Төвдэд оршин суугаа нийт төвд ард түмэндээ халуун мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу, өөрийн санал бодлоо хуваалцахыг хүсч байна.
1. Энэ оны 3-р сарын 10-наас хойш бид Төвдийн бараг бүх хэсэгт, мөн эх газрын Хятадын хэд хэдэн хотод оюутнуудын эсэргүүцэл, жагсаал цуглаан болж байгаа нь төвд иргэдийн эрхийг нугачин дарж, шашин шүтлэгийн эрх чөлөөг хязгаарлан төвд ард түмний удаан хугацаанд тэвчиж ирсэн бие махбод, сэтгэл санааны уур хилэн тэсэрч буйг бид нүдээр харж байна. Түүнчлэн төвдийн ард иргэд Хятадын Коммунист Намыг “амьд Будда” гэж харахыг албадсан хэт зүүний үзэл суртал бөгөөд Хятадын олонх хан үндэстний туйлшрал нь бодит үнэнтэй нийцэхгүй. Төвдэд иргэд хүсэл тэмүүллээ илэрхийлж тайван жагсаал хийснийг хүчээр нугачин дарахын тулд галт зэвсэг хэрэглэсний улмаас үймээн самуун дэгдэн, олон хүн амь үрэгдэж, баривчилгаа, бэртэл гэмтэлд өртөн, ихээхэн хохирол амссанд би гүнээ харамсан, санаа зовниж байна. Ийм дарангуйлал, зовлон шаналал болж нь энэрэнгүй нинжин сэтгэлт хүн бүрт харамсал, эмгэнэлийг авчирсан. Гэвч би эдгээр эмгэнэлт явдлын өмнө хүчин мөхөсдөж байна.
2. Энэхүү хямралын үеэр амь насаа алдсан төвд, хятад бүх хүмүүсийн төлөө би залбирсаар байна.
3. Цөөн хэдэн "дэвэргэгчид"-ээс бусад төвдийн ихэнх иргэд чинээлэг, сэтгэл хангалуун амьдардаг гэсэн БНХАУ-ын үзэл суртлыг Төвд даяар өрнөсөн саяхны жагсаал цуглаанаар няцааж, бодит үнэнг илчилсэн. У-цан, Хам, Амдо зэрэг Төвдийн гурван аймагт төвдүүд нэгэн ижил хүсэл эрмэлзэл, итгэл найдвар тээж байгааг эдгээр эсэргүүцлийн жагсаал тод томруун харууллаа. Эдгээр жагсаал цуглаан нь Төвдийн асуудлыг цаашид үл тоон орхигдуулж болохгүйг дэлхий дахинд сануулж уламжилсан юм. Эдгээр жагсаал нь "баримтаас үнэнийг олох" замаар уг асуудлыг шийдвэрлэх арга зам хайх шаардлагатай байгааг харуулав. Төвдийн ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө бүх зүйлээ золиосолж төвд хүн зоны зэвүүцэл дургүйцэл болон итгэл найдварыг илтгэн харуулсан төвд иргэдийн эр зориг, тууштай зүтгэлийг болон амь үрэгдсэн төвд хүмүүсийн үзэл санааг даян дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгааг сайшааж байна.
4. Энэхүү хямралын үеэр төвд хүн гэдэг өвөрмөц шинж чанараа алдалгүйгээр, бодит үнэнийг болон эр зоригоо харуулсан Төвдийн засаг захиргааны болон Коммунист Намын ажилтнуудын үйл ажиллагааг би машид талархан сайшааж байна. Цаашид би Төвдийн Намын боловсон хүчин, төр захиргааны албан хаагчдад хандан, үргэлж хувийн ашиг сонирхлыг хойш тавьж, Төвдийн ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж, намынхаа дээд удирдлагад Төвдийн ард түмний жинхэнэ хүсэл сонирхлыг тайлагнаж, Төвдийн ард түмэнд шударга, явцуу бус чиглэл өгөхийн төлөө ажиллахыг уриалж байна.
5. Дэлхийн өнцөг булан бүрээс ерөнхийлөгч, ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар, Нобелийн шагналтнууд, парламентын гишүүд болон санаа зовнисон жирийн иргэд Төвдийн ард түмний эсрэг хүч хэрэглэж буй үйлдлийг зогсоох талаар Хятадын эрх баригчдад удирдлагад маш тодорхой, хүчтэй захиас сануулга илгээсээр байна. Тэд бүгд Хятадын засгийн газар харилцан ашигтай шийдэлд хүрэх арга зам сонгохыг уриалж байна. Төвдийн ард түмний хүчин чармайлт эерэг үр дүнд хүрэх нөхцөл боломжийг бид бүрдүүлэх ёстой. Та бүхнийг бүх түвшинд дэмжлэг үзүүлэхийг шахаж байгаагаа би ойлгож байгаа ч, хүчирхийлэлгүй арга барилыг баримтлах нь нэн чухал юм.
6. Хятадын эрх баригчид саяхан Төвдэд болсон үйл явдлыг би болоод Төвдийн Төв Захиргаанаас өдөөн хатгаж, зохион байгуулсан хэмээн худал таамаг дэвшүүлсээр байна. Эдгээр мэдэгдэл нь ор үндэсгүй худал зүйл юм. Олон улсын нэр хүндтэй, хараат бус байгууллагын төлөөлөгчдөөр энэ худал таамгийг нарийвчлан шалгуулахыг миний зүгээс удаа дараа уриалсан билээ. Энэ хараат бус байгууллага үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэж байна. Хэрэв БНХАУ өөрсдийн мэдэгдлийг нотлох ямар нэгэн үндэслэл, нотлох баримттай бол эдгээрийг дэлхий нийтэд ил болгох хэрэгтэй. Зөвхөн ташаа мэдэглэл хийх нь зүйд нийцэхгүй.
7. Төвдийн ирээдүйн төлөө би БНХАУ-ын түвшинд шийдлийг олохоор шийдсэн. Төвд, Хятадын хооронд харилцан ашигтай “дундад төв зам”-ын чиг хандлагыг 1974 оноос хойш би чин сэтгэлээсээ тууштай баримталж ирсэн. Үүнийг даян дэлхийд нийтлэг мэдэх билээ. Дундад төв замын чиг хандлага гэдэг нь бүх төвд иргэд гадаад харилцаа, үндэсний батлан хамгаалахтай холбоотой асуудлаас бусад бүх тохиолдолд Төвдийн Өөртөө Засах Мужийн бүрэн эрхийг жинхэнэ утгаар хэрэгжүүлж, үүнд тусгагдсан бүх заалт, бие даасан засаглал, шийдвэр гаргах бүрэн эрхийг эдлэх ёстой гэсэн үг юм. Гэвч Төвд дэх төвд ард иргэд нь Төвдийн ирээдүйн талаар эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй гэдгийг би анхнаасаа хэлсээр ирсэн.
8. Энэ жил зохион байгуулах Олимпийн наадам нь нь 1.2 тэрбум хятад иргэдийн бахархал юм. Тус наадмыг Бээжинд зохион байгуулахыг би анхнаасаа дэмжиж байсан. Энэ талаарх миний байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр билээ. Төвдүүд уг Олимпийн наадамд саад учруулах ёсгүй гэж би боддог. Төвд иргэн бүр өөрсдийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцэх нь тэдний зүй ёсны эрх юм. Нөгөөтэйгүүр Хятадын ард түмний сэтгэл санаанд үзэн ядалт төрүүлэхүйц зүйлийг бид хийвэл, ус болохоос тус болохгүй. Иймд бид эв нэгдэлтэй нийгмийг бий болгохын тулд итгэлцэл, хүндэтгэлийг бий болгох хэрэгтэй. Учир нь эв нэгдлийг хүчирхийлэл, айлган сүрдүүлгээр тогтоох боломжгүй.
9. Бидний тэмцэл бол БНХАУ-ын төр засаг дахь цөөн тооны эрх баригчдад чиглэснээс бус, Хятадын ард түмэнтэй тэмцэж буй хэрэг огтоос биш юм. Тиймээс бид хэзээ ч үл ойлголцол үүсгэж, Хятадын ард түмнийг хохироох зүйл хийх ёсгүй. Энэ хүнд хэцүү нөхцөл байдлын үед ч эх газрын Хятад болон дэлхийн бусад хэсэгт байгаа олон хятад сэхээтнүүд, зохиолчид, хуульчид биднийг өрөвдөж, эв санааны нэгдлээ илэрхийлж, мэдэгдэл гаргаж, нийтлэл бичиж, дэмжлэг үзүүлэхээ амласаар байна. Би саяхан 3-р сарын 28-нд дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хятад хүмүүст хандан уриалга гаргасан бөгөөд та бүхнийг бас уншиж, сонсоно хэмээн найдаж байна.
10. Хэрэв Төвдийн одоогийн нөхцөл байдал үргэлжилсээр байвал Хятадын засгийн газар илүү их хүч хэрэглэж, Төвдийн ард түмнийг дарангуйлах явдлыг улам нэмэгдүүлнэ гэдэгт би маш их санаа зовниж байна. Би Төвдийн ард түмний өмнө хүлээсэн өөрийн ёс суртахууны үүрэг, хариуцлагынхаа улмаас, Төвдийн бүх газар нутагт дарангуйллын үйл ажиллагааг нэн даруй зогсоож, галт зэвсэгт цагдаа, цэргээ татахыг БНХАУ-ын эрх баригчдаас олон удаа хүсч байсан. Хэрэв миний хүсэлт үр дүнд хүрэх юм бол, би төвд иргэдээс одоогийн бүх эсэргүүцлийг бүрэн зогсоохыг зөвлөх болно.
11. Төвдийн газар нутгаас гадна эрх чөлөөтэй амьдарч буй төвд ахан дүүсдээ Төвдөд болж буй үйл явцын талаар санал бодлоо илэрхийлэхдээ илүү сонор сэрэмжтэй байхыг сануулахыг хүсье. Харгис хэрцгий гэж хөрвүүлэн ойлгож болохуйц аливаа үйлдэлд бид оролцох ёсгүй. Өдөөн хатгасан хэцүү нөхцөлд ч бид хамгийн үнэ цэнэтэй, гүнзгий хадгалагдсан үнэт зүйлсээ гээж огоорохыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Хүчирхийлэлгүй тайван замаар бид амжилтад хүрнэ гэдэгт би бат итгэдэг. Бидний үйл хэрэгт урьд хожид байгаагүй хайр халамж, дэмжлэг туслалцаа хаанаас үүдэлтэй болохыг бид ухамсарлаж ухаалаг байх ёстой.
12. Төвд одоогоор үндсэндээ хаалттай байгаа бөгөөд олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Төвдийн нутагт очихыг зөвшөөрөхгүй байгаа тул миний мэдэгдэл Төвдөд оршин суугаа төвд ард түмэнд хүрнэ гэдэгт би эргэлзэж байна. Гэвч хэвлэл мэдээллээр дамжуулан, мөн ам дамжсан хэлбэрээр та бүхэнд хүрнэ гэж найдаж байна.
13. Эцэст нь хэлэхэд, нөхцөл байдал хэдий ноцтой байсан ч хүчирхийллээс ангид байж, тайван арга замаас буцахгүй байхыг төвд ард түмэндээ дахин дахин уриалж байна.
ДАЛАЙ ЛАМ
Дарамсала хот
2008 оны 4-р сарын 6
(Жич: Төвд эх бичгээс орчуулав)










