвөд хүнийхээ хувьд би өөрт минь итгэл найдвар хүлээлгэж буй Төвөдийн зургаан сая ард түмнийхээ төлөө зүтгэсээр байх болно. Улс төрийн үйл хэргийн хувьд би тэтгэвэртээ гарсан. Бид одоо ардчилсан замаар сонгогдсон удирдлагатай болсон тул ардчиллын ашиг сонирхлын үүднээс би улс төрийн ажлаа хүлээлгэн өгсөн төдийгүй, цаашид Далай ламын институцийг Төвөдийн улс төрийн хэрэгт оролцуулахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч би Төвөдийн байгаль орчныг хамгаалах асуудалд маш их санаа зовниж байна. Төвөдийн өндөрлөгийн байгаль орчин нь дэлхийн уур амьсгалд Хойд болон Өмнөд туйлын нэгэн адил асар их нөлөө үзүүлдэг. Мөн Төвөдөөс эх авдаг Азийн томоохон гол мөрнүүдөөс 1 тэрбум гаруй хүний амьдрал шууд хамаарч байдаг юм.”
Түүнчлэн би Төвөд хэл болон соёлоо хадгалан авч үлдэхийн төлөө хүчин зүтгэж байна. Учир нь Төвөд хэл бол сэтгэл судлал болон Наландагийн уламжлалын гүн гүнзгий мэдлэг, ойлголтыг хамгийн оновчтой илэрхийлж чадах цорын ганц хэл юм.

Үүнээс гадна би эртний Энэтхэгийн мэдлэг ухааныг орчин цагийн Энэтхэг оронд дахин сэргээхийн төлөө зүтгэж байна. Энэхүү өв соёл өнөөгийн нийгэмд нэн чухал ач холбогдолтой гэдэгт би итгэдэг. Би Энэтхэг найз нартаа ‘Бидний мэдэх бүхэн та бүхнээс сурсан эрдэм’ хэмээн хошигнон хэлдэг юм. Бид бол та бүхний үнэнч шавь нар; энэхүү мэдлэгийг олон зуун жилийн турш хадгалж, хамгаалж, авч үлдсэнээрээ бид найдвартай шавь гэдгээ баталсан билээ.
Өнөөгийн дэлхий ертөнцөд бид сэтгэл санааны хямралтай нүүр тулж байна. Гэвч зөвхөн техник технологийн дэвшил бидний сэтгэл зүйн асуудлыг дангаараа шийдэж чадахгүй. Бид үүнийг зөвхөн сэтгэлээ номхотгох замаар л даван туулж чадна. Эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухаанаас бид сэтгэлийн бухимдлыг хэрхэн намжааж, дотоод амар амгаланг яаж олохыг суралцах боломжтой. Орчин үеийн боловсролын тогтолцоо нь хэтэрхий материаллаг талыг барьж байгаа ч хүн байхын утга учир, дотоод сэтгэлийн боловсролыг бид сургалтын хөтөлбөртөө заавал тусгах учиртай.
Бид энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг (каруна) эрхэмлэх аваас бидний үйлдэл аяндаа хүчирхийлэлгүй (ахимса) болно. Хүний төрөлх мөн чанар нь энэрэнгүй сэтгэл байдаг гэдгийг орчин үеийн эрдэмтэд ч баталж байна. Түүнчлэн, байнгын уур хилэн, айдас дунд амьдрах нь биеийн дархлааг сулруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн номхотгох аргад суралцах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэтхэгчүүд эхлээд энэ мэдлэгтэйгээ илүү гүнзгий танилцаж, улмаар сурч мэдсэнээ дэлхий дахинтай хуваалцах хэрэгтэй юм.

Дээрхийн гэгээн хуран цуглагсдын асуултад хариулахдаа, Энэтхэг улс эртний мэдлэг ухаанаа орчин үеийн боловсролтой хослуулж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Сэтгэлээ тогтоон барих/амирлан оршихуй шамата болон үлэмж үзэхүй випашяна бясалгалыг өргөн хүрээнд судалж, хөгжүүлсэн нь сэтгэл болон сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаа болоод шалтгаан үр дагаврын хуулийг гүн гүнзгий ойлгох үндэс болсон юм. Энэхүү мэдлэгийг зөвхөн шашны хүрээнд бус, эрдэм шинжилгээний үүднээс судалж, орчин цагийн боловсролын тогтолцоонд нэгтгэн оруулахыг тэрээр санал болгов.
Өнөөгийн залууст шашин, шинжлэх ухааны аль нь илүү чухал болох тухай асуултад Дээрхийн гэгээн "Хоёулаа чухал" хэмээн хариулаад, өөрийгөө хагас Буддын шашны хувраг, хагас шинжлэх ухаанч гэж үздэгээ хуваалцлаа. Шинжлэх ухааны эрдэмтэд өмнө нь зөвхөн тархины бүтцийг судалдаг байсан бол XX дугаар зууны сүүл үеэс эхлэн хүний сэтгэл, оюун санааг илүү нухацтай сонирхох болсныг тэрээр тэмдэглэв.
Анхаарал сарних асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан оюутанд хандан сэтгэлээ төвлөрүүлж сурах (шамата) чадварыг хөгжүүлэх нь тустайг тэмдэглэв. Гэвч тэрээр өөрийн туршлагаасаа хуваалцахдаа, эдүгээ 82 насны босгыг алхаж буй ч оюун ухаан нь соргог, хурц хэвээр байгаагийн нууцыг олон жилийн турш "шинжлэн судлах бясалгал" буюу аналитик арга барилд суралцсантай холбон тайлбарлалаа. Тэрээр Бурхан багшийн "Миний сургаалыг зөвхөн сүсэг бишрэлээр шууд хүлээн авч болохгүй, харин учир шалтгаан, логикт нийцэж байгаа эсэхийг нь сайтар шалгаж, шинжлэх хэрэгтэй" гэсэн айлдварыг эш татлаа. Энэ нь үндсэндээ Наланда их сургуулийн баримталдаг гол арга барил байсан юм.

Дээрхийн гэгээн уйтгар гунигтайгаа хэрхэн тэмцэх талаар асуусан өөр нэгэн оюутанд хандан зөвлөхдөө: "Хүнд заяасан оюун ухаан нь аливаа үйл явдлыг илүү өргөн хүрээнд, олон талаас нь харах боломжийг олгодог. Хэрэв бид асуудалд ингэж хандаж чадвал анх харахад гунигтай санагдаж байсан зүйл санаанд оромгүй шинэ боломж болон хувирах тохиолдол бий" хэмээн айлдав. Мөн тэрээр сэтгэл гутралд орсон үедээ архи, согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис гэх мэт гадаад хүчин зүйлээр аргацаахаас илүүтэй, сэтгэлтэйгээ ажиллах нь хавьгүй илүү үр дүнтэй болохыг зөвлөлөө.
Сэшадрипурам боловсролын сангийн зүгээс Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирж, олон хүнд үнэт сургаалаа айлдсанд талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөж, Дээрхийн гэгээн үдийн зоог барихаар буудалдаа заларлаа.










